Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/00826

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2021/00826

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хотын ..... дүүрэг, ........... тоотод оршин суух З овогт Э-н С (Р................)-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн .......... сумын ............... тоотод оршин суух, Б овогт Г-н Н (Р..........)-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2021/00732/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Э.С (онлайнаар), хариуцагч Г.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.С нь Г.Н-той 2009 онд танилцаж үерхэж байгаад 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид албан ёсоор өрх тусгаарлаж гараагүй ба энэ хугацаанд бидний дундаас 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдөр охин Н.Э төрсөн. Хамт байсан энэ хугацаанд бидний зан харьцаа таарч тохирохгүй, гэр бүлийн маргаантай асуудал үргэлж гарч, байнга хэрэлдэх болсон. Энэ байдлаасаа болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Ингээд 2013 онд хоёулаа 2 тийшээ болсон ба одоо тус тусдаа гэр бүлтэй болцгоосон. Би охин Н.Э-гээ өөр дээрээ авч өсгөж байгаа. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Н.Э-г миний асрамжид үлдээж өгнө үү. Би хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, бидний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Г.Н шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г овогтой Н нь Э овогтой С-тэй 2010 оны 10 дугаар сарын 22-нд гэрлэлтээ батлуулж, 2013 онд хоёр тийш болж, тус тусын замаар явсан ба хэн аль нь одоо өөрийн гэсэн гэр бүлтэй болсон. Э.С бид хоёр хамт амьдарч байх хугацаанд охин Н.Э 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн. Одоо ээжийнхээ асрамжинд байдаг. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Н.Э-г ээж С-нх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Г.Н-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Зохигч нь 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсноо 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ..... сумын 87 дугаарт бүртгүүлсэн болох нь №0........5 №.. дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдөр охин Н.Э төрснийг 2010 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн ....... сумын 642 дугаарт бүртгэсэн 0452104 №..... дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус нотлогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас эрүүл мэнд, болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж заасан байх боловч гэрлэгчдийн хувьд гэрлэлтийг цуцлах дээрхи ноцтой шалтгаан байхгүй боловч нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл тус тусдаа амьдарч байгаа, мөн гэрлэгчид нь тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэл амжилтгүй болсон зэрэг бодит нөхцөл байдлыг харгалзан зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авч авахгүйгээр гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжинд үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй ...харилцан тохиролцож болно,

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжинд үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж тус тус заажээ.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч Э.С нь 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Н.Э-г өөрийн асрамжинд авах талаараа шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа гаргадаг.

Шүүх хүүхдэд тавих эхийн хайр, халамж, хүүхдийн насны байдал, түүний өсөж дадсан орчинг өөрчлөх шаардлагагүй зэрэг нөхцлийг харгалзан, 2010 оны 8 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Н.Э-г эх Э.С-н асрамжид үлдээж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин Н.Э-г эх Э.С-н асрамжид үлдээсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ эцэг Г.Н-г хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-с 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.С-т олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар З овогт Э-н С (Р.............), Б овогт Г-н Н (Р...............) нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Н.Э-г эх Э.С-н асрамжинд үлдээсүгэй.

3.Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргах маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-с 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.С-т олгосугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар эцэг эх гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан хүүхдийн өмнө хүлээх эцэг, эхийн үүрэг хэвээр үлддэг болохыг дурдсугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Хуланд даалгасугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН