Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 118/ШШ2022/0018

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очирын  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  Б.*******

Хариуцагч: ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга

Гуравдагч этгээд: Ц.*******

Хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагч ******* сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ц.*******, гуравдагч этгээд Ц.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа:  ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 02-ны  өдрийн Б/09 дүгээр тушаалыг  хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх” гэжээ.

2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт анх 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Тамгын газрын нярваар ажилд орсон. Тэгээд нярвын ажлаа хийгээд байж байтал хөдөө аж ахуйн тасагт ажиллах хүнгүй болчихлоо, таны мэргэжил таарч байгаа юм байна. Та ороод ажилчих гэсэн шаардлага тавьсан. Тэгээд би ажилласан. Түүнээс биш тухайн үед надад төрийн албаны шалгалт өгсөн байх ёстой гэсэн шаардлага тавиагүй. Тэгээд байж байтал сая 2021 онд төрийн албаны шалгалтын асуудал яригдаад 2 удаа шалгалтад орсон боловч тэнцээгүй. Тэгтэл Тамгын газрын дарга Ц.******* жирэмсний амралтаа авч оронд нь ******* гэх хүн Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ирсэн. Тэр хүн төрийн албаны шалгалт өгсөн байх ёстой, ийм ийм шалгуур хангасан байх ёстой гээд намайг ажлаас халсан. Би уг нь нярвын ажлаа хийгээд явахад тухайн ажилд тавигдах бүх болзол шаардлагыг хангасан. Би хөдөө аж ахуйн тасагт ороод жил гарангийн хугацаанд мэдээ, тайланг нь өгөөд хийх ёстой ажлыг нь хийгээд явж байсан. Намайг жижиг дунд үйлдвэрлэлийн мэргэжилтнээр томилох үед би тухайн ажлын байрны шаардлагыг хангахгүй байсан юм бол яах гэж томилсон юм бэ, тэгж томилоогүй бол би өнөөдөр нярвын ажлаа хийгээд явж байх байсан. Үүний улмаас би хохирч байна. Би олон сая төгрөгийн цалингийн зээлтэй, оюутан хүүхэдтэй. Тийм учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

3. Хариуцагч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагын Тамгын газрын дарга ******* овогтой ******* миний бие Б.*******гийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүхэд гаргасан өргөдлийн үндэслэлийг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Өргөдөл гаргасан нэхэмжлэгч Б.******* нь тус байгууллагын нярвын ажилд 2017 оны 01 дүгээр  сарын 16-ны өдөр гэрээгээр ажилд орсон бөгөөд 2019 оны 04 сарын 01-ний өдрийн Б/09 тоот тушаалаар нярвын ажилд түр томилогдон ажиллаад 2019 оны 12 сарын 30-ны өдрийн Б/23 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар Хүнс, жижиг дунд үйлдвэр хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан. Нэхэмжлэгч Б.******* нь дээд боловсролгүй байсан бөгөөд тус байгууллагын албан хаагчаа дээд сургуульд суралцах нөхцөл боломжоор нь хангаж Глобал удирдагч дээд сургуульд 2016 онд элсэн суралцаж 2020 онд нягтлан бодогч мэргэжилтэйгээр төгссөн. 2020 оны 01 сарын 02-ны өдөр тухайн албан тушаалд албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлага хангах нөөцөд бүртгэлтэй иргэн байхгүй байсан ба Ковид-19 цар тахлын хүнд нөхцөлд байсан учир ажиллах явцдаа сургуулиа төгсөөд төрийн албаны ерөнхий шалгалтыг өгөөрэй гэсэн нөхцөлтэйгөөр тухайн албан тушаалд түр томилсон. Б.******* нь 2020 оны 11 сард болсон төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцээгүй ба 2021 онд Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны  ерөнхий  шалгалтыг 3 удаа авахад мөн тэнцээгүй тул төрийн албаны зөвлөлөөс өгсөн зөвлөмж, тухайн албан тушаалд томилогдох шаардлага хангахгүйн улмаас ажлаас чөлөөлөх албан мэдэгдлийг өөрт нь хүргүүлсэн болно гэжээ.

 4. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* овогтой ******* нь ******* сумын Засаг даргын Тамгын  Газрын Хөдөө аж ахуйн тасагт Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/11 дүгээр  тушаалаар түр томилогдон ажиллаж байна. Төрийн албаны шалгалтад орж тэнцсэн. Нэхэмжлэгч Б.*******г ажлаасаа халагдсан байсны дараа би ажилд орсон. Чөлөөлөгдсөн шалтгаан нь надад хамааралгүй. Тамгын газрын даргын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн байсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт Хүнс жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын  шимтгэлээ зохих санд төвлөрүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1 Хариуцагч Завхан аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар  тус Тамгын газрын Хүнс жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний үүрэг гүйцэтгэгч нэхэмжлэгч Б.*******г Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 47 дугаар зүйлийн 47.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ажлаас халсан байна.

2.2 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “...сум, дүүргийн Тамгын газрын дарга нь ... ... бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, ... тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө”, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно”, 47 дугаар зүйлийн 47.1.4-т “энэ хуульд заасан бусад үндэслэл”-ээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас хална” гэжээ.

2.3 Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан "чадахуйн зарчим гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ... асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг” ойлгохоор заасан ба хариуцагч нь Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.4 төрийн жинхэнэ албан хаагчийг “энэ хуульд заасан бусад үндэслэл”-ээр халах зохицуулалтыг хэрэглэн төрийн жинхэнэ албан хаагч бус нэхэмжлэгчийг ажлаас халсан нь буруу боловч энэ үндэслэлээр Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгох боломжгүй байна.

2.4 Нэхэмжлэгч нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд анх томилогдох үед төрийн албаны шалгалтад орсон байх шаардлага тавигдаагүй. Ажиллаж байх хугацаандаа цаг тухайд нь мэдээ тайланг гаргаж зөрчил, дутагдалгүй ажилласан  гэж, хариуцагчаас “Б.******* нь төрийн албаны шалгалтад тэнцээгүй, тухайн албан тушаалын тодорхойлолтод заагдсан шаардлага хангахгүй тул чөлөөлсөн” гэж тус тус маргаж байна.

2.5 Нэхэмжлэгч Б.******* нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Б/02 дугаар тушаалаар томилогдсон ба томилогдох үедээ төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад орж тэнцээгүй байсан болох нь тогтоогдож байна.

2.6 Нэхэмжлэгчийн ажиллаж байсан сумын Засаг даргын Тамгын газрын Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтний албан тушаал нь батлагдсан ажлын байрны тодорхойлолт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангилал, ТЗ-4 зэрэглэлийн гүйцэтгэх албан тушаалд хамаарч байна.

2.7 Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг ... хамгийн сайн хангасан хүнийг томилно”, мөн хуулийн 26.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно” гэжээ.

2.8 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, 27.1.3-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс”  томилох зохицуулалттай байна.

2.9 Нэхэмжлэгч Б.******* нь тухайн албан тушаалд анх томилогдохдоо төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй байхдаа түр үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагчид тооцохгүй ба Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй юм.

2.10 Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн Б09 дүгээр тушаалыг  хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******гийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн Б/09 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасагт Хүнс, жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын  шимтгэлээ зохих санд төвлөрүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧЧ.ЦЭНД-ОЧИР