Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Нид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Отгонцэцэг даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, Т.Бямбажав нарын бүрэлдэхүүнтэй 

Прокурор Д.Баянмөнх

Хохирогч Б.О

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал

            Шүүгдэгч М.Н

           Нарийн бичгийн дарга Г.Цэрэннадмид нарыг оролцуулан хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:          

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогчийн өмгөөлөгчийн гомдлоор М.Нид холбогдох  эрүүгийн 1922002890142 тоот хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Бямбажавын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн суманд -нд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, “ажилтай гэх, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, / / Боржигон овогт МН нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота приус” маркийн 12-37 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Дундговь аймгийн Б сумын 3-р баг Дөшийн 4-1 тоот хашааг дайрч хашаан дотор байсан монгол гэрийг цөмлөн орсны улмаас гэрт байсан иргэн Б.Огийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдож, Дундговь аймгийн Прокурорын газраас түүний үйлдлийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

          Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

          Шүүгдэгч Боржигон овогт Мн Нийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгч  нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд зүйл хураалгаж битүүмжлүүлээгүй, хохирогч Б.Огийн эмчилгээний зардалд  3.625.000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Төгсзоригийн эд хөрөнгийн хохирлыг адил нэр төрлийн эд зүйл  өгч арилгасан болохыг тус тус дурьдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Огийн эрүүл мэндэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж өөрийн болон М.Нийн оршин суугаа газрын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдаж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.

 

Хохирогчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийг шүүх хуралд оролцуулалгүй хохирогчийн хууль ёсоор эдлэх эрхийг ноцтой зөрчсөн.  Анхан шатны шүүх 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 15 цагт зарлагдсан шүүх хурлын товыг хохирогч Б.Од 2020 оны 01 сарын 29-ний өдрийн 10:46:31 цагт шүүгчийн туслахын 89298093 дугаарын утсаар мэдэгдсэн нь шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч нарт зохих хугацааны өмнө мэдэгдэх үүргийг зөрчиж хохирогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй байна.

Шүүгдэгчээс 5 мл цус шинжилгээнд авсан байдаг. Энэ хэмжээний цусаар согтуурлыг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан болохоос согтуу байгаагүй гэсэн дүгнэлт гараагүй. Гэрч нарын мэдүүлгээр Н нь согтуу байсан болох нь нотлогдсон байдаг.

Хохирогч Б.О нь 10-аас 16 насны 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг бөгөөд шүүх хурлын товыг утсаар мэдэгдэх үед Улаанбаатар хотод сургуульд сурдаг хоёр том хүүхдүүдийнхээ хамт амьдарч байсан байна. Түүнд шүүх хуралдаанд оролцох эрхийг шүүх тайлбарлаж өгөх ёстой боловч тайлбарлаж өгсөн баримт хэрэгт байдаггүй.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.1 өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах, 1.2 хэргийн бодит байдлыг тогтооход шаардлагатай эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлж тусгуулах, 1.4 шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох, 1.9 гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах зэрэг хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлээгүй байх тул “..шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү”  гэв.

 

Хохирогч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн улмаас миний биед дунд чөмөг, шаант яс хугарсан гэмтэл учирсан. Биеэ эмчлүүлж Улаанбаатар хотын “Гэмтэл согог судлалын үндэсний төв”, “Хатагтай”, “ Мed trauma” эмнэлгүүдээр оношлуулж, эмчлүүлсэн. Эмчилгээнд 1.200.000 төгрөгийн  зардал гарсныг Мөнхчимэг, Н нар төлсөн. Одоо ч байнгын өвдөлттэй, эм тариа хэрэглэж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлаа төлүүлнэ. Осолд орохоос өмнө би сард 600.000 төгрөгийн орлого олдог байсан. Энэ орлогоо Наас нэхэмжлэх болно.  Цаашдаа Нтай өөртэй нь эсвэл ар гэрийнхэнтэй нь хамт явж, эмнэлэгт үзүүлж, эмчлүүлж байна гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл эмчилгээний зардлыг шууд өөрсдөөр нь гаргуулж байх болно. Хэрэг гарах үед би ах Төгсзоригийн гэрт байсан бөгөөд гэнэт нэг юм түрэх шиг л болсон. Тэгтэл машин гэрийг цөмөлж орсон байсан бөгөөд гараад очиход Н машиндаа рулээ дэрлээд унтаж байсан. Дуудахад согтуу байсан. Машинаа унтраагаагүй байсныг нь би унтраасан. Н өөрөө архи уугаагүй, согтуу байгаагүй гэдэг боловч шал согтуу байсан. Согтуу байсныг нь гэрч нар ч хэлдэг.

Миний бие 10-16 насны 3 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг. Намайг хотод эмчлүүлж байхад хэргийн материалыг аваачиж, танилцуулсан.  Шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэх үед би Улаанбаатар хотод байсан. Шүүх хурал болох өдөр хуралдааны зарыг надад мэдэгдсэн. Н нь манай ах Төгсзоригт хуучин гэр өгсөн гэсэн. Эвдэрсэн ор, ширээ зэргийг төлж өгсөн эсэхийг мэдэхгүй байна” гэв.

 

Шүүгдэгч М.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “...Би тухайн ослыг гаргах үед  архи уугаагүй байсан. Хөдөө 3  шөнө мал харж хоноод нойр дутуу явнаас маш их ядарсан байсан. Огийн  эмчлүүлсэн зардлыг төлж барагдуулсан. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх болно. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү”  гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Отгонжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй. Учир нь шүүгдэгч үйлдсэн гэмт хэргээ шударгаар хүлээн мэдүүлж,  хохирогчид учирсан гэм хорын хохирлыг төлж барагдуулсан.  Хохирогч эмчилгээний зардал нэхэмжилнэ, гомдолтой  гэдэг боловч шүүхэд нотлох баримт гаргаж ирүүлээгүй байгаа. М.Н нь согуу байгаагүй болох нь хэрэгт авагдсан  шинжээчийн дүгнэлтээр болон гэрч Отгонбаяр, Мөнхчимэг Мөнхбаатар нарын мэдүүлгээр нотлогддог.  Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

           Прокурор Д.Баянмөнх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  дүгнэлтдээ: “М.Нид холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд анхан шатны шүүхээс түүнд 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон болно. Шүүгдэгч Наас 1.901.850 төгрөгийг хохирогчийн эмчилгээнд төлсөн, цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг шийтгэх тогтоолд дурдаж өгсөн.

           Хохирогч Б.О нь шүүгдэгчийг согтуу байсан гэж мэдүүлдэг боловч энэ нь шинжээчийн дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлгээр  үгүйсгэгддэг. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

           Давж заалдах шатны шүүх М.Нид холбогдох хэргийг  хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар    анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй гарсан эсэхийг хохирогч   Б.Огийн  өмгөөлөгчийн    гомдлоор хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийг бүхэлд нь хянав.

           Хохирогчийн өмгөөлөгчийн “...Анхан шатны шүүхээс эрүүгийн шүүх хуралдааны товыг Улаанбаатар хотод байсан хохирогч Б.Од шүүх хурал болох өдрийн 10 цаг 46 минутанд утсаар мэдэгдэж хэрэг хянан шийдвэрлэх ажилагааны журам зөрчсөн,  хохирогчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжоор хангаагүй”  гэсэн давж заалдах гомдол үндэслэлтэй байгаагаас гадна хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт  авагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжилж, дүгнэлт хийлгүй  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

           Шүүгдэгч М.Н нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр “Тоёота приус” маркийн 12-37 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм,сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох мөн хуулийн 12.3 жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зосоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчиж  Дундговь аймгийн Б сумын 3 дугаар баг, Дөшийн 4-1 тоот хашааг болон  хашааны дотор байсан монгол гэрийг дайрч цөмөлсний улмаас гэрт байсан Б.Огийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

           Анхан шатны шүүхэд хэргийг  2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авсан бөгөөд хүлээж авсан өдрөө яллагдагчийг шүүхэд шилжүүлэн  шүүх хуралдааныг 1 хоногийн дараа хийхээр зарлаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 2-т заасан “Шүүх хуралдааны товыг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэнэ” гэсэн заалтыг,  2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсон /Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  /17.5 дугаар зүйл/  заалтыг 2020 оны 01  дүгээр сарын 29-ний өдөр хэрэг шийдвэрлэхдээ хэрэглэж “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтална” гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2  дахь  заалтыг   тус тус  зөрчжээ

           Хохирогч Б.О болон түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  “М.Н нь согтуу байсан” гэдэг боловч шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар согтуу байгаагүй гэж маргажээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг  судалж үзэхэд “Шинжилгээнд ирүүлсэн А39727337 гэсэн код бүхий хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй, цусанд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээнд цусны дээж хүрэлцэхгүй байна” /хх-16/ гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд  гэрч Б.Төгсзоригийн ”Цагдаагийн хэсгийн байр орж хэсгийн төлөөлөгч Батсүхтэй уулзахаар очиход Н нь харваас согтуу зогсож байсан. Би түүнтэй ямар нэгэн зүйл яриагүй. Түүнтэй ойртоогүй” гэсэн мэдүүлэг /хх-90/, Гэрч Б. Ганзоригийн “Манай дүү Одончимэг над руу утасдаад Н машинаар хашаа, гэр дайрчихлаа. Гэрт О байсан юм. Түүнийг бас мөргөчихжээ. Хөл нь өвдөөд манайд хэвтэж байна” гэж хэлсэн.Тэгэхээр нь би дүү Төгсзоригийн гэрт очиход хашааных нь баруун талаас хашааг нь мөргөж нураагаад чигээрээ явсаар гэрийг баруун талаас нь цөм мөргөж зогссон Тоёота приүс маркийн машин байсан. Машины хаалгыг нээхэд машин дотор Н машиныхаа рулийг дэрлэчихсэн ухаангүй согтуу унтаж байсан. Тэгэхээр нь би татаж сэрээгээд “..яаж байгаа юм бэ чи” гэхэд  “... би яачихсан юм бэ” гэж өөдөөс хэгжүүрхээд байсан. Тэр үед хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-91/, гэрч Ч.Батсүхийн “Намайг дуудлагаар очиход Н нь тонгойгоод суучихсан байхаар нь юу болсныг асуухад өөдөөс юм хэлэхгүй, согтуу ч юм шиг, ухаангүй ч юм шиг, цочирдсон ч юм шиг байдалтай байсан. Архи дарс үнэртэж  байна уу гэж үзээгүй. Би Нийг согтуу байна л гэж бодсон. Машин тэргэнд архи согтууруулах ундааны зүйл байгаагүй” /хх-92/    гэсэн мэдүүлгүүд байгаагаас гадна түүний эх Н.Мөнхчимэг /хх-1085/, хойд эцэг Б.Мөнхбаатар нарын “... эрүүл байсан. Олон хоног нойргүй яваад ядарсан байсан “ гэсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.

           Анхан шатны шүүх “Нийг зам тээврийн осол гаргах үедээ  жолоо барих чадваргүй байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх гомдлыг хохирогч О гаргасан энэ талаар Б сумын хэсгийн мөрдөгч Ч.Батсүх, хохирогч Огийн төрсөн ах Ганзориг нар гэрчлэн мэдүүлсэн, хохирогч Огийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна”/хх-197/ гэсэн дүгнэлт хийсэн атлаа шүүгдэгч Нийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь  хуульд нийцээгүй  байна.  Анхан шатны  шүүх хуралдаанд гэрч нараас оролцуулаагүй бөгөөд мөрдөн байцаалтын  шатанд  гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүсээс нэг хэсэг нь  М.Нийг гэмт хэрэг үйлдэх үедээ ”согтуу байсан” гэж, нөгөө хэсэг нь “их ядарсан байсан. Архи уугаагүй,  эрүүл байсан” гэж  2 өөрөөр мэдүүлсэн байхад шүүх гэрчүүдийн мэдүүлгийн агуулга болон  шүүгдэгчийн үйлдлийг нотолж буй гэрчийн мэдүүлгүүд  нь хэргийн үйл баримттай хэрхэн холбогдож байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь хууль хэрэглээний алдаа гарах үндэс болсон байна. 

           Гэмт хэргийн улмаас өөрийн 5 ханатай гэр, модон ор, ширээгээ хэмхлүүлсэн иргэн Б.Төгсзоригийг мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байсныг шүүх тогтоож , хэргийн оролцогчийн эрхийг хангажээ.  

           Хохирогч Б.О нь эмчилгээний зардал болон хөдөлмөрийн чадвар алдсанаас сард 600.000 төгрөгийн орлого олдог байсныг нөхөн төлүүлнэ гэдэг боловч энэ талаархи нотлох баримтуудыг шүүхэд ирүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн  шийтгэх тогтоолд  нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисныг буруутгах үндэслэлгүй байна. 

           Аймгийн прокурорын газраас М.Нийн үйлдэлд яллах дүгнэлт үйлдэхдээ түүнийг согтуу байсныг гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлгийг бичилгүй харин түүнийг ядарсан байсан тухай гэрчилсэн гэрчүүдийн мэдүүлгийг үндэслэсэн нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйл, 32.10 дугаар зүйлийн 3.2 дахь заалтуудыг зөрчсөн байх тул хэргийг зөв зүйлчлүүлэх, хэрэг хянан шалгах ажиллагааг зөвтгүүлэхээр хэргийг  прокурорт буцааж шийдвэрлэв.

     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2,  39.6  дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/20 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Нид холбогдох 1922002890142 тоот хэргийг Дундговь аймгийн прокурорын газарт буцаасугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хэргийг аймгийн Прокурорын газарт хүргүүлэх хүртэл анхан шатны шүүхээс М.Нид авсан “хувийн баталгааг гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2  дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдаж, давж заалдах шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

          

                             ДАРГАЛАГЧ                                  Ц.ОТГОНЦЭЦЭГ

 

                                 ШҮҮГЧИД                                  Ш.ТӨМӨРБААТАР

 

                                                   Т.БЯМБАЖАВ