| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Галбадрахын Солонго |
| Хэргийн индекс | 103/2021/00217/И |
| Дугаар | 103/ШШ2021/00236 |
| Огноо | 2021-07-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2021 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2021/00236
2021 7 20 103/ШШ2021/00236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Г.Солонго даргалж, тус шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, ..... тоотод оршин суух, Ч.Ш-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүрэг, 1 дүгээр хороо, ..... оршин суух, Д.Ц-т холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Ш, хариуцагч Д.Ц нарийн бичгийн даргаар Ж.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ш шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Ц бид хоёр 1998 онд танилцаж улмаар хайр сэтгэлийн холбоотой болж 2000 онд нэг гэрт орсон. Бидний дундаас 2001 онд хүү Н, 2007 онд хүү Ж, 2015 онд охин Ц нар төрсөн. Амьдралын эхэн үед боломжийн гайгүй байсан. Ер нь тэр хүний ажлын онцлог ч байсан л байх гэртээ ховор байдаг, баяр ёслолын өдрүүдээр байхгүй байдаг л байлаа. Манай нөхөр амьдралын идэвхгүй ажилд гарлаа, буулаа гэж унтаад л өнгөрүүлсэн. Сүүлийн үед архи дарс ууж алга болж, залгахаар утсаа огт авдаггүй болсон. Надтай суусан цагаас хойш яс үндсээр доромжилж баяд, дөрвөд минь зайл гэдэг. Би гурван хүүхдийг нь гаргасан хүүхдүүдээ өнчин өсгөөд яах вэ хэмээн их хичээлээ даанч намайг ойлгохгүй дарамталсан хэвээр л 21 жилийг өнгөрүүлсэн байна. 2019 оны 3 дугаар сарын 8-ны өдөр нүүр нүдгүй зодож хүн харахын аргагүй болохоор нь цагдаа дуудаад өгсөн гэтэл шүүхээр орж 14 хоногийн баривчилгаанд явж ирсэн. Түүнээс хойш дарамт нь улам их болсон архи уугаад ирэх бүртээ одоо цагдаагаа дууд гээд суулгахаа больсон бөгөөд 2020 оны 4 дүгээр сард тэтгэвэртээ гарснаас хойш би одоо завтай болсон цагдаагаа дууд гэх болсон.
Тэтгэвэрт гараад улсад ажилласан хүнд төрөөс өгдөг 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөө аваач гэж хэлтэл чамайг энэ гэрээс явсны дараа хөөцөлдөж байгаад авна. Миний хөдөлмөрийн үр дүн чамд хамаагүй, ажилгүй, бичиг үсэг мэдэхгүй чам шиг хүнийг насаар чинь тэжээлээ гэдэг үг миний тэр олон жилийн тэвчээрийг маань хийсэн алга болгосон. 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрэхгүй нь тодорхой болж зуучлагч шүүхэд хандах шийдвэр гаргасан болно. Иймд цаашид энэ хүнтэй хамтран амьдрах нь зөв эсэхдээ эргэцүүлж бодсоор олон хоногийн өнгөрүүлсэн бөгөөд ер нь амьдрах боломжгүйгээ ойлгоод гэрлэлтээ цуцлуулах шийдвэрт хүрлээ гэжээ.
Хариуцагч Д.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний эхнэрийн хэлж байгаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж нүүр нүдгүй зодож хүн харах аргагүй болгосон гэдэг нь худлаа зүйл ба нэг удаа аргадсан нь үнэн. Хүчирхийлэгч гэвэл энэ хүн өөрөө жинхэнэ хүчирхийлэгч миний биеийг цохих, өшиглөх, үсдэх, үсдээд ширэх, маажих, самардах зэрэг бол энүүхэнд ба 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн орой намайг гэртээ хэвтэж байхад миний эрхтэн лүү өшиглөсөн, түүнээс болж миний бэлэг эрхтэн бараг ажиллахаа больсон, 1 сар гаран хавдартай явсан. Уурлахаараа амнаас нь хөөс сахарч хэл амаар доромжлохоос гадна хутга сэрээ барин дайрдаг. Миний ажлын онцлогоос хамаарч баяр ёслолын үеэр гэртээ гэр бүлийнхэнтэйгээ хамт байх тохиолдол ховор байсан. Намайг амьдралын идэвхгүй гэж хэлж байна. Би амьдралынхаа төлөө улсад 30 жил ажиллаад цэргийн тэтгэвэрт 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр суусан. Сүүлийн хэдэн жилүүдэд хавар ээлжийн амралтаа авч Дорнод, Сүхбаатар, Дундговь, Өвөрхангай, Архангай аймгуудаар комиссын бараа зарж амарч чадахгүй зүтгэж ирсэн. Миний хувьд энэ босгосон сайхан амьдралаа хурааж, үр хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Гэр бүл, гэр бүлийн үнэ цэнэ дахиж олдохгүй зүйл үшүү дээ. Иймд гэрлэлтээ цуцлуулахгүй байх, үнэхээр нэхэмжлэгч өөрөө хүсч байгаа, салахаар шийдсэн бол гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй хоёр хүүхдээ өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Учир нь манай эхнэр Ч.Ш улсад ажиллаж үзээгүй нийгмийн даатгал, шимтгэл төлж үзээгүй, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй гэв.
1 ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Ш нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Ц нь гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ч.Ш, хариуцагч Д.Ц нар нь 2000 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гэр бүл болж 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа хүү Ц.Н 2001 онд төрсөн, хүү Ц.Ж 2007 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр, охин Ц.Ц 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогджээ.
Гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон талаарх Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн, 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн уулзалтын тэмдэглэлүүд, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын болон ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлүүд, хариуцагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан болох нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 55 дугаартай шийтгэвэрээр тус тус нотлогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт тус тус зааснаар гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “…хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, …асуудлыг шүүх шийдвэрлэнэ”, 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт “Хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ”, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, гэж заасан байх тул хүү Ц.Ж, охин Ц.Ц нарыг эх Ч.Ш-ийн асрамжид үлдээж, хүү Ц.Ж, охин Ц.Ц нарыг эцэг Д.Ц-аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
2001 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төрсөн том хүү Ц.Н нь 18 насанд хүрсэн байна.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй.” 5.3 дахь хэсэгт “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй” гэж зааснаар хүүхдийг эцэг Д.Цтай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Ч.Ш улсын тэмдэгтийн хураамж төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ч.Ш, Д.Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7-д зааснаар Ц.Ж, Ц.Ц нарыг эх Ч.Ш-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2007 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр төрсөн хүү Ц.Ж, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Ц.Ц нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг тогтоон, эцэг Д.Ц-аар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар Ч.Ш нь Д.Ц-ыг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг сануулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Есү-Үжинд даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239.015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 239.015 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.СОЛОНГО