Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 135/ШШ2021/00522

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 135/2021/00388/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс би даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймгийн Дархан сум, ******* баг, ******* ******* тоотод оршин суух ******* овогт /РД:, утас:/-д холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, А.д тусдаа амьдрахыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цуурай, хариуцагч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч Л.Цуурай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.******* миний бие А.тэй 2008 оноос эхлэн хамтран амьдарч 2009 оны 03 дугаар сарын 30-нд охин , 2012 оны 11 дүгээр сарын 01-нд охин , 2017 оны 08 дугаар сарын 03-нд хүү , 2021 оны 01 дүгээр сарын 20-нд хүү нар төрсөн. Одоо 2 том хүүхэд маань сургуульд суралцаж байна. Би бага хүүхдээ төрүүлээд нэг сар гаран болж байна. Нөхөр болох хамтран амьдрагч А. нь нэг гэрт амьдарч, амьдарсан цагаасаа л дээрэлхүү хандаж, үгийн хамаг муу муухайгаар дайрч доромжлон гудамжнаас янхан банзал олоод тэжээж байгаа мэтээр хэлж сэтгэл санааны хүчирхийлэл үйлдсээр 12 жил болж байна. Би нэгэнт л амьдарсан болохоор энэ хүний тэр их хараал зүхлийг тэсэж тэвчин 12 жилийн хугацаанд 4 хүүхдийг нь тээж төрүүлэн ажил хийж ямарч боломж гарахгүй байсаар байгааг минь харж мэдсээр байж үргэлж тэжээлгэж байгаа, ажилггүй төрөлгүйгээр минь дуудаж орон гэрээс хөөж туудаг болсоор удаж байна. Амьдарсан цагаасаа л ийм байсан болохоор би гэр бүлээ батлуулаагүй. Би энэ оны 2021 оны 01 дүгээр сарын 20-нд хүүхдээ төрүүлсэн. Тэгэхэд эмнэлгээс дөнгөж гарч ирсэн нялх биетэй намайг миний хүүхэд биш хэний шээсийг гаргачихав гэх мэт муу муухайгаар доромжлон гутааж миний сэтгэлийг сууж байхын аргагүй хөргөлөө. Бидний энэ харьцаа ийн энэ муу муухай үг хэллэг хүчирхийлэл хүүхдүүдийн минь хүмүүжилд муугаар нөлөөлж байгаад айдас түгшүүртэй байна. Эхний үед зөвхөн надыг дайрч доромжилдог байсан бол одоо хүүхдүүдийг оролцуулж элдэв хараал урсгаж миний хүүхдүүүд биш гэх мөн бидэнтэй хамт амьдардаг настай ээжийг минь гуйлгачин гэж байнга зүхэн хөөдөг болсон. Хүүхдүүд өвдөнө эмнэлгээр явна энэ бүхэнд ямарч сэтгэл гаргадагүй. Цалингаа өгөх үедээ өгнө. Өгөхгүй үедээ өгөхгүй. Нэг гэрт 12 жил хамт амьдран 4 хүүхэд төрүүлээд эхнэр нөхөр эцэг хүний элгэмсэг харьцаа ч байдаггүй. Үнэндээ би ийм амьдралаар цаашид амьдарч чадахгүй арга буюу шүүхэд хандаж байна. Бид 2 гэр бүлийн баталгаагүй. Энэ хүн надаас 16 ах мөртлөө намайг хайрлах энэрэх ч сэтгэлгүй албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлэх ч бодолгүй явж ирсэн. Миний хувьд хүүхдүүдээ өнчрүүлэхгүйн тулд өөрийг нь хайр халамжаар дутаалгүй хүндэлж ганцаараа хийж байгааг нь бодоод үр хүүхдээ өсгөхөд эмнэлэг сувилал сургууль соёлын асуудалд нөхрөө оролцуулаад байдаггүй зөвхөн нөхрөө болгосоор ирсэн. Гэвч энэ хүнд намайг болон үр хүүхдээ хайрлах хүндлэх сэтгэл байдаггүй. Олон удаа цагдаад хандсан. Тэнд гэм буруугаа ойлголоо гээд ирэх боловч удалгүй ааш нь улам хурцадаж харгис байх болсон. Иймд би хүүхдүүдээ асрамжинд авч эцгээс нь тэтгэлэг гаргуулмаар байна. нь гэр бүлийн баталгаагүйгээ далимдуулж уураа хүрсэн үедээ хүүхдүүдээ ялгаварлан өөрөөрөө овоглодоггүй. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү , 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү хоёр маань надаар овоглосон байгаа. Гэвч бүгд ийн хүүхдүүд мөн. гэв.

Хариуцагч А. шүүхэд гаргасан тайлбартаа: ...миний бие Д.*******тэй ханилаад 12 жил болж байна. Энэ хугацаанд 4 хүүхэдтэй болсон. Энэ 4 хүүхэд 4 үүлээ миний хүүхэд мөн. Бид хоёр гэр бүлийн баталгаа байхгүй учраас эхний 2 охин маань миний нэр дээр байдаг. Сүүлийн 2 хүү маань эхнэрийн маань нэр дээр байдаг. Гэр бүлийн асуудал маань бид 2-н асуудал. Би архи уусан ч бүх мөнгөө авгай хүүхдүүддээ л зарцуулдаг. Эрүүлдээ юм хэлдэггүй согтуудаа авгай хүүхэд, хадам ээждээ юм хэлдэг юм шиг байгаа юм. Энэ бол миний буруу 4 хүүхэд маань 4 үүлээ миний хүүхэд учрааас би тэжээх үүрэгтэй. Тийм учраас би 4 хүүхдээ өнчрүүлэхийг хүсэхгүй байна. гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, асрамж, тэтгэлэг тогтоолгох, А.д тусдаа амьдрахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүүхдийн эцэг тогтоолгож, асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч А.тэй 2008 онд танилцан хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр охин Н., 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Б., 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Б., 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр охин Н. нар төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбаруудаас үзэхэд Н., Н. нар нь эцэг А.ээр, хүүхэд Б., Б. нар нь эх Д.*******ээр овоглосон, хүүхэд Б., Б. нарын эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагад талууд маргаагүй болно.

Хариуцагч А. нь нэхэмжлэгч Д.*******ийн гаргасан эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөс эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч А.ээс хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хүүхэд Н., Н., Б., Б. нар нь төрснөөсөө хойш эцэг, эхийн асрамжид байгаа, хариуцагч А. хүүхдүүдээ эх Д.*******ийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн тул хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

А.д тусдаа амьдрахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч А. шүүх хуралдаанд тусдаа амьдарч болох байх, хашаа байшин миний нэр дээр байдаг гэж тайлбарладаг ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3 дахь хэсэгт шүүх шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэхдээ гэрлэгчдийг тусдаа амьдрахыг даалгах урьдчилан арга хэмжээ авч болохоор хуульчилсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь албан ёсны гэрлэлтийн баталгаагүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын тухайд шүүхээс шийдвэр гарах хүртэлх хугацаанд урьдчилан авах арга хэмжээний нэг гэж үзэхээр байх тул энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Н., 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Н., 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б., 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Б. нарыг эх Д.*******ийн асрамжинд үлдээж, А.ийг охин Н., хүү Б., хүү Б., охин Н. нарын эцэг мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2009 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Н.ыг тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Н., 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Б., 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Б. нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг А.ээс тэтгэлэг гаргуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.3-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ийн хариуцагч А.д тусдаа амьдрахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч А.ээс улсын тэмдэгтийн хураамжид нийт 280.800 төгрөг гаргуулж, Төрийн сангийн орлогод оруулж, мөн хариуцагчаас 1 жилийн хугацаанд хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 114,502 төгрөг гаргуулан Төрийн сангийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС