Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/19

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: *******,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 1******* индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн *******анд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, ээж, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн *******,*******,тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн дугаартай шүүгчийн захирамжаар түүний холбогдсон Эрүүгийн хуулий тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.1-т  зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

/РД: /

                                                 Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч *** нь 2023 оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** баг *** тоот хаягт байх хашаандаа мод далий хөрөөдлөө гэх шалтгаанаар өөрийн ээж *** руу мод хөрөөддөг хөрөө шидэж түүний зүүн хөлд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч *** нь 2023 оны *** дүгээр сарын ***-ны өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** тоот хаягт байх хашаандаа мод далий хөрөөдлөө гэх шалтгаанаар өөрийн ээж *** руу мод хөрөөддөг хөрөө шидэж түүний зүүн хөлд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өгсөн: Би 2023 оны ***-ны өдөр гадаа хүйтэн байсан. Өглөө нь нөхөртэйгөө маргалдаад би жаахан ууртай байсан. Би ээжийг та надад мод хөрөөдөхөд туслаач гэж бид хоёр мод хөрөөдөж байсан юм. Мод хөрөөдөж байхад ээж буруу татаад өөр лүүгээ татаад байсан. Би айлгах санаатай хөрөөгөө өргөөд сүрдүүлсэн юм. Хөрөөгөө дээш өргөж байгаад ээжийн хөл рүү алдсан. Ээжийн хөлөөс цус гараад би их айсан. Тэгээд түргэн дуудаад түргэн ирээд ээжийг аваад явсан гэв.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд: Шүүгдэгчийн хэлсэн хадмуудтайгаа таарамжгүй харилцаанаас болоод уурладаг гэдэг мэдүүлэгтэй санал нийлэхгүй байна. Би хадмуудыг нь мэднэ. **** хадам ээж, аав, нөхөр нь дажгүй зан ааштай хүмүүс байдаг. *** дээр арга хэмжээ аваад эмнэлгийн байгууллагад шилжүүлбэл хадмуудын зүгээс үр хүүхдүүдийг нь харах бүрэн боломжтой гэж үзэж байна. Тийм сэтгэлтэй хүмүүс гэж хардаг. *** хэлэхэд худлаа хэлж болохгүй гэж хэлмээр байна. Би багийн засаг дарга хүн байнга эргэлтээр очиж харж ханддаг. Хадмуудтай нь байнга уулздаг. Цаашид багийн засаг дарга миний зүгээс харахад баг дээр байгаа иргэдийнхээ эрүүл аюулгүй байдлыг хангаж эмчилгээ хийлгэж эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэж байна гэв.

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2023 оны *** өдөр охин *** хамт хашаандаа мод хөрөөдөж байтал охин *** мод далий хөрөөдлөө гэж уурлаад хөрөөгөө шүүрээд авахаар нь би хашааны хаалга руу зугтаатал ардаас хөрөө ирээд миний зүүн хөлийн ар хэсгээс их цус гараад тогтохгүй байсан тул эмнэлэгт дуудлага өгч эмнэлгийн машин ирж авч явсан. Би эмнэлэгт хэвтээд 3 хонож байгаа бөгөөд миний хөлд 21 оёдол тавьсан. Тухайн үед *** 3 настай хүү, 5 сартай охин гэр дотор байсан. Өөр хүн байгаагүй. *** өөр хүн намайг цохиж, зодоогүй. *** миний зүүн хөлийн шилбэ хэсэгт гэмтэл учруулсан өөр цохиж, зодоогүй. ...*** нь **** өдөр төрсөн. Манай бага охин, дээрээ нэг ахтай, ах нь *** дугаар цэргийн ангид ажилладаг. *** нь *******анд ерөнхий боловсролын сургуульд сурч төгсөөд улмаар оёдолчин мэргэжил эзэмшиж “Говь” ХХК-д ажиллаж байгаад сэтгэцийн өөрчлөлттэй болчихоод ирсэн. Яагаад ийм болсоныг нь мэдэхгүй. Зан байдлын хувьд надтай их муухай харьцдаг, ааштай, ууртай, намайг зоддог гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 тал/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: *** нь миний төрсөн дүү байгаа юм. Би *** том хүү *** 2023 оны **** өдөр хөлөө зүсүүлсэн талаар мэдсэн. *** мод хөрөөддөг хөрөөгөөр *** хөлийг хөрөөдөөд хаячихсан байна гэж л хэлсэн. ...Хүн харахад зүгээр юм шиг харагддаг ч үе үе сэтгэцийн өвчин нь хөдлөөд ямар ч хяналтгүй болоод хавь ойрын хүмүүсээ барьж зодоод, хамт амьдардаг ээжийгээ хүртэл цохиж зодоод байдаг болчихсон. Урьд 2021 онд өвчин нь хөдлөөд ээж *** заазуураар заазуурдчихаад цагдаад шалгагдаж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 тал/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би *******ын **** ажилтай. 2023 оны *** өдөр 12 цагийн орчимд санагдаж байна, жижүүрээс “нэг хүн хөлөө хөрөөдүүлсэн байна гэнэ” гэх дуудлага дамжуулсны дагуу жолоочийн хамт *** ******* *** тоот хашаан дотор *** зүүн хөлийн шилбэний ар хэсэгт том хэмжээний зүсэгдсэн шархтай сууж байсан. Очих үед тус газарт ***, түүний төрсөн охин *** нар сууж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 тал/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: *** нь миний төрсөн эгч байгаа юм. *** биед мод хөрөөддөг хөрөөгөөр гэмтэл учруулсныг түүний хүү *** мэдсэн. Тухайн өдрөөс 2 хоногийн өмнө санагдаж байна *** мод хөрөөдөх гэсэн юм гээд манай мод хөрөөддөг цүүцэн хөрөөг авч явсан. Тэгсэн чинь тэр хөрөөгөөр мод хөрөөдөж байгаад *** ээж *** хөлийг зүсчихсэн гэж *** надад хэлсэн гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43 тал/,

Өвөрхангай  аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны *** едрийн *** дугаартай “...1. *** биед зүүн хөлд шарх гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З. Дээрх гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алталтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 46-47 тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны *** өдрийн №*** дугаар “...1. *** нь шизофренийн хэв шинжийн эмгэг. Эмгэг төрхт төст хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. *** нь өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадваргүй байсан байна. 2. *** нь шизофренийн хэв шинжийн эмгэг. Эмгэг төрхт төст хам шинж сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх эмгэг нь 2020 онд оношлогдож 4 жил болсон байна. З. *** нь одоо үнэн зөв мэдүүлэг, тайлбар өгөх чадвартай байна. *** нь цаашид үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг урьдчилан тогтоох боломжгүй байна. 4. **** нь өөрийн үйлдлээ болон эрүүгийн хариуцлага хүлээх чадваргүй байна. 5. *** эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагатай байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 2 сараар авах саналтай байна. 6. *** нь хэрэг үйлдэх үедээ шизофренийн хэв шинжийн эмгэг, эмгэг төрхт төст хам шинж сэтгэцийн эмгэгтэй байсан байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 52-56 тал/,

Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-14 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 17-19  тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 1-3 тал/ зэрэг болно.

  1. Эрх зүйн дүгнэлтийн хувьд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан **** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Шүүгдэгч *** нь *** өдөр Өвөрхангай аймгийн *******ын *** тоот хаягт байх хашаандаа мод далий хөрөөдлөө гэх шалтгаанаар өөрийн ээж *** руу мод хөрөөддөг хөрөө шидэж түүний зүүн хөлд шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

3. Хохирлын хувьд:

Хохирогч **** шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хохирогч хохирол нэхэмжлэх зүйл байхгүй би ямар нэгэн гомдол байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэж хүсэлт хэрэгт гаргасан /хавтаст хэргийн 174 тал/ байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

Гэмт хэрэг үйлдэх үедээ шүүгдэгч нь өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадваргүй байсан нь шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэнэ.

Улсын яллагчаас шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 3, 7.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 02 /хоёр/ сарын хугацаагаар хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад шилжүүлж эмчлүүлэхийг даалгаж шийдвэрлэв.                                            

           5. Бусад асуудлаар:

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч **** нь нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчийг эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэх хугацаанд хоёр хүүхдийг нь түүний нөхөр **** асрамжид байлгаж, албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүгдэгчийн хүүхдүүдэд хяналт тавих үүргийг *** сумын ***** нь даалгах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***** эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 02 /хоёр/ сарын хугацаагаар хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.3 дугаар зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** авсан албадлагын арга хэмжээг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтад шилжүүлж эмчлүүлэхийг даалгасугай.

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

5. Албадлагын арга хэмжээ авсан хугацаанд шүүгдэгчийн хүүхдүүдэд хяналт тавих үүргийг **** даргад нь даалгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА