Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2021/00836

 

 

 

 

 

2021 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 155/ШШ2021/00836

Хөвсгөл аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар .. Баянгол дүүр... дугаар хороо, 1.. дүгээр байрны ... тоотод оршин суух, Ш. овогт Ц.О., /Р.../-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын.. дугаар баг ..... тоотод оршин суух, Т.овогт Т.А /РГ..../-д холбогдох

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч 155/2021/00641/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Цэрэнпагма, нэхэмжлэгч Ц.О...н онлайнаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н..л нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.О. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.О. нь Т.А. 2009 онд танилцаж үерхэж байгаад бидний дундаас 2011 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүү А.Т. төрсөн. Бид албан ёсны гэрлэлтээ батлуулаагүй, өрх тусгаарлаж тусдаа гараагүй. Манай аавынд А. нь 2016 онд хүртэл хамт амьдарсан. Хоорондын таарамжгүй харилцаа болон А. архи уух, намайг зодож биед маань гэмтэл учруулах зэргийг олон жил тэвчиж амьдарсан. Үр хүүхдээ бодоод засаж залруулаад авчих гэж их хичээсэн боловч засрахгүй өмнөх алдаагаа давтсаар байсан тул аргаа бараад 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна.

Иймд хүү А.Т. эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.А. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ц.овогтой О. 2009 онд танилцаад 2011 оны 5 дугаар сарын 21-нд хүүтэй болсон. Би өөрийн гэсэн эрхэлсэн ажилгүй ээж, аавыгаа дагаж ОХУ-д хувийн бизнес эрхэлж байсан. Гэтэл 2013 онд Бүрэнтогтох сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан Н. сууна гээд салаад Улаанбаатар хот руу ажлаасаа гараад аав, ээжтэйгээ явсан. О. цагдаа Н.явалдахад миний ээж очиж уулзахад өөрөө ааваас нь миний хүүд юу ч хэрэггүй, би өөрөө гаргасан хүүгээ аваад явах чадалтай гэж хэлсэн байдаг. Бид хоёр 2015 онд дахин нийлсэн. Гэвч хуучин явдал давтагдаж, дахин харилцаатай байсан болохоор бид хоёрын дунд маргалдах шалтгаан байдаг байсан. Энэ хооронд Улаанбаатар хотод ээж, аав, эхнэр хүүхдийн хамт хадмынд амьдарч байсан. Миний аав, ээжийн санал болгосон байр нь сэтгэлд нь таалагдаагүй. Тийм болохоор надад сэтгэлийн хувьд хэцүү байсан учраас 2018 онд дахин салсан. Одоо миний бие аав, ээжийн хамт амьдарч байгаа. Дахин амьдрал зохиогоогүй явна. Одоо миний бие 2016 оны 7 дугаар сард нүдний хүнд гэмтэл аваад хөдөлмөрийн чадварын 61 хувь нь алдагдсан. Би хүүтэйгээ байнгын харилцаатай одоо надтай хамт эмээ, өвөөгийндөө ирсэн амарч байгаа. Хүүхдээ бол би сэтгэлээсээ хэзээ ч салгахыг хүсдэггүй. О. нэр данс руу мөнгө хийх хүсэлгүй, хүүхэддээ өөрт нь хадгаламжийн данс нээж сар бүр хийх хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н.. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Өөр нэмж ярих тайлбар байхгүй байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О.нь хариуцагч Т.. холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараас нэхэмжлэгч Ц.О., хариуцагч Т.А. нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ба тэдний дундаас 2011 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүү А.Т. төрснийг 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн 0000741050 дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчүүлсэн хуулбар, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү А.Т.нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг Т.А.с сар бүр тэтгэлэг гаргуулж, 2011 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүү А.Т.тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.О. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А.Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 5 дугаар сарын 21ий өдөр төрсөн хүү А.Т. нь 10 настай байх тул хуулинд зааснаар тэтгэлэг авагч хүүхдийн оршин суугаа газрын бүс нутаг буюу Улаанбаатар хотод тогтоогдсон амьжиргааны доод түвшин 238.700 төгрөгийн тал хувь 119.350 төгрөгийг сар бүр хариуцагч Т.А. төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү А.Т. сар бүр төлөх 119.350 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.432.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 37.865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.О. олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 2.528 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 5 дугаар сарын 21ий өдөр төрсөн хүү А.Т.11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Т.А. сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35.337 (гучин таван мянга гурван зуун гучин долоо) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.А. 37.865 (гучин долоон мянга найман зуун жарав тав) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Ц.О.с дутуу төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2.528 (хоёр мянга таван зуун хорин найм) төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН