| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2024/0501/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/605 |
| Огноо | 2024-05-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/605
2024 05 21 2024/ШЦТ/605
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Н-н Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2308032****** дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 20** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, ** дүүргийн ** дүгээр хороо, **** тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Н-н Н /РД:********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь “***” гэх хуурамч фэйсбүүк хаяг нээж, уг хаягт “Приус 20 загварын автомашин зарна” гэсэн зарыг байршуулсны улмаас иргэн Б.Б нь тээврийн хэрэгслийг нь худалдаж авах зорилгоор түүнтэй харилцаж, улмаар Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ** дугаар байрны** тоотод интернэт банкаар 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1.800.000 төгрөг шилжүүлснийг Н.Н нь Хаан банк дахь өөрийн *** дугаартай дансаар авсан “Залилах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын эхээр байсан байх, өдрийг нь сайн санахгүй байна. Фейсбүүк дээр шинээр нээсэн хаягаасаа "приус маркийн машин зарна" гэсэн зар тавьсан. Тэр зарын дагуу Б гэх хүн тэр машиныг авъя гэж холбогдохоор нь дансаа явуулаад урьдчилгаа гэж 1,800,000 төгрөг авсан. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн, хэн нэгэн нөлөөлсөн, ятгасан асуудал байхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоо бол нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. **** гэсэн фейсбүүк хаяг дээр “машин зарна” гэсэн зарыг оруулсан байсан. Тэгээд утсаар холбогдоод машиныг худалдаж авахаар болоод өөрт байсан 1800.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд машинаа авъя гэтэл Лүнгээс гарч байна гээд утас нь холбогдох боломжгүй болсон” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Н нь “***” гэх хуурамч фэйсбүүк хаяг нээж, уг хаягт “Приус 20 загварын автомашин зарна” гэсэн зарыг байршуулсны улмаас иргэн Б.Б нь тээврийн хэрэгслийг нь худалдаж авах зорилгоор түүнтэй харилцаж, улмаар Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ** дугаар байрны ** тоотод интернэт банкаар 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1.800.000 төгрөг шилжүүлснийг Н.Н нь Хаан банк дахь өөрийн **** дугаартай дансаар шилжүүлэн авсан үйл баримт нь:
1. Б.Б цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл: “машин худалдаж авахаар 1800,000 төгрөг шилжүүлж залилуулсан тухай” (хавтаст хэргийн 6 дахь тал),
2. Хохирогч Б.Б: “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо Баганаран **** тоот гэртээ байхдаа 10-н цагийн үед фэйсбүүкээр машины зар үзэж байгаад “***” гэх хүний фэйсбүүк-д байршуулсан “тоёота приус 20 маркийн автомашин **** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зарна” гэсэн зарын дагуу тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохиролцож Н гэх хүний *** гэх дугаартай хаан банкны данс руу 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн хүн нь өөрийгөө “Лүн суманд байна, одоо сумаас гарч байна” гэж 10-н цагийн үед хэлсэн ба 18-н цаг хүртэл хүлээгээд гар утсаа авахгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандаж байна. Тухайн хүнийг огт танихгүй ба фэйсбүүкээр л автомашин зарна гэсэн зарын дагуу холбогдоход урьдчилгаа 1.800.000 төгрөг шилжүүлэх юм бол би өөрөө Төв аймгийн Лүн сумаас Улаанбаатар хотод хүргээд өгье гэж хэлсэн. Надтай 9534**** гэх гар утасны дугаараас холбогдож байсан. Би өөрийн хаан банкны **** гэх дугаарын данснаас Н гэх хүний **** гэх хаан банкны данс руу 1.800.000 төгрөг шилжүүлсэн. Н надад ямар нэгэн мөнгө буцаан өгөөгүй байгаа. Би сэтгэцийн хор уршгаа тогтоолгохоор шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Би 1.800.000 төгрөгөө буцаан авчихвал надад гомдол санал байхгүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11, 13 дахь тал),
3. Гэрч Н.А: “… Би 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр ****УБМ улсын дугаартай, саарал өнгийн приус 20 загварын тээврийн хэрэгслийг А.М гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч “урьдчилгаа 4.500.000 төгрөг өгч банк бусаар машин зарна” гэж дээрх машины зургийг оруулсан байсан. Тэгээд би тэр хүнтэй холбогдож уулзаад “Санхүүгийн доктор” гэх нэртэй банк бус байгууллагатай гэрээ хийж тухайн машиныг авсан. А.М гэх нэртэй фэйсбүүк хаягтай хэрэглэгчид 5.000.000 төгрөг хаан банк дахь өөрийн ****** дугаарын данснаас шилжүүлэн өгсөн. Одоо яг ямар данс руу шилжүүлэн өгсөн талаараа санахгүй байна. Тэгсэн өнөөдөр цагдаагийн байгууллагаас миний машиныг зарна гэж 2023 оны 10 дугаар сард зар оруулсан байна. Энэ талаар тодруулна гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллага дээр ирсэн юм. Би анх бол дээр мэдүүлсэн А.М гэх фэйсбүүк хаягтай хэрэглэгчтэй холбогдож байгаад банк бусаар машинаа авсан. Өөр ямар нэгэн зар байсан талаар мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дах тал),
4. Хаан банк дахь Н.Н эзэмшлийн ****** дугаартай дансны хуулга: “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ****** дугаартай данснаас 1,800,000 төгрөгийн орлого орж ирсэн” тухай (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
5. Хаан банк дахь Б.Б эзэмшлийн ***** дугаартай дансны хуулга: “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ****** дугаарын данс руу 1,800,000 төгрөг шилжүүлсэн” тухай (хавтаст хэргийн 58-59 дэх тал),
6. Шүүгдэгч Н.Н: “...Би Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр ** дугаар байрны *** тоотод түр оршин сууж байхдаа фэйсбүүк дээр машин зарна гэх зар байсныг олж хараад *** гэх нэртэй хуурамч фэйсбүүк хаяг нээж, приус 20 загварын авто машин зарна гэж мобикомын дугаар үлдээж зар оруулсан. Тэгсэн надтай нэг эрэгтэй хүн миний зар дээр байршуулсан гар утасны дугаар руу холбогдсон. Тэгсэн тэр хүн надад урьдчилгаа 1.800.000 төгрөг өгчихье, чи машинаа авчраад өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би Төв аймгийн Лүн сумаас очно гэж хэлээд өөрийн зар дээр байршуулсан дугаарыг мөнгө дансанд орж ирэхээр нь унтраачихсан юм. Би тухай хүнээс 1.800.000 төгрөг авахдаа Хаан банкны ****** дугаарын дансаа өгч шилжүүлэн авсан. Энэ асуудлын улмаас цагдаагийн байгууллага дээр ирсэн. Надад ямар ч зарах машин байгаагүй юм. Би сургалтын төлбөр төлөх гэж эцэг, эхээсээ авсан мөнгийг үрчихсэн учраас мөнгө олох хэрэгтэй болсон юм. Тэгээд фэйсбүүк дээр хуурамч хаяг нээж бусдад худал хэлж 1.800.000 төгрөг авчихсан юм. Миний фэйсбүүк дээр байршуулсан Мобиком ХХК-ийн дугаарыг би гудамжинд явж байгаад сим карт үүртэй нь олсон юм. Тэгээд гар утсандаа хийсэн болж байхаар нь ашигласан. Би тэр дугаарыг хэд гэж байсан талаар санахгүй байна. Надад одоо байхгүй. Би сургалтын төлбөр төлөх гэж байгаад болиод өөр зүйлд зарцуулчихсан. Би хохирол мөнгийг бүрэн барагдуулж өгнө. Бусдад худал хэлж мөнгө авсан асуудалд их харамсаж байна…” (хавтаст хэргийн 61-62, 78-79 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Хэргийн үйл баримтыг дүгнэвэл, шүүгдэгч Н.Н нь цахим хэрэгсэлд “***” гэсэн хуурамч фейсбүүк хаяг нээж, улмаар уг хаягтаа приус 20 автомашин зарна гэсэн зарыг байршуулснаар машин авахаар сонирхож байсан Б.Б нь түүнтэй харилцаж эхэлсэн байх ба тэрээр хохирогчид итгэл үнэмшил төрүүлэхүйц байдлаар худал мэдээллээ өгч, улмаар таньж мэдэхгүй хүний эзэмшлийн тээврийн хэрэгслийн зургийг интернетээс татаж аван хохирогч руу илгээснийг хохирогч нь нягтлахгүйгээр худал мэдээлэлд нь итгэн мөнгө шилжүүлснээр шүүгдэгчид захиран зарцуулах эрх үүссэн болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэг “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-ийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг хуульчилж өгсөн байна.
Залилах гэмт хэргийн объект нь өмчлөх эрх байна. Харин халдлагын зүйл нь мөнгө, бараа, материаллаг үнэт зүйлс ... байна.
Шүүгдэгч Н.Н дээрх үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шууд санаатай, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.
Улмаар шүүгдэгч Н.Н нь дээрх хохирогчоос эд хөрөнгийг авах зорилгоор худал хэлж, эргэн төлөх санаа зорилго агуулалгүй, өөрийн дансаар бусдаас мөнгө шилжүүлэн авсан уг үйлдэл нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Иймээс шүүгдэгч Н.Н дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж, гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тогтов.
Хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Н.Н нь 1.800.000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн тухайгаа мэдүүлсэн, мөн хохирогч Б.Б хохирлын мөнгөө хүлээн авсан, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт өгч, бичгээр хүсэлтийг гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 111 дэх тал)
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н 800 нэгжтэй тэнцэх хэмжээтэй буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд төлүүлэх” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ нь “...хэргийн зүйлчлэл бол тохирсон, гэм буруу дээр маргахгүй, хохирлоо төлж барагдуулсан байгаа. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон. Иймээс шүүгдэгч Н.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийн аль нэгийг нь хэрэглэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
Иймд шүүгдэгч Н.Н үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т зааснаар “учруулсан хохирол төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, бусдад төлөх төлбөргүй байдал, мөн шүүгдэгчийн хувийн байдал /өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, кафед ажилладаг/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг түүний орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Иймээс өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгч Н.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийн аль нэгийг нь хэрэглэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь “гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал ... зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж заасан, мөн хуулийн 7.1 дүгээр зүйл нь “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх ба эдгээр зүйлүүдийг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэхээр заасан, мөн энэ зүйлүүд нь заавал хэрэглэхээр үүрэг болгосон зохицуулалт биш байх тул шүүгдэгч Н.Н эдгээр зүйлийг хэрэглэлгүй, эрүүгийн хариуцлагыг оногдуулж шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Н.Н нь 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 15 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжээр тооцон /15х15000=/225 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225.000 төгрөгийг түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөс хасаж, түүний эдлэх ялыг 225 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225.000 төгрөгөөр тогтоож, Н.Н орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Н.Н дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Н авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээтэй буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-ийн цагдан хоригдсон 15 (арван тав) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож /15х15000=225 (хоёр зуун хорин тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225.000 (хоёр зуун хорин таван мянга) төгрөгийг түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөс хасаж эдлэх ялыг 225 (хоёр зуун хорин тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 225.000 (хоёр зуун хорин таван мянга) төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н оногдуулсан торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Н-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н авсан хувийн баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ