| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2021/00333/и |
| Дугаар | 467 |
| Огноо | 2021-06-08 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 467
| 2021 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 135/ШШ2021/00467 | Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2021/00333/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Өнөр хороолол, *** тоотод оршин суугаа, утас **0 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Орхон сум, 1-р баг, Баян-Өлзийтөд оршин суугаа, утас *** регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д холбогдох
Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, хариуцагч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Наранзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.******* би Д.*******тэй 2017 оны хавар Улаанбаатар хотод Арслангийн удам ХХК-д борлуулагчийн ажил хийдэг байхдаа танилцаж миний түрээслэн амьдардаг байсан байранд хамт амьдарч эхэлсэн.
Хамт амьдраад төд удалгүй 2 талын аав, ээжтэйгээ танилцаад Д.*******гийн талаас бэр гуйж Дархан хотод байр авч өгнө хадам аав, ээжтэйгээ ойр амьдар гэдэг байсан. 2018 оны эхээр би бие давхар болж удаагүй ажлаасаа гарч Эрдэнэт аав, ээж дэрээ ирсэн. 2018 оны 10 дугаар сарын ***-ний өдөр охин ******* маань мэндэлсэн. Тухайн үед охины миний эцэг Д.******* нь удаан хугацаагаар хөдөө хол ажилладаг байсан бөгөөд ажлаас бууж охин бид хоёр дээр ирэх үед нь би гэр орондоо тав тухтай байлгаж сайн амраад ажилдаа буцаг гэж хоол цайг нь хийж чадлаараа Д.*******д анхаарал халамж тавихыг хичээдэг байсан.
Ажил хийсэн ч, хийгээгүй ч түүнд бидний бүх зүйл таалагдахдаа болж, өнгөрсөн амьдрал жаргалгүй байсан тухай яаж ийж өдөр хоногийг өнгөрүүдэг байсан тухай зурвас ирүүлж, тэр ч байтугай охиныг минь харж байгаа настай аав, ээжийг минь хүртэл оруулж хэрүүл үргэлжилсээр байсан. Сүүлийн 6 сарын турш Д.******* охин дээрээ огт ирээгүй, холбоо ч бариагүй. Хэдий охиндоо ийм зан гаргасан ч тэмдэглэлт өдрүүдээр би хадам аав, ээжийн амар мэндийг асууж холбогдох үед хамт байсан ч ярих хүсэл огт байхгүй болохыг дахин дахин баталгаажуулж байсан.
Миний охинд төрсөн аав нь болох Д.******* үрээ ойшоохгүй, төвөгшөөх хандлага гаргасан цаг хугацаа хэт удааширч байгааг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байгаа тул Ц.******* миний бие Д.*******тэй цаашид хамтран амьдрах боломжгүй болсон байна гэсэн шийдвэрт эргэлт буцалтгүй хүрээд байна.
Айлд бэр болсон цагаас хойш хадам талын амласнаар хүүхдэдээ байр авч өгч биднийг нэг дор амьдрах нөхцөлийг хангаагүй бөгөөд энэ амлалтаа ч биелүүлэхийг хүсэхгүй байгааг анзаарсан би охиноо өөрийн аав, ээжтэйгээ хамт өсгөсөөр ирсэн.
Иймд 2018 оны 10 дугаар сарын ***-ний өдөр төрсөн *******гийн ******* гэх охиноо өөрийн асрамжид үлдээж, Д.*******гээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Охиноо Ц.*******ийн асрамжид үлдээж, миний зүгээс тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Аав ээжийн минь дарамт шахалт байгаагүй. Намайг нэг биш 3 удаа хөөж зайл, дахиж ирээд хэрэггүй гэх үгээр хэлдэг байсан. Амралтаар хөдөө аав, ээж дээр очиход одоо 2-уулаа ажил хий ганц хүний цалингаар яаж амьдардаг юм бэ гэж хэлж байсан болохоос ажилгүй гэж олон юм хэлж байгаагүй. Тэр ч бүү хэл аав ээж мөн зунаас тусдан гаргана гэж удаа дараа хэлж сануулж байсан. Миний хувьд охиноо ойшоосон зүйл байхгүй ээ. Очихоор хэрүүл хийж, танай аав, ээж ингэлээ тэглээ гэр мэтээр хэлдэг байсан. Би зөндөө гуйсан охиноо битгий өнчрүүлээч эцэгтэй нь байлгаач гэж их хэлсэн гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Д.*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Ц.*******, Д.******* нар 2017 онд танилцаж, улмаар тэдний дундаас 2018 оны 10 дугаар сарын ***-ний өдөр охин И.******* төрсөн болох нь *** бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний хуулбар болон зохигчдын тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна. /хх-ийн 9 дүгээр тал/
Дээр дурдсан төрсний гэрчилгээнд 2018 оны 10 дугаар сарын ***-ний өдөр охин И.Нандин-Эрдэнийн эцэг нь Д.******* мөн болох талаар бичигдсэн байх тул охины эцгийг захиргааны журмаар тогтоосон байна гэж үзнэ.
Хариуцагч Д.******* нь охин И.Нандин-Эрдэнийг эх Ц.*******ийн асрамжид үлдээх, охиндоо тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй, охин төрсөн цагаасаа эхийн асрамжид байгаа, хүүхдийн асрамж өөрчлөх нөхцөл шаардлага тогтоогдоогүй тул охин И.Нандин-Эрдэнийг эх Ц.*******ийн асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ, 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заасан тул охин И.*******д эцэг Д.*******гээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2018 оны 10 дугаар сарын ***-ний өдөр төрсөн охин И.Нандин-Эрдэнийг эх Ц.*******ийн асрамжид үлдээж, 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Д.*******гээр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэрэгжүүлж байхыг эх Ц.*******, эцэг Д.******* нарт даалгасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 104 616 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 961 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 105 577 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлөгдвөл зохих хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд улсын тэмдэгтийн хураамж тооцож 35 377 төгрөг гаргуулж, төрийн сангийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
Энэхүү шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА