Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2022/0021/З |
Дугаар | 118/ШШ2022/0019 |
Огноо | 2022-08-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 118/ШШ2022/0019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.*******
Хариуцагч: *******,******* газрын дарга
Гуравдагч этгээд Ч.*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******
Хариуцагч *******,******* газрын даргад холбогдох төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.*******, хариуцагч Завхан аймгийн ************** газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь Завхан аймгийн *******,******* газрын даргын 2022 оны 04 сарын 04-ны өдрийн Б/12 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, *******,******* газрын дэд даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 2.374.140 төгрөгийн олговрыг гаргуулан олгож, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх” нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1993 оноос эхлэн Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын Тамгын газарт агрономч, багийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, Аймгийн Мэргэжлийн хяналтын газарт ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч, аймгийн *******,******* газрын дэд дарга зэрэг төрийн албан тушаалд нийт 26 жил 9 сар ажилласан. *******ийн******* газрын дэд даргаар 2020 оны 09 сарын 06-ны өдрөөс томилогдон ажиллаж байтал 2021 оны 07 сарын 28-ны өдөр Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр миний нөхөр Б.******* нь байнгын асаргаанд орсон. Улаанбаатар хотод нөхрөө эмчлүүлэхээр болсон тул би 2021 оны ээлжийн амралтын дутуу хоногийг эдлэх хүсэлтийг гаргаж 11 сарын 15-ны өдрөөс 12 сарын 06-ны өдрийг хүртэл Монг-Эм эмнэлэгт сахин эмчлүүлсэн. Амралтын хугацаа дуусаж 10 хоног ажиллаад нөхрийнхөө 2 дахь курс эмчилгээг хийлгэх болсон тул өргөдөл гаргаж газрын даргаас 2021 оны 12 сарын 20-ны өдрөөс 2022 оны 01 сарын 04-ний өдрийг хүртэл чөлөө авсан. Дахин ажилдаа ороод 10 хоног ажиллаж байх явцад нөхрийн маань 3 дахь эмчилгээг хийлгэх болсон тул өргөдөл гарган чөлөө авч, 2022 оны 01 сарын 19-ний өдрөөс эхлэн хэвтүүлэн асарч сахисан. Ийнхүү сахих хугацаанд нөхрийн хамт Ковидын халдвараар хоёулаа өвдөж, ХӨСҮТ-д шилжин 12 хоног хэвтэн эмчлүүлсэн. Энэ үеэс эхлэн нөхрийн биеийн байдал улам дордож, 3-р эмнэлэгт шилжин мэс засал хийлгэсний дараа бүрэн хэвтэрт орсон тул байнгын асаргаа сувилгаа шаардах болж энэ тухайгаа газрын даргад утсаар хэлэхэд "Чөлөөтэй л яваад байгаа шүү дээ, наад асуудалдаа л анхаарлаа хандуул" гэсэн хариу бүхий мессеж ирсэн. 03 сарын 11-ний өдөр даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдэлд өндөр насны тэтгэвэрт гарах үед олгодог мөнгөн тэтгэмжээ авах хүсэлтийг 3 сарын 17-ны дотор ирүүл гээд ар гэрийн нөхцөл байдлыг чинь харгалзан чөлөө зөвшөөрөл олгож байгаа нь хууль, дүрэм, журамд нийцэхгүй байгааг дурдсан байсан. Иймд би 03 дугаар сарын 22-ны өдөр газрын даргад бодит байдлыг бичиж өргөдөл хүргүүлсэн. Өргөдлийн дагуу 3 сарын 01-ээс 31-ийг дуустал цалинтай чөлөө олгохоор шийдвэрлэсэн тушаалыг хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн ирүүлсэн. Тушаалын хамт дахин ирүүлсэн мэдэгдэх хуудсанд тэтгэвэрт гаргах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн тухай мэдэгдсэн. Иймд би арга буюу 3 сарын 30-ны өдөр 2022 онд эдлэх ээлжийн амралтаа урьдчилан эдлэх хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн боловч 04 сарын 04-ний өдөр төрийн албанаас чөлөөлсөн тухай тушаалыг хамт олонд танилцуулан ажлыг мэргэжилтэн Ч.*******ид хүлээлгэн өгсөн мэдээг хүлээн аваад биеийн байдал хүнд байсан нөхөртөө хэлээд төдий удалгүй нөхөр маань амьсгал хураасан. Эцсийн мөчид нөхөртөө муу мэдээг дуулгаж сэтгэлийн зовуурьт байдалтайгаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд туйлын гомдолтой байгаа. Өндөр насны тэтгэвэрт гаргах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөхөөр шийдвэрлээд байгаа тухай албан мэдэгдэл, албан бус мэдээллүүд удаа дараа ирүүлсэн. Энэхүү шахалт, шаардлага нь хүнд өвчтэй хүн асарч байгаа надад ч, өвчтэй хүнд ч сэтгэл санааны асар их дарамт болж байсан. Төрийн албан хаагчийн ёс зүй, хүн ёсны зан үйлд үл нийцсэн шаардлага нь байгууллагын удирдлагын зүгээс ажилтанд үзүүлсэн хүчирхийллийн нэг хэлбэр гэж үзэж байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлсөн Б/12 дугаар тушаалыг эс зөвшөөрч төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан. Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 04 сарын 29-ний өдрийн 01/902 дугаар албан бичгээр ирүүлсэн гомдлын хариуд "Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага болох мэргэжлийн шаардлагыг хангахгүй байгаа" гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагуудыг бүрэн хангаж байсан. Мөн төрийн албан хаагчийн тусгай шалгалтыг зарлуулах хүсэлтээ ************** ерөнхий газар луу удаа дараа явуулж байсан ч тусгай шалгалт одоог хүртэл зарлагдаагүй... Тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.*******ийг Төрийн жинхэнэ албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, нөөцөд бүртгэлгүй иргэнийг төрийн жинхэнэ албанд томилсон үндэслэлээр *******,******* Ерөнхий газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/117 дугаартай Б.*******ийг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарсан. Б.******* нь 2022 оны 1 дүгээр сарын 05-ны дотор ажил хүлээлцэх байтал ажлаа хүлээлгэн өгөөгүй үргэлжлүүлэн ажлаа хийж байсан. Улмаар *******,******* Ерөнхий газрын даргын 2022 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн Б/03 дугаартай Б.*******ийг ажилд түр томилох тухай тушаалаар түр томилон ажиллуулж байгаа нь хууль бус бөгөөд гаргасан эрх зүйн актыг хүчингүй болгох нэг үндэслэл гэж үзэж байна. ХХҮГ-ын даргын 2022 оны 04 сарын 04-ний өдрийн Б/12 дугаартай тушаалыг би дараах үндэслэлээр хууль бус гэж үзэж байна: 1. Төрийн албаны тухай хууль (2017)-ийн 41 дүгээр зүйлийн 41.2-т төрийн албан хаагчийн төрийн албан хаах насны дээд хязгаарыг 65 байна гэж тодорхойлсон. Миний бие 1967 оны 3 сарын 1-ний өдөр төрсөн одоо 55 настай. 2. Төрийн албаны тухай хууль (2017)-ийн 46 дугаар зүйлийн 46.2.3-т төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн байх явдлыг төрийн албанаас чөлөөлөх нэг үндэслэл болгон заасан. Гэтэл тушаалд төрийн албанаас чөлөөлөх болсон үндэслэлийг заахдаа насны дээд хязгаарт хүрсэн асуудалтай холбоотой 46 дугаар зүйлийн 46.3 дах заалтыг өөрөө хүсэлт гаргаагүй нь төрийн албанаас чөлөөлөхөд саад болохгүй гэсэн утгатай хэсгийг үндэслэсэн. Энэ нь мөн л 65 нас хүрсэн хүнд холбоотой заалт учраас 55 настай надад хуулийн заалтыг буруу хэрэглэж, хууль зөрчсөн. 3. Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т ....55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно" гэж заасан. Гэтэл миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг өөрийн ажилладаг байгууллагадаа болон нийгмийн даатгалын байгууллагад гаргаагүй байхад байгууллагын дарга миний өмнөөс энэ эрхийг эдлэх гэж байгаа нь төрийн албаны болон даатгалын хуулийг зөрчиж байна. 4. *******ийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Ажилтан ажил үүргээ гүйцэтгээгүй дараах тохиолдолд ажлын байрыг нь хэвээр хадгална /60.1.1 Ээлжийн амралттай байх/ гэж заасан. Гэтэл ...4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ажлын 13 хоногоор ээлжийн амралт олгосон тухай мэдэгдэх хуудсаар ирүүлсэн боловч ээлжийн амралтын хугацаанд ажлаас чөлөөлсөн нь *******ийн тухайг хуулийг илт зөрчиж байна. 5. *******ийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т "Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана", 83.4-т "Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн нэг хувийг хүлээлгэн өгнө гэж тус тус заасан. Гэтэл *******,******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс ажлаас чөлөөлсөн тухай тушаалыг ирүүлсэн тухайн өдөртөө ажлыг томилсон хүндээ шууд хүлээлгэн өгч, миний хариуцсан эд хөрөнгө, албаны болон хувийн мэдээллийг надад одоог хүртэл хүлээлцэж акт үйлдээгүй нь миний хөдөлмөрийн харилцаагүй дуусаагүй гэж үзэх үндэслэл болно гэжээ.
3. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.*******гийн ажлаас үндэслэлгүй халагдсан тухай шүүхийн нэхэмжлэлд хариу тайлбарыг үүгээр хүргүүлж байна. Миний бие 2021 оны 09 дүгээр сард аймгийн *******,******* газрын даргаар томилогдсон бөгөөд дэд дарга Ч.******* нь ээлжийн амралтаа авч үргэлжлүүлэн байгууллагын дотоод журмын дагуу удаа дараа ар гэрийн гачигдлаар чөлөө авсан бөгөөд үүссэн нөхцөл байдалд байгууллагын зүгээс анхаарч хуульд нийцүүлэн газрын даргын тушаалаар хүртэл чөлөөг нь сунгаж 6 сар гаруй хугацаанд төрийн байгууллагын зүгээс төрийн албан хаагчийн нийгмийн асуудалд нь анхаарч цалинг нь хүртэл бүрэн олгож ирсэн. Уг албан тушаалтан нь чөлөөтэй, эзэнгүй, өрөө тасалгаа нь цоожтой 6 сар гаруй болсон бөгөөд энэ хугацаанд албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй ирсэн. Энэ асуудал нь цаашид байгууллагын хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх олон муу үр дагавар дагуулж байсан тул Ч.*******гийн 2021 онд гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 03 дугаар сард "Төрийн жинхэнэ албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын буцалтгүй тусламж" байгууллагын санхүүжилт дээр орж ирсэн тул байгууллагын зүгээс тэтгэвэрт гарах эсэх асуудлаа хэрхэн шийдвэрлэх талаар мэдэгдэх хуудас өгсөн боловч өөрөө ямар нэгэн хариу ирүүлээгүй юм. Иймд дахин 2022 оны 04 дүгээр сарын 01-ээс өндөр насны тэтгэвэрт гаргах тухай мэдэгдэх хуудас өгөхөд 2022 оны ээлжийн амралтаа авна гэсэн ямар ч шийдвэрлэх боломжгүй өргөдөл ирүүлсэн тул Төрийн албаны тухай хуулийн 46.3 дахь заалт, 60.1 дэх заалтын дагуу шийдвэр гарган төрийн албанаас чөлөөлөхөөс өөр аргагүй байдалд хүрсэн болно. Цаашид Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас төрийн байгууллагын бүтцэд өөрчлөлт оруулж дэд дарга, орлогчийн орон тоог хасах тухай шийдвэр Төрийн хэмнэлтийн хуулийн дагуу гарч уг албан тушаалд түр томилсон иргэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Миний бие Ч.*******г хохироогоогүй бөгөөд хууль зүйн хувьд зөв шийдвэр гаргасан гэж үзэж байна. Ч.*******г Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилоогүй бөгөөд тусгай шалгалт өгөөгүй томилсон нь холбогдох материалаас харагдаж байна гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... төрийн албанд тэтгэвэр тогтоолгох талаар танай байгууллагад ямар үйл явдал өрнөж байсныг би мэдэхгүй боловч тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр гаргасан хариуцагчийн тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учир нь 2022 онд тэтгэвэртээ гарна, миний тэтгэвэр тогтоолгох нас хүрч байгаа гэдэг утгаар төсөвтөө нэг удаагийн тусламжаа суулгасан байна. Мөн үргэлжлүүлэн ажиллах хүсэлтээ өгөөгүй байна. Тийм учраас таныг Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т зааснаар чөлөөлсөн байна. Энэ заалтад заавал өргөдлөө өгөхийг төрийн жинхэнэ албан хаагчаас шаардахгүй байгаа. Учир нь төрийн жинхэнэ албан хаагч нь төрийн үйлчилгээний албан хаагч буюу хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг албан хаагч нараас өөр учраас зохицуулалт нь өөр байгаа. Үүн дээр ажил олгогч цаашид ажиллах боломж, эрүүл мэндийн байдал, хувийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 65 нас хүртэл нь ажиллуулах эсэхээ шийддэг. Мөн хүсэлтээ өгөөгүй нь чөлөөлөхөд саад болохгүй, тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц гэдэг үг, зохицуулалт хуульд байгаа. Энэ зохицуулалтаар бол 55 нас байгаа. Таны ажиллаж байсан албан тушаал төрийн захиргааны албан тушаал учраас энэ заалт хамаарч байгаа. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд 55 нас хүрсэн, ажилласан жил хүрч байгаа хүнийг чөлөөлж байгаа. Чөлөөлсний улмаас танд тэтгэмж авах эрх үүсч байгаа. Би өөрөө хүсэлтээ өгөх байсан гэж байна. Даатгуулагч хүсвэл тэтгэвэртээ гарна гэдэг нь даатгуулагч гэдэг бол өөр өөр төрөл байдаг учраас бид Төрийн албаны тухай хуулийн гол зохицуулалтаа барих ёстой. Хэрэв нэхэмжлэгчийг ажилд эргүүлэн томилбол мөнгөн тусламжаа буцааж төлөх асуудал гарна. Мөн орон тооны цомхотголоор чөлөөлөгдвөл тэтгэмж авах боломжгүй байх нөхцөл байдал үүсэхээр байгаа. Тийм учраас Завхан аймгийн ************** газрын даргын 2022 оны Б/12 дугаартай тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.
5. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Газрын дарга Б.******* Ч.*******гийн нөхөр өвчтэй байгааг ойлгож байгаа хэдий ч олон сараар ажилдаа ирэхгүй яваад байхаар ажил цалгардаад хэцүү юм байна. Цаашид бусад төрийн албан хаагч нар чөлөө аваад хугацаандаа ирэхгүй шалтаг тоочоод ажил таслах асуудал их гараад сөрөг хандлагууд даамжраад байна. Иймээс Ч.******* өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон, 2022 оны 4 дүгээр сараас тэтгэвэртэй гарна, та оронд нь орж ажиллаач гэсэн учир ******* халамж үйлчилгээний газрын дэд даргаар томилох саналыг хүлээн авч томилогдон ажилласан. ... Төрийн хэмнэлтийн тухай хууль гарсны дагуу ******* нийгмийн хамгааллын яамны сайд болон *******, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргаас ирсэн чиглэлийн дагуу *******, халамж үйлчилгээний газрын даргын ажлаас чөлөөлөх мэдэгдэл авч ажилласан хугацааны амралтаа эдлээд орон тоогүй болж ажлаасаа чөлөөлөгдөж байна. Өмнө миний ажиллаж байсан Хөгжлийн бэрхшээлтэй иргэний асуудал хариуцсан мэргэжилтний сул орон тооны сонгон шалгаруулалтыг зарлан тухайн албан тушаалын тусгай шаардлагыг хангасан албан хаагч томилогдон ажиллаж байгаа тул би цаашид орон тооны цомхотголоор ажилгүй болж байгаа нь хохиролтой бас харамсалтай байна. Гэхдээ би төрийн алба болон хуулиа хүндэтгэж байна. Дэд даргын ажлыг *******, халамж үйлчилгээний газрын даргын тушаалаар ажил хүлээлцэх комиссын дарга н.******* болон бусад албан хаагчид томилогдон Ч.******* даргатай утсаар ярих гэсэн боловч утсаа аваагүй учир н.Б*******оор бичлэг хийлгэж ажлыг хүлээлцсэн. н.Б******* компьютерын кодыг тайлж хүлээлгэн өгөх гэсэн боловч кодын тайлуулахгүй өөрөө ирж хувийн мэдээлээ авч хүлээлгэн өгөх байх гээд үлдээгээд компьютер болон хувийн зүйлд гар хүрээгүй, хөдөлгөөгүй байгаа болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.******* нь “Завхан аймгийн *******,******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.*******ийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгож, аймгийн *******,******* газрын дэд даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 2.374.140 төгрөгийн олговрыг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1 Нэхэмжлэгчээс маргаан бүхий Б/12 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 46.2.3, 46.3-т заасан төрийн алба хаах насны дээд хязгаар 65 байна, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн бол төрийн албанаас чөлөөлөх, тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргах, түүнийг шийдвэрлэх, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох, *******ийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1 ажилтан ээлжийн амралттай үед ажлын байрыг хэвээр хадгална, 83 дугаар зүйлийн 83.3-т ... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана гэсэн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж, хариуцагчаас Ч.*******гийн 2021 оны онд гаргасан хүсэлтийн дагуу 2022 оны 3 сард төрийн жинхэнэ албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог 36 сарын буцалтгүй тусламж байгууллагын санхүүжилт дээр орж ирсэн тул төрийн албанаас чөлөөлсөн гэж маргаж байна.
2.2 Хариуцагч Завхан аймгийн *******,******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/12 дугаар маргаан бүхий тушаал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, *******,******* газрын дүрмийн 3.6 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3, Засгийн газрын 2019 оны 07 дугаар тогтоолоор баталсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журмыг тус тус үндэслэсэн байна.
2.3 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 33 дугаар зүйлийн 33.5-д “..., Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албаны дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, ..., тамга, тэмдэг, ... хэрэглэнэ”, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3-т “... төрийн жинхэнэ албан хаагч нь тэтгэвэр тогтоолгох насанд хүрмэгц төрийн албанаас чөлөөлөгдөх, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаар хүртэлх хугацаанд ажиллах хүсэлтээ гаргана. Уг хүсэлтийг ... эрх бүхий албан тушаалтан хүлээн авч төрийн албанаас чөлөөлөх, эсхүл ... үргэлжлүүлэн ажиллуулах шийдвэр гаргана ...” гэж заасан нь төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах заалт ба нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагч биш байх тул дээрх зохицуулалтыг хэрэглэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь буруу боловч энэ үндэслэлээр Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
2.4 Нэхэмжлэгч Ч.******* нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн *******,******* газарт гаргасан хүсэлтдээ: “... Ч.******* миний бие 1967 оны 3 дугаар сарын 1-ний өдөр төрсөн 54 настай улсад 28 жил ажилласан. ... Иймд тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн тул 2022 оны төсөвт төрийн албан хаагчдад олгох тэтгэмжийг суулгаж өгөхийг хүсье” гэсэн хүсэлтийг ямар нэгэн шахалт дарамтад ороогүй, өөрийн хүсэл зоригоор гаргасан гэж тайлбарлаж байх ба Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “... 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж зааснаар *******, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын баталсан 2022 оны төсвийн хуваарийн 3 дугаар сард 28.165.0 сая төгрөг төсөвлөгдсөн тул хариуцагчаас нэхэмжлэгчийг чөлөөлж, тэтгэмж олгосныг буруутгах боломжгүй байна.
2.5 Нэхэмжлэгчийн түр томилогдсон ажилласан Завхан аймгийн *******,******* газрын дэд даргын албан тушаал нь батлагдсан ажлын байрны тодорхойлолт, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 275 дугаар тогтоолоор төрийн захиргааны албан тушаалын дэс түшмэлийн ангилал, ТЗ-8 зэрэглэлийн удирдах албан тушаалд хамаарч байна.
2.6 Нэхэмжлэгч Ч.******* нь Завхан аймгийн *******,******* газрын даргын 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар тус газрын дэд даргаар түр томилогдон ажилласан ба томилогдох үедээ төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтад ороогүй, төрийн албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдээгүй[1] байсан болох нь тогтоогдож байх ба Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 106 дугаар тогтоолоор төрийн албаны ерөнхий шалгалт өгч төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн[2] байна.
2.7 Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлээр төрийн захиргааны албан тушаалд томилох үндсэн шалгуурыг хуульчилсан ба 26.1-д “Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг ... хамгийн сайн хангасан хүнийг томилно”, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 "чадахуйн зарчим гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ..., асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг”, 26.2-т “Энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг болон 23 дугаар зүйлд заасан тусгай шаардлагыг хангасан тохиолдолд мөн хуулийн 26.1-д заасан шалгуурыг хангасанд тооцно” гэжээ.
2.8 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс” томилох зохицуулалттай байна.
2.9 Нэхэмжлэгч Ч.******* нь Завхан аймгийн *******,******* газрын дэд даргын албан тушаалд төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдээгүй байхдаа томилогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй, 61 дүгээр зүйлийн 61.1.10 “хууль тогтоомжоор тогтоосон бусад баталгаа”-г эдлэхгүй ба *******ийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2 “ээлжийн амралттай байгаа үед ажил албан тушаалыг хэвээр хадгалах зохицуулалт” түүнд хамаарахгүй юм.
2.10 Түүнчлэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн /2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс үйлчилж эхэлсэн/ 3 дугаар зүйлийн 3.1 “Энэ хуулийн үйлчлэлд дараах ..., албан тушаалтан, ... хамаарна”, 3.1.2 “төсвийн байгууллага, түүний албан тушаалтан”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Хуульд тусгайлан заагаагүй бол төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг, Засгийн газрын ажлын алба, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, эмнэлэг, төрийн өмчийн оролцоотой нээлттэй хувьцаат компаниас бусад этгээд ... дэд, ... даргатай байхыг хориглоно” гэж зааснаар маргаан бүхий Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн *******,******* газрын дэд даргын албан тушаалд эгүүлэн томилогдох эрх сэргэхгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.*******гийн “Завхан аймгийн *******,******* газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.*******ийн 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн Б/12 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, аймгийн *******,******* газрын дэд даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 2.374.140 төгрөгийн олговрыг гаргуулах, энэ хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.*******гээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР