Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 143

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга А.Батдорж,

Иргэдийн төлөөлөгч Д.Оюун,

Шүүгдэгч Б.Ариунсанаа, түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар Б.Ариунсанаад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000168 тоот эрүүгийн хэргийг 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1997 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхлэсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн 19 дүгээр байрны 35 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан, хэрэг хариуцах чадвартай, НЫ97062701 регистрийн дугаартай, Урианхай овогт Баярмагнайн Ариунсанаа.

Үйлдсэн хэргийн талаар:

Урьд нь хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд болох шүүгдэгч Б.Ариунсанаа нь ялтай байхдаа, иргэн Г.Нэргүйн виза картнаас бэлэн мөнгийг гаргуулан авах зорилгоор 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Тайхар дэлгүүрийн дэргэд бага насны хүүхэд болох 9 нас 4 сартай Т.Насанбуянг хуурч мэхлэн, түүнд цагдаагийн албан хаагч байна, картанд чинь мөнгө хийлгүүлж авчихаад өгье гэж итгүүлэн, түүний итгэлийг эвдэх аргаар дагуулан явж Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Баянхонгор” их дэлгүүрт үйл ажиллагаа явуулах ХААН банкны бэлэн мөнгөний машинд виза картыг уншуулж 555.000 төгрөг, бага насны хүүхэд болох Т.Насанбуянгийн гарт нь байсан 10.000 төгрөг, нийт 565.000 төгрөгийг залилан мэхлэж авч хохирогч Г.Нэргүйд бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                      

/яллах дүгнэлтэд бичигдэснээр/

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Б.Ариунсанаа нь 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн үед Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 9 нас 4 сартай Т.Насанбуянг хуурч мэхлэн, түүний итгэлийг эвдэх аргаар ХААН банкны бэлэн мөнгөний машинд иргэн Г.Нэргүйн виза картыг уншуулж 555.000 төгрөг, бага насны хүүхэд болох Т.Насанбуянгийн гарт нь байсан 10.000 төгрөг, нийт 565.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан ...

Хохирогч Г.Нэргүйн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2016 оны 05 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед өөрийнхөө 11 настай Насанбуян гэдэг хүүхэддээ өөрийнхөө виза картыг өгөөд аавынхаа ажил дээр очоод ааваараа мөнгө авхуулчихаад аваад ир гэж хэлээд виза картныхаа кодыг хэлж өгөөд явуулсан. Тэгсэн манай хүү Цэлмэг өглөө барилгын дэлгүүр дээр очиж ааваараа картнаас 10.000 төгрөг авхуулчихаад буцаад явсан байсан. Тэр үед манай нөхөр надруу утсаар яриад би хүүдээ картнаас чинь 10.000 төгрөг авч өгчихөөд картыг чинь буцааж өгөөд явууллаа шүү гэж утсаар ярьсан. Тэгээд манай хүү алга болчихсон. Би хүүхдээ гадуур хайгаад явж байтал орой 22 цагийн үед миний данснаас 200.000 төгрөгөөр 2 удаа, 100.000 төгрөгөөр 1 удаа, 50.000 төгрөгөөр 2 удаа, 5.000 төгрөгөөр 1 удаа гэсэн гүйлгээ хийгдэж миний данснаас нийт 614.347 төгрөг гарсан. Тэгээд би нөхөртөө хэлээд миний данснаас мөнгө гараад эхэллээ чи авсан уу гэсэн чинь үгүй би хотруу явж байна. Чи яахаараа хүүхдэд карт өгч явуулсан юм гэхээр нь би гадуур хүүхдээ хайж явсаар олдохгүй болохоор нь гэртээ ирсэн чинь манай хүү Насанбуян гэртээ ирчихсэн байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад нэг танихгүй эгч Хаан банкин дээр таараад би цагдаа байна, ийм жоохон хүүхэд мөнгөтэй явж болохгүй гээд миний гарт байсан 10.000 төгрөгийг виза карттай авсан, тэгээд ээжийнхээ утсыг өг энэ мөнгийг чинь буцаагаад картанд чинь хийнэ гэж хэлээд дагуулж явсан байна лээ. Тэгээд Баянхонгор их дэлгүүрийн АТМ-ээс миний картыг хийж манай хүүхдээр кодыг нь хэлүүлж байгаад дансанд байсан 615.000 төгрөгийг бүгдийг нь авчихсан гэж хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдчихээд маргааш нь Баянхонгор их дэлгүүрийн АТМ-ын камерыг гуйж байгаад шүүлгэсэн чинь цоохор нүүртэй 18 орчим насны охин байхаар нь цагдаад хэлсэн чинь Ариунсанаа гэдэг хүн байна гэж хэлсэн. Тэгээд би Ариунсанаатай уулзаад АТМ-ээс авсан мөнгөө яасан гэж асуухад нэг залуутай хамт хотруу яваад үрчихсэн гэж хэлж байсан. Тэгэхээр нь би хамт явсан гэх Гантогтох гэдэг залуутай нь уулзаад асуусан чинь Ариунсанаатай хамт хотруу явсан, гэхдээ Ариунсанаа мөнгөтэй явсан ямар учиртай мөнгө байсныг нь мэдээгүй, би тал мөнгийг нь төлж барагдуулая гээд надад 300.000 төгрөг бэлэн өгсөн. ....Би баримтыг үзлээ, би андуурсан байна энэ баримтан дээр 565.000 төгрөг гарсан баримтыг үзлээ, би 45.000 төгрөг үлдсэн байсныг нэмээд бодоод байсан байна. 565.000 төгрөгийг авч ашигласан гэдгийг ойлголоо....Миний 88218001 гэсэн дугаарт төрийн банк гэсэн мессеж ирсэн юм, би Юнителийн данснаас мэдээлэл ирэх үйлчилгээг ашигладаг юм. Тэгээд миний 232200062987 дугаартай данснаас зарлага гарах, орологын гүйлгээ хийгдэх үед миний гар утсанд мэдээлэл ирдэг юм. Ариунсанаагийн ээж нь надад 265.000 төгрөгийг төлсөн, өмнө нь надад 300.000 төгрөг төлсөн. Нийт 565.000 төгрөг төлсөн, надад ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний виза картыг тэр үед нь Ариунсанаа манай хүүхдэд өгөөд явуулсан байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11, 32-36/

Насанд хүрээгүй гэрч Т.Насанбуянгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

... манай ээж өөрийнхөө төрийн банкны виза картыг надад өгөөд аавынхаа ажил дээр очоод хажуу талд нь байдаг бэлэн мөнгөний машинаас ааваараа энэ данснаас 10.000 төгрөг авхуулаад мөнгө, виза карт хоёроо аваад эргээд ир гэж намайг явуулсан юм. Тэгээд би аавын ажил болох Цэлмэг өглөө барилгын материалын дэлгүүр дээр очоод хажуу талд нь байдаг бэлэн мөнгөний машинаас ээжийн данснаас ааваар 10.000 төгрөг авахуулаад мөнгө, виза карт хоёроо аваад аавын ажлын газрын хажуугаас таксинд суух гэсэн чинь такси олдохгүй байхаар нь төврүү орж таксинд сууя гээд явган алхаад Тайхар дэлгүүрийн урд талд явж байсан чинь нэг эгч тааралдаад Мазаалай парк хаана байдаг юм бэ гэхээр нь ингээд чигээрэ яваад зүүн тийшээ эргээд байгаа гэсэн чинь тэр эгч намайг ХААН банкны хажуу талд дагуулж аваачаад эгч нь цагдаа байна, ээжрүү чинь залгана гээд дугаарыг нь надаас асуугаад утсандаа хийж байгаа юм шиг болж байснаа хүүхэд чинь цагдаа дээр байна хүрээд ир гээд яриад байсан. Тэгснээ намайг дагуулаад Баянхонгор их дэлгүүр дээр ирээд би одоо ээжийн чинь данснаас мөнгө аваад буцаагаад хийчихнэ гэсэн. Тэгээд виза картыг надаас аваад нууц код нь хэд вэ гэхээр нь 3359 гэж хэлсэн чинь картыг аваад Баянхонгор их дэлгүүр дотор байдаг бэлэн мөнгөний машинаас нэлээд хэдэн удаа мөнгө аваад байсан. Тэгснээ картыг надад буцааж өгөөд надад байсан 10.000 төгрөгийг бас аваад явчихсан. Тэгээд намайг таксинд суугаарай гэчихээд яваад өгсөн. Тэгээд би гэртээ очиж ээждээ болсон асуудлын талаар хэлсэн юм. Тэр эгч өөрийнхөө нэрийг хэлээгүй би мөрдөгч Гэрлээ байна л гээд байсан. ... Тэр эгч мөнгө авчихаад виза картыг надад буцааж өгчихөөд яваад өгсөн. Тэр асуудал нь 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр болсон. Би тэр өдөр аавын ажил дээрээс 17 цагийн үед гарч явсан, тэгээд яваад Тайхар дэлгүүрийн хажууд тэр эгчтэй тааралдахад 18 цаг л жаахан өнгөрч байсан болов уу гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 25-26/

-эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-30/

-эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 31/

-Б.Ариунсанаагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 79/

-Баянхонгор сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/

-баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 96-100/

-сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 101-115/

-Б.Ариунсанаагийн хяналтын хувийн хэрэгийн хуулбар /хх-ийн 116-149/

Сэжигтэн Б.Ариунсанаагийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Би 2016 оны 05 дугаар сарын 22-ны орой гадуур явж байтал манай найз Бамбуух гэж дууддаг Сумьяабазар 20 цагийн үед надруу утсаар залгаад би Баянхайран караокед 25.000 төгрөгний архины өрөнд орчихлоо, чи мөнгө олж ирээд намайг аваадахаач гэсэн. Тэгэхээр нь хаанаас мөнгө олно гэж бодоод Тайхар дэлгүүрийн тэнд таньдаг хүн хараад зогсож байсан чинь гартаа 10.000 төгрөг, виза карт барьчихсан 9, 10 насны орчим эрэгтэй хүүхэд явж байхаар нь дуудаад дагуулж зам өгсөж алхсан. Тэгээд Мазаалай паркын орчмоос зам хөндлөн гараад Баянхонгор их дэлгүүр дээр нөгөө хүүхдээ дагуулж ирсэн. Тэгээд нөгөө хүүхдэд би цагдаа байна цагдаа байна чи ийм их мөнгөтэй явж болохгүй. Наад мөнгөө өгөөдөх би наад карт руу чинь хийж өгнө гэж хэлээд мөнгө, картыг нь аваад нууц кодоо хэлчих энэ мөнгийг чинь хийгээд би чиний карт руу бас мөнгө хийгээд аваадахья гэж хэлсэн. Тэгсэн нөгөө хүүхэд картныхаа дугаарыг 3359 гэсэн дугаар хэлэхээр нь Баянхонгор их дэлгүүрийн АТМ рүү картаа хийгээд мөнгөтэй юм болов уу гэж бодоод эхлээд 5.000 төгрөг авахаар кодыг хийсэн чинь 5.000 төгрөг гарч ирсэн, тэгэхээр нь 10.000 төгрөг авахаар кодыг нь хийсэн чинь бас 10.000 төгрөг гарч ирсэн, дахиад 35.000 төгрөгөөр хийсэн чинь бас гарч ирсэн, дахиад 100.000 төгрөгөөр хийсэн чинь гарч ирсэн, дахиад 200.000 төгрөгөөр хоёр удаа хийсэн чинь гарч ирсэн, дахиад 200.000 төгрөгөөр хийсэн чинь мөнгө гарч ирээгүй. Тэгэхээр нь 5.000 төгрөгөөр дахин хийсэн чинь гарч ирсэн. Тэгэхээр нь дахиад 200.000 төгрөгөөр хийсэн чинь дансанд үлдэгдэлгүй байна гэсэн, тэгэхээр нь бүх мөнгийг нь аваад нөгөө хүүхдээ дагуулаад гарсан. Тэгээд Баянбулаг рестораны хажуугаас такси зогсоогоод нөгөө хүүхэддээ виза картыг нь буцааж өгөөд гэрлүүгээ яваарай чамд өөр мөнгө байгаа юу гэсэн чинь 200 төгрөг байна гэхээр нь би 1.000 төгрөг өгөөд таксинд суулгаад явуулсан. Тэгээд би авсан мөнгөө тоолсон чинь 565.000 төгрөг авсан байсан. ...хотод очсон өдрийнхөө орой нь автобусанд суугаад Баянхонгор аймагт ирсэн юм. Тэгээд хамт явсан Ганаад 300.000 төгрөгийг өгсөн байсан ба тэр мөнгийг нь хохирогчид нь буцаагаад өгсөн гэсэн. 105.000 төгрөгийг нь бол Сумъябазарт зээлүүлсэн, 160.000 төгрөгийг нь үрсэн байсан. ...тэгээд бид хоёр Драгон дээр очоод автобусанд суугаад буцаж аймагт ирсэн. Тэр үед надад 300.000 гаран төгрөг үлдсэн байсныг Ганаад өгч явуулчихаад Мартаагийнд очсон гэх мэдүүлэг. /хх-ийн 19-20, 62-67, 70-76/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Шүүгдэгч Б.Ариунсанаа нь 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 18 цагийн үед Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 9 нас 4 сартай Т.Насанбуянг хуурч мэхлэн, итгэлийг эвдэх аргаар иргэн Г.Нэргүйн виза картыг ХААН банкны бэлэн мөнгөний машинд уншуулж 555.000 төгрөг, бага насны хүүхэд болох Т.Насанбуянд байсан 10.000 төгрөг, нийт 565.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Ариунсанааг бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар олж авсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг урьд нь хулгайлах хэрэгт шийтгүүлсний дараа үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Ариунсанаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ариунсанаад ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэрэг ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалыг харгалзан ял шийтгэл оногдуулав.

Шүүгдэгч Б.Ариунсанаа нь хохирогч Г.Нэргүйд учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний дөрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялын заримыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулах ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Б.Ариунсанаагаас 10.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхээр шийдвэрлэв.

Хэргийн учир шүүгдэгч Б.Ариунсанаагийн цагдан хоригдсон 121 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СиДи 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохиролыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.Ариунсанаагийн дундын өмчлөлийн 5 ханатай давхар бүрээстэй гэрийг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Урианхай овогт Баярмагнайн Ариунсанааг урьд нь хулгайлах гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунсанаагаас 10.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэхь хэсэгт зааснаар Б.Ариунсанаад энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан таван жил нэг хоногийн хугацаагаар хорих ял дээр Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 сарын 11-ний өдрийн 166 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох нэг сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн бичлэн эдлэх ялыг таван жил нэг сар нэг хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар ялтан Б.Ариунсанаагийн эдлэх таван жил нэг сар нэг хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Б.Ариунсанаагийн цагдан хоригдсон 121 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сидиг хэрэгт уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунсанаагийн дундын өмчлөлийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 06 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8. Шүүгдэгч Б.Ариунсанаа нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ариунсанаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2016 оны 10 сарын 05-ны өдрөөс эхлэн тооцсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ариунсанаад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ

                    ШҮҮГЧИД М.МАНДАХБАЯР

                                     Г.ЭНХ-АМГАЛАН