Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 1621

 

МАГАДЛАЛ

 

2018.07.16                                                     Дугаар 1621                                Улаанбаатар хот

 

 

 

 

Ө З ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01545 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ө З ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ц.Б-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.А,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Цэ.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Э нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр С.Ц зуучлуулан манай компаниас 150 авдар буюу 54 000 ширхэг нэг бүр нь 230 төгрөгийн үнэ бүхий нийт            12 420 000 төгрөгийн тахианы бор өндөг худалдан аваад төлбөрийг цувуулж төлсөөр        3 800 000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Ц.Б-аас дээрх төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлж барагдуулна гэж худал хэлсээр өнөөдрийг хүрлээ. Иймд Ц.Б-аас өндөгний үнийн үлдэгдэл төлбөр болох 3 800 000 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ө З ХХК-ийг мэдэхгүй, ямар нэгэн гэрээ байгуулаагүй, тус компаниас өөрийн эзэмшилд нэг ширхэг ч өндөг хүлээн аваагүй. Гэтэл 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр өндөг хүлээн авсан хэмээн шүүхэд нэхэмжлэл гарган төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй, ойлгохгүй байна. Өндөгний аж ахуй эрхэлдэг Б ХХК-д ажилладаг байсан нь үнэн бөгөөд 2014 оны 05 дугаар сард тус ажлаасаа гарсан. Харин 2014 оны 03 дугаар сарын үед Н.С нь утсаар холбогдож 18 000 ширхэг өндөг 220 төгрөгөөр заруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч Дархан хотоос 54 000 ширхэг өндөг ачуулсан байдаг. Энэхүү өндөгний төлбөрийг Н.С-ийн Хаан банкин дахь харилцах дансанд шилжүүлж байсан. Өндөг нь тээвэрлэлтэд эмзэг, түргэн мууддаг бүтээгдэхүүн бөгөөд тухайн үед Н.С-тай утсаар ярихад үлдэгдэл тээвэрлэлтэд хагарсан 2700 ширхэг хугацаа дуусч муудсан 4680 ширхэг өндөг /1 700 000 орчим төгрөгийн үнэ бүхий/-ийг буцаах нь тээврийн зардал гарна, наанаа устгаарай гэсний дагуу устгалд оруулж тооцоо дууссан. Ажлын хөлс, тээврийн зардалд нэг ч төгрөг аваагүйд гомдолтой байна. Хаан банкны 5045384341 тоот дансанд 2014 оны 04 дүгээр сарын сарын 08, 2014 оны 04 дүгээр сарын сарын 16, 2014 оны 04 дүгээр сарын 18, 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд өндөгний төлбөр шилжүүлсэн байна. Иймд Ө З ХХК-тай ямар нэгэн гэрээ болон төлбөрийн харилцаа үүсээгүй, падаан баримт үйлдээгүй тул шүүхэд нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа нөхөж бичсэн, цаг хугацааны хувьд зөрүүтэй худал падаан, баримтыг нотлох баримтаас хасаж үнэлэхгүй байхыг хүсье гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б-аас 3 380 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө З ХХК-д олгож, нэхэмжлэлээс 420 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Б-аас 69 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө З ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч нь Ө З ХХК-ийг мэдэхгүй, ямар нэгэн гэрээ байгуулаагүй, тус компаниас өөрийн эзэмшилд нэг ширхэг ч өндөг хүлээн аваагүй болох нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүхэд цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдсон байдаг. Өндөгний төлбөр С.М-ын Хаан банк дахь хугацаагүй хадгаламжийн 5045384341 тоот төгрөгийн дансанд шилжүүлж байсан. Ө З ХХК-иас 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн өндөг хүлээн авсан гэх зарлагын баримт нь худал болох нь тогтоогдож шүүх нотлох баримтаас хассан. Гэтэл шүүх хэргийг тал бүрээс нь цугларсан нотлох баримтын хүрээнд бүрэн, бодитой дүгнээгүй, хэт нэг талыг барьж, хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар болон гэрээ байгуулах тухай байхгүй байсан. Нотлох баримтыг эргэлзээгүй, үнэн зөв талаас нь бус нэг талыг барьж гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. С.М нь тус компанийн нягтлан бодогч гэх баримт байхгүй мөн компанийн нягтлан бодогчийн дансанд төлбөр шилжүүлсэн байсан ч тухайн хуулийн этгээдийн өмнө үүрэг хүлээж, гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь өрөөсгөл юм. Нэхэмжлэгч этгээдийг зөв тодорхойлох нь зохигч этгээд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хамгаалах, шүүх иргэний хэргийг шударгаар үнэн зөв шийдвэрлэх, цаашлаад хууль зүйн өөр үр дагавар үүсгэх чухал ач холбогдолтой. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Ө З ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт              3 800 000 төгрөгийг хариуцагч Ц.Б-аас гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгч байгууллагатай ямар нэгэн гэрээ хийгдээгүй, Н.С-аас өндөг авсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан баримтад талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч байгууллагаас 150 авдар буюу 54 000 ширхэг нэг бүр нь 230 төгрөгийн үнэ бүхий нийт 12 420 000 төгрөгийн тахианы өндөг худалдахаар хариуцагч нь хүлээн авсан талаар маргаагүй боловч хагарсан, хугацаа дуусч муудсан өндгийг Н.С-ийн хүсэлтээр устгалд оруулсан гэж маргажээ.  

Тодруулбал, гэрээний дагуу 12 420 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, нэхэмжлэгч байгууллагын нягтлан бодогч С.М-ын дансруу хариуцагч нь гэрээнд тохиролцсон хугацаанд “өндөгний төлбөр шилжүүлсэн гэх агуулга” бүхий 8 500 000 төгрийг шилжүүлсэн нь тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. 

Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2 дахь хэсэгт зааснаар худалдан авагч эд хөрөнгийг худалдан авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцно. Түүнчлэн хариуцагч нь үлдэгдэл төлбөрт 3 800 000 төгрөг үлдсэн болох нь үнэн, 2015 оны 06-аас 2015 оны 12 дугаар сарын хооронд багтаан төлж барагдуулна гэж өөрийн гарын үсгээ зурж баримтжуулсан үйл баримт тогтоогдож байна.                

/хх 8 дугаар хуудас/

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын эрхийг хязгаарласан хууль бус үйл ажиллагаа явуулаагүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч этгээдийг зөв тодорхойлох ёстой байсан...” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй, хэрэгт авагдсан баримтаар үгүйсгэгдэж байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 69 030 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

    ШҮҮГЧИД                                               Ч.ЦЭНД

                                                           М.НАРАНЦЭЦЭГ