Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/23

 

Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Эрдэнэбат,

Нарийн бичгийн дарга: Б.Төмөрчөдөр, 

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын шүүгдэгч ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай, 146/2024/0021/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* өдөр Архангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ахын хамт, Архангай аймгийн ******* сумын *******,******* гэх газар оршин суух бүртгэлтэй, Өвөрхангай аймаг, ******* сум, багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

Өвөрхангай аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1, 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Өвөрхангай аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус ял шийтгэгдэж байсан.

овогт /РД: /

                                                  Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч ***** нь **** өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг **** тоот хашааны гаднаас *** эзэмшлийн **** улсын дугаартай Toyota Allion загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр хохирогч *** зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

  1.  Гэм буруугийн дүгнэлт:

Шүүгдэгч *** нь *** өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг *** тоот хашааны гаднаас *** эзэмшлийн *** улсын дугаартай тоёото аллион загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр хохирогч *** зөвшөөрөлгүйгээр авч явсан нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

            Шүүгдэгч *** шүүх хуралдаанд өгсөн: би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

            Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би *** өдрийн 16 цагийн орчимд ******* сумын Эрдэнэтолгой багийн нутаг доод 800 нэртэй дэлгүүрийн арын гудамд байх нүүрс зардаг айлаас нүүрч авах гээд очсон. Тэгээд машинаас буугаад нүүрс зардаг айл руугаа алхаж байх үед хажуугаар *** гэх нэртэй айлаас саарал өнгийн дээлтэй согтуу залуу гарсан. Тэгээд би нүүрс зардаг айл руугаа ороод машинаа асаалттай түлхүүрээ зоогоод үлдээснээ санаад буцаад гарч иртэл миний машин байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Удалгүй цагдаа эргэж холбогдоод таны машин *** дэлгүүрийн хажууд аваар хийсэн байна гэсэн. Тэгээд цагдаа дээр ирэхэд өмнө нь харж байгаагүй, танихгүй, согтуу залуу байсан. Миний машин *** улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото аллион маркийн тээврийн хэрэгсэл байсан. ...Тээврийн хэрэгслийг асаалттай орхиод буцаад гараад ирэх хооронд байхгүй байсан. Миний автомашины урд хэсэг бүгд эвдэрсэн. Автомашиныг 2,800,000 төгрөгөөр засуулсан, журмын хашааны мөнгө гэж 150,000 төгрөг төлсөн, автомашины үнэлгээг тогтоолгох гэж Вендо ХХК-д 88,000 төгрөг төлсөн. Нийт хохирол 3,038,000 төгрөг болсон гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 12 тал/

            Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би *** өдөр Орхон багийн захийн булгаас*** улсын дугаартай тоёото королла маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* суманд орж ирээд доод өргөн чөлөө рүү явж байгаад Дэлгэрэх бүрд дэлгүүрийн уулзвар засмал зам дээр явж байхад урдаас **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл ирж байсан. Өөдөөс нэлээн хурдан 2 тал руугаа гуйвуулаад яваад байсан. Тэгээд зөрөх үедээ урсгал сөрж орж ирээд манай машиныг мөргөсөн. Тус машинаас согтуу хүн гарч ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

            Вендо ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №*** дугаартай ...зах зээлийн үнэлгээ 7,053,125 төгрөгөөр үнэлэгдэв... гэх **** улсын дугаартай тоёото аллион маркийн  тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон үнэлгээний тайлан /хх-ийн 17-22 тал/,

            Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 25-29 тал/

            Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 88-90 тал/ зэрэг болно.

  1.  Эрх зүйн дүгнэлтийн хувьд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *** яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.  

3. Хохирлын хувьд:

Хохирогч **** шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүх хуралдаанд суухгүй хохиролоо барагдуулчихвал гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн байна.

Хохирогч **** улсын дугаартай, Toyota Allion маркийн тээврийн хэрэгслийн гэмтлийг засварласан зардалд 2,800,000 төгрөг, журмын хашааны төлбөр 150,000 төгрөг, тээврийн хэрэгслийн үнэлгээ 88,000 төгрөг нийт 3,038,000 төгрөгийг нэхэмжилж баримтыг хэрэгт хавсаргасан байна. /хх-ийн 50-51 тал/

Хохирогчийн нэхэмжилсэн 3,038,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** хохиролд 3,038,000 төгрөг гаргуулж хохирогч **** олгож шийдвэрлэв.

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

Шүүгдэгч **** ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар оногдуулж шийтгэв.

           5. Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх нэг сарын хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумаас гадагш явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2, *******.5, *******.6, *******.7, *******.8, *******.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч ***** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх нэг сарын хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумаас гадагш явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** хохиролд 3,038,000 төгрөг гаргуулж хохирогч **** олгосугай.

5. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ДУЛМАА