| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2021/00218/И |
| Дугаар | 133/ШШ2021/00253 |
| Огноо | 2021-06-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 133/ШШ2021/00253
| 2021 оны 06 сарын 18 өдөр | Дугаар 133/ШШ2021/00253 | Говь-Алтай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын нэхэмжлэлтэй
хариуцагч: Ч.Г-д холбогдох,
сум хөгжүүлэх сангийн зээл 3.978.711 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, хариуцагч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Ч.Г нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр Үр тариа, хадлан тэжээл бэлтгэх зориулалтаар 5.000,000 төгрөгийн зээлийг жилийн 3.0 хувиар тооцож 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн дугаар 15 тоот гэрээ байгуулж өөрийн эзэмшлийн Хас банкны дансанд шилжүүлэн авсан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дууссан байна. Ч.Г-тэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссан, зээлийн гэрээнд заасан хугацаанд 1.463.381 төгрөгийг төрийн сангийн дансанд төлсөн ба одоо үлдэгдэл төлбөр 3.536.619 төгрөг, алданги 442.092 нийт 3.978.711 төгрөгийг гаргуулж орон нутгийн сум хөгжүүлэх санд төлүүлэх нэхэмжлэлийг гаргасан. Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газраас иргэний нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах тухай хүсэлт ирүүлсний дагуу Прокурорын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 31 дүгээр зүйлүүдэд заасны дагуу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор нэхэмжлэл гаргаж байна. Ч.Г нь зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тодорхой хэмжээний төлөлт хийсэн нь зээл, хүү, алдангид тооцогдож өнөөдрийн байдлаар алдангид 442.092, үндсэн зээл 3.536.619 төгрөг, нийт 3.978.711 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна гэв.
Хариуцагч Ч.Г нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ар гэрийн гачигдал болон өөрөө хөлөө хугалж гэмтээсэн энэ асуудлыг Засаг дарга Д, Г, Д нарт удаа дараа хэлж байсан. Гэрээгээ шинэчлэх асуудал ярьж байсан. Нэгэнт төлөх бол гэрээ шинэчлэх асуудал байхгүй гэж ярьж байгаад надад 996.000 төгрөгийн алданги тавьсан байгаа. Ар гэрийн гачигдал болон хүүхдээ Эрээн хот, Хөх хот руу коронагийн үеэр авч явж эмчилгээ хийлгэж байсан. Энэ байдлаа дарга нарт хэлж байсан. Санхүүгийнханд ч хэлж байсан. Төлье гээд хэлж байсан. Д дарга 2016 оноос төл гэсэн. 2016 оноос төлж байгаад ар гэрийн гачигдал болон өөрийн биеийн байдлаас төлж чадаагүй өдий хүрсэн. Миний хувьд алданги 996.000 төгрөгийг чөлөөлж өгнө үү гэж хэлмээр байна. Бусад мөнгийг төлөх бололцоотой гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Ч.Г-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3.536.619 төгрөг, алданги 442.092 нийт 3.978.711 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээдээр оролцох харилцааг эрх зүйн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Прокурорын тухай хуулиар тус тус тодорхойлжээ.
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1/335 дугаар албан бичгээр гаргасан хүсэлтийн үндсэн дээр төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь Ч.Г-д холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээл, алданги гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь прокурор иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн үндэслэлийг тодорхойлсон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, Прокурорын тухай хуулийн 20.1, 41.1 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн байна.
Ч.Г нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авахаар зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгчийг төлөөлж сумын Засаг дарга, зээлдэгч Ч.Г нар гарын үсэг зурсан болох нь хэрэгт авагдсан 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваариар тогтоогдож байна. /хх-ийн 6-8-рт/
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ... гэж, 282.3-т ...Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ... гэж тус тус заажээ.
Зохигчид зээлийн гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохирч, гэрээг бичгээр байгуулж, гарын үсэг зурсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 196.1.2, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан шаардлагатай нийцжээ.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ, 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу талууд Зээлийн гэрээний 2.4-т энэхүү гэрээний 2.2-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөөгүй, эсхүл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөгдөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 0.5 хувийн торгууль төлнө гэж заасан байх тул нэхэмжлэгч гэрээнд заасан торгуулийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.
2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангийн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлдэгч нь үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 248.393 төгрөг, нийт 5.248.393 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 05-ны өдөр төлж дуусгах хуваарьтай байжээ. /хх-ийн 8-рт/
Зээлдэгч Ч.Г нь 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдөр сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийн зээлийг авч, зээлийн төлбөрт 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 162.779 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 162.800 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 162.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 162.780 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 39.050 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 163.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 163.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 163.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 162.800 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 162.800 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 162.800 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 200.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 200.000 төгрөг, нийт 14 удаагийн төлөлтөөр 2.266.809 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хариуцагч Ч.Г-с ирүүлсэн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд, Есөнбулаг сумын Засаг дарга болон сум хөгжүүлэх сангийн мэргэжилтэн Л.Ц-н гарын үсэг бүхий Ч.Г-н зээл төлөлтийн тооцоогоор тус тус тогтоогдож байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарь хэтрүүлж нийт 2.266.809 төгрөг зээлийн төлбөрт төлсөн гэдэгтэй маргадаггүй болно. Ийнхүү хугацаа хэтрүүлсний улмаас зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу нийт 997.126 төгрөгийн алданги тооцогдсон байна.
Ийнхүү зээлийн төлбөрийг төлөхдөө зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд хийгээгүйн улмаас зээлдэгч Ч.Г-н төлсөн 2.266.809 төгрөгийн 1.463.381 төгрөг нь зээлийн үндсэн төлбөрт, 248.393 төгрөг нь зээлийн хүүнд, 555.033 төгрөг нь алдангид тооцогдсон байх тул нэхэмжлэгч нь төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл 3.536.619 төгрөг, алданги 442.092 нийт 3.978.711 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Ч.Г нь алданги тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, алдангиас чөлөөлж өгнө үү гэж маргадаг болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Ч.Г нь шүүх хуралдаанд ...Ар гэрийн гачигдал болон өөрөө хөлөө хугалж гэмтээсэн энэ асуудлыг Засаг дарга Д, Г, Д нарт удаа дараа хэлж байсан. ... хүүхдээ Эрээн хот, Хөх хот руу коронагийн үеэр авч явж эмчилгээ хийлгэж байсан. Энэ байдлаа дарга нарт хэлж байсан. Санхүүгийнханд ч хэлж байсан. 2016 оноос төлж байгаад ар гэрийн гачигдал болон өөрийн биеийн байдлаас төлж чадаагүй өдий хүрсэн... гэж маргаж байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Г-с сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 3.536.619 төгрөг, алданги 442.092 төгрөг нийт 3.978.711 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 3.978.711 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 78.609 төгрөгийг хариуцагч Ч.Г-с гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Г-с сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 3.536.619 төгрөг, алданги 442.092 төгрөг нийт 3.978.711 төгрөгийг гаргуулж Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар 3.978.711 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 78.609 төгрөгийг хариуцагч Ч.Г-с гаргуулж, улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Н.ОЮУНБИЛЭГ