Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/32

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баасансүрэн, улсын яллагч Ц.Эрдэнэбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                                                                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ******* сумын *******,******* гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй

******* /РД: *******/

                                                  Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *** нь согтуурсан үедээ Өвөрхангай аймгийн ******* сум Уужим *** гэх газар байх өөрийн гэртээ 2023 оны 09 дүгээр сард шалтгаангүйгээр эхнэр *** агсам тавьж түүний нүүрэнд цохиж үүдэн шүдийг унагааж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Өвөрхангай аймгийн ******* сум Уужим *** гэх газар байх өөрийн гэртээ эхнэр *** согтуурсан үедээ шалтгаангүйгээр 2023 оны 09 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр буюу эхний удаад түүний доод эрүүний нэг шүдийг унагаасан, дараа нь мөн шалтгаангүйгээр гэдэс рүү нь нэг удаа өшиглөсөн, 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр газарт унагааж баруун чих рүү алгадах, зүүн хөх рүү нь цохиж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч **** би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай нөхөр *** нь 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр архи уусан үедээ хэл амаар доромжлоод агсам согтуу тавиад уурлаад байсан. Намайг хонио хаших гэж байхад танай гэрийнхэн юутай ирсэн юм, ганц хашаа бариад өгчихөөгүй байж гэж уурласан. ...Тэгээд малын хорооны үүдэнд намайг хавирч унагаасан, босоод ирсэн чинь баруун чих рүү алгадсан. Би айгаад модон дээр байсан түлээний сүхээ нууя гэж бодоод сүхээ аваад цаашаа явсан чинь намайг сүхээр цохих гэлээ гээд дахиад газар унагааж миний хоёр гарыг бариад зүүн хөх рүү нэг удаа цохисон. Өмнө нь 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр **** сумын төв орчихоод согтуу ирээд шилбүүрээр хоолой боож хэл амаар доромжилж байсан. Түүний дараа 2023 оны 09 дүгээр сард өдрийг нь сайн санахгүй байна **** хөдөөгүүр явж айл хэсээд согтуу ирээд намайг хэл амаар доромжлоод зодсон, миний баруун нүдийг хөхрүүлж, доод эрүүний нэг шүдийг гараараа хуга цохисон. ...Түүнээс хойш 3 хоногийн дараа байх бас гэртээ согтуу ирж агсам согтуу тавиад миний гэдэс рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед **** нар хамт байсан бөгөөд намайг өшиглөнгүүт зугтаарай гэж орилоод гараад гүйсэн. Би хоёр хүүгийнхээ араас гарч гүйгээд хөдөө гэрийнхээ дээд жалганд хоноод өглөө нөхрийнхөө архийг гаргахаар нь гэртээ буцаж очсон гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 тал/,

Насанд хүрээгүй гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай аав сая цагаан сараар ээжийг зодсон гэсэн. Би тэр үед айл хэсэж явж байсан. Орой гэртээ ирсэн чинь аав ууртай архи уугаад сууж байсан, цагдаа орж ирээд аавыг аваад явсан. Би ээжийн шүдийг унагаасан талаар сайн мэдэхгүй байна. Би есдүгээр сард хичээлдээ явж байсан, ээж тэгж ярьж байсан санагдаж байна. Манай аав 8 дугаар сард байх гэртээ согтуу ирээд ээжийг харааж зүхээд хөөгөөд байхаар нь **** ах ээж бид гурав гэрээсээ гарч яваад гэрийн дээд жалганд хонож өглөө 5 цаг болж байхад гэртээ ирсэн гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/,

Насанд хүрээгүй гэрч **** дахин өгсөн: Аав ээжийг өмнө жилийн 9 дүгээр сард архи уусан байх үедээ шүдийг нь унагаасан гэж ээж нэг удаа ярьж байсан. Бас өмнө жилийн 9 дүгээр сард намайг бямба, ням гаригийн амралтаараа хөдөө гэртээ очсон байх үед аав гэртээ согтуу ирээд ээжийг өшиглөж зодоод, хараалаар хараагаад байсан. Тэгсэн чинь *** ах зугтаарай гээд ээж ах бид гурав гарч гүйгээд гэрийнхээ хойд жалганд шөнөжингөө сууж байгаад үүрээр аавыг унтсаны дараа гэрт орж унтсан. Энэ үйл явдал намайг 4 дүгээр ангид орсоны дараа буюу 2023 оны 09 дүгээр сард хичээл цугласны дараа болсон санагдаж байна гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

Насанд хүрээгүй гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  Энэ жилийн цагаан сарын шинийн нэгний өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр аав, ах нар өглөө айл хэснэ гээд явцгааж гэрт ээж бид хоёр үлдсэн. Тэгтэл манай аав орой согтуу ирээд ээжтэй хэрэлдээд ээжийг малын хашааны үүдэнд хавирч унагаад зодоод байсан. Би уйлаад аавыг боль гэж хэлэхэд болихгүй байсан. Би айгаад гэртээ орсон. Намайг гэр дотор байх үед аав, ээж хоёр араас орж ирээд ахиад зодолдоод аав усны шар сав аваад ээжийг цохих гээд дайраад байсан. Тэгээд *** агаа гаднаас орж ирээд аав, ээж хоёр зодолдохоо больсон гэх мэдүүлэг, /хх-ийн 28 тал/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ******* сум *** гэх газарт байсан. Тэр өдөр цагаан сарын шинийн нэгэн байсан тул би **** ахтай золгох гээд гэрт нь очсон. Намайг очих үед *** ах эхнэр бага хүүтэйгээ хамт байсан бөгөөд эхнэртэйгээ муудалцаад байсан. Намайг очих үед *** ах нэлээд согтуу эхнэр болох *** агсам тавиад *** эгч уйлчихсан сууж байсан бөгөөд зуухных нь зүүн талд 20 литрийн шар савтай ус нь хөндлөнгөөрөө ус нь асгараад байж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 33 тал/,

Насанд хүрээгүй гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Аав намайг болон дүү нарыг цохиж зодож байгаагүй, ээжид л агсам тавьж зодож байсан. Энэ жилийн цагаан сараар буюу 2024 оны 02 дугаар сарын 10-ны өдөр би хоёр эрэгтэй дүүгээ аваад өглөө эрт айл хэсэх гээд гэрээсээ гарсан. Айл хэсэж яваад гэртээ иртэл аав ирчихсэн нэлээд согтуу байсан. *** ах бас ирчихсэн хоол цай уугаад сууж байсан. Гэрт ээж уйлчихсан нүд нь бүлцийчихсэн байсан бөгөөд *** ах аав чинь агсам тавиад байхад хаагуур явж байгаад ирж байгаа юм гэсэн гэх мэдүүлэг /хх-ийн 35 тал/,

Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн №*** дугаартай “...1. *** биед зүүн хөх, баруун хөлд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. *** доод эрүүний 34-р шүд унасан гэх гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. 4. Дээрх цус хуралт гэмтэл нь хэргийн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байх боломжтой. 5. Дээрх цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 6. *** доод эрүүний 34-р шүд унасан гэх гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй байна. Шүд унасан гэх гэмтэл нь үүссэн цаг хугацаандаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-40 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах прокурорын тогтоол /хавтаст хэргийн 1-3 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            Шүүгдэгч **** нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

            Шүүгдэгч *** нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирогч **** шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан /хх-ийн 78 тал/ байна.

Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.    

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг, хохирол төлснийг, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Прокурорын санал болгож, шүүгдэгч **** хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

            Иймд шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

                                                          Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх 06 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумаас явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  1. Шүүгдэгч **** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  
  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх 06 сарын хугацаанд Өвөрхангай аймгийн ******* сумаас явахыг хориглож, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
  1. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  1. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА