Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 142/ШШ/2021/00514

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн хаалттай шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Б-Өндөр сум, Их залуу баг, 14а-7 тоотод оршин суух, Х овогт Аийн О нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Б-Өндөр сум, Рашаант баг, 2в-23 тоотод оршин суух Б овогт Дын Б-д холбогдох,

            Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.О, хариуцагч Д.Б/Орхон аймгаас онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.О нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие А овогтой  О нь Д овогтой Б 1999 онд танилцан 2002 онд гэр бүл болсон. Бид хоёрын дундаас 2000 онд том охин Б.УЗ, 2002 онд хүү Б.Б, 2007 онд охин Б.З, 2010 онд хүү Б.Б нар төрсөн. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж 2016 оноос тус тусдаа амьдрах болсон. Д овогтой Бнь одоо өөр хүнтэй хамтын амьдралтай болоод 2 жил болж байна. Гэрлэлтээ цуцлуулж, 4 хүүхдээ өөрийн асрамжинд авч Б.Б Б.З хоёрт тэтгэмж тогтоолгож өгнө үү. Бидний гэр бүлд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

Хариуцагч Д.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: А.Оы нэхэмжлэлтэй хариуцагч Д.Б-дхолбогдох иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие Д.Бнь 1999 онд эхнэр А.Отой танилцаж, 2000 онд охин Б.УЗ төрж, бид албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Гэр бүлийн бага зэргийн маргаан байх боловч, тэр болгон маргалдаггүй. Хамт амьдрах хугацаанд 4 сайхан үр хүүхэдтэй болсон. Эхнэр А.О түргэн ааштай боловч үр хүүхдүүддээ хандах хандлага маш сайн. Би мөн үр хүүхдүүддээ болон эхнэртэй хайртай. Гэвч эхнэрийн огцом түргэн аашнаас болж сүүлийн жилүүдэд ойлголцохгүй байдаг болсон. Хааяа би архи уухаар эхнэр их уурладаг байсан. Энэ үед бие биендээ гологддог байж байгаад сүүлдээ бие биендээ хөндий хандах болсон. Энэ байдал удаан үргэлжлэх болж энэ хугацаанд эхнэр бид хоёр өөр хүнтэй амьдрахаар шийдсэн. Тиймээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бид хоёр бие биендээ харилцах байдал хөндий болсон ч хүүхдүүдтэй харьцах харилцаа өөрчлөгдөөгүй. Хүүхдүүдээ хоёр талаас дэм тус болж, өсгөн хүмүүжүүлж байна. Том охин Б.УЗ насанд хүрсэн, 2 дахь хүү Б.Б 2002 онд төрсөн насанд хүрсэн. 3 дахь охин Б.З 2007 онд төрсөн 13 настай, бага хүү Б.Б 2010 онд төрсөн. Одоо 11 настай. Би тогтсон ажилгүй. Ажил олдож таван төгрөг олдвол хүүхдүүддээ өгөхийг хичээдэг. Цаашдаа ч үүнийгээ өөрчлөхгүй. Миний ажилгүй байдлыг харгалзан үзэж тэтгэмжийг бууруулж тогтоож өгнө үү. Тэтгэмжийг сар болгон өгч чадахгүй учир өөрт байгаа хөрөнгө болох автомашинаа тэтгэвэрт тооцон өгөх хүсэлтэй байна. Бидэнд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний бие коведын шинжилгээ өгөөгүй болохоор цахимаар оролцох хүсэлт гаргасан гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.О хариуцагч Д.Б-дхолбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Д.Бнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Зохигчид 1999 онд танилцаж, хамт амьдран 2003 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлэн 016 дугаартай гэрчилгээ авсан бөгөөд гэрлэгсдийн дундаас охин Б.УЗ нь 2000 оны 06 дугаар сарын 23-ны өдөр, хүү Б.Б нь 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, охин Б.З нь 2007 оны 07 дугаар сарын 14-ний өдөр, хүү Б.Б 2010 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн одоо эрүүл өсөж байгаа болох нь зохигчдын тайлбар мэдүүлэг, Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 5 дугаар ангид Б.Б, 12 дугаар ангид Б.Б нар сурч байгаа тухай тодорхойлолт, Их залуу багийн Засаг даргын тодорхойлолт, 016 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүү Б.Бгийн 509017 /Г-1840/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин Б.Згийн 24760 /Г-225/ дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, охин Б.УЗ, хүү Б.Б нарын иргэний үнэмлэхний хуулбараар тус тус нотлогдож байна.

            Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа хоорондын үл ойлголцлоос маргаантай амьдарч байсан бөгөөд тэд тусдаа амьдраад 5 жил болсон хэн аль нь гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй, шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, эвлэрүүлэх хугацаа олголгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.

             Охин Б.З, хүү Б.Б нар нь төрсөн цагаасаа эхийн хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдэд тавих эхийн анхаарал халамж, хүүхдийн шүүхэд гаргасан санал, хүүхдийн асрамж дээр талууд маргахгүй байгаа байдал зэргийг харгалзан охин Б.З, хүү Б.Б нарыг эх А.Оы асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Охин Б.УЗ, хүү Б.Б нар нь 18 насанд хүрсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай тул тэдэнд асран хамгаалагч тогтоох шаардлагагүй юм.

            Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг зохигчдод даалгаж, гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдав.

Хариуцагч Д.Бтогтмол орлогогүй тул хүүхдийн тэтгэмжийн хэмжээг бууруулах, өөрийн хуваарьт хөрөнгө болох автомашиныг тэтгэвэрт тооцуулах тухай хүсэлтэй гэж тайлбарласныг нэхэмжлэгч А.О эс зөвшөөрч байх тул хүсэлтийг хүлээн авч хангаж шийдвэрлэх боломжгүй юм.

            Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Бнийн ажил хөдөлмөр эрхлэдэггүй, тогтмол орлого олдоггүй нь хүүхдүүдээ тэжээн тэтгэхээс чөлөөлөгдөх, хөнгөлөгдөх үндэслэл болохгүй бөгөөд бага насны, хөдөлмөрийн чадваргүй үр хүүхдээ тэжээн тэтгэх нь эцэг хүний хуулиар ногдуулсан үүрэг бөгөөд нэхэмжлэгч А.О автомашиныг тэтгэвэрт тооцож авах тухай хүсэлтийг эс зөвшөөрч байгаа, хариуцагч Д.Бөмчөө захиран зарцуулах эрхийн дагуу автомашинаа худалдан борлуулсан төлбөрөөс хүүхдийн тэтгэлэгийг бүрэн төлөх боломжтой гэж үзнэ.

            Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан байх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Д.Бнээс хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан охин Б.З, хүү Б.Б нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бнээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Од, тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгээс нэг жилийн хугацаанд төлөх хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг тооцон 91 337 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулахаар заалаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Аийн О Б овогт Дын Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 07 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Б.З, 2010 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Б.Б нарыг эх А.Оы асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин Б.З хүү Б.Б нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг Д.Бнээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч эцэг, эх үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээхийг, энэ үүргээ биелүүлэхэд нь зохигчид бие биедээ саад учруулахгүй байхыг даалгасугай.

5. Гэрлэгчид эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ж.Халиунаад даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бнээс 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Од, 91 337 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод оруулсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.АРИУНЦЭЦЭГ