| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00436/И |
| Дугаар | 142/ШШ2021/00515 |
| Огноо | 2021-06-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 142/ШШ2021/00515
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, Амарын гудамжинд байрлах хаягтай “К” ХХК-ний Эрдэнэт салбар нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховогт Бгийн З-д холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, нийт 40 679 505.18 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч Б.З /Орхон аймгаас онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК-ний Эрдэнэт салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Б овогтой З нь тус банктай 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр №3054-2015/024 тоот зээлийн болон зээлийн барьцааны гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3054-2015/024Б тоот, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3054-2015/024А, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3054-2015/024Б-1 тоот зээлийн болон барьцааны нэмэлт гэрээг тус тус байгуулан 49 800 000.00 төгрөгийн зээлийг, жилийн 5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай авсан юм. Зээлийг орон сууц худалдан авах зориулалттай авсан бөгөөд зээлийн барьцаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум, 13 дугаар баг, Баянцагаан Вокзал, Өнөр-Эрдэнэт 104 байр, 26 тоот байрлах 59.3 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан бөгөөд, зохих журмын дагуу нотариатаар гэрчлүүлж, эрхийн улсын бүртгэлийн албанд бүртгүүлсэн болно. Зээлдэгч Б.З нь гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчин зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байх тул зээлийн гэрээний 5.2.4, 5.2.7, 10.2-д зааснаар талуудын хооронд байгуулсан №3054-2015/024 тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 39 612 195.23 төгрөг, зээлийн үндсэн хүү 1 074 560.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3 749.63, нийт 40 679 505.18 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361 402 төгрөгийн хамтаар гаргуулахаар шийдвэрлэж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 1-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаа хөрөнгөөр хангуулахаар дурьдаж өгөхийг хүсье гэв.
Хариуцагч Б.З 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардаж авсан бөгөөд хуульд заасан хугацааны дотор шүүхэд хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй байна.
Хариуцагч Б.З шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Кны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үнийн дүнд маргаан байхгүй. Байраа зараад төлбөрөө төлөх бодолтой байгаа ба хэрэв барьцаа хөрөнгө болох байр зарагдахгүй бол зөрчлөө арилгаад гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлтэй гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “К” ХХК-ний Эрдэнэт салбар нь хариуцагч Б.Зд холбогдуулан 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 3054-2015/024 тоот зээлийн болон 3007-2015/024 тоот барьцааны гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3054-2015/024А тоот, 3054-2015/024Б тоот, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3054-2015/024Б-1 тоот зээлийн болон барьцааны нэмэлт гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, гэрээний үүрэг нийт 40 679 505.18 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Б.З нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байгаа тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
К ХХК зээлдэгч Б.З нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3054-2015/024 тоот орон сууцны зээлийн болон 3007-2015/024 тоот барьцааны гэрээ, К ХХК зээлдэгч Б.З, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Энх-Эрдэнэ нарын хооронд 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 3054-2015/024А тоот, 3054-2015/024Б тоот, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3054-2015/024Б-1 тоот зээлийн болон барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүд байгуулагдаж, 49 800 000 төгрөгийг жилийн 5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар авсан болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн зээлийн гэрээнүүдийн хуулбараар нотлогдож байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу К ХХК-ний Эрдэнэт салбар шаардах эрхтэй.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, зээлийн гэрээний нэмэлт гэрээнүүд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь дан ганц зээлдэгч Б.Зд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-т Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгднэ гэж заасан бөгөөд зээлийн эргэн төлөлт хоцорч, зээлээ төлөх талаар байнга сануулж байсан, зээлийн гэрээг цуцлах талаар талууд уулзаж ярилцаж байсан гэж хариуцагч хүлээн зөвшөөрдөг тул зээлийг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэг 40 679 505.18 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж заасан ба мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна гэжээ.
Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 3007-2015/024 тоот зээлийн барьцааны гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангахаар Орхон аймаг, Баян-Өндөр сум, 13 дугаар баг, Баянцагаан Вокзал Өнөр-Эрдэнэт 104-26 тоот хаягт байрлах 59.3 м.кв талбайтай орон сууцыг барьцаалсан байдаг.
Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1.2-т Барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд хангуулах эрхтэй, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж заасны дагуу хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгэхгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, уг эрхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 361 402 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 361 402 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан К зээлдэгч Б.З, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Энх-Эрдэнэ нарын хооронд байгуулагдсан 2015 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 3054-2015/024 тоот зээлийн болон 3007-2015/024 тоот барьцааны гэрээ, 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 3054-2015/024А тоот, 3054-2015/024Б тоот, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 3054-2015/024Б-1 тоот зээлийн болон барьцааны нэмэлт гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.Заас зээлийн гэрээний үүрэг нийт 40 679 505.18 /дөчин сая зургаан зуун далан есөн мянга таван зуун таван төгрөг арван найман мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч К ХХК-ний Эрдэнэт салбарт олгосугай.
2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч Б.З шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг Вокзал Өнөр-Эрдэнэт 104 дүгээр байр 26 тоотод байрлах Ү-2101018771 улсын бүртгэлийн дугаартай 59.3 м.кв 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах, албадан дуудлага худалдаа явуулахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 361 402 /гурван зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун хоёр төгрөг/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Заас 361 402 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК-ний Эрдэнэт салбарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ