| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/01210/и |
| Дугаар | 1647 |
| Огноо | 2018-07-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 1647
МАГАДЛАЛ
2018.07.18 Дугаар 1647 Улаанбаатар хот
А Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,
2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01210 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч А Э ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч Н.Д-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 144 086 665 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.З нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Н.Д нь банк бус санхүүгийн байгууллагатай 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ-01-00-2016263 тоот зээлийн гэрээ, БГ-01-00-2016263 тоот барьцааны гэрээ байгуулан 100 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээний хугацааг нэг сараар сунгасан. Зээлийн гэрээний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр дуусгавар болсон тул зээлийн гэрээний биелэгдээгүй үүрэг болох 144 086 665 төгрөгийг гаргуулж манай хохирлыг барагдуулж өгнө үү. Хариуцагч нь нийт 18 500 000 төгрөгийг төлсөн. Үүнд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 3 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 10 000 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3 500 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 2 000 000 төгрөгийг төлсөн нь бүгд зээлийн хүүнд төлөгдсөн. Банк бус санхүүгийн байгууллага нь төрийн тусгай зөвшөөрөл олгодог Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг. Тусгай зөвшөөрлийг хуучин хүчинтэй хугацаатай өгдөг байсан боловч одоо тусгай зөвшөөрөл нь хугацаагүйгээр олгогдож байгаа. Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг хянадаг Санхүүгийн зохицуулах хороон дээр үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү бодох аргачлал, зээлийн нэмэгдүүлсэн хүү бодох аргачлал нь хуулийн хүрээнд зөв аргачлалаар бодогдож байгаа эсэхэд хяналт шаардлага тавьж түүнийхээ дагуу тусгай зөвшөөрлийг өгдөг. Тиймээс тусгай зөвшөөрлийг шүүхэд гаргаж өгөх шаардагагүй гэж үзсэн гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 100 000 000 төгрөгийн 10 сарын хугацаатай зээлсэн, үүнээс 18 500 000 төгрөгийг төлсөн байхад нэг ч төгрөг төлөгдөөгүй мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байгаа тул төлсөн мөнгийг хасаж шийдвэрлэж өгнө үү. 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үндсэн зээлээс 3 500 000 төгрөг төлсөн. Иймд Н.Д-ын зээлийн үлдэгдэл 96 500 000 төгрөг байна. Зээлийн гэрээг 10 сарын хугацаатай буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл гэрээг байгуулж зээлийн гэрээ дуусгавар болсон. Нийт хугацаанд үндсэн зээл болон хүүний 140 000 000 төгрөгийн үүрэг үүсэж үүнээс үндсэн зээлийн 3 500 000 төгрөг, хүүний 18 500 000 төгрөгийг төлж барагдуулсан. Харин А Э ББСБ” ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээг 1 сараар сунгасан гэж байгаа нь хүлээн зөвшөөрөхгүй. 10 сарын хугацаатай зээлийн гэрээ нь 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр дууссан бөгөөд 4 сарын дараа зээлийн гэрээний хугацаа сунгана гэдэг ойлголт байхгүй тул гэрээ сунгагдаагүй. Мөн нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу болон Аж ахуй үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу банк санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байж нэмэгдүүлсэн хүүг тооцох ёстой байдаг. Иймд нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Н.Д-аас 121 500 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А Э ББСБ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22 586 665 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 878 383 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д-аас 765 450 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А Э ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тал нь ББСБ болох нь Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үндсэн үйл ажиллагааны нэг болох зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа нь тодорхой юм. Мөн талууд зээлийн гэрээг байгуулахдаа Иргэний хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасныг үндэслэн байгуулсан байдаг бөгөөд энэ нь зээлийн гэрээ болон барьцааны гэрээг төлөөлөн байгуулсан оролцогч, тухайн гэрээний нөхцөлийг тохирсон байдал, гэрээнд тамга дарж баталгаажуулсан байдал зэргээр тодорхойлогдож байна. Нөгөө талаар хариуцагч тал А Э ББСБ ХХК-иас зээл аваагүй талаар маргаагүй байхад түүнийг ББСБ-аас зээл аваагүй хуулийн этгээдтэй зээлийн гэрээ хийсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 22 586 665 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч А Э ББСБ ХХК нь хариуцагч Н.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 144 086 665 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ-01-00-2016263 тоот зээлийн гэрээгээр хариуцагч 100 000 000 төгрөгийг 10 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн, үүрэг гүйцэтгэх хугацаа хэтэрсэн тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү тооцохоор мөн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцон байгуулсан. Зээлийн барьцаанд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 44а дугаар байрны 8 тоот, 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг барьцаалан гэрээ байгуулсан байна.
Хэрэгт авагдсан баримтаар А Э ББСБ ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй эсэх, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан эрх бүхий этгээд байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь нэхэмжлэгч нь Банк эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох үйлчилгээний хүрээнд зээл олгосон гэж шаардаж байгаа тохиолдолд өөрийн “зээлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий” гэх нөхцөл байдлаа өөрөө нотлох учиртай ч нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхгүй тул мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн хүүгээс нэмэгдүүлсэн хүү тооцож нэхэмжлэх эрхгүй, гэрээний 2.1.5 дахь заалтыг хуульд нийцээгүй гэж үзэх тул нэмэгдүүлсэн хүү шаардсаныг хангах үндэслэлгүй.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслэгдсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 183/ШШ2018/01210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 270 883 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
М.НАРАНЦЭЦЭГ