Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 144

 

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч Э.Гантулга,

Нарийн бичгийн дарга А.Батдорж,

Иргэдийн төлөөлөгч Н.Мөнтөг,

Шүүгдэгч Ц.Болд, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1, мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар Ц.Болдод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000197 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1979 оны 07 сарын 10-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, эцгийн хамт Баянхонгор сумын 1 дүгээр баг 02-18 тоотод оршин суудаг, урьд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 01 сарын 19-ний өдрийн 14 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 07 сарын 16-ны өдрийн 70 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 11-ний өдрийн 129 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 06 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ВЙ 79071015 тоот регистерийн дугаартай, Зэндмэн овогт Цэвэлийн Болд.

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Болд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянхонгор аймгийн Баянхонгор сум 9 дүгээр баг 20-10 тоотод оршин суух Б.Сангибатын гэрт 2016 оны 04 сарын 16-наас 17-нд шилжих шөнө 22 цагийн үед орж ямарч шалтгаангүйгээр Б.Сангибатын эрх чөлөөнд халдан бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хутгыг зэвсгийн чанартай ашиглаж Б.Сангибатын шанаа, төвөнх, гарын хуруу зэргийг хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

мөн шүүгдэгч Ц.Болд нь 2016 оны 04 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг 02-28 тоот хашаанаас иргэн Ц.Мөнхбатын эзэмшлийн 22- 76 БНЗ улсын дугаартай хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлж бусдад 250000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Ц.Болд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 сарын 20-ны өдөр Баянхонгор сум 6 дугаар баг 03-03 тоотод хамтран амьдрагч Ц.Бортойгоо хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар Ц.Борын хэвлийн тус газар хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.            

                                                                    /яллах дүгнэлтэнд бичигдэснээр/

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :

Хохирогч Б.Сангибатын мөрдөн байцаалтанд өгсөн:

Баянхонгор сумын 9-20-10 тоот хашаанд байх гэртээ 2016 оны 04 сарын 16-ны шөнө би зурагт үзээд хэвтэж байсан. Хашааны хаалга түгжээгүй онгорхой, гэрийн хаалга замган түгжээтэй байсан чинь гэрийн хаалга татаад онгойлгоод ногоон өнгийн дээлтэй залуу манай гэрт ороод ирсэн. Тэгээд миний хажууд ирээд “ална шүү пизда минь Хүрээмаралын Барсын Ганболдыг таних уу пизда минь гээд өврөөсөө хоёр хутга гаргаж ирээд миний хацарлуу хатгаад, хоолойг зүсчихсэн мөн хоёр гарын алгыг зүсчихсэн. Тэгээд би орноосоо буугаад гэр дотроо зуухыг тойрч зугтаасан чинь гар хүзүүнээс цус гараад байсан. Тэгээд би ширээгээ тойрч зугтаасан боловч урд талд хааж зогсчихоод гэрээс гаргахгүй байсан. Тэгээд “ах нь тийм хүн танихгүй, ах нь хөгшин хүн, ах нь чамайг ч танихгүй юм байна” гэсэн чинь тэр залуу “одоо хоёулаа гарна” гэсэн тэгээд би гутлаа хам хум өмсөөд хашаанаасаа гараад тэр залуугаас зугтаасан чинь хэд алхаад газар ойчоод тэр залуу ирээд бариад авсан. Тэгээд тэр залуу “Хүрээмаралын Барсын Ганболдыг зааж өг” гэхээр нь би мэдэхгүй гэсэн. Хажуу талын айлын хашааны хаалгыг нь нүдсэн чинь хүн байхгүй байсан. Тэгээд намайг дагуулаад онгоц буудлын зүгрүү дагуулаад явсан ба замдаа явж байгаад “би баалаа танд нойлын цаас байна уу” гэхээр нь би байхгүй гэсэн. Тэгээд замдаа тэр залуу бие зассан. Тэгээд тэнд жаахан байж байгаад би “ах нь тийм айл ч мэдэхгүй юм байна ах нь чамайг ч танихгүй” гэсэн чинь тэр залуу миний нэрийг асуучихаад, уучлаарай айл андуураад муухай юм боллоо маргааш уулзъя гээд нэг үнсүүлчихээд яваад өгсөн. Би гэрлүүгээ явах гэснээ болиод Балжир гэдэг айлд очоод тэдний эхнэр Оюунчимэг цагдаад дуудлага өгсөн юм. Тэднийд ороход манай дүү Ганбат, Оюунчимэг, Балжир нар байсан өөр хүн байгаагүй юм. Тэр залууг би ерөөсөө танихгүй юм байна лээ, ямар нэгэн садан төрлийн холбоо байхгүй, би ерөөсөө царайг нь ч үзээгүй юм байна лээ. Тэгээд би өөрийн дүү Ганбатад өдөр чамтай гар бариад байсан залуу намайг хутгалчихлаа гэж хэлсэн юм. Тэгээд тэр шөнөө би Балжирынд хоноод маргааш нь Ганбатыг дагуулж яваад чи л олж өг гээд дагуулаад явсан чинь Ганбат зах дээр очоод хүмүүсээс сураглаад Бууцагааны Болд гэдэг залуу гэж мэдээд утсаар яриад дуудсан, тэгээд Ганбат бид хоёр зах дээр хүлээж байсан чинь биллъярдын хажууд ирчихсэн байна гэхээр нь Ганбат бид хоёр очсон чинь нэг машин дотор сууж байсан ба тэгээд очоод Ганбат энэ дотор нөгөө залуу чинь байна уу гэхээр нь би харсан чинь машины хамгийн ар талын суудалд нь суучихсан байхаар нь би тэр залуу мөн байна гээд заасан чинь тэр Болд гэх залуу гараад ирсэн. Тэгээд надтай уулзаад өчигдөр ёстой муухай явдал боллоо. Андуурчихсан байна лээ гээд надаас уучлалт гуйгаад надад 7000 төгрөг өгөхөөр нь бид нар архи аваад уучихсан. Тэгээд архиа уучихаад тэр Болд гэх залуу нь ахтай дараа уулзнаа дараа хоёулаа ярина аа гээд салсан. Тэгээд уулзаад сууж байхад миний хувцас цус болчихсон байсан чинь Болд нь өөрийнхөө өмсөж явсан цагаан өнгийн фудболкыг өгч надад өмсүүлсэн. Тэгээд салж яваад тэрнээс хойш дахин уулзаагүй, одоо болтол уулзаагүй байгаа. Мөн тэгээд машинд сууж байхад нь манай эхнэр Алимаа ирээд тэр Болд гэх залууг чи хөгшин хүнийг хутгаллаа гэж загнасан чинь надаас “ахаа муухай юм боллоо гээд уучлалт гуйгаад байсан юм. Тухайн асуудал нь 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22:00 цагийн үед болсон шиг санагдаж байна. Тухайн үед би гэртээ зурагт үзээд хэвтэж байсан юм. Тэр Барсын Ганболд гэх залуу нь хаана байдаг, ямар хүн байдгийг би мэдэхгүй. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй хацартаа оёдол тавиулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй байна. Тухайн үед манай хашааны хаалга бол түгжээгүй онгорхой байсан харин гэрийн хаалганы замган түгжээг нь мултлаад ороод ирсэн гэхдээ түгжээ нь эвдрээгүй зүгээр байна лээ. Манай гэрээс ямар нэгэн эвдэрч гэмтсэн зүйл байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 90-94/

Хохирогч Ц.Мөнхбатын мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 04 сарын 23-ны өдөр би өөрийн эзэмшлийн Мустанг-5 маркийн хар өнгийн 22-76 БНЗ дугаартай мотоциклиор хөдөө явж аргал түүж ирээд гэрийнхээ баруун талд орхисон юм. Тэгээд гэртээ унтаж байтал 19 цагийн орчим манай эхнэр захаас ирээд “мотоцикль чинь хаачсан юм бэ” гэхээр нь гараад харахад миний мотоцикль алга болсон байсан...миний мотоциклийг манай хашаанаас хулгайлан унаж гарсан хүн нь манай урд талын хашаанд шинээр нүүж ирсэн Цэвэлийн Болд гэдэг хүн байсан. Энэ хүнийг манай хашаанаас мотоцикпь аваад гарахыг худгийн ус түгээгч харсан байсан. Мөн засварын газрын Бямбадорж гуай харсан байсан. Уртнасан гэдэг эмэгтэйн гэрт очиход миний мотоциклийг тэр айлын хашаанд тавьж орхиод дээрээс нь юмаар бүтээсэн байсан. Би тэр айлын хашаанаас мотоциклийг олж авсан. Миний мотоциклийн амортизаторыг хугалсан, хянах самбарыг эвдэлсэн, цахилгааны бүх утсыг тасалсан, суудлын бүрээсийг урж улсын дугаарыг нь гээсэн байсан. Мотоциклийн үнэлгээтэй танилцлаа. Эвдэрсэн эд ангийнхаа үнийг төлүүлнэ. Миний мотоциклийн урд талын хос амортизатор хосоороо 30000 төгрөг, хянах самбар 15000 төгрөг, мотоциклийн цахилгааны ком утас 25000 төгрөг, мотоциклийн улсын дугаар алга болсон байсан. Шинээр авах үнэ 20000 төгрөг, мотоциклийн суудлын бүрээс 5000 төгрөг, мотоциклийн хойд талын дугуйны шаврын хаалт 5000 төгрөг, рулийн хязгаарлагч хосоороо 5000 төгрөг, банк цөмөрсөн 50000 төгрөг зэрэг эд зүйлүүд эвдэрсэн байсан ба дээрхи үнээр үнэлнэ. Би мотоциклио хүлээж авсан боловч эдгээр эд ангиуд нь эвдэрсэн байсан. Үүнээс нэг ч төгрөгийн хохирлыг надад төлж барагдуулаагүй байгаа. Үүнийг надад төлвөл надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би одоо гомдолтой байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19, 31-34/

Хохирогч Ц.Борын мөрдөн байцаалтанд өгсөн:

Ц.Болд бид хоёр 2016 оны 03 сарын эхээр танилцсан юм. Тэгээд тэрнээс хойш манайд байдаг болсон. 2016 оны 06 сарын 20-ны өдөр Болд Улаанбаатар хотоос ирээд ундааны савтай спирт гаргаж ирээд уухаар болсон. Дуламсүрэн, Эрдэнэцогт хоёрыг дуудсан чинь тэр хоёр манай гэрт хүрээд ирсэн юм. Тэгээд бид дөрөв эхлээд тэр спиртийг 2 шил архи болгон усаар найруулж уугаад дараа нь Болд ахиад нэг 0,75 литрийн хэмжээтэй архи гаргаж ирээд бид нар хувааж уусан. Би нэг их уугаагүй юм. Тэгсэн чинь Дуламсүрэн гэрийн зүүн талын орон дээр, Эрдэнэцогт гэрийн баруун талд газраар согтоод унтаад өгсөн. Тэгээд тэр хоёрыг унтсан хойгуур Болд “чи надыг хот явсан хойгуур янхандсан гээд надруу дайраад байсан. Тэгэхээр нь би юу яриад байгаа юм бэ? тийм юм байхгүй гэсэн чинь чамайг ална гээд намайг гэрийн хойморт байх орон дээр дарж унагаад гэрийн тогооны савнаас шар өнгийн заазуурыг аваад миний гэдсийг зүсчихсэн. Би тухайн үед амь авраарай гээд зөндөө орилсон ч Эрдэнэцогт, Дуламсүрэн хоёр ерөөсөө сэрэхгүй байсан. Тэгж байгаад намайг тавихаар нь би гарч зугатаагаад Хишигт гээд охин руугаа явж очиж уулзаад дагуулаад гэртээ ирсэн чинь манай гэрт хүн байхгүй байсан. Би гэдсээ зүсүүлэх үедээ цагдаа болон эмнэлэгт үзүүлээгүй. 2016 оны 06 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих Ц.Болд шөнө архи ууж гэрт ирчихээд намайг хэл амаар доромжлоод байсан. Манай охины найз залуу Мөөгийтэй маргалдаад Мөөгий болохоор “та эсвэл яваад эсвэл амарчихаач эр хүн байж” гэсэн чинь Болд чам шиг пацаанд хамаагүй шүү гээд байсан. Мөн чи зодвол зодохгүй юу гэсэн чинь би таныг яах гэж зодох вэ гээд гэрээс гарсан чинь Болд уурлаад гал тогооны савнаас хутга заазуур хоёр аваад чам шиг чацга юу вэ гээд дайрсан. Манай охин Хишигт урдуур нь ороод хутгыг нь авах гээд гараа зүсүүлчихсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн юм. Тэгсэн чинь цагдаад мэдэгдсэнийг мэдчихээд зугтаачихсан. Би гомдолтой байна. Би хүүхдийн гар боосны төлбөр, эмчилгээний төлбөр зэрэгт 500,000 төгрөг нэхэмжилж байна. Энэ нь гар боолт хийлгэсэн, таксины мөнгө зэрэгт 500,000 төгрөг нэхэмжилж байна. Харин ямар нэгэн баримт байхгүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 156-164/

Гэрч Б.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 04 сарын 16-ны шөнө Балжир гэх айлд унтаж байсан чинь шөнө аажуу болсон хойно манай ах Сангибат ирээд “ намайг унтаж байсан чинь нэг согтуу хүн орж ирээд хутгалчихлаа” гээд байхаар нь өндийгөөд харсан чинь гарнаас нь болон хүзүүнээс нь цус гарсан байсан. Гэтэл Сангибат ах намайг хутгалсан хүнийг чи танина, өдөр чамтай намайг хамт явж байхад ирж чамтай гар бариад явсан залуу мөн байсан гээд байхаар нь бодоод байсан чинь Болдоо гэх хүнтэй гар барьсан санаанд ороод Дондог гэх хүнээс утсыг нь олж аваад ярьсан чинь зах дээр байна гэхээр нь очсон чинь нэг таксины машинд хүмүүс архи уугаад байж байхаар нь очоод ах Сангибатыг таныг хутгалсан хүн байна уу та хараадах гэсэн чинь энэ хүн гээд Болдоо гэх хүнийг заасан. Тэр залуу манай ахаас уучлалт гуйгаад дүү нь айл андуурч ороод хутгалсан байна гээд эвлэрээд байгаа бололтой байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 96-98/

Гэрч Г.Оюунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Энэ хэрэг болдог орой нар жаргахаас өмнө энэ Сангибат нь дүү Ганбатын хамт манайд ирээд Ганбатыгаа унтуулчихаад гэртээ харилаа гээд яваад өгсөн юм. Тэгээд шөнө аажуу болсон хойно бид нарыг унтаж байсан чинь орж ирээд би хүнд алуулах дөхлөө, энэ гарнаас цус гараад байна гэхээр нь гэрэл асаагаад харсан чинь гарнаас нь болон хүзүүнээс нь цус гараад байсан. Сангибат гуай өөрөө ярихдаа намайг гэртээ унтаж байсан чинь согтуу хүн орж ирээд 2 хутга гаргаж ирээд дарж аваад хутгаар зүссэн гээд байсан. Тэгэхээр нь би та гараад зугтаачихгүй яасан юм бэ гэсэн чинь би гарч зугатаагаад харанхуйд гүйж чадахгүй дороо баригдсан гэж байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-105/

Гэрч Д.Загдын мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 04 сарын 23-ны өдөр би худгийнхаа байранд ус өгөөд байж байсан чинь худгийн харалдаа байдаг 34 гэсэн хаягтай цэнхэр өнгийн хашааны гадаа нэг улаан цамцтай хүн тэр хашааруу орж гараад явж байснаа тэр хашаанд байсан мотоциклийг урд талын хаалгаар нь түрж гаргаад асаагаад унаад засмал зам дагаад явчихсан.Тэгээд байж байсан чинь манай худгаас ус авдаг нэг хүн ирээд мотоцикль харав уу хашаанд байсан мотоцикль алга болсон байна гэхээр нь би нэг улаан цамцтай хүн унаад явсан гээд зүгийг нь зааж өгсөн. Тэр хүн ганцаараа байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39/

Гэрч Б.Хишигтийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 06 сарын 27-ны өдөр Болд гуай гэрээс гарч явж байгаад үдээс хойш 15:00 цагийн үед согтуу ирчихээд манай ээж Ц.Борыг загнаад энд суу, энд суухгүй болно ална шүү пизда минь гээд ээжийг загнаад байхаар нь би та чинь одоо хаашаа юм бэ? дандаа ингэж ээжийг бүлтэгнүүлж байх юм гэсэн чинь гараад явчихсан. Тэгээд орой дахиад согтуу хүрээд ирсэн ба ирээд унтахгүй ээжийг хэл амаар доромжлоод ээжийг пизда гээд дуудаад байхаар нь би уурлаад эсвэл та унт эсвэл би цагдаа дуудлаа гэсэн чинь цагдаа надад нөлөөлөхгүй гээд байсан. Тэгээд надтай хэрэлдэж байсан чинь манай найз залуу Мөөгий гэж дууддаг Мөнх-Очир надруу утсаар ярихаар нь энд Болд гуай унтуулдаггүй гэсэн чинь Мөнх-Очир цагдаа дуудчихаач гэсэн чинь Болд гуай битгий цагдаа дуудаарай гээд байсан. Тэгээд удалгүй Мөөгий манайд хүрээд ирсэн. Тэгээд Мөөгий та одоо хүн унтуулаач гэсэн чинь чам шиг жулдрайд хамаагүй шүү гээд байсан. Би Мөөгийг гадагш нь гаргасан. Тэгээд Мөөгий Болд гуайг барьж авах гэсэн чинь Болд гуай гэрт ороод нэг гартаа хутга, нэг гартаа заазуур бариад гэрээс гараад ирэхээр нь би хутгыг нь булааж авах гээд урдуур нь орсон чинь заазууранд нь гараа зүсүүлчихсэн. Тэгээд би гар зүсчихлээ ш дээ гэсэн чинь хашаан дотор хутга, заазуур хоёроо газар хаячихаад гараад зугтаачихсан. Энэ үед Мөөгий байхгүй байсан. Болдыг хутга, заазуур хоёр аваад гэрээс гарах үед тэр яваад өгсөн байсан. Тэр үед Мөнх-Очир Болдыг цохиж зодоогүй, Болд ч гэсэн Мөнх-Очирыг цохиж зодоогүй. Тэр үед Болд гуай манай ээж Бор болон намайг цохиж зодоогүй. Болд манай гэрт байсан хутга, заазуур хоёрыг хоёуланг нь бариад гараад ирсэн. Мөн дараа нь цагдаа ирсэн байхад гартаа барьсан байсан хутга нь манай гэрт байдаг хутга байсан. Хэзээд нь авсан юм бүү мэд. Хутга барьчихсан унтаж байсан гэсэн. Өмнө нь ээжийн гэдсийг зүссэн гэсэн. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр намайг ажил дээрээ байж байсан чинь манай ээж Ц.Бор нь Болд ингээд зодож нүдээд байна гээд цусаа гоожуулчихсан, гэдсээ зүсүүлчихсэн хүрээд ирсэн тэгээд бид хоёр цуг гэртээ очсон чинь манай гэрт Болд унтаж байсан тэгэхээр нь би очоод та яагаад ингэж байгаа юм бэ гэсэн чинь ахыгаа уулаарай би санахгүй байна гээд байсан. Манай ээж болохоор архи ууж байгаад хардаад зодсон гэж надад хэлсэн, хоолны заазуураар гэдэс зүссэн гэж надад хэлсэн. Тэр заазуур нь 2016 оны 06 дугар сарын 27-ны шөнө барьж аваад миний гарыг зүссэн заазуур байгаа юм. Тэрийг цагдаад хураалгасан байгаа. Болд өөрөө болохоор санахгүй байна гээд байсан. Би гомдолтой байна. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй, гараа болгоод одоо эдгэрсэн байгаа. Надад нэхэмжлэх зүйл байхгүй байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 165-167/

Гэрч Ч.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2016 оны 06 сарын 21-ний өдөр Борын хамтран амьдрагч нь болох Болд гэх залуу надруу утсаар яриад би хотоос ирчихлээ Борынд хүрээд ир гээд утсаар дуудахаар нь би өөрийн эхнэр болох Эрдэнэцогтын хамт гэрт нь очсон чинь гэрт нь Бор, Болд хоёр хоёулахнаа байсан ба Болд нь хотруу яваад ирлээ гээд ундааны саванд хийсэн спирт гаргаж ирээд тэрийг нь усаар найруулаад 0,5 литрийн хэмжээтэй 2 шил архи болгон найруулж уусан тэгээд дараа нь бас нэг 0,75 литрийн хэмжээтэй ерөөл нэртэй архи гаргаж ирээд бид дөрөв хувааж уугаад би эхнэр Эрдээнцогтын хамт бүр согтоод тасраад унтчихсан байсан. ... Би согтоод унтаж байхад ямар асуудал болсныг мэдэхгүй байна. Харин сүүлд наадмын өмнө Бор надруу утсаар яриад Болд миний гэдсийг хутгаар зүсчихсэн гэж хэлж байсан. Яг хэзээ хутгаар зүссэн гэдгийг нь бол хэлээгүй, тэр үед бид дөрөв архи ууснаас хойш манай эхнэр бид хоёр Бор, Болд хоёртой уулзаагүй. Бортой нэг л удаа утсаар ярьсан. Тэгж ярихдаа л тэгж хэлж байсан. Бор надтай утсаар ярихаа хэзээ, юугаар зүссэн, юунаас болоод зүссэн талаар нарийн ширийн зүйл яриагүй, би ч тодруулж асуугаагүй. Болд гэдэс хутгаар зүссэн л гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178-180/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 04 сарын 22-ны өдрийн 195 тоот шинжээчийн 1. Б.Сангибатын биед баруун шанаа, зүүн 1,2-р хуруу төвөнхөнд шарх, гэмтлүүд үүссэн байна. 2. Үүссэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1-р хх-ийн 110/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 06 сарын 30-ны өдрийн 340 тоот шинжээчийн: 1. Ц.Борын биед хэвлийд шарх, баруун бугалганд цус хуралт гэмтлүүд үүссэн байна. 2. Үүссэн гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /1-р хх-ийн 193/

Шүүгдэгч Ц.Болдын мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд гаргасан:

2016 оны 04 сарын 16-ны өдөр Садын Болд гэх хүнтэй зодоон хийсэн чинь тэр хүн надаас зугтаачихсан, тэгээд би араас нь хөөж явж байгаад нэг хашааны хаалга онгорхой байхаар нь тэр Садын Болдынх юм байна гэж бодоод гэрт нь ороход нэг эрэгтэй хүн ганцаараа зурагт үзээд байж байсан тэгээд би Садын Болдынх уу гэсэн чинь юу хуцаад байгаа юм гээд бид хоёр маргалдаад барилцаж авсан. Би түүнийг яаж гэмтээснээ санахгүй байна. Одоо бодоход гарыг нь зүссэн санагдаад байгаа юм.

2016 оны 04 сарын 23-ны өдөр манай гэрийн ар талын хашааны гадаа хар өнгийн хятад мотоцикпь байж байхаар нь асааж унаад эгч Уртнасангийн хашаанд аваачиж тавьсан.

2016 оны 06 сарын 20-ны өдөр миний хамтран амьдарч байсан Ц.Бор нь найз Эрдэнэцогт, Дуламсүрэн нарын хамт архи уугаад намайг архинд явъя гэхээр нь би явахгүй гэсэн чинь новшоо зайл гээд байхаар нь унт гэж дарж унтуулах гэсэн чинь урдаас нулимаад байхаар нь бид хоёр маргалдсан. Дараа нь үзэхэд гэдэс нь зүсэгдчихсэн байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 210-221/

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 3-5, 64-71, 128-134/

-Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2016 оны 05 сарын 18-ны өдрийн 423 дугаартай эд зүйл үнэлсэн тухай тайлан /1-р хх-ийн 43-45/

-Баянхонгор аймгийн ЗДТГ-ын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2016 оны 07 сарын 20-ны шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 52-53/

-хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 14-149/

-эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 150/

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 153-154/

-Ц.Болдын иргэний үнэмлэхний хуулбар /1-р хх-ийн 224/

-Ц.Болдын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 225, 227/

-Баянхонгор сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 226/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Болд нь 2016 оны 04 сарын 16-17-нд шилжих шөнө 22 цагийн үед архидан согтуурсан үедээ Баянхонгор сум 9-20-10 тоотод оршин суух Б.Сангибатын гэрт дайран орж, шалтгаангүйгээр Б.Сангибатын эрх чөлөөнд халдан хутгыг зэвсгийн чанартай ашиглаж Б.Сангибатын шанаа, төвөнх, гарын хуруу зэргийг хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

мөн шүүгдэгч Ц.Болд нь 2016 оны 04 сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-02-28 тоот хашаанаас иргэн Ц.Мөнхбатын эзэмшлийн 22-76 БНЗ улсын дугаартай хар өнгийн Мустанг-5 маркийн мотоциклийг хулгайлсан,

мөн шүүгдэгч Ц.Болд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 06 сарын 20-ны өдөр Баянхонгор сум 6-03-03 тоотод хамтран амьдрагч Ц.Бортойгоо хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар Ц.Борын хэвлийн тус газар хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийг тухайн гэмт хэргүүдийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд тус аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Болдод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 145 дугаар зүйлийн 145.1, 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч Ц.Болдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, танхайрах гэмт хэргийг догшин авирлаж, урьд нь энэ гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд, давтан, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн ангилал, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэрэгтээ өгч байгаа дүгнэлт, гэмшиж байгаа байдал, хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Болдод ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн болон ар гэрийн байдал, хохирлын хэр хэмжээ, учруулсан хор уршгийн шинж чанар, зэрэг байдлыг харгалзсан болно.

Ц.Болд согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Хохирогч Ц.Бор нь 500.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтгүй байх тул хохиролын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Хохирогч Б.Сангибат болон Ц.Мөнхбат нар нь хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн болно.

Шүүгдэгч Ц.Болд нь урьд Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2009 оны 01 сарын 19-ний өдрийн №14 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2010 оны 07 сарын 16-ны өдрийн №70 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар, Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 11-ний өдрийн №129 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 06 сар 05 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэхь хэсэгт заасан үндэслэлээр түүнийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох нь зүйтэй байна.

Уг хэргийн улмаас шүүгдэгч Ц.Болд нь 99 /ерин ес/ хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн хутга 2 ширхэг, заазуур 1 ширхэгийг устгаж шийдвэрлэв.

Уг хэрэгт шүүгдэгч Л.Болдын эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий мөлхөө тавилгыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгов.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Зэндмэн овогт Цэвэлийн Болдыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг хулгайлах, догшин авирлаж, урьд нь энэ хэрэгт шийтгүүлсэн этгээд, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэхь хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар долоон жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Ц.Болдыг тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэхь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сарын хугацаагаар баривчлах хөнгөн ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэхь хэсэгт зааснаар оногдуулсан хоёр сарын хугацаагаар баривчлах хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан долоон жилийн хугацаагаар хорих хүнд ялд багтаан шүүгдэгч Ц.Болдын биечлэн эдлэх ялыг долоон жилийн хугацаагаар тогтоосугай.

4. шүүгдэгч Зэндмэн овогт Цэвэлийн Болдыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэхь хэсэгт зааснаар онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Болдод оногдуулсан долоон жилийн хугацаагаар хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Ц.Болдын цагдан хоригдсон 99 /ерин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг хутга, 1 ширхэг заазуурыг устгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Болдын эзэмшлийн 350.000 төгрөгийн үнэ бүхий мөлхөө тавилгыг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч Ц.Болд нь бусдад нотлох баримтаар төлөх төлбөргүй, хохирогч нар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журамаар хохиролоо нэхэмжлэх эртэй болохыг дурьдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг бөгөөд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Болдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2016 оны 10 сарын 05-ны өдрөөс тоолсугай.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Болдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.