Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 118/ШШ2022/0020

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.******* 

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын Засаг дарга

Хариуцагчийн өмгөөлөгч Б.*******

Хариуцагч ******* сумын Засаг даргад холбогдох төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******, хариуцагч ******* сумын Засаг дарга С.*******, хариуцагчийн өмгөөлөгч Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар  оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь ******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/01 дүгээр, 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/16 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: овогтой ******* миний бие Завхан аймгийн ******* сумд төрсөн. 1999 онд ******* сумын ерөнхий боловсролын сургуульд суурь боловсрол эзэмшсэн. 2001 онд Улиастай сумын 1 дүгээр сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшиж, 2005 онд Ховд их сургуульд Газарзүйн багш мэргэжлээр төгссөн. Тухайн үеийн сумын засаг дарга Ц.******* нь надад сумын засаг даргын тамгын газрын дарга нь өөр ажил албан тушаалд шилжсэнтэй холбогдуулан тамгын газрын даргын сул орон гарсан тул сумын засаг даргын тамгын газрын даргаар ажиллах санал тавьж тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг боловсрол, туршлага, ур чадвартай хэмээн дүгнэж тус сумын засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилогдсон.  2020 оны 11 дүгээр сард төрийн албан хаагчийн ерөнхий шалгалтад орж 89 оноо авч тэнцсэн. Тухайн ахлах түшмэл албан тушаалын тусгай шалгалтыг соvіd-19 цар тахлын улмаас тус онд зохион байгуулаагүй. 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд шинэ засаг дарга томилогдсон. Томилогдсоноосоо хойш байгууллагын болон байгууллагын дарга нарын хурал дээр өөрийн багийг бүрдүүлэн ажиллана, ажлаас чинь чөлөөлнө гэх мэтээр зүйл ярьж байсан. Завхан аймгийн ******* сумын засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлсөн. Тус Захирамж нь хууль зүйн үндэслэлд Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр тогтоолыг үндэслэн ажлаас чөлөөлсөн ба 2020 онд Тухайн ахлах түшмэл албан тушаалын тусгай шалгалтын тов зарлагдаагүй тул тус захирамж нь хуулийн үндэслэлийг хангаагүй гэж үзэж байна. Мөн Сумын засаг даргын 2022 оны 01 сарын 31-ны өдрийн Б/02 тоот захирамжаар тамгын газрын даргын албан тушаалд төрийн албанд ажиллаагүй, төрийн албаны дадлага туршлагагүй, төрд ажиллаж үзээгүй хүнийг буюу А.******* гэдэг хүнийг томилж байгаа нь хууль бус ба ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзэж байна. Миний бие 2018 онд буюу төрийн албаны 2019 оны хууль үйлчлэхээс өмнө томилогдсон ба сумын засаг дарга намайг шаардлага хангахгүй гэж чөлөөлөөд төрийн албанд ажиллаж үзээгүй хүнийг томилж байгаа нь хууль бус юм. Хэрэв намайг шаардлага хангахгүй гэж үзвэл сонгон шалгаруулалт зарлах ёстой ба намайг тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл ажиллуулах ёстой гэж үзэж байна. Тухайн гомдлоо дээд шатны засаг дарга болох Завхан аймгийн засаг дарга болон төрийн албаны зөвлөлийн Завхан аймаг дахь салбар зөвлөлд 2022 оны 02 сарын 28-ны өдөр зэрэг гаргаж, мөн 2022 оны 03 сарын 02-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан боловч аймгийн засаг даргаас бусад нь одоог хүртэл хариу өгөөгүй тул танай шүүхэд хандаж байна. ... Би Төрийн албаны тухай хуулийн дагуу тусгай шаардлага хангаагүй байсан боловч намайг түр орлон гүйцэтгэгчээр томилох боломжтой байсан. Энэ албан тушаалаас намайг чөлөөлөөд энэ албан тушаал дээр 2-3 хүн ажиллуулсан нь намайг ажиллуулахгүй гэсэн ашиг сонирхол байсан гэж үзэж байна. А.******* Засаг дарга болон Хурлын даргаас ажил гуйж удаа дараа ирж байсан. Бүр А.Аюурзанын нөхөр нь хүртэл морьтойгоо Тамгын газрын албан конторт согтуу орж ирж агсам согтуу тавьж байсан. Үүнээс болж Аюурзаныг томилсон гэж үзэж байна. Мөн одоогоор Тамгын газрын даргын үүргийг хавсран гүйцэтгэж байгаа Н.******* нь С.******* даргатай бүл ах дүүсийн хүмүүс байгаа. Би 2022 оны 02 сараас хойш ажилгүй байгаа. Амьдрал хүнд, юмны үнэ нэмэгдсэн ийм нөхцөл би цалингийн зээл өндөртэй, ахуйн зээлтэй амьдарч байна. Би гэнэт ажилгүй болсон тул Засаг даргаас ажил горилж ажилд орох гэж Засаг дарга дээр удаа дараа орж миний ажлыг дүгнээд өгөөч би ажилд эртхэн ормоор байна, сонгон шалгаруулалтад ормоор байна гэсэн боловч миний ажлыг дүгнэж өгөхгүй байсан. Тийм учраас Хүний эрхийн комисст хандаж байж орлогч дарга нь ажил дүгнэж өгсөн. Өмнө нь би 4 сард тусгай шалгалтад ороод ажилд орох боломжтой байсан боловч ажил дүгнээгүйгээс болж тусгай шалгалтад орж чадаагүй. Тэгээд дараа нь тусгай албан тушаалын шалгалт өгч байж гэрээсээ хол Улиастай сумд ажил эрхэлж байна. Миний хүүхдүүд сум орон нутагтаа эцэг эхийн хараа хяналтгүйгээр бие даан амьдарч байна гэв.

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нэхэмжлэгч тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч байгаа. Сүүлийн 2-3 жилийн үр дүнгийн гүйцэтгэлийн үнэлгээгээр 90 хувьтай буюу маш сайн гэж дүгнэгдсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл авч байгаагүй. Гэтэл хариуцагчаас үндэслэлгүйгээр 2022 оны Б/01 тушаал гаргаж нэхэмжлэгчийг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн. Улмаар Б/02 дугаартай тушаал гаргаж тухай өдрөө Аюурзаныг томилсон байдаг. Нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон гэж ажлаас нь чөлөөлсөн. Энэ сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байсан. Гэтэл тухайн ажиллаж байх хугацаанд цар тахлын үе байсан учраас сонгон шалгаруулалт зарлагдаагүй. Ийм учраас нэхэмжлэгч сонгон шалгаруулалтад оролцох эрхээ эдэлж чадаагүй. Тийм учраас сонгон шалгаруулалтыг зарлах хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх биш түр орлон гүйцэтгэгчээр томилоод тухайн албан тушаалд дараа дараагийн хүнийг томилохгүйгээр Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрлөх эрхийг нь хангаж ажиллуулах байсан боловч энэ эрхийг нь эдлүүлэхгүйгээр шууд ажлаас нь чөлөөлсөн. ... Төрийн албаны зөвлөлийн албан бичгүүд болон хариуцагчийн албан бичгүүдэд дурдагдсан гомдол мэдээлэл гэх зүйл байхгүй. Хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт байхгүй. Хариуцагч ч өөрөө тайлбартаа энэ талаар хэлсэн. Тэгэхээр тухайн үед ямар нэгэн гомдол гараагүй байна. Нэхэмжлэгчийг маргаан бүхий албан тушаалд шууд томилсон гэж байна. Энэ бол нэхэмжлэгч хамааралгүй. Тухайн үед ажиллаж байсан Засаг дарга эрх хэмжээний хүрээнд шийдсэн. Нэхэмжлэгч бол төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн байгаа. Тангаргийн хуудас нь хэрэгт авагдсан. Төрийн албаны нөөцөд бүртгэлтэй байгаа. Ажилласан жилийн шаардлагын хувьд сонгон шалгаруулалт зарласны дараа төрийн албанд 8 жил ажилласан гэх тусгай шаардлагыг хангасан эсэхийг Төрийн албаны салбар зөвлөл шийднэ. Түүнээс Засаг дарга шийдэхгүй. Энэ бол Төрийн албаны салбар зөвлөлийн бүрэн эрхийн асуудал. Хэрвээ сонгон шалгаруулалтыг тухайн үед зарласан бол орох эрх нь нэхэмжлэгчид нээлттэй байсан. Сонгон шалгаруулалтыг зарлах хүртэлх хугацаанд нэхэмжлэгч түр орлон гүйцэтгэгчээр ажиллаад явах боломжтой байсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага буюу маргаан бүхий Б/01, Б/16 дугаартай захирамжуудыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговрыг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэж хүсэж байна гэв.

4.Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.******* нь уг албан тушаалд 2019 онд томилогдсон. Томилогдохдоо тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Төрийн албаны тухай хууль, бусад хууль журмыг зөрчиж ахлах түшмэлийн шаардлага хангахгүй, төрийн албаны шалгалтад ороогүй, илт хууль бус томилгоотой  байсан Засаг даргын Тамгын газрын дарга Б.*******ыг Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр  тогтоолын хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны зөвлөлийн тогтоол зэргийг үндэслэн Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн захирамжаар хуулийн хүрээнд ажлаас чөлөөлсөн. Дээрх захирамжийн үндэслэлд Б.*******аас тухайн ажлын байрны тусгай шаардлага хангаагүй, тусгай шалгалт болон ерөнхий шалгалт /томилогдохдоо/ өгөөгүй талаарх хэм хэмжээг тухайлан заасан тус захирамжийг гарахын өмнө Б.*******аас тайлбар авсан. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 411 дүгээр тогтоолд заасны дагуу тухайн ажлын байрны тусгай шаардлага хангаагүй, тусгай шалгалт өгөөгүй томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөх заалтын хүрээнд Засаг дарга шийдвэр гаргасан. Түүнчлэн энэ шийдвэрийг гаргахын өмнө Монгол Улсын Төрийн албаны Зөвлөлөөс  Б.*******ын материалыг татан авч, хянан үзэж тухайн ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод тэнцэхгүй хууль бус томилогдсон болохыг тогтоон сумын удирдлагад мэдэгдсэний дагуу сонсох ажиллагаа хийж, хууль эрх зүйн бүрэн үндэслэлтэй шийдвэр гаргаж чөлөөлсөн. ... Тамгын газрын даргын албан тушаалын шаардлагад 8-аас дээш жил төрийн албанд ажилласан, үүнээс 4-өөс доошгүй жилд нь дэс түшмэлээр ажилласан байх шаардлага тавигддаг. Ийм учраас Б.******* энэ шаардлагад нийцээгүй. Бид 1 жил гаран хамтарч ажилласан. Ажиллах хугацаанд зөрж байсан зүйл байгаагүй, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг. Заримдаа хариуцлагагүй байдаг, байгууллагын нууц гадагш задруулсан хэрэг гарсан. Гэхдээ хамтран ажиллаж ирсэн. Ингээд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоол дээр төрийн албан тушаалд тусгай шаардлага хангаагүй томилогдсон албан хаагчдыг 31-ний өдрөөр чөлөөл гэсэн байсан. Харин би 2 сард чөлөөлсөн гэв.

5. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч албан тушаалын тодорхойлолтыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хувиар байхгүй гэж байгаа. Хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******ын тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагч гэж тайлбарлаад байна. Анх томилогдохдоо төрийн албаны тангараг өргөөгүй, төрийн албаны шалгалт өгөлгүйгээр томилогдсон болох нь Төрийн албаны зөвлөлийн албан бичгээс тодорхой харагддаг. Өөрөөр хэлбэл Төрийн албаны зөвлөлийн албан бичигт Б.*******ыг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх боломжгүй тул гомдлыг хүлээж авахгүй гэсэн байдаг. Мөн энэ албан бичигт Б.*******ыг Төрийн албаны шаардлага, Төрийн албаны тухайн үеийн хуульд зааснаар төрийн албаны шалгалтад оролгүйгээр томилогдсон, Улсын Их хурлын тогтоолыг зөрчсөн, албан тушаалын шаардлага хангахгүй байгаа гэдгийг тодорхой зааж өгсөн. Ийм нөхцөл байдлууд байгаа учраас гомдлыг нь хүлээж авахгүй гэсэн байна. ******* төрийн жинхэнэ албан хаагч хэзээ болсон гэхээр 2022 оны 05 сард нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаал дээрээ болсон байна. Төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоолд шалгалтад тэнцээгүй, шалгалтгүйгээр томилогдсон, тусгай шалгалт өгөөгүй хүмүүсийг чөлөөлж тайланг ирүүл гэсэн байгаа. Энэ дагуу чөлөөлөх үндэслэл бүрдсэн байна. Б.******* нь 2018 он хүртэл газар зүйн багшаар ажиллаж байсан байна. Энэ бол төрийн үйлчилгээний албан тушаал.  Мөн дэс түшмэл буюу төрийн захиргааны албан тушаалд ажиллаагүй байна. Хууль гарснаас хойш дэс түшмэлээр 4 ажилласан байх шаардлагад хүрээгүй байсан байна. Төрийн албаны шалгалтад ороогүй байна. ... Хуульд нийцүүлж томилогдоогүй учраас хуульд нийцүүлж ажиллуулах боломжгүй. Тийм учраас та Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулсан байна. Үүн дээр Хүний эрхийн үндэсний комиссын бичиг шаардлагагүй гэж үзэж байна. Төрийн албаны зөвлөлд хандсан байна. Хариу нь ирсэн байна. Зарим шаардлагыг хангахгүй байна гэдэг зүйлийг ярьсан байна. Ингээд Б.*******ыг чөлөөлөх үндэслэл захирамжид дурдсанаар Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан мэргэшилтэй байх, тогтвортой байх шаардлагыг хангаагүй байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5-д заасан тусгай шаардлагыг хангаагүй нь нэхэмжлэгчийг чөлөөлөх нэг үндэслэл болсон байна. Үүнийг буруутгах боломжгүй. Өөрөөр хэлбэл Б.*******ын ажилд эгүүлэн томилох үндэслэл байхгүй. Мөн ахлах түшмэл буюу ТЗ-9 өөр ажиллаж байгаа мөртөө тухайн үед төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгөөгүй, шаардлага хангаагүй байна. Төрийн албаны тусгай шалгалт хүртэл намайг томилох ёстой байсан гэж маргаж байгаа боловч заавал Б.*******ыг томилж 4 жилийн 50 хувийг нь гүйцээх ёстой биш. ... Мөн та төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ******* сумын Засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/01 дугаар болон Засаг даргын Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын тухайд:

2.1  Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд Төрийн албаны зөвлөл болон ******* сумын Засаг даргаас нотлох баримт гаргуулах, гуравдагч этгээдээр Н.*******г оролцуулах хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг хэлэлцэн хангахаас татгалзаж, уг захирамжид гомдол гаргах эрхгүй гэж үзэн шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тухайн захирамж нь гомдол гаргах эрхтэй захирамж гэж үзэн шүүх хуралдааны үеэр гомдлоо цахимаар тус шүүхэд ирүүлсэн байна.

2.2  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “... энэ хуулийн 32.6, ..., гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан шүүгчийн захирамжид гомдол гаргах”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 “... шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй,... баримтыг хэргийн нотлох баримтаас хасах ...”, 22 дугаар зүйлийн 22.1 “үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж заасан байна.

2.3  Тус шүүхээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Төрийн албаны зөвлөл болон ******* сумын Засаг даргад иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийг нотлох баримтаар гаргуулах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д заасан “... шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй,... баримтыг хэргийн нотлох баримтаас хасах” агуулгагүй тул тухайн захирамжид гомдол гаргах эрх хуулиар хязгаарлагдсан байна.

2.4 Түүнчлэн Н.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаагүй, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааныг шийдвэрлэх шүүхийн шийдвэрийн үр дагавраар хуульд заасан үндэслэлээр түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Н.*******гийн эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж шүүгч үзсэн тул гуравдагч этгээдээр оролцуулахаас татгалзсан захирамжид Н.******* гомдол гаргах эрхтэй ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй болохыг дурдаж шийдвэрлэсэн болно.

2.5 Б.*******ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр О.******* цахимаар оролцсон ба шүүх хуралдаан даргалагчийг танилцуулж, татгалзан гаргах эрхтэйг тайлбарлаж, шүүгчээс татгалзах хүсэлт нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.*******аас гараагүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр Н.*******г оролцуулах, Төрийн албаны зөвлөл болон ******* сумын Засаг даргаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэлэлцэж, захирамжаар шийдвэрлэж шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсны дараа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад шүүх хуралдаан даргалагчаас татгалзах хүсэлт гаргасан байна.

2.6 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д “Шүүх хуралдаан даргалагчийг зарлан,... татгалзан гаргах эрхтэйг тайлбарлана”, 94.2-т “Татгалзан гаргах хүсэлтийг энэ хуулийн 85 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ”, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “... шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогчийн төлөөлөгч гаргаж болно” гэж заасан ба ингэхдээ тус хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгчийг татгалзан гаргах эрхтэйг тайлбарлах үед хүсэлтээ гаргахаар байх ба шүүх хуралдааны дэг, дараалал, журам зөрчиж шүүгчээс татгалзах эрхийг тайлбарлах үед гаргаагүй татгалзлыг шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд гаргасныг хүлээн авч хэлэлцүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзэж шүүх шийдвэрээ гаргасан болно.

3. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.1 Хариуцагч ******* сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/01 дүгээр захирамжаар тус Засаг даргын Тамгын газрын дарга нэхэмжлэгч Б.*******ыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.1.22, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 23 дугаар зүйлийн 23.2, 46 дугаар зүйлийн 46.2, 46.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх заалт, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ажлаас нь чөлөөлсөн байна.

3.2 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-д сумын Засаг дарга “хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны Засаг даргын шийдвэрийг хэрэгжүүлэх”, 59.1.22-т “... тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Засаг дарга ... өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т төрийн алба “мэргэшсэн, тогтвортой байх”, 23 дугаар зүйлийн 23.2-т “... төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 22.1-д заасан нийтлэг шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно”, 46 дугаар зүйлийн 46.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг дараах үндэслэлээр төрийн албанаас чөлөөлнө”, 46.2.5-д “хуульд заасан бусад үндэслэл”, Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д “... хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд ... ажил олгогч ... тэтгэмжийг нэг удаа олгоно”, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 411 дүгээр тогтоолд “...төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр, ..., тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг ... чөлөөлөх”-өөр заасан байна.

3.3 Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс хариуцагч нь маргаан бүхий Б/01 дүгээр захирамжийг гаргахдаа “... тухайн ахлах түшмэлийн албан тушаалын тусгай шалгалтын тов зарлагдаагүй байхад ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй, тухайн ажлын байрны сонгон шалгаруулалтын дүн гарах хүртэл ажиллах ёстой гэж”, хариуцагчаас “Б.******* нь Төрийн албаны тухай хууль бусад хууль журмыг зөрчиж ахлах түшмэлийн шаардлага хангахгүй, төрийн албаны шалгалтад ороогүй, илт хууль бус томилгоотой тул Төрийн албаны зөвлөлийн 411 дүгээр тогтоолын хүрээнд  ажлаас чөлөөлсөн” гэж тус тус маргаж байна.

3.4 Нэхэмжлэгч Б.******* нь ******* сумын ерөнхий боловсролын сургуульд түүх газар зүйн багшаар 2006-2018 он хүртэл ажиллаж байгаад тус сумын Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авах зохицуулалт, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ыг зөрчиж төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдээгүй, тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон болох нь тогтоогдож байна.

3.5 Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.1-д “төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.3-т “Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт /цаашид "мэргэшлийн шалгалт" гэх/ авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ”, 17.4-т “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс уг албан тушаалд тавих онцлог шаардлагыг харгалзан шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэжээ.

3.6 Төрийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 65 дугаар зүйлийн 65.6-д “Зөвлөл эрх хэмжээнийхээ хүрээнд тогтоол гаргана. Зөвлөлийн шийдвэрийг холбогдох этгээд заавал биелүүлнэ” гэж заасны дагуу хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр тогтоолд  ... төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг ... чөлөөлөх” заалтыг хэрэгжүүлж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй байна.

3.7 Учир нь нэхэмжлэгч Б.******* нь ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд анх томилогдохдоо Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангаагүй, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны нөөцөд бүртгэгдээгүй, төрийн жинхэнэ албаны сонгон шалгаруулалтад оролцоогүй байхдаа томилогдсон тул түүнийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үзэх үндэслэлгүй ба Төрийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасан “энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх” төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдахгүй юм.

3.8 Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр ******* сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн “Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна. 

4. Нэхэмжлэгч Б.******* нь анх ******* сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаар А.Аюурзаныг Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.

4.1 Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж буй ******* сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн А.Аюурзаныг Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Б/02 дугаар захирамжийг 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Б/03 дугаар захирамжаар хүчингүй болгож, М.*******г түр орлон гүйцэтгэгчээр томилсон ба 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/16 дугаар захирамжаар Н.*******г Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна.

4.2 Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны явцад ******* сумын Засаг даргын Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Н.*******г Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгуулах гэж тодруулсан ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах эрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль үе шатанд хэрэгжих боломжтой ба тухайн шаардлагад холбогдох баримтыг шинжлэн судалж, шүүх хуралдаанд хэргийн оролцогчдын тайлбарыг авч мэтгэлцүүлсэн болно.

4.3 Шүүхээс нэхэмжлэгчийг ******* сумын Засаг даргын Тамгын газрын даргаас чөлөөлсөн хариуцагчийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/01 дүгээр захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тул уг шийдвэрийн эрх зүйн үр дагавраар эрх зүйн үйлчлэл нь тодорхойлогдох, Н.*******г Засаг даргын Тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр томилсон ******* сумын Засаг даргын 2022 оны Б/16 дугаар захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.1.22, 66 дугаар зүйлийн 66.1 Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, Төрийн албаны тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******ын “******* сумын Засаг даргын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн Б/01, 2022 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн Б/16 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Засаг даргын Тамгын газрын даргын ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын  шимтгэлээ зохих санд төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         Ч.ЦЭНД-ОЧИР