Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 142/ШШ2021/00566

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Е овогт Сийн А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Баянцагаан баг, Эрх чөлөөний өргөн чөлөө, өөрийн байранд байрлах Орхон аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох,

Цалингийн зөрүү 7 578 190 төгрөг гаргуулах, сар бүрийн дундаж 126 302 төгрөгийг тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр нэмж тооцуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бадмааравдан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Сийн А би Цагдаагийн байгууллагад 1991 оноос 2018 хүртэл 27 жил ажиллаж Монгол улсын “Цэргийн алба хаагчын тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх үүсч, 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон билээ. Гэтэл намайг Цагдаагийн байгуулагад ажиллаж байх үед буюу цалин нэмэгдээгүйн улмаас дараах хохирол учир байгаа тул хууль заасан журмын дагуу шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Монгол улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр “Цагдаагийн байгууллагын талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын нэгдүгээр хавсралтын 1 дэх хэсэгт Цагдаагийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн алба хаагчийн албан тушаалын үндсэн цалингаас дор дурьдсан хувиар бодож олгоно” гээд 18 ба түүнээс дээш хугацаагаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээ 20 хувиар гэж, мөн журмын 3 дахь хэсэгт “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно” гэж тус тус заажээ. Энэ үед С.А би Цагдаагийн байгууллагад 23 жил ажилласан учир дээрх заалтанд хамрагдаж, цалин нэмэгдэх үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Мөн Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/248 дугаар тушаалаар батлагдсан “Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам /код 924/-ын 924.5.4 дэхь хэсэгт Төрийн тусгай алба хаасан нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцоно гэжээ. Тухайлбал 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20-45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох“ гэж заажээ. Гэтэл орон нутгийн цагдаагийн байгууллагын алба хаагчдын цалинг нэмэгдүүлээгүй атлаа Цагдаагийн ерөнхий газрын төв байрны алба хаагчид болон зарим байгууллага Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоол батлагдсан тэр үеэс алба хаагчиддаа 45 хувийн нэмэгдлийг олгож байсан байна. С.А миний тухайд Цагдаагийн нягтлан бодогчоор бодуулахад 2014 оны 04 дүгээр сараас, цэргийн байнгын тэтгэвэрт гарсан 2018 оны 03 дугаар сар хүртэл нийт 7 578 190 төгрөгний цалингийн зөрүү, сар бүрийн дундаж 126 302 төгрөгний зөрүү гарч байна. Энэхүү зөрүү нь С.А миний цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгоход нөлөөлж, тэтгэвэр бага тогтоогдсон тул дээрх сар бүрийн дундаж 126 302 төгрөгийг тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр нэмж тооцуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дамчаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч С.Аын Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 16.5.3 дахь заалтад “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж тус тус зохицуулсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл цагдаагийн байгууллагын бүхий л үйл ажиллагаа улсын төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг төрийн тусгай алба юм. Засгийн газрын 2014 оны “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 99 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дахь заалтад “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно.” гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-д “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх” гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тоггоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-ээс ахлагч бүрэлдэхүүн, 08 дугаар сарын 01-ээс офицер бүрэлдэхүүний төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцон олгож хэрэгжүүлээд байна. Иймд нэхэмжлэлд дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг цагдаагийн байгууллагын зүгээс санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан байхад байгууллагаас шаардах нь хууль зүйн үндэслэлгүй юм.

2.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна.” гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ” гээд “төрийн тусгай алба хаасан хугацааны”, “албан ажлын онцгой нөхцөлийн”, “цагдаагийн мэргэжлийн зэргийн”, “эрдмийн зэрэг, цолны”, “хуульд заасан бусад” гэж тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлстэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2-т зааснаар гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Орхон аймаг дахь Цагдаагийн газар шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Сийн Аын танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

1.3асгийн газрын 2014 оны “Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай” 99 дүгээр тогтоолын хавсралтын 3 дахь заалтад “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно.” гэсний дагуу 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20 буюу нийт 45 хувийн нэмэгдлийг авах заалттай. С.А нь өөрийн ажиллаж байх хугацаанд энэхүү нэмэгдлийг тооцож олгох ёстой байсан, аймгийн цагдаагийн газраас энэ үүргээ биелүүлээгүй гэж үзэж, өөрийн цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр зөрүү 126 032 төгрөгийг нэмж тооцуулахаар нэхэмжлэл гаргажээ. Тус цагдаагийн газраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт “Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд 16.5.3 дахь заалтад “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;” гэж тус тус зохицуулсны дагуу Цагдаагийн ерөнхий газраас өөрийн газарт оногдсон төсвийг зориулалтын дагуу зарцуулж байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тус газрын бүхий л үйл ажиллагаа улсыг төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг. Монгол Улсын Их Хурлын 2017 оны 29 дүгээр тогтоолын 4-д “төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2017-2018 онд одоогийн түвшинд хэвээр хадгалах буюу царцаах, цалин хөлсийг цаашид нэмэгдүүлэх асуудлыг 2019 оноос төсвийн боломжтой уялдуулан шийдвэрлэх” гэсэн заалтын дагуу тухайн үед төсөвт тусган төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг шийдвэрлэх боломжгүй байсан ба дээрх тогтоолыг 2018 оны 79 дүгээр тогтоолоор хүчингүй болгож 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсноор Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа төсөв тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж, мөн 2019 оны төсвийн төсөлд тусгуулах ажпыг цагдаагийн төв байгууллагаас үе шаттайгаар зохион байгуулсан. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого. даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэнэ. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан даатгуулагч шимтгэлийг бэлнээр төлж болно”, 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ” гээд 1 дэх заалтад “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх;” гэж тус тус зохицуулсан байгаагаас үзвэл цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа авч байгаагүй цалин хөлснөөс зөвхөн шимтгэл тооцон олгох боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн үед цагдаагийн байгууллагаас санаатайгаар бууруулж олгосон үйлдэл байхгүй бөгөөд улс орны эдийн засгийн байдал, төсвийн хүрэлцээгүйгээс шалтгаалан тухайн үед олгох боломжгүй байснаас шалтгаалсан олгоогүй байхад зөвхөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх тухай асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр хандсан нь хууль зүйн үндэслэлгүй.

2.Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна” гэж заасан. Цагдаагийн албаны тухай хуулийн 87.9 дэх хэсэгт “Цагдаагийн алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цолны цалин болон доор дурдсан нэмэгдлээс бүрдэнэ” гээд “төрийн тусгай алба хаасан хугацааны”, “албан ажлын онцгой нөхцөлийн”, “цагдаагийн мэргэжлийн зэргийн”, “эрдмийн зэрэг, цолны”, “хуульд заасан бусад” гэж тогтоосон. Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн.” гэж заасан, нэхэмжлэгч нь “Үр дүнгийн гэрээ” байгуулж ажиллаж байсан ба өөрт олгогдох ёстой байсан нэмэгдэлд тооцогдох шимтгэлийг нэхэмжилж байгаагаас үзвэл захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж үзэх тул уг маргаан нь иргэний хэргийн бус захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх магадлалтайг анхаарч үзэх нь зүйтэй. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална”, 5.2 дахь хэсэгт “Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим дараах байдлаар хэрэгжинэ” гэж тус тус зохицуулсан. Дээр дурдсанчлан тус цагдаагийн газар нь Цагдаагийн ерөнхий газраас хуваарилсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд заагдсан зориулалтаас гадуур мөнгө зарцуулах эрхгүй тул уг маргааны хариуцагч нь цагдаагийн төв байгууллагын дарга байх нь хуульд нийцэж байна.

3. Тухай маргааныг иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзсэн ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.” гэсэн зохицуулалттай бөгөөд нэхэмжлэлд дурдсан цалин хөлс, шимтгэл нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэж тус тус заажээ. Иймд Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч Орхон аймаг дахь Цагдаагийн газарт холбогдуулан 2014 оны 04 дүгээр сараас цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгох хүртэл хугацааны цалингийн зөрүү 7 578 190 төгрөг гаргуулах, сар бүрийн дундаж 126 302 төгрөгийг тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр нэмж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Орхон аймаг дахь Цагдаагийн газар болон томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчид болох Б.О, Х.Н нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцдэг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч С.А нь Чойр хотын АХГЗахиргааны Цагдаагийн хэлтсийн даргын 1991 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаар тушаалаар 1991 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эрүүгийн төлөөлөгчөөр, ЦЕГ-ын даргын 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 303 дугаар тушаалаар Говьсүмбэр аймгийн ЗД-ын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн эрүүгийн алба эрхэлсэн дэд даргаар, эрүүгийн тасгийн даргаар, ЦЕГ-ын даргын 2003 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 60 дугаар тушаалаар 2003 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс Орхон аймгийн ЗД-ын дэргэдэх Цагдаагийн газарт Хэв журмын тасгийн даргаар, 2007 оны 05 дугаар сарын 18-ны өдрөөс Дархан-Уул аймгийн ЗД-ын дэргэдэх Цагдаагийн газрын Хэв журмын ахлах байцаагчаар, 2007 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс Орхон аймгийн ЗД-ын дэргэдэх Цагдаагийн газарт жижүүрийн офицероор, 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хариуцлагатай зохицуулагчаар, жижүүрийн ахлах офицероор тус тус ажиллаж байгаад ЦЕГ-ын даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/125 дугаартай тушаалаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон Орхон аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн ахлах офицерын үүрэгт ажлаас цагдаагийн дэд хурандаа цолыг хадгалуулан чөлөөлсөн болох нь Цагдаагийн ерөнхий газрын Төв архивын 2017 оны 12 дугаар сарын 25-ний өдрийн 21/3837 дугаартай лавлагаа, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 22-ний өдрийн Б/125 дугаартай тушаалын хуулбараар нотлогдож байна.

Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дугаартай Цагдаагийн байгууллагын талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдсан бөгөөд тогтоолын 1 дүгээр хавсралтын “Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 1-д Цагдаагийн алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг тухайн албан хаагчийн албан тушаалын үндсэн цалингаас дор дурдсан хувиар бодож олгон гээд “Төрийн алба хаасан 5-10 жилд 10 хувь, 11-17 жилд 15 хувь, 18 ба түүнээс дээш жилд 20 хувь” гэж, мөн журмын 3 дахь хэсэгт “Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно” гэжээ.

Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/248 дугаартай Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын есдүгээр бүлэгт багтах журам батлах тухай тушаалаар ...“Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох /код 924/ журам”-ыг баталж, журмыг алба хаагчдаар судлуулж, мөрдүүлэх, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг цагдаагийн төв байгууллага, алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт үүрэг болгож, энэ тушаал батлагдсантай холбогдуулан өмнөх тушаалаар баталсан журмуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924-т Нэмэгдэл, нэмэгдэл хөлс болон цалин тогтоох журам батлагдсан бөгөөд уг журмын 924.5.4 дэх хэсэгт Төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийн хэмжээг бодохдоо алба хаагчийн ажилласан жилийн нэмэгдлийг нэмж тооцно. Тайлбар: 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 10+15+20=45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгох гэж заасан байна.

Нэхэмжлэгч С.А нь Монгол Улсын Засгийн Газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоол болон Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924.5.4 дэх хэсэгт заасан нэмэгдлийг 2014 оны 04 дүгээр сараас цэргийн тэтгэвэр тогтоолгосон 2018 оны 03 дугаар сар хүртэл хугацаагаар тооцон үзвэл цалингийн зөрүүнд 7 578 190 төгрөг болсон ба тэтгэвэр тогтоолгох 60 сарын дундаж 126 302 төгрөгийг нэмж тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлдэг бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагааг шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байх, батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагсдын цалин хөлсийг тогтоодог бөгөөд Засгийн газрын 2014 оны 99 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхэд цалингийн зардал дутагдаж байгаа талаархи төсвийн тооцоог Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж байсан. Цагдаагийн байгууллагад ажиллаж байх хугацаандаа авч байгаагүй цалин хөлс болон шимтгэл тооцон олгох боломжгүй, нэхэмжлэлд дурдсан цалин хөлс, шимтгэл нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудалд гомдол гаргах хуулийн хугацаа дууссан, уг хэргийн хариуцагч нь Орхон аймаг дахь Цагдаагийн газар биш тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарладаг.

Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 03 дугаартай танилцуулгад ЗГ-ын 2014 оны 99 дүгээр тогтоолоор алба хаагчдын цалинг бодоход цалингийн зардал дутагдаж байгаа талаар албан бичиг танилцуулгыг бэлтгэн Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлж шийдвэрлүүлэх гэж,

ЗГ-ын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжавд хаягласан Цагдаагийн ерөнхий газрын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/58 дугаартай албан бичигт Цагдаагийн байгууллага 2016 оны төсвийн төслийг 260 тэрбум төгрөгөөр тооцож хүргүүлснээс 146.2 тэрбум төгрөгөөр батлагдсан. Батлагдсан төсөвөөр тооцоход дараах хүндрэлтэй асуудлыг тодотголоор шийдвэрлэх шаардлагатай байна. МУ-ын ЗГ-ын 2014 оны 99 дүгээр тогтоолын дагуу батлагдсан орон тооны цалинг олгогдох 9.9 тэрбум төгрөг, ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл 0.6 сая төгрөг тус тус шаардагдаж байна гэж,

УИХ гишүүн, ЗГ-ын гишүүн, ХЗДХСайд С.Бямбацогтод хаягласан Цагдаагийн ерөнхий газрын 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01/129 дугаартай албан бичигт Цагдаагийн байгууллага 2017 оны төсвийн төслийг 383.7 тэрбум төгрөгөөр тооцож хүргүүлснээс 157.5 тэрбум төгрөгөөр батлагдсан. Батлагдсан төсөвөөр тооцоход дараах зардал шаардлагатай байна. МУ-ын ЗГ-ын 2014 оны 99 дүгээр тогтоолын дагуу батлагдсан орон тооны цалинд 7.9 тэрбум төгрөг гэсэн албан бичгүүдийг хүргүүлж байсан болох нь нотлогдож байна.

Дээрхи баримтаас дүгнэвэл Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр тогтоол, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924-т зааснаар 18 ба түүнээс дээш жил ажилласан алба хаагчид 45 хувийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдлийг олгохоор заасан боловч батлагдсан төсвөөр 99 дүгээр тогтоол хэрэгжих боломжгүй байсан болох нь тогтоогдож байна.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж заасан тул Цагдаагийн ерөнхий газар өөрт оногдсон төсвийг зориулалтын дагуу зарцуулж, шийдвэрлээгүй төсвийг хэрэгжүүлэх боломжгүй байсан гэж үзнэ.

Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч С.А цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч биш тул мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэж заасны дагуу шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх байгууллагад гомдол гаргах эрхтэй” гэж заасан ба нэхэмжлэгч уг хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

Тодруулбал: Цагдаагийн Ерөнхий газар нь алба, нэгж, нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын дарга нарт хандаж, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2015 оны А/124, А/125 дугаар тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924, 931-ийг батлах, 131-т оруулсан нэмэлт, өөрчлөлт”-ийг хүргүүлэв гэх албан бичгийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 2г/6830 тоотоор, 2017 оны А/246, А/247, А/248, А/249 дүгээр тушаалаар баталсан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны нэг, долоо, найм, есдүгээр бүлэгт багтах журам, заавар-ыг хүргүүлэв гэх албан бичгийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 5д/5687 тоотоор,  “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 924-т өөрчлөлт оруулах тухай 2018 оны А/305 дугаар тушаалыг хүргүүлэв гэх албан бичгийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 5г/7368 тоотоор тус тус хүргүүлсэн байна. Мөн нэхэмжлэгч С.А нь Цагдаагийн байгууллагын программ хангамжийн системд хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 11 цаг 27 минутад нэвтрэн орсон ба Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8г/951 дугаартай албан бичгийн хавсралтанд нэр бүхий албан хаагчдын системд нэвтэрсэн сүүлийн хугацааг ирүүлсэн төдийгүй уг системд нэвтэрснээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалууд, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам, гэмт хэрэг зөрчлийн сан, үйл ажиллагаанд ашиглагдаж буй мэдээллийн сангуудад өөрийн эрхийн хэмжээнд хандаж, танилцах боломжтой гэж тайлбарласан байна.

Нэхэмжлэгч нь уг санд нэвтрэхдээ зөвхөн ажил хэргийн журмаар ордог байсан болохоос тогтоол, журмыг үзэж байгаагүй, өөрийн мэдсэн үеэс шүүхэд эрхээ хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан гэж мэтгэлцэж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэх боломжгүй юм.

Нөгөөтэйгүүр Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т Шимтгэлийн тайлан буюу ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого, шимтгэл тодорхойлох хуудсыг үндэслэн шимтгэлийн тооцоог хийх бөгөөд төлбөрийг бэлэн бус тооцооны журмаар гүйцэтгэнэ. Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасан даатгуулагч шимтгэлийг бэлнээр төлж болно, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 1.1Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр сар бүр тооцож, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ гэж заасан бөгөөд аваагүй хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын шимтгэлийн тооцоог хийж, санд төвлөрүүлэх үндэслэлгүй байна.

Иймд Орхон аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох цалингийн зөрүү 7 578 190 төгрөг гаргуулах, сар бүрийн дундаж 126 571 төгрөгийг тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр нэмж тооцуулах нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

Улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 136 459 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1.1-д заасныг баримтлан Орхон аймаг дахь Цагдаагийн газарт холбогдох цалингийн зөрүү 7 578 190 төгрөг гаргуулах, сар бүрийн дундаж 126 302 төгрөгийг тэтгэвэр тогтоолгосон 60 сарын цалин дээр нэмж тооцуулах тухай нэхэмжлэгч С.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 136 459 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ