Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 121/2021/0043/З |
Дугаар | 118/ШШ2022/0021 |
Огноо | 2022-08-12 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 118/ШШ2022/0021
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ХХК
Хариуцагч: Завхан аймгийн Засаг дарга
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.
Гуравдагч этгээд: ХХК
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Б.
Завхан аймгийн Засаг даргын захиргааны гэрээ цуцалсан шийдвэрт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “” ХХК-ийн өмгөөлөгч Ч., хариуцагч Завхан аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., гуравдагч этгээд “” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1/443 дугаартай ”Гэрээнээс татгалзах тухай” шийдвэр, Завхан аймгийн Засаг даргаас “” ХХК-тай байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ЭХ-19/2021 дүгээр Их-Уул сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Их хурлын 2009 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 64 дүгээр Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр Зарим аймгийн дулаан хангамжийг сайжруулах төслийг эрчимжүүлэх тухай тогтоолыг үндэслэн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Засаг дарга Д.*******тай ТГ-20/13 дугаартай Сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн Их-Уул сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр бохир усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулсан. Тухайн гэрээний дагуу “” ХХК нь халаалтын зуух болон дулааны цэвэр бохир усны сүлжээг барьж гүйцэтгэхээр тохирсон байдаг. Уг гэрээг байгуулснаас хойш Завхан аймгийн Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1/443 тоот гэрээнээс татгалзах тухай шийдвэрийг гаргаад “” ХХК-тай байгуулсан гэрээг цуцалсан. Гэрээнээс 2 үндэслэлээр татгалзсан байдаг. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь хууль тогтоомжоор олгогдоогүй эрхийн дагуу гэрээ байгуулсан нь Иргэний хууль болон бусад хуулийг зөрчиж байна гэдэг үндэслэлээр татгалзсан. Энэ үндэслэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.3, аймгийн Засаг дарга нь харьяалах нутаг дэвсгэрийн дэд бүтцийг хөгжүүлэх замаар үйлдвэрлэл үйлчилгээг өргөтгөх бодолго боловсруулж хурлаар батлуулах, гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах гэсэн эрх олгосон. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дугаартай тогтоолын 1 дэх хэсэгт Монгол улсын 2018 оны Төсвийн тухай хуульд тусгагдсан Завхан аймагт шинээр дулааны станц, дулааны шугам барих арга хэмжээ, сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл арга хэмжээний ажлын төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгоод шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэх эрхийг холбогдох аймгийн Засаг даргад даалгасан. Монгол Улсын Засгийн газрын тогтоол болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.3-д зааснаар аймгийн Засаг даргад эрх хэмжээг нь олгосон. “” ХХК нь Завхан аймгийн Засаг дарга Д.*******тай энэхүү гэрээ байгуулсан учраас энэхүү үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна. Дулаан болон цэвэр бохир усны шугам сүлжээний зураг төсөл, төсвийг батлуулаагүй, сумын Засаг дарга тамгын газартай хамтарч ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр уг гэрээг цуцалсан гэдэг. Гэтэл талуудын хооронд байгуулсан түншлэлийн гэрээний 3.1-д түншлэгч нь дулаан болон цэвэр бохир усны шугам сүлжээний зураг төсөл болон төсвийн стандарт норм, дүрмийг боловсруулан батлуулах чиглэлийг баримталж ажиллан. Мөн дээрээс нь тухайн гэрээний 1.3-д ажил эхлэх хугацаа нь 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гэж тодорхой заасан байдаг. Үүний дагуу “” ХХК нь гэрээ байгуулснаас хойш тус гэрээний 3.1-д зааснаар зураг төсөл боловсруулах ажиллагааг хийж гүйцэтгээд явж байсан. Өөрөөр хэлбэл тухайн гэрээний үүргийг биелүүлж гэрээгээр хүлээсэн ажил эхлэх хугацаа болоогүй байхад “” ХХК нь ажлаа хийгээд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр гэрээг цуцалж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн аймгийн Завхан аймгийн Засаг дарга 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 1/443 тоот шийдвэрийг гаргахаас өмнө гэрээнээс Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д зааснаар урьдчилан мэдэгдэх сонсох ажиллагааг хуульд заасан дүрмийг дагуу хийгээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 27.1-д заасан сонсох ажиллагааг огт хийгээгүй байдаг. Мөн талуудын байгуулсан маргаан бүхий гэрээг харах юм бол гэрээнээс татгалзаж гэрээг цуцалж байгаагаа үүгээр мэдэгдье гэсэн байдаг. Гэтэл талуудын хооронд байгуулсан концесийн гэрээний 5 дугаар зүйлд гэрээг цуцлах болон гэрээг дуусгавар болох 3 үндэслэлийг заасан байдаг. Ямар ямар үндэслэлээр гэрээг цуцлах вэ гэхээр гэрээг цуцлах тодорхой үндэслэл тогтоогдсон байх. Тухайн гэрээг цуцлах үндэслэлийг өөрчлөх боломжгүй, засварлах боломжгүй, гэрээний аль нэг тал гэрээнд өөрчлөлт оруулахгүй гэж үзсэн тохиолдолд гэрээг цуцлах үндэслэлээ тодорхой заагаад урьдчилаад гэрээг цуцалж байгаа мэдэгдлийг нөгөө талдаа хүргүүлэх ёстой. Гэтэл манай талд ямар үндэслэлээр гэрээг цуцалж байгаа талаараа огт мэдэгдээгүй. Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 2, 56 дугаар зүйлийн 3, 56 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлд концесийн гэрээг цуцлахаар нөгөө талдаа мэдэгдэх гэдэг үүргийг захиргааны байгууллага биелүүлээгүй байна. Энэ гэрээ нь 2 иргэн хоорондоо байгуулсан гэрээ биш, төр хувийн хэвшлийн хооронд байгуулсан Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 2, 56 дугаар зүйлийн 3, 56 дугаар зүйлийн 4 дүгээр зүйлд заасан консенцийн гэрээ учраас дээрх 3 үндэслэлээр гэрээг цуцална. Мөн талуудын хооронд байгуулсан консенцийн гэрээг шууд цуцлах тухай тодорхой заалтуудыг оруулж болно. 5.1-д Үүргээ биелүүлэхийг шаардаад тодорхой хугацаа өнгөрсөн байх, 5.3-д хэрвээ гэрээг цуцалсан тохиолдолд гүйцэтгэгчид хөрөнгө оруулалтын зардлаас гэрээг цуцлахад гарсан орлогыг нөхөж олгох ёстой. Гэтэл энэ үйл ажиллагаа огт хийгдээгүй. Мөн аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээний 1-д ажил эхлэх хугацааг 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр, ажил хүлээлгэн өгөх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэж маш тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл захиалагч нь ажил эхлэх хугацаа болоогүй байхад гэрээний үүргийг биелүүлээгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Ажил эхлэх хугацаа болоогүй байсан учраас манай компанийн зүгээс бэлтгэл ажлыг эхлүүлээд явж байсан учраас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх зөрчил гаргах боломжгүй. Мөн захиалагч талаас тавьсан шаардлагын дагуу гүйцэтгэгч тухайн гэрээний 2.3 болон 1.3-д заасны дагуу зураг төсөвт боловсруулах анхан шатны ажлыг хийгээд явж байсан. Гэрээг байгуулснаас хойш дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахлын улмаас хил гааль хаагдсан, компанийн хувьд хөрөнгө санхүүгийн хүнд нөхцөл байдалд орсон, аймаг орон нутгийн зам хааснаас болоод тухайн орон нутагт зорчих хөдөлгөөн хязгаарлагдсан, төрийн байгууллагуудаас авах зөвшөөрөл зэрэг нь удах хүндрэл нөхцөлүүд байсан. Хэрвээ захиргааны байгууллага манай компанитай байгуулсан конценсийн гэрээг цуцлахаас өмнө сонсох ажиллагаа хийгээд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн бол дээрх нөхцөл байдлуудаа танилцуулаад, гэрээний 1.3-д заасны дагуу ажил эхлэх хугацаа болоход яг тэр хугацаандаа ажлаа эхэлж бүрэн чадна гэдэг тайлбараа гаргаж өгөх ёстой байсан. Иймд Завхан аймгийн Засаг даргын гэрээг цуцалж байгаа маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.1.4 дэх заалтын 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн бодит үнэнд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн захиргааны үйл ажиллагааг зөрчиж байна гэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн зааснаар бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагууд байдаг. Захиргааны актыг гаргах бодит хууль зүйн үндэслэлийг заах. ... Гэтэл маргаан бүхий актыг бүхэлд нь харахаар Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3, 40.2.5, 40.3-д заасан бичгээр гаргах захиргааны актад тавигдах үндсэн шинжүүдийг огт хангаагүй байна. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэл нь тодорхойгүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 40.2-д заасан хуульд үндэслэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг зөрчиж байсан. Мөн уг маргаан бүхий акт маань утга агуулгын хувьд ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл “” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэдэг. Гэтэл талуудын хооронд байгуулсан концесийн гэрээний 3-д талуудын эрхүүдийг заасан байдаг. Уг гэрээний 3.1-3.11 хүртэл заасан дээрх үүргүүдийн нь үүргийг уг компани биелүүлээгүй юм бэ гэдэг нь тодорхойгүй. “” ХХК аль үүргийг биелүүлээгүй, ямар зөрчил гаргасан гэдэг нь тодорхойгүй байдаг. “” ХХК гэрээний хэддүгээр зүйл заалтыг зөрчсөн ямар зөрчил гаргасан талаар тогтоосон баримт энэ хавтаст хэрэгт байхгүй. Захиргааны хэргийн давж заалдах шатны 2022 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 419 тоот тогтоол гарсан. Уг тогтоолоор маргаан бүхий 1/443 тоот шийдвэр захиргааны актын шинжийг агуулж байна, мөн гуравдагч этгээд болох “” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулахаар “” ХХК нь маргах эрхтэй гэдгийг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэж тогтоол гаргасан. ... Мөн гуравдагч этгээд “” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах шаардлагын тухайд ... гуравдагч компанитай гэрээ байгуулах эрх зүйн үр дагавар үүссэн, энэ компанитай байгуулсан гэрээг хүчингүй болгож байж манай компанийн эрх хууль ёсны ашиг сонирхол бүрэн сэргэх боломжтой гэдэг үүднээс манай компанийн зүгээс энэ нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Шүүхээс ямар шийдвэр гарахыг мэдэхгүй ч гэсэн хэрвээ нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдээд “” ХХК байгуулсан концесийн гэрээг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох юм бол ямар эрх зүйн үр дагаварт хүрэх вэ гэхээр “” ХХК байгуулсан концесийн гэрээ үргэлжлээд үйлчилгээ нь сэргэх болно. “” ХХК-тай байгуулсан гэрээний хувьд сонгон шалгаруулалтгүйгээр шууд гэрээ байгуулсан гэж үзэж байгаа гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Монгол Улсын Их хурлын 2009 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 29 дүгээр тогтоолыг үндэслэн 2020.08.10-ны өдөр ТГ-20/13 дугаартай Сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн Их-Уул сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг байгуулсан байна. Тус гэрээг байгуулсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь гэрээний оролцогч талын хувьд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа, өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар болон тус захиргааны байгууллага болох сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрыг төлөөлөх эрхгүй этгээд гэрээг байгуулсан бөгөөд энэхүү гэрээгээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эрх, үүргийг огт тусгаагүй зөвхөн сумын Засаг дарга, сумын Засаг даргын Тамгын газрын эрх, үүргийг тусгасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4. захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан, 55.1.14 төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан бол захиргааны гэрээ илт хууль бус байхаар байна. Мөн дээрх гэрээнд дурдсан ажлуудыг хэрхэн хийж гүйцэтгэсэн талаар Их-Уул сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газар болон “” ХХК-иудаас тайлбар, тайланг авсан бөгөөд тус сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас дээрх гэрээг байгуулагдаагүй, хийж гүйцэтгэсэн ажлын тайлан мэдээлэл байхгүй тул тайлан хүргүүлэх боломжгүй, дулаан болон цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл, төсвийг батлуулаагүй, сумын Засаг дарга, түүний Тамгын газартай хамтран ажиллаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зэрэг тайлбар, мэдээлэл шийдвэрүүдийг үндэслэн гэрээг цуцалсан шийдвэр гаргасан. ... Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулахын тухайд 2021 оны 1/443 дугаар шийдвэр нь тухайн гэрээг батлах биш цуцалж байгаа шийдвэр учраас сонсох ажиллагаа явуулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна гэж үзээд сонсох ажиллагаа явуулаагүй. ... Гэрээнээс татгалзах тухай 1/443 тоот шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 23, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлын хувьд нотлох баримт цуглуулах нөхцөл байдлыг хэрэгжүүлсэн. Мөн дээрх гэрээнд дурдсан ажлуудыг хийж гүйцэтгэсэн талаар Их-Уул сумын Засаг дарга болон сумын Засаг даргын тамгын газар, “” ХХК-иудаас тайлбар болон тайлан авсан. Гэтэл Их-Уул сумын тамгын газраас хийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэл байхгүй биелүүлэх боломжгүй байна гэдэг хариу ирүүлсэн. Мөн зураг төсвийг батлуулаагүй, мөн сумын Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай хамтын ажиллагааг байхгүй гэсэн хариу ирүүлсэн учраас “” ХХК-тай гэрээг цуцлах шийдвэр гаргасан. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан “” компанийн хүсэлтийг үндэслэж шаардлага хангасан материалын хүрээнд түншлэлийн гэрээг 2021 оны 09 дүгээр сард шинэчлэн байгуулсан. Энэ гэрээ нь ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй, эрх зүйн зөрчилгүй гэрээ учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... "" ХХК нь сумын Засаг даргатай төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг байгуулахаар хууль тогтоомжид хуульчилсан боловч сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргатай гэрээ байгуулсан үйлдэл нь хуульд нийцэхгүй байна. Үүнийг тухайн үеийн сумын Засаг дарга М.******* нь “” ХХК-ийн захирал Б.*******ийн төрсөн аав М.*******ын төрсөн дүү учир ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл бүрдсэн тул гэрээний оролцогч талыг илтэд өөрчилж хууль бус гэрээг байгуулсан байна. "" ХХК тухайн үеийн аймгийн Засаг дарга Д.*******тай ТГ-20/13 гэрээний 3.1 заалтад түншлэгч нь тус ажлыг улсын экспертээр батлагдсан зураг төсвийн дагуу хийнэ гэж заасан, энэ нь тус ажлын гэрээний үндсэн шалгуур үзүүлэлт, тавигдах шаардлага нь юм. Гэвч эдгээр нэн шаардлагатай бичиг баримт байхгүйгээр гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй байна. Энэ талаар сумын удирдлага болох Их-Уул сумын Засаг дарга н.*******, сумын Засаг даргын Тамгын газрын дарга И.******* нар нь “” ХХК нь үйл ажиллагаа эхэлж явуулаагүй гэсэн тайлбарыг гаргаж байсан байдаг. ... “” ХХК нь төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу дараах ажлыг хийж гүйцэтгэхээр холбогдох байгууллагатай гэрээг байгуулж, 600.000.000-д сая төгрөгийн зардал гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хан жаргалант стонус ХХК нь Барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу зураг төсвийг батлуулаад төсвийн дагуу зураг экспедизээр ороод холбогдох байгууллагын дүгнэлтийг гаргуулаад 2 тэрбум төгрөгийг төсөв өртөгтэй баригдахаар байна гэсэн бодит зураг төсөв дээр үндэслэсэн үнийн дүн юм. Түүнээс “” ХХК шиг өөрийн нөөц боломжоор хэдэн төгрөг ямар үндэслэлээр 1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулж байгаа нь ойлгомжгүй байдлаар гэрээ байгуулаагүй. Хоёр компанийн онцлог бол энэ дээр байгаа юм. Эхлээд бид нар зураг төсвөө хийсэн байна, манай компани зураг төсвөө Барилгын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу зураг төсвөө хийгээд батлуулсан, зураг төсвөөрөө ямар үнэлгээтэй байна гэдэг бодит баримт дээр гэрээ байгуулсан. Тийм учраас үнийн дүн ихтэй байна гэдэг нь бодит үнэлгээтэй холбоотой. Тийм учраас аймгийн Засаг даргатай байгуулсан “” ХХК-ийн гэрээний гэрээ бол хууль ёсны гэрээ гэж үзэж байгаа. “” ХХК-ийн аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ нь илт хууль бус гэрээний шинжийг бүрэн агуулдаг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймгийн Засаг дарга, сумын Засаг даргын эрх үүргийг тусад нь хуульчилж өгсөн байдаг. Аймгийн Засаг дарга аймгийн хэмжээний асуудлыг шийдвэрлэдэг болохоос биш сумд газар хайрганы зөвшөөрөл олгох, сумаас хамааралтай ажлыг шууд аймгийн дарга олгох боломжгүй. Ийм учраас уг гэрээний нөгөө талд заавал сумын Засаг дарга байдаг. Гэтэл сумын Засаг даргыг оролцуулахгүйгээр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга төлөөлөн оролцох боломжгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн тайлбарлаж байгаа “” ХХК-ийн аймгийн Засаг даргатай байгуулсан гэрээ нь захиргааны илт хууль бус гэрээ болох шаардлагын хэд хэдэн зүйлийг хангаж байгаа юм. Хэрэгт авагдсан баримтаар нэгдүгээрт захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар гэрээ байгуулсан нь харагдана. Хоёрдугаарт дээрх захиргааны гэрээ нь өөрөө хуулийн хэм хэмжээг зөрчиж гэрээ байгуулагдсан байдаг. Төсвийн тухайн хуульд төсөв мөнгө нь суугдаагүй байхад гэрээг урьдчилж байгуулаад 2021 оны 5 сард ажлаа эхлэхээр байгуулж байгаа нь төсөв нь суугдаагүй байхад гэрээг байгуулж болохгүй. Дараагийн тухайд зураг төсвөө Барилгын тухай хууль тогтоомжид ямар хэмжээтэй ямар барилгатай байгуулах нь тодорхойгүй байж төсвөө тодорхойлж байгаа нь үндэслэлгүй. Ийм учраас илт хууль бус гэрээний хэд хэдэн зүйлийг агуулж байгаа юм. Мөн нэхэмжлэгч талаас сонсох ажиллагаа явуулаагүй гэж байна. Сонсох ажиллагааг захиргааны акт дээр Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2 үзүүртэй шийдвэр гаргасан байсан. Түдгэлзүүлэх хүсэлт гаргасан шүүх хуралдаанаар захиргааны гэрээг түдгэлзүүлэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэж дүгнэсэн. Сүүлд гаргасан шийдвэрээрээ захиргааны актын шинжийг агуулж байна гэсэн байдаг. Захиргааны акт гэж дүгнээгүй, захиргааны актын шинжийг агуулж байгаа тул үүнийг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргах боломжтой гэдэг байдлаар шийдсэн. Түүнээс биш захиргааны акт гэж тодорхойлж өгөөгүй. Үүнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Захиргааны акт бол нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ярьж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд тавигдах шаардлагыг хангах ёстой. Гэрээнээс татгалзсан санал бол өөрөө захиргааны актын зарим шинжийг агуулж байгаа захиргааны акт биш. Тийм учраас сонсох ажиллагааг бол захиргааны акт гаргаж байгаа учраас хийгээгүй. Мөн холбогдох нотлох баримтуудыг шийдвэр гаргах үед бүрдүүлсэн байдаг. “” ХХК хайрга боловсруулсан, таг хийсэн гэдэг талаарх тайлбар өгсөн байдаг. Энэ талаар “” ХХК-иас тодорхой хэмжээний тайлбар авсан байдаг. Шүүх Их-Уул суманд очиж “” ХХК-ийн тайлбарт дурдагдсан шороо нь байгаа юм уу, хийсэн гэх таг нь байгаа юм уу гэхэд нэг хүрз шороо байхгүй байсан. Харин “” ХХК-ийн өнөөдөр барилгын гүйцэтгэх ажлыг 90 хувьтай хийсэн, халаалт эхлэхээс өмнө хүлээлгэж өгөхөд бэлэн олсон 2 тэрбум төгрөгийн зардал гаргасан, тодорхой хэмжээний эд хөрөнгөөр зээл тавьж эрх зүйн үр дагаврыг хувьд өндөр үр дүнтэй ажлыг хийж хүлээлгэж өгөх гэж байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Пирамид Проект” ХХК нь Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1/443 дугаар “Гэрээнээс татгалзах тухай” шийдвэр, “” ХХК-тай байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ЭХ-19/2021 дүгээр Их-Уул сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргажээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
3. Хэргийн үйл баримтын тухайд: Хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Иргэний хууль, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын Их хурлын 2009 оны 64 дүгээр тогтоол, Засгийн газрын 2014 оны 29 дүгээр тогтоол, Эрчим хүчний сайдын 51 дүгээр тушаалыг үндэслэн “” ХХК-тай ТГ-20/13 дугаар “Их-Уул сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ”-г баталж, захиалагчаар аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.*******, Их-Уул сумыг төлөөлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга И.******* нар ТГ-20/13 дугаар гэрээг байгуулсан байна.
3.1 Уг гэрээгээр түнш /цаашид гүйцэтгэгч гэх/ “” ХХК нь Завхан аймгийн Их-Уул суманд шинээр төвлөрсөн халаалтын зуух, дулааны цэвэр болон бохир усны шугам сүлжээ барих, төвлөрсөн дулаан хангамжаар хангах ажлыг 1.250.000.000 төгрөгийн үнийн дүнгээр, өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлөөр, гэрээт ажил эхлэх хугацааг 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдөр, ажил дуусч улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөр тогтоож захиалагч, гүйцэтгэгчийн эрх, үүрэг, талуудын хүлээх хариуцлага, гэрээ цуцлах, дуусгавар болох нөхцөлийг харилцан тохирсон байна.
3.2 Хариуцагч Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1/443 дугаар “Гэрээнээс татгалзах тухай” шийдвэрээр “... гэрээ байгуулсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь өөрийн эрх хэмжээг хэтрүүлж сумын Засаг даргад хуулиар олгогдсон эрхийг үндэслэн гэрээ байгуулсан нь хууль зөрчсөн. Мөн дулаан болон цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл, төсвийг батлуулаагүй, сумын Засаг дарга, Тамгын газартай хамтран ажиллаагүй тул гэрээг цуцалсан болохыг мэдэгдье” гэж “” ХХК-тай байгуулсан ТГ-20/13 дугаар гэрээг цуцалсан байна.
3.3 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь гэрээний оролцогч талын хувьд тавигдах шаардлагыг хангахгүй, өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар, сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрыг төлөөлөх эрхгүй этгээдийн хувьд гэрээ байгуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4, 55.1.14-т зааснаар илт хууль бус болох үндэслэлд хамаарна. Мөн Их-Уул сумын Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 1/33, 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 1/166 дугаар албан бичиг “” ХХК-ийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаар албан бичгээр ирүүлсэн тайлан, Их-Уул сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 3/77 дугаар албан бичиг зэргээр нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй болох тогтоогдсон хэмээн маргаж байна.
3.4 Нэхэмжлэгч нь ТГ-20/13 дугаар гэрээний дагуу 2021 оны 05 сарын 01-ний өдөр ажил эхлүүлэхээр харилцан тохиролцож, урьдчилсан байдлаар бэлтгэл ажил ханган нийт 49.000.000 төгрөгийн өртөг бүхий ажил гүйцэтгэж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсээр ирсэн. Засгийн газрын 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр тогтоолын хүрээнд аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан тул төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй. Талуудын байгуулсан ТГ-20/13 дугаар түншлэлийн гэрээний 3.1-д түншлэгч нь “... дулаан болон цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл, төсвийн стандарт, норм, дүрмийг боловсруулах, улсын экспертизээр батлуулах чиглэл баримтлан ажиллана” гэж заасны дагуу манай компани зураг төслийг гаргуулахаар “*******” ХХК-тай харилцан тохиролцож, хэлцэл байгуулсан. Гэрээний дагуу ажил гүйцэтгэх хугацаа эхлээгүй, зураг төслөө боловсруулах ажил явагдаж байх үед гэрээнээс татгалзсан гэж маргаж байна.
4. Хэргийн оролцогчдын маргаж буй үйл баримтад хамаарах хуулийн зохицуулалтын тухайд: Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “... сумдын төвлөрсөн дулаан хангамж төсөл, арга хэмжээний ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хөрөнгө оруулагчийг сонгон шууд гэрээ байгуулах замаар хэрэгжүүлэхийг..., холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай” гэжээ. Хариуцагч Завхан аймгийн Засаг даргаас баталж, нэхэмжлэгч “” ХХК-тай байгуулсан ТГ-20/13 дугаар гэрээний захиалагч нь Завхан аймгийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.*******, Их-Уул сумыг төлөөлж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга И.******* нар байна. ТГ-20/13 дугаартай гэрээний 2 дугаар зүйлд захиалагчийн эрх, үүргийг тусгасан заалтууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Эрчим хүчний тухай хууль, Газрын тухай хууль, ТГ-20/13 дугаар гэрээгээр харилцан тохиролцсон нөхцөлөөр сумын Засаг даргын эрх, хэмжээ, чиг үүрэгт хамаарах тухайлан заасан нөхцлүүд байна. Өөрөөр хэлбэл ТГ-20/13 дугаар гэрээний захиалагчийн эрх, үүрэг хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад эрх олгосон, үүрэг хүлээлгэсэн заалт байхгүй байна.
4.1 Мөн ТГ-20/13 дугаар гэрээний 3 дугаар зүйлд заасан Түншийн эрх, үүргийн 3.1 дэх заалтад Түнш нь “... халаалтын зуухны газар, дулаан болон цэвэр усны шугам сүлжээний зураг төсөл, төсвийн стандарт норм, дүрэм, холбогдох бусад баримт бичгийн дагуу боловсруулан улсын экспертизээр баталгаажуулж, батлагдсан зураг төслийн дагуу барилга угсралтын ажлыг гүйцэтгэн ашиглалтад оруулах...” үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл түнш нь ажил эхлэх хугацаа буюу 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө халаалтын зуухны газрын асуудлыг шийдүүлэх, Барилгын тухай хуульд зааснаар холбогдох зураг төсөл, төсвөө боловсруулж улсын экспертизээр баталгаажуулсан байх шаардлага тавигдаж байх ба хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч нь Их-уул сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний хүрээнд зураг төслийг гаргуулахаар “*******” ХХК-тай харилцан тохиролцож, хэлцэл байгуулсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна. /ХХ-н 2-р хавтасны 12-13-р хуудас/
4.2 Завхан аймгийн Засаг даргаас баталж, “” ХХК-тай байгуулсан ТГ-20/13 дугаар гэрээ нь Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно”, 52.2.3-т “дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд” гэж зааснаар захиргааны гэрээ байна. Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1/443 дугаар “Гэрээнээс татгалзах тухай” шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “дараах тохиолдолд захиргааны гэрээ илт хууль бус байна”, 55.1.4 “захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан”, 55.1.14 “төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан” гэх захиргааны гэрээ илт хууль бус болох үйл баримтыг дурдаж үндэслэсэн байх ба илт хууль бус болох үндэслэл тогтоогдвол захиргааны гэрээг цуцлах, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т “Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой ... бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ” гэх хуулийн заалтад нийцсэн байна.
4.3 Захиргааны ерөнхий хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.4-т заасан “захиргааны байгууллага өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсан” гэдэгт захиргааны байгууллага, албан тушаалтан өөрт нь хуулиар тусгайлан эрх олгогдоогүй асуудлаар захиргааны гэрээ байгуулсныг, 55.1.14-т заасан “төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан” гэдэгт сумын Засаг даргыг итгэмжлэлээр болон хуулиар бүрэн эрхийг нь хэрэгжүүлэх эрх олгогдоогүй этгээдийн байгуулсан гэрээг ойлгохоор байна.
4.4 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн /2006 оны/ 29 дүгээр зүйлийн 29.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын харьяалах нутаг дэвсгэртээ хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрх”-ийг хуульчилсан ба 29.1.4-т “дэд бүтцийн талаар” 29.1.4.д/ “нутаг дэвсгэртээ эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж... хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 31.1.7 “... иргэдийг цэвэр усаар хангах, ..., бохир ус зайлуулах, ...түүнчлэн харьяалах нутаг дэвсгэрт нь барилга байгууламж барих, зам, холбооны шугам өөрчлөхөд оршин суугчдын санал авч шийдвэрлэх”, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаарх бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ”, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.4.3-т “... газрыг ..., сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах” зэргээр ТГ-20/13 дугаар гэрээгээр зохицуулагдах харилцаа нь сумын Засаг даргад харьяалуулсан, түүний эрх хэмжээний асуудал байна.
4.5 Их-Уул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь хуульд заасан өөрийн бүрэн эрхэд хамаарахгүй асуудлаар гэрээ байгуулсан, Их-Уул сумын Засаг даргыг төлөөлөх эрхгүй этгээд тул ТГ-20/13 дугаар гэрээ анхнаасаа гэрээний оролцогчдод шаардах эрх, эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, гэрээний 2 дугаар зүйл хэрэгжих боломжгүй, тухайн гэрээ илт хууль бус болох үндэслэлд хамаарч байх тул ТГ-20/13 дугаар гэрээг цуцалсан хариуцагч Завхан аймгийн Засаг даргын 1/443 дугаар “Гэрээнээс татгалзах тухай” шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
4.6 Нэхэмжлэгч нь хариуцагч Завхан аймгийн Засаг дарга “Гэрээнээс татгалзах тухай” 1/443 дугаар шийдвэрийг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч нь захиргааны гэрээг цуцлахад сонсох ажиллагаа явуулахгүй гэж маргаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд ..., тайлбар, санал гаргах боломж олгоно” 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж зааснаар хариуцагч нь “Гэрээнээс татгалзах тухай” 1/443 дугаар шийдвэрийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох зорилгоор нэхэмжлэгчээс гүйцэтгэж буй ажлын тайлан, бусад этгээдээс нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлснийг дурдах нь зүйтээ байна.
5. Нэхэмжлэгч “” ХХК нь Завхан аймгийн Засаг даргаас “” ХХК-тай байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ЭХ-19/2021 дүгээр Их-Уул сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
5.1 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс Завхан аймгийн Засаг даргын 1/443 дугаар “Гэрээнээс татгалзах тухай” шийдвэрийн улмаас “” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, шүүхээс 1/443 дугаар “Гэрээнээс татгалзах тухай” шийдвэрийг хүчингүй болгосноор энэхүү шийдвэрийн үр дагавраар “” ХХК-тай байгуулсан ЭХ-19/2021 дүгээр захиргааны гэрээ нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчихөөр байх тул хүчингүй болгуулах шаардлага гаргасан гэж тайлбарлаж байна.
5.2 Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн 1/443 дугаар “Гэрээнээс татгалзах тухай” шийдвэрийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул “” ХХК-тай байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ЭХ-19/2021 дүгээр Их-Уул сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ хүчингүй болох эрх зүйн үр дагавар үүсэхгүй ба гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
5.3 Түүнчлэн “” ХХК нь 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ЭХ-19/2021 дүгээр Их-Уул сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулахаас өмнө Барилгын тухай хууль тогтоомжид заасан барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл гаргуулсан, барилга угсралтын ажлын нэгдсэн төсвөө боловсруулж улсын экспертизээр баталгаажуулсан, магадлал хийлгэсэн, инженер геологийн судалгааны тайлан батлуулсан болох нь тогтоогдож байх тул хууль тогтоомжийн хүрээнд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болж байна. /ХХ-ийн 2 дугаар хавтасны 131-203-р хуудас/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.4, 54.1.14, 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсгийг тус тус баримтлан “” ХХК-ийн “Завхан аймгийн Засаг даргын 2021 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 1/443 дугаар “Гэрээнээс татгалзах тухай” шийдвэр, “” ХХК-тай байгуулсан 2021 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн ЭХ-19/2021 дүгээр Их-Уул сумын төвд халаалтын зуух, дулааны болон цэвэр усны шугам сүлжээ барих төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР