Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 1648

 

МАГАДЛАЛ

 

2018.07.18                                                     Дугаар 1648                                Улаанбаатар хот

 

 

 

 

П.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/01181 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч П.Э-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч А Ү Г ХХЗХ-нд  холбогдох,  

Ажилгүй байсан хугацааны олговор 3 200 000 төгрөг гаргуулах, 2016 оны 5,6,7 дугаар саруудын болон 2017 оны 4 дүгээр сараас 11 дүгээр сарыг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: П.Э,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.С,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ц.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Т нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ажлаас халсан А Ү Г Х ХЗХ-ны гүйцэтгэх захирлын тушаалыг хууль бус гэж үзсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гарсан. 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч тал эвлэрэх санал гаргаад би ажилдаа эргэж орохгүй байх саналыг нь зөвшөөрч, цалингаа аваад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Энэ хугацаанд би ажилгүй, цалин орлогогүй байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс хариуцагч байгууллагатай эвлэрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон өдрийн хүртэл хугацааны 8 сарын цалин 3 200 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Мөн хугацааны болон миний 2016 оны 5, 6, 7 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийгээгүй тул эдгээр саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Шүүхийн шийдвэр гарсны дараа П.Э нь А Ү Г Х ХЗХ-ны нягтлан бодогчийн ажилд эргэж орохгүй гэдгээ мэдэгдсэн. Хадгаламж зээлийн хоршооны үйл ажиллагаа доголдож, тэрээр ажлын байргүй болсон учир өөрөө орохоос татгалзаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. Иймд эвлэрснээр уг асуудал дууссан учир Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт зааснаар уг харилцааг дуусгавар болох хэлцэл хийгдсэн учир дахин цалин нэхэмжлэх эрхгүй тул үүнээс хойших шаардлагыг зөвшөөрөхгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаар буюу 2017 оны 9 дүгээр сарын 28-нд дуусгавар болсон. Үүнээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаа өнгөрсөн учир хөөн хэлэлцэх хугацаа 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дууссан. 2016 оны 5, 6, 7 сарын нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх асуудлаа мөн өмнөх маргаан гаргах үедээ шийдвэрлүүлэх боломжтой байсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2016 оны 5, 6, 7 сард энэ хүнд сануулах арга хэмжээ аваад өвчтэй гэхээр нь оронд нь өөр хүн ажилд түр авсан. П.Э 2016 оны 2 дугаар сарын дунд үеэс 4 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл өвчтэй байсан гээд 5, 6, 7 сард ажилдаа ирээгүй, дараа нь 7 сард ажилдаа ор гэхэд ороогүй учир тайлан гаргах хугацаа болсон тул арга буюу Д.О-г түр авсан. Энэ хугацаанд П.Э-тай холбоотой тушаал гарсан зүйл огт байхгүй гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А Ү Г Х ХЗХ-ноос нэхэмжлэгч П.Э-ийн ажилгүй байсан бүх хугацааны урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт    3 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч П.Э-ийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар нь бичилт хийхийг хариуцагч А Ү Г Х ХЗХ-д даалгаж, нэхэмжлэлийн 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт нь зохих журмаар бичилт хийхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 66 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А Ү Г Х ХЗХ-ноос улсын тэмдэгтийн хураамжид 66 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Э-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй байдаг. Мөн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд тухайн асуудлаар хандаж байгаа тохиолдолд буюу шүүхийн шийдвэрээр тогтоогдсон цалин хөлсийг эс зөвшөөрч маргаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хугацааг баримтлах ёстой. Нэхэмжлэлийн шаардлагаас цалин 3 200 000 төгрөгт холбогдох хэсгийг, мөн нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлж, бичилт хийх хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. А ү 32  ХЗХ-ны тэргүүлэгчдийн тогтоол гарсан өдрөөс хойшхи 3 сарын хугацаанд шүүхэд гомдол гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг зөрчөөгүй гэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэл болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч А Ү Г ХХЗХ-д холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, мөн хугацааны болон 2016 оны 5, 6, 7 дугаар сарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2017/00585 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1082 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 001/ХТ2017/01044 дүгээр тогтоолоор нэхэмжлэгч П.Э-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн томилж, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг 8 сараар тооцож, 3 200 000 төгрөгийг хариуцагч А Ү Г ХХЗХ-оос гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлохгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Уг үүргийг биелүүлээгүйгээс шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулсан ба уг ажиллагааны явцад талууд эвлэрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсон нь А Ү Г ХХЗХ-д гаргасан П.Э-ийн өргөдөл, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг харилцан тохиролцсон тухай” хариуцагч байгууллагын Тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан П.Э-ийн хүсэлт зэрэг баримттай нийцэж байна. Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн томилоогүй эрхийн зөрчил 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилсэн байх тул нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалингийн олговрыг ажил олгогчоос шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол түүнээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д зааснаар А Ү Г ХХЗХ-ны “Шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлийг харилцан тохиролцсон тухай” 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Тэргүүлэгчдийн зөвлөлийн тогтоол гарсан буюу эрхийн зөрчил арилсан үеэс шаардлага гаргах хугацааг тоолж эхэлнэ. Иймд нэхэмжлэгч 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 184/ШШ2017/00585 дугаар шийдвэр гарсан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эрхийн зөрчил арилсан буюу 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговрыг 8 сараар тооцож, 3 200 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Мөн нэхэмжлэгч П.Э-ийн 2016 оны 5, 6, 7 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэж, нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/01181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч А Ү Г ХХЗХ-ны өмгөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 66 150 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                               

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

         ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

         М.НАРАНЦЭЦЭГ