Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2021/01298

 

 

 

 

 

 

    2021           06            03                                                  184/ШШ2021/01298

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Б.У

Хариуцагч: Б.Б

 “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Б.Бтай танилцаж 2016 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2017 оны 08 сарын 02-нд хүү У.М төрсөн. 2019 оны 05 сарын 23-нд охин У.Б төрсөн. 2018 онд охиноо гэдсэнд байхад өөр хүнтэй харилцаа тогтоосон учраас хамтран амьдрах боломжгүй болж тусдаа амьдрах болсон. Хүү М охин Б нар нь өсөж том болж байгаа бөгөөд хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд хүү М, охин Б нарт эцэг Батбаяраас тэтгэлэг гаргуулж өгнө үү... гэв.

 

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, тахилт 11-28 тоот хаягт амьдардаг. Ууганзаяатай  2016 онд танилцаж байсан...Шинжээчийн дүгнэлтээр У.М, Ц.Б нарын биологийн эцэг мөн гарсан тул тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч Б.Бт холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд : нэхэмжлэгч Б.У, хариуцагч Б.Б нар нь 2015 онд танилцаад үерхэж байсан ба 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүү У.М, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр У.Б нарыг  төрүүлсэн болох нь 111694, 11168 дугаартай төрсний гэрчилгээний хуулбарууд, хүүхэд  эрүүл өсөн бойжиж байгаа талаарх эмчийн тодорхойлолт, Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Б нь хүү У.М, охин У.Б нарыг өөрийн хүүхэд биш гэж маргаж, шинжээч томилуулж хүүхдийн эцэг тогтоолгох дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасанг шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 184/ШЗ2021/02914 дугаар захирамжаар хангаж, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 1722 тоот дүгнэлтээр Б.Б нь У.М, У.Б нарын биологийн эцэг байх магадлал нь 99,9 хувьтай гэсэн ба тус  дүгнэлтэд хариуцагч маргаагүй болно.

 

Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”  гэж,

   21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт “ Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,

              Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй талаар заажээ.

 

         Иймд эцэг, эх тусдаа амьдрах болсон  хэдий ч  хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй байх тул эцэг Б.Бын  хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд эх Б.У нь саад болохгүй байхыг даалгав.

 

            Тэрээр эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ  сар бүр тэжээн тэтгэхээр заасны дагуу хариуцагч Б.Баас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэв.

Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Уг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгджээ.        

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дах хэсэгт “тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол, нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцно” гэж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хүүхдийн тэтгэлгийг  гаргуулахдаа тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны түвшингийн хэмжээгээр тооцохоор  заасан.

Иймээс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Баас нэг жилийн хугацаанд 2 хүүхдэд төлвөл зохих тэтгэлэгт улсын тэмдэгтийн хураамжид 75,730 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн  135 дугаар  зүйлийн 135.2.8 дах хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

.

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү У.М, 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин У.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  эцэг Б.Б-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Баас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Уг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Баас улсын тэмдэгтийн хураамжид 75,730 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг, эх  хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг Б.Бын  хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд  эх Б.У нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

 

6.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                          

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОЮУНЖАРГАЛ