Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 184/ШШ2021/01310

 

 

 

 

      2021             06            03                                            184/ШШ2021/01310

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Э.О нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.Э холбогдох

 

 “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.О, хариуцагч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.О нь хариуцагч Н.Этай албан бусаар буюу гэрлэлтээ батлуулахгүй хамт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд 2010.11.09-ний өдөр хүү О.З, 2014.07.12-ны өдөр хүү Э.Е, 2016.06.20-ны өдөр Э.А нарыг төрүүлсэн. Н.Э нь надтай 2017 он хүртэл хамт амьдарч байгаад 2017 оны 06 сард “би 3 хүүхэд тэжээх гэсээр байтал залуу нас минь хайран болж дуусах нь Би олсон мөнгө төгрөгөө өөртөө зарцуулж хангалуун сайхан амьдармаар байна” гэсэн бичиг үлдээн гэр орон, үр хүүхдүүдээсээ зугтаах болсон. Жил ирэх тусам хүүхдүүдийн хэрэглээ нэмэгдэж байна. Том хүү З нь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн 11 дүгээр ангийг төгссөн. Дунд хүү маань Е 12 дугаар сургуульд 1 дүгээр анги төгссөн, бага охин А нь тус дүүргийн 90 дүгээр цэцэрлэгт явдаг. Бид 2017 он хүртэл хамт амьдарсан, 2017 оноос хойш тусдаа амьдарч байна. Түүнээс хойш усанд хаясан чулуу шиг алга болсон. Өөртөө нь сүүлд ярихаар тэтгэмж тэтгэлгийн талаар маргадаггүй, өмнө нь ямар ч харилцаа холбоогүй байдаг байсан. Хүүхдүүдэд Н.Эас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч Н.Э шүүхэд  хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 оноос хойш үерхсэн. Би Солонгос руу яваад 4 жил болоод ирсэн. Эхлээд хүү З, дараа нь хүү Е төрөөд түүний дараа А төрсөн. Бид хамтдаа Орхон аймагт хамт амьдарч байсан. Намайг архи уудаг гэх асуудлаас болж бид хамт амьдрахаа больсон. Түүнээс хойш  би 3 удаа гуйгаад  зөвшөөрөөгүй тул бид холбоогүй болсон. Архи уусан гээд Орхон аймгийн Баян-Өндөр сум цагаан чулуутын 52-21 тоотод амьдарч байхад ах дүү нар нь аваад явсан. Миний хүүхдүүд мөн учраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв. 

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.О нь хариуцагч Н.Эд холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Э.О, Н.Э нар нь 2009 онд танилцаж хамтран амьдарсан ба 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүү О.З, 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүү Э.Е, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр охин Э.А нарыг төрүүлсэн болох нь: №006 Г-5333, 1116, 111586 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, Э.О-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зохигч нарын тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдов.

 

Тэрээр Э.О, Н.Э нар нь хувийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй, хариуцагч хүүхдүүдээ  өөрийн хүүхэд биш гэж маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”  гэж,

21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт “ Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,

Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй талаар заажээ.

 

         Иймд эцэг, эх тусдаа амьдрах болсон  хэдий ч  хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй байх тул эцэг Н.Э-ныг хуулиар  хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд эх Э.О саад болохгүй байхыг даалгав.

 

            Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ  сар бүр тэжээн тэтгэхээр заажээ.

Иймд  хариуцагч Н.Эас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэв.

Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгч Э.Оэс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200+82,000=152,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 152.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.           

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн  135 дугаар  зүйлийн 135.2.8 дах хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр  төрсөн хүү О.З, 2014 оны 07 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Э.Е, 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Э.А нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  эцэг Н.Э-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Н.Эас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгч Э.Оэс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 152,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагч Н.Эас  улсын тэмдэгтийн хураамжид 152.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг, эх  хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг Н.Э  хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд  эх Э.О  саад учруулахгүй байхыг даалгасугай.

 

5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                          

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Х.ОЮУНЖАРГАЛ