Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 184/ШШ2021/01515

 

 

 

 

 

       2021           06              29                                           184/ШШ2021/01515

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,

 

Нэхэмжлэгч: Д.Х нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Х холбогдох

 

 “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Х, хариуцаг Д.Ха, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 онд Хашбаттай танилцаж, 2017 оны 12 дугаар сараас эхлэн хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүү Эрхэс төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2020 оны 08 дугаар сарын 02-ноос тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү Эрхэм миний асрамжид өсч торниж байна. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч хүү маань эцгээрээ овоглодог. Хүү Х.Эрхэс нь одоо 2 настай бөгөөд хүүхдэд хэрэгцээтэй хувцас хунар, цэцэрлэгчийн зардал, өдөр бүрийн хэрэглээ өсөж байгаа бөгөөд хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Иймд хүү Х.Эрхэст эцэг Д.Хааас тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.  

 

Хариуцагч Д.Ха шүүхэд болон шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Хтай 2017 онд танилцаж хамтран амьдарсан. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр миний хүү Э мэндэлсэн. Амьдрах явцад зан ааш ёс суртахууны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдрах болсон. Иймд Д.Хын нэхэмжлэлийн эцэг хүний үүргээ биелүүлж хуулийн дагуу Х.Эрхэс хүүдээ тэтгэмж өгөх болно гэжээ. 

 

                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Х нь хариуцагч Д.Хаад холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Д.Х, Д.Ха нар нь 2017 онд танилцаж, 2017 оны 12 дугаар сараас хамтран амьдарсан ба 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүү Д.Эр төрүүлсэн болох нь: 11165 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, Д.Хын иргэний үнэмлэхийн хуулбар, зохигч нарын тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдов.

 

         Тэрээр Д.Х, Д.Ха нар нь хувийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй боловч хариуцагч нь хүүхдээ өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан, өөрийн хүүхэд биш гэж маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.     

           Хариуцагч нь хүүхдээ өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан нь Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу хүүхдүүдийн эцэг нь Д.Ха мөн болохыг захиргааны журмаар тогтоосон байна гэж шүүх үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн  21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”  гэж,

21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,

Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй талаар заажээ.

 

         Иймд эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий ч хуулиар хүлээсэн дээрх үүргээс чөлөөлөгдөхгүй байх тул эцэг Д.Хаын хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд эх Д.Х саад болохгүй байхыг даалгав.

 

            Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ сар бүр тэжээн тэтгэхээр заажээ.

Иймд хариуцагч Д.Хааас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэв.

 Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэв.

Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг дараах байдлаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгч Д.Хаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /835+37030/ нийт 37,865 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.        

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн  135 дугаар  зүйлийн 135.2.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2019 оны 01 дүгээр 30-ны өдөр төрсөн Д.Эр 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Д.Х-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Д.Хааас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгч Д.Хаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,865 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж,  хариуцагч Д.Хааас улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дах хэсэгт зааснаар эцэг, эх  хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг Д.Хаын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд эх Д.Х саад учруулахгүй байхыг даалгасугай.

5. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                                          

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Х.ОЮУНЖАРГАЛ