| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хаянхярваагийн Оюунжаргал |
| Хэргийн индекс | 184/2021/01903/И |
| Дугаар | 184/ШШ2021/01585 |
| Огноо | 2021-07-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 184/ШШ2021/01585
2021 07 06 184/ШШ2021/01585
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Оюунжаргал даргалж,
Нэхэмжлэгч: Х.С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Д -т холбогдох
“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.С, хариуцагч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мядагмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.С миний бие хариуцагч Н.Дтай 2020 оны 5 сард танилцаж, хамт амьдарсан. 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр С.Балжинням төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас тусдаа амьдрах болсон.Бид гэрлэлтийн баталгаагүй учир хүү маань миний нэр дээр байдаг. Би өмнө нь 3 хүүхэдтэй байсан...Бага хүү болох С.Балжинням миний асрамжид байдаг тул хүүхдийн тэтгэлгийг эцэг болох хариуцагч Н.Даас гаргуулж өгнө үү. Хүү болох С.Б-ыг эцэг Н.Даар овоглуулахыг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Н.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Стэй 2020 оны 05 сард танилцаж, 2020 оны 07 сард хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд 2021 оны 05 дугаар сарын 01-ны өдөр С.Балжинням төрсөн. Хамтран амьдрах хугацаанд бидний зан харилцааны байдал гэр бүлийн дарамтаас шалтгаалж хамтран амьдрах боломжгүй болсон. Өөрийн хүүхдэд тэтгэлэг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна Хүүхэд болох С.Б-ыг өөрийн нэр дээр овоглуулмаар байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.С нь хариуцагч Н.Дт холбогдуулан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд: Х.С, Н.Д нар нь 2020 оны 05 сард танилцаж хамтран амьдарсан ба 2021 оны 05 дугаар сарын 01-ний хүү С.Балжиннямыг төрүүлсэн болох нь: 1117 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл өсөн бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, Х.С-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, зохигч нарын тайлбар, хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдов.
Тэрээр Х.С, Н.Д нар нь хувийн таарамжгүй байдлын улмаас тусдаа амьдарч байгаа бөгөөд зохигч нар хамтран амьдрах хугацаанд гэрлэлтээ батлуулаагүй, хариуцагч хүүхдээ өөрийн хүүхэд биш гэж маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж,
21 дүгээр зүйлийн 21.5 дах хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,
Энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дах хэсэгт, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дах хэсэгт зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, эрүүл мэндийг нь хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэгтэй талаар заажээ.
Иймд эцэг, эх тусдаа амьдрах болсон хэдий эцэг Н.Дын хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхэд эх Х.С саад болохгүй байхыг даалгав.
Түүнчлэн эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхдэдээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглоно.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” талаар зохицуулсан ба энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /хэрвээ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдээ сар бүр тэжээн тэтгэхээр заажээ.
Иймд хариуцагч Н.Даас хуульд зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчээс хүү С.Балжиннямыг эцэг Н.Даар овоглож төрсний гэрчилгээ гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдав.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлэв.
Шүүх улсын тэмдэгтийн хураамжийг дараах байдлаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт нэхэмжлэгч Х.Сувд-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,865 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135 дугаар зүйлийн 135.2.8 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсэгт заасныг баримтлан 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү С.Б-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Н.Д-аар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Н.Даас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй бөгөөд тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах болохыг дурдсугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг Н.Д, эх Х.С нар нь тусдаа амьдрах болсон хэдий ч энэ хуулийн 26.2 дахь хэсэгт заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх ба хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг Н.Дын хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд болон хүүхэдтэйгээ уулзахад нь эх Х.С саад учруулахгүй байхыг даалгасугай.
4.Нэхэмжлэгч Х.С нь хүү С.Балжиннямыг эцэг Н.Даар овоглож төрсний гэрчилгээ гаргуулахыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 37,865 төгрөг төлсөнг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Даас улсын тэмдэгтийн хураамжид 37,865 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.Сд олгосугай.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигчид нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОЮУНЖАРГАЛ