Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1668

 

МАГАДЛАЛ

 

2018.07.20                                                     Дугаар 1668                                Улаанбаатар хот

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01181 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

 

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4165 дугаар шийдвэрээр С.Э-аас 23 533 598 төгрөг гаргуулж, Д Ф  ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийг НШШГГ албадан гүйцэтгэх ажиллагааг хийж байгаа болно. Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 6 тоот Ү-2204031772 улсын бүртгэлийн дугаартай 12.5 м.кв авто зогсоол, мөн тус хаягт байрлах 5 тоот             Ү-2204031774 улсын бүртгэлийн дугаартай 12.5 м.кв авто зогсоолуудыг худалдан борлуулахаар шийдвэр тусгаагүй байхад албадан дуудлага худалдаанд оруулсан болохыг С.Э-тай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уулзаж мэдлээ. Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч надад огт мэдэгдэлгүй миний хөрөнгөнд үнэ тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулж зарахаар болсонд би гомдолтой байна. Надад нэг ч мэдэгдэл, тогтоол өгөөгүй байж миний хөрөнгийг дур мэдэн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулсан байх ба намайг тус худалдаанд оруулалгүй хийсэн байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2-т эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд гэж заасныг зөрчиж байна. Мөн миний өмчлөлийн авто зогсоолын үнийг тус бүрийн үнийг 17 500 000 төгрөгөөр тогтоосоор байхад хоёр дахь албадан дуудлага худалдаанд тус бүрийн үнийг 8 750 000 төгрөгөөр оруулахаар бичсэн байхыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт “44.3, 63.4 дэх хэсэгт заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй” гэж заасны дагуу ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд миний өмчлөлийн Ү-2204031772 дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 6 тоот 12.5 м.кв авто зогсоол, мөн тус хаягт байрлах эрхийн                   Ү-2204031774 улсын бүртгэлтэй, 5 тоот 12.5 м.кв талбай бүхий 2 ширхэг авто зогсоолуудыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 4165 дугаар шийдвэрт худалдан борлуулах хөрөнгө гэж заагаагүй байхад надад мэдэгдэлгүйгээр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж буй нь хууль зөрчиж байх тул хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 4165 дугаар захирамжаар С.Э-аас 23 674 616 төгрөгийг гаргуулж, Д Ф ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэснийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр НШГА нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Э-т шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг 2016 оны 9 дүгээр сарын 16, 2016 оны 12 дугаар сарын 22, 2017 оны 02 дугаар сарын 08, 2017 оны 02 дугаар сарын 16, 2017 оны 3 дугаар сарын 22-нд тус тус өгсөн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Төлбөр төлөгч С.Э-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031772 дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 6 тоот 12.5 м.кв авто зогсоол, мөн хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2204031774 дугаартай, зоорийн давхарын 5 тоот 12.5 м.кв талбай авто зогсоолуудыг тус тус битүүмжлэн, хурааж үнийн саналаа ирүүлэхийг төлбөр төлөгчид 3/8999 тоот албан бичгээр, 99111393 дугаар утсанд мессеж хэлбэрээр, мөн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр утсанд нь залгаж тус тус мэдэгдсэн байна. Төлбөр төлөгч С.Э нь барьцаа хөрөнгийг тус бүр 35 000 000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа ирүүлсэн ба төлбөр авагчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 17/84 тоот хүсэлтийг үндэслэн хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгосон. Шинжээч 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 5, 6 тоотын авто зогсоолыг тус бүр 17 500 000 төгрөгөөр үнэлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлж болно гэж заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч С.Э болон өмчлөгч Б.Б нарт барьцаа хөрөнгийн үнэлгээг 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 3/18237, 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 3/22376 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж биечлэн хүргүүлж, шинжээчийн үнэлгээний тайланг танилцуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зохион байгуулагдсан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн Анхны албадан дуудлага худалдаанд барьцаа хөрөнгийг тус бүр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу хөндлөнгийн шинжээчийн тогтоосон үнэлгээний 70 хувь буюу            12 250 000 төгрөгөөр, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэлгээний 50 хувь буюу 8 750 000 төгрөгөөр 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр тус тус албадан дуудлага худалдаанд оруулахад үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. Худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагчид санал болгох тухай төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2017 оны 4/28670, 4/28940, 4/28939 тоот мэдэгдлийг өгч, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Төлбөр төлөгч С.Э нь үндэслэлгүй гомдол гаргаж төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж, хугацаа хожих замаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд саад учруулж, удаашруулж байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.7, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2017 он/-ийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай Б.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Уг шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 13 дугаар хороолол Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж 65 дугаар байрны зоорийн давхар 6 тоот            Ү-2204031772 улсын бүртгэлийн дугаартай 12.5 м.кв автозогсоол, мөн тус хаягт байрлах 5 тоот -2204031774 улсын бүртгэлийн дугаартай 12.5 м.кв автозогсоолуудыг худалдан борлуулахаар шийдвэрт тусгаагүй байхад албадан дуудлага худалдаанд оруулсан болохыг С.Э-тай 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр уулзаж мэдлээ. Тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч надад огт мэдэгдэлгүй миний хөрөнгөд үнэ тогтоож, албадан дуудлага худалдаанд оруулж зарахаар болсонд би гомдолтой байна. Надад нэг ч мэдэгдэл, тогтоол өгөөгүй байж миний хөрөнгийг дур мэдэн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан байх ба намайг тус худалдаанд оруулалгүй хийсэн байна. Мөн миний өмчлөлийн автозогсоолын үнийг тус бүрийн үнийг 17 500 000 төгрөгөөр тогтоосоор байхад 2 дахь албадан дуудлага худалдаанд тус бүрийн үнийг 8 750 000 төгрөгөөр оруулахаар бичсэн байхыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

            Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч НШГГ-т холбогдуулан хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.

 

            Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар С.Э-аас 23 533 598 төгрөгийг гаргуулан Д Ф ББСБ” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн ба гүйцэтгэх бичиг баримтыг үндэслэн хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэжээ. Төлбөр төлөгч С.Э ньД Ф   ББСБ” ХХК-аас 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан зээл авахдаа Б.Б-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 5, 6 тоот автозогсоолуудыг барьцаалсан байна.  

 

            Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэнгийн гудамж, 65 дугаар байрны зоорийн давхарын 5, 6 тоот авто зогсоолуудыг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр битүүмжилж, 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хураан авсан ба энэ ажиллагаанд гомдол гараагүй, шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хүчинтэй байна. Төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нараас үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор үнийн саналыг авах ажиллагаа хийхэд төлбөр төлөгч С.Э-аас 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр уг автозогсоолуудыг 7 000 000 төгрөгөөр үнэлсэн санал ирүүлсэн, харин өмчлөгч Б.Б нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагчД Ф   ББСБ” ХХК-иас 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мэргэжлийн үнэлгээчнээр дүгнэлт гаргуулах талаар хүсэлт ирүүлсэн тул хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгох ажиллагаа хийсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт заасантай нийцсэн.

 

            Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтээр автозогсоол тус бүрийг 17 500 000 төгрөгөөр үнэлсэн, энэхүү үнэлгээний 70 хувь буюу 12 250 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар төлбөр төлөгч, өмчлөгч нарт 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 3/18238, 3/18237 тоот албан бичгээр мэдэгдсэн ба барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасанд 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 04 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолоор хариу өгчээ.

 

            Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гарч, анхны албадан дуудлага худалдааг 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр явуулахыг тогтоож, төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 3/22973, 3/22974 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүрүүлсэн нь хууль зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Анхны албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул автозогсоол тус бүрийг шинжээчийн үнэлгээний 50 хувь буюу 8 750 000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоон, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр явуулахыг тогтоож, төлбөр төлөгч болон өмчлөгч нарт 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 3/25632 тоот /хх 69, 71/ мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлснийг шуудан хүргэгчээс 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр н.О гардаж авсан /хх 93-94/ байх бөгөөд хоёр дахь албадан дуудлага худалдаагаар барьцааны эд хөрөнгөд үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэлээр тогтоогдсон байна. Төлбөр төлөгч үүргээ гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар ипотекийн зүйл буюу барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдах бөгөөд шүүхийн шийдвэрт худалдан борлуулах хөрөнгийг заагаагүй гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/01181 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                               

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

         ШҮҮГЧИД                             Ч.ЦЭНД

 

                                                      М.НАРАНЦЭЦЭГ