Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 830

 

Г.Ээд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Сайнбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дуламрагчаа,

түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Э.Шинэзориг,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/806 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Г.Ээд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Гын Э, 1990 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:.../;

Г.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвийн зочид буудалд С.Бг зодож амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас С.Б нь 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Х овогт Гын Эийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар Г.Ээд 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Ээд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эийн урьд цагдан хоригдсон нийт 211 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, Г.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Г.Эээс нийт 10.581.300 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дуламрагчаад олгохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Шинэзориг гарган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, няцаагддаг бөгөөд өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд дараах нотлох баримтуудыг үндэслэн Г.Ээд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох буюу шүүгдэгчийг цагаатгах санал, дүгнэлтийн үндэслэлээ болгож, мэтгэлцэж оролцсон. Үүнд: гэрч Д.Одмандал, Б.Анхцэцэг, Ч.Отгонтуяа, Б.Амарзаяа, Б.Хэрлэн, О.Түвшинбаяр, Ч.Наранцэцэг, О.Түвшинбаяр, Ц.Ишдорж нарын, шүүгдэгч Г.Эийн гэрчээр өгсөн, шинжээч Т.Амартүвшин нарын мэдүүлгүүд, Тагнуулын Ерөнхий газрын полиграфын сорилын үр дүн зэрэг нотлох баримтуудаар үгүйсгэгдэж, няцаагддаг бөгөөд анхан шатны шүүх эдгээр нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ шийтгэх тогтоолд тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодитй байдалтай нийцээгүй байна. Цаг хугацааны болоод хавтас хэрэгт авагдсан цагаатгах талын дээрх нотлох баримтуудаар Г.Э нь 2017 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвийн зочид буудалд С.Бг зодож амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас С.Б нь 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдож, тогоогдохгүй байгааг шүүх анхааралдаа авахыг хүсч байна. Амь хохирогч С.Б нь Г.Этэй 2017 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө “...” төвийн зочид буудалд хамт байсан цаг хугацаанаас хойш 10 хоногийн дараа буюу 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр мэс засалд ороод нас барсан байдаг. Гэрч Ц.Ишдорж шүүхийн хэлэлцүүлэгт “...2017 оны 5 дугаар сарын 05-ны өдөр С.Б гэх хүнд хагалгаа хийсэн...амь хохирогчид учирсан гэмтэл нь хэзээ үүссэнийг бол тодорхойлох боломжгүй, 2-3 хоногт ч үүссэн байх боломжтой, би шинжээч эмч биш...” гэж, шинжээч Г.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт “...2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хэвлийн хөндийгөөс 2 литр цэвэр цус гарсан байсан. Хэвлийн хөндий хэсгээр байгаа цэвэр цус нь шинэ гэмтэл байх гэж үзэж байна. Олон хоносон бол цус бүлэгнэнэ. 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр энэ шинэ гэмтлийг авсан байх боломжтой. Тэр өдрөөс хойш тасралтгүй эмнэлгийн байгууллагаар явсан байсан. Нас барахаас 3-4 хоногийн өмнө үүссэн гэж үзэж байна, энэнээс олон хоног явах боломжгүй...” гэж мэдүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.6 дахь заалт, 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх ба хавтас хэрэгт авагдсан цагаатгах талын нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Э нь С.Бг зодож, амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас С.Б нь нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэдэг нь нотлогдож, тогоогдохгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмыг удирдлага болгон мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгон, Г.Ээд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дуламрагчаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шударга шийдвэрлэсэн. Би энэ хэргийн араас 3 жил явсан. Зөв шийдвэр гарсан гэж үзэж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Дуламрагчаагийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Эийн мэдүүлэг, Г.Эийн эхнэрийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон. Гэрч Ц.Ишдорж цусны бүлэгнэлийн талаар маш тодорхой мэдүүлэг өгсөн. Полиграфын сорилыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Амь хохирогч хагалгаанд ороход гадна шарх сорви байсан учир цагдаад дуудлага өгсөн байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоосон. Хэрэгт цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Э нь амь хохирогчтой зодолдсон болохыг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар амь хохирогч нь бусад өөр хэн нэгэнтэй зодолдсон гэх зүйл тогтоогдоогүй. Шүүх хуралдаанд мэс ажилбар хийсэн эмч нь анагаах ухааны талаас мэдүүлэг өгсөн. Шинжээч эмчийн өгсөн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлэг нь нэг зүйлийг хоёр талаас нь тайлбарласан. Гэрчийн мэдүүлгээр “гэмтэл аваад цусан хураа үүсэж явж байгаад гэнэт хуулрахад хүний бие муудах боломжтой. Гэнэт хууларч цус алдсанаас хойш 3-аас 4 хоног” гэсэн мэдүүлэг анхан шатны шүүх хуралдаанд өгсөн. Шинжээчийн дүгнэлт гэрчийн мэдүүлгийн цаад утга санаа таарч байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Прокуророос Г.Ээд 2017 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” төвийн зочид буудалд С.Бг зодож амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас С.Б нь 2017 оны 5 дугаар сарын 06-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн эсэхийг нягтлан үзэж, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгчийн үйлдлийн шинж чанар, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс нь үнэлж тогтоогоогүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дахин шинжээч томилуулах, гэмтэл хэзээ үүссэнийг тогтооход ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулах ажиллагааг хийгээгүй, оролцогчийн гомдол хүсэлтийг шалгаж шийдвэрлээгүй зэрэг хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх  асуудлын талаар болон хэргийн талаар ямар ч дүгнэлт хийгээгүй бөгөөд “...Г.Э нь ... С.Бг зодож амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас ... нас барсан болох нь гэрч А.Хэрлэн, Б.Алтангэрэл нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. ...хуулийн зүйл хэсэг тохирч байна. Иймд  ... хариуцлага хүлээлгэх нь зүйтэй” гэснээс өөр ямар ч хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу бичээгүй  байгаа нь шүүх шүүгдэгч Г.Ээд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Хэрэг учрал 2017 оны 4 дүгээр сарын 26-ны шөнө болсон гэж үзсэн атлаа прокуророос тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн хууль болон шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн алийг хэрэглэх талаар, шаардлагатай бол аль хуулийг хэрэглэх нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх талаар, мөн шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэвэл хуулийг буцаан хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт хийлгүй шүүгдэгч Г.Эийн үйлдлийг шинэчлэн найруулсан 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг хүлээн авч хянан шийдвэрлэхдээ энэ талаар ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарч байна.

Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуульд бусдад хүнд гэмтэл учруулсны улмаас тодорхой хугацаа өнгөрсний дараа хохирогч амь насаа алдсан хэргийн зүйлчлэлийг хүнийг санаатай алах гэмт хэргээр зүйлчилж байсан бол шинэчлэн найруулсан 2017 оны Эрүүгийн хуульд энэ гэмт хэргийн зүйлчлэлийг шинээр гэмт хэрэгт тооцож хуульчилсан. Иймд ямар хууль зүйн шинж, шалгуурын дагуу хэргийн зүйлчлэлийг өөрчлөн зүйлчилж байгаа талаараа шүүгдэгчид мэдэгдэж, танилцуулан хэргийн оролцогчийн хувьд “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх” хуульд заасан эрхийг эдлүүлэх нь зүйтэй.     

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц.Ишдорж “...Амь хохирогчид учирсан гэмтэл нь хэзээ үүссэнийг тодорхойлох боломжгүй. 2-3 хоногт ч үүссэн байх боломжтой...” гэж, харин шинжээч эмч Г.Энхбаатар “...2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр энэ шинэ гэмтлийг авсан байх боломжтой. ...Нас барахаас 3-4 хоногийн өмнө үүссэн гэж үзэж байна. Энэнээс олон хоног явах боломжгүй. Хүн болгоны бие физиологи харилцан адилгүй өөр байна. Амь хохирогчид учирсан гэмтэл нь 4 хоногийн хугацаанд үүссэн байх боломжтой. ...Эмнэлэгт хүргэгдэхийн өмнө авсан байх боломжтой гэж үзэж байна. Хэдэн сарын хэдэн гэдгийг нарийн тогтоох боломжгүй. Ийм олон тооны гэмтэл авсан хүн олон хоног явах боломжгүй учраас эмнэлэгт хүргэгдэхээс өмнө үүссэн байх боломжтой...” гэж мэдүүлсэн бөгөөд хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 943 дугаартай “...Талийгаачид учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учралын үед үүсгэгдсэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт /1хх 137/, мөн 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 6117 дугаартай “...тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...” гэсэн дүгнэлт /1хх 195/ , 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 927 дугаартай “...гэмтлүүд нь хэзээ үүсгэгдсэнийг нарийвчлан тогтоох боломжгүй байна...” /2хх 18/ гэсэн эргэлзээ бүхий, шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох баримтууд авагдсан байхад анхан шатны шүүх эдгээр нотлох баримтуудын алиныг шийдвэрийнхээ үндэслэл болгосон, эсхүл няцаан үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй байна.

Дээрхээс дүгнэхэд, шинжээчийн дүгнэлтүүд, шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь эргэлзээ бүхий байдлыг үүсгэж, хэргийн оролцогчдын хувьд маргаан дагуулж байгаа тохиолдолд шинжилгээг шинжлэх ухааны илүү нарийвчлалтай арга, хэлбэрээр дахин явуулах боломжийг ашиглах шаардлагатай байна.

Шинжээчийн дүгнэлт дутуу тул бүрэлдэхүүнтэй дүгнэлтийг дахин нэмэлт шинжилгээгээр гаргаж амь хохирогч М.Бгийн амь нас хохирсон нь бусдад зодуулсны улмаас авсан эсэх, өөрөө унах байдлаар гэмтэл авсан эсэх, бусад нөхцөл байдлуудыг зайлшгүй тогтоох, шүүгдэгч Г.Эийн зодсон гэх үйлдэлтэй хохирогчийн биед учирсан гэмтэл нь шууд шалтгаант холбоотой эсэхийг шинжээч болон хагалгаа хийсэн эмчийг гэрчээр байцааж бус тусгай мэдлэгийн хүрээнд шинжээчийн дүгнэлт гаргуулах замаар тогтоох, амь хохирогч өөр бусад шалтгааны улмаас амь нас нь хохирсон шалтгаант холбоотой байж болох эсэхийг тодорхойлж, зайлшгүй шалган тогтоох хэрэгтэй тул хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүд, гэрч нарын мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудыг сайтар уялдуулан авч үзсэний эцэст мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянаж, бодит байдлыг тогтоосноор шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зөрчигдсөн эрхийг бодитой сэргээх зэрэг нөхцөл байдал бий болно гэж үзэв.

Мөн шүүгдэгч Г.Э нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр прокурорт өөрийг нь эрүүдэн шүүсэн талаар гомдол /2хх 84/ гаргасан байхад энэхүү гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн болон шийдвэрлэх боломжгүй талаар баримт байхгүй, энэ асуудлыг шалгах ажиллагаа хийгдээгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдлыг эргэлзээгүй тогтоолгохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Ээд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаах хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.Эийн өмгөөлөгч Э.Шинэзоригийн гаргасан “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Г.Ээд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгов.

Давж заалдах шатны шүүхийн хувьд анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрх хуулиар олгогдоогүй тул анхан шатны шүүхээр хэлэлцэж, дүгнээгүй асуудлын талаар дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/806 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.Ээд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн прокурорт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Г.Ээд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.ПҮРЭВСҮРЭН

                     ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                     ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ