Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2022/0619

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Т*****

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: ХУ**** ХХК болон Г.Т***** нарын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ***** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О****, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г**** *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1. Г.Т***** нь ХУ**** ХХК -тай 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр ***** тоот Зээлийн гэрээ, ***** тоот Барьцааны гэрээ байгуулж, мөн сарын 09-ний өдөр Улаанбаатар, Баянгол дүүрэг, *****хаягт байрлах 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалсныг бүртгүүлсэн.

2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 7/4090 тоот албан бичгээр ...Баянгол дүүрэг, *****хаягт байрлах орон сууцны зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай бүртгэлийг хянахад ХУ**** ХХК -тай байгуулсан ***** дугаартай барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд ... бүртгэлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу өгсөн.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1 Нэхэмжлэгч Г.Т***** гээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Миний бие Г.Т***** нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг 55**** регистртэй "ХУ****** " ХХК-тай ***** дугаартай "Зээлийн гэрээ" байгуулж, 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг 12 /арван хоёр/ сарын хугацаатай, сарын 5,0 /тав/ хувийн хүүтэй зээлж авсан болно.

Зээлдэгч Г.Т***** зээлдүүлэгч "ХУ****** " ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдөр ***** дугаартай "Барьцааны гэрээ байгуулж, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 12 дугаар хороо, ****, 29 кв.м талбайтай, ******** тоот дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө болох өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаалсан болно.

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-т "Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй" гэж заасан байна.

Хуулийн энэ заалтаас харахад зээлдүүлэгч "ХУ****** " ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг учир надад зээл олгохдоо миний өмчлөлийн ул хөдлөх эд хөрөнгийг барьцаалах ёсгүй байжээ.

Зээлдүүлэгч "ХУ**** ХХК нь үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах эрхгүй субъект байхад түүний үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээг Баянгол дүүргийн улсын байцаагч /6/2-31 дугаарын дардастай/ уг гэрээг бүртгэж авсан нь илт хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3-т зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж, мөн хуулийн 17.1.6-д улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох" гэж заажээ.

Хуулийн энэ заалтын дагуу би асуудлыг шийдүүлэхээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргад хандсан боловч тус газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 7/4090 албан бичгээр татгалзсан хариу авсан болно.

Төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч миний ашиг сонирхол зөрчигдөж байх тул ХУ**** ХХК болон Г.Т***** нарын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ***** дугаар Барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

2.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А******-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэргийн шүүхэд ХУ******* компани болон Г.Т***** нарын хооронд явуулсан 2017 оны 6 сарын 08-ны өдрийн ***** дугаартай барьцааны гэрээний бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байдаг. Бидний гол нэхэмжлэлийн үндэслэл юу вэ? гэхээр төрийн байгууллага болон улсын бүртгэлийн байгууллага бүртгэлийг хийж байгаа. Бүртгэлийг хийхдээ Бүртгэлийн ерөнхий хууль, Төрийн албаны тухай хууль, холбогдох хуулиудад захирагдах хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой гэж үзэж байгаа. Харамсалтай нь улсын бүртгэлийн байгууллага нь Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Төрийн албаны тухай хуулиар сахиж биелүүлээгүйгээс болоод иргэн хуулийн этгээдийн эрх ашиг хөндөгдөж байна. Өөрийнхөө өмчийг барьцаалаад зээл авах асуудал бол нээлттэй. Зээл өгөх асуудал өөрөө нээлттэй юм. Энэ тал дээр зээл өгсөн, авсан талыг буруутгахгүй байна. Үүн дээр зээлийн гэрээ болон барьцааны гэрээгээ аваачаад улсын бүртгэлийн газар бүртгүүлэхэд улсын бүртгэлийн газар бол тус гэрээг бүртгэхээс татгалзах ёстой. Яагаад татгалзах ёстой вэ? гэхээр Өнөөдөр хэдийгээр компани зээл олгох эрхтэй боловч зөвхөн хөдлөх хөрөнгө барьцаалах эрхтэй. Иргэний хуулийн 286.1-д энэ тухай байж байгаа. Барьцаалан зээлдүүлэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд байхыг шаардах эрхтэй гэж байгаа. Хөдлөх эд хөрөнгийг барьцаалах шаардах эрхтэй гэхээр үл хөдлөх хөрөнгийг барьцаалах боломжгүй юм. Үүнийг компани хуулийн этгээд иргэн хоёр мэдэхгүй байж болно. Гэтэл улсын бүртгэгч өөрөө Улсын бүртгэлийн ерөнхий хуулийнхаа дагуу эрх зүйч мэргэжилтэй байхыг шаарддаг. Хуулийн 19.1-д Хуулийн этгээдийн улсын бүртгэгч, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр эрх зүйч мэргэжилтэй, иргэний улсын бүртгэгчээр дээд боловсролтой Монгол Улсын иргэнийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга томилж, чөлөөлнө гэж заасан. Улсын бүртгэгч компани хувь хүний хооронд зээлийн гэрээний барьцааг бүртгэх асуудлыг судалж үзээд танай байгууллага хуулийн этгээдийнхээ хувьд барьцаална зээлдүүлнэ гэсэн асуудал явуулсан байна, барьцаална зээлдүүлэх газар бол үл хөдлөх хөрөнгө барьцаалж болохгүй. Тийм учраас танай гэрээг энэ үндэслэлээр бүртгэхгүй гээд татгалзах ёстой байсан гэж бид нар үзэж байгаа. Гэтэл нотариатаар орсон барьцааны гэрээг улсын бүртгэгч шууд аваад бүртгэсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4-д Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна гэж заасан. Мөн хуулийн 19.4.1-д улсын бүртгэлд бүртгүүлэх эрхийн үнэн зөвийг холбогдох иргэн, хуулийн этгээд, албан тушаалтнаас нотлох баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авч тогтоох гэж заасан. 19.4.2-т энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд иргэн, хуулийн этгээдээс улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, нотлох баримтыг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах гэж заасан. 19.4.3-д энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасан. Ингээд улсын бүртгэгчийг эрх үүргийг тодорхой заагаад өгсөн. Хуулийн 19.4.3-д холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэдэг үүргээ улсын бүртгэгч биелүүлээгүйгээс болоод хуулийн этгээд иргэн хоёрын хооронд маргаантай асуудал үүссэн. Бүртгээгүй байсан бол гуравдагч этгээдээр орж ирж байгаа компанид зээл өгөхгүй, нэхэмжлэгч хувь хүн зээл авахгүй байна байх. Зээл авах юм бол үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж болохгүй байсан. Энэ бол төрийн байгууллагын алдаатай шийдвэр байсан. Хянан шалгах чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс болоод иргэн хуулийн этгээдийн эрх зөрчигдөж байна. Бүртгэл анхнаасаа хууль бус байсан. Төрийн албан хаагч хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй. Үүнээс болоод иргэн хуулийн этгээдийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа учраас тус барьцааны гэрээнд бүртгэсэн бүртгэл хүчингүй болох ёстой гэдэг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлд төрийн албаны эрхэм зорилго гэж тодорхойлсон байдаг. Төрийн албаны эрхэм зорилго нь Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг чандлан баримтлан гэдгийг онцолсон. Төрийн албан хаагчийн тангараг 36 дугаар зүйлд байна. Үүн дээр Монгол Улсын хууль ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж гэж тангараг дотроо байдаг. Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг 37 дугаар зүйлд заасан. Үүн дээр 37.1.1-д Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн мөрдөж сахин биелүүлэх гэж заасан. 39 дүгээр зүйл төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл гэж заасан. Үүн дээр 39.1.3-д хуульд нийцсэн шийдвэр гаргах гэж заасан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17.1.6-д улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, түдгэлзүүлэх, хүчингүй болгох гэж заасан. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19.4.3-д энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах гэж заасан. улсын бүртгэгч зөрчсөн бол бүртгэхээс татгалзана гэж заасан. Иргэний хуулийн 286.1-д Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй гэж заасан. Үүнээс дүгнээд үзэхээр төрийн албан хаагч бол хуулийг сахин биелүүлнэ гэж заасан. Тэрнээс биш хариуцагчийн нэрлээд байгаа 3 хуулийг хэрэглэнэ, бусад хуулийг хэрэглэхгүй гэсэн агуулга харагдахгүй байна. Үндсэн хууль болон бусад хуулийг чанд мөрдөнө гэж тангараг өргөсөн. Дарга бол хяналт тавиад хэрэв зөрчилтэй байх юм бол түүнийг бие дааж хүчингүй болгуулах эрхийг нь хуулиар олгосон. Улсын бүртгэгч бол холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана гэж заасан. Компани барьцааны гэрээ хийгээд явж байж болох юм. Яах гэж хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хойно яах гэж үйл ажиллагааг зааж өгдөг вэ? Үйл ажиллагааны чиглэл нь барьцаална зээлдүүлэх үйл ажиллагаа гээд тодорхой бичсэн. Яагаад улсын бүртгэгч энэ хуулийн этгээд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалж зээл олгож болохгүй гээд татгалзаагүй вэ? Яагаад түүн дээр хяналт тавьж байгаа дарга үүнийг тухайн үед хүчингүй болгуулаагүй вэ? Үүнээс болоод зээл олгосон бол авсан тал нь маргалдаад явж байна. Зээлийн гэрээг шийдсэн гэрээгээр барьцааны асуудлыг огт хөндөөгүй, барьцааны асуудал одоо энд хөндөгдөж байгаа. Төрийн албан хаагч хуулиар олгогдсон эрх үүргийн хэмжээнд үүргээ биелүүлээгүйгээс болоод иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа учир барьцааны гэрээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О********-аас шүүх шүүхэд бичгээр ирүүлсэн, хуралдаанд гаргасан тайлбартаа хариу тайлбартаа: ...Эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн *****хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх иргэн В.Г********* *******/, Г.Т***** ******/ нарын Өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 8 ний өдөр "ХУ**** ХХК -тай байгуулсан ***** дугаартай зээлийн болон барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр 2017 оны 6 дугаар сарын 9 ний өдөр мэдүүлэг гаргаж эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Эрхийн улсын бүртгэлийн ******** дугаартай бүртгэлд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШШ2019/00312 дугаартай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 01 дүгээр сарын 20-ний өдрийн 4/18** дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, албан бичиг, 2019 оны 6 дугаар сарын 3-ний өдрийн 102/г 2019/005** дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Мөн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/33 дугаартай, 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11** дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол тус тус нотлох баримтаар авагдсан байна.

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д "Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна", 156 дугаар зүйлийн 156.1-д "Барьцааны гэрээг бичгээр байгуулна.", 156.2-т "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, унийг заана", 166 дугаар зүйлийн 166.1-д "Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. 166.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекээр хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ."

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүснэ." 9 дүгээр зүйлийн 9.1-д Барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй гэж тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн байгууллага нь барьцаалагч, барьцаалуулагч хоёр талын хооронд үүссэн барьцааны эрхийг улсын бүртгэлд бүртгэдэг.

Уг барьцааны эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй бөгөөд хууль, журмын дагуу бүртгэсэн байна.

Иргэн Г.Т***** нь барьцаалагч "ХУ****** " ХХК Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны уг барьцааны гэрээний дагуу үүссэн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрсэн байх бөгөөд шүүхээс 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 102/ШШ2019/00312 дугаартай захирамжаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд "ХУ****** "ХХК болон иргэн Г.Т***** нарын хооронд байгуулсан ***** дугаартай барьцааны гэрээг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т "Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно" гэж заасны дагуу барьцааны эрх дуусгавар болдог бөгөөд барьцаанаас чөлөөлсөн шийдвэр гаргах эрх Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тухайн үед 2017 онд бүртгэлийг хийх үед эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай 2003 оны хууль үйлчилж байсан үе юм. Тус хуулийн 14 дүгээр зүйлд заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байсан. Тийм учраас бүртгэсэн. Зээлдүүлэх үйлчилгээ бол ХУ**** ХХК -ийн хувьд барьцаалсан гэрээ байгаа. Улсын бүртгэлд авагдсан материалаас харахад иргэний хэргийн шүүхээр эвлэрсэн байдаг. Шүүхийн шийдвэрээр яваад дуудлага худалдаанд орох хүртлээ нотлох баримт бүрдүүлсэн талаар шүүхэд өгсөн. Хоёр тал харилцан улсын бүртгэлд бүртгэсэн гэрээгээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Улсын бүртгэлийн мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй учир бүртгэсэн байна. Хоёр тал иргэний хэргийн шүүхэд эвлэрсэн байдаг. Улмаар гэрээгээ хүлээн зөвшөөрсөн. Нэхэмжлэл дээр гэрээг барьцаанаас чөлөөлөх шийдвэр гаргахыг улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгах гэж байна. Улсын бүртгэлийн гэрээг барьцааны гэрээгээр хүчингүй болгох асуудал Улсын бүртгэлийн ерөнхий газарт байхгүй. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд одоогийн хуулиар хүчингүй болго юм бол барьцаалбарын хууль ёсны эзэмшигч барьцаалагчийн хүсэлт эсвэл шүүхийн шийдвэрийг үндэслэж барьцааны гэрээг дуусгавар болгодог. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Улсын бүртгэлийн байгууллага улсын бүртгэлд бүртгэгдсэн эрхийг барьцаалуулагчийн эрхийг хангах үүднээс улсын бүртгэлд бүртгэдэг. Саяны хэлж байгаа хууль нь тухайн үед мөрдөгдөж байгаагүй хуулийг хэлж байна. Тухайн үеийн хуулиар улсын бүртгэлийн дарга бүртгэлийг хүчингүй болгох эрх байхгүй байсан. Энэ бүртгэлийн хүчингүй болгуулах талаар хандаж байгаагүй. Тухайн үед мөрдөгдөж байгаа хуулиар бүртгэлийг бүртгэхээс хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй учир улсын бүртгэлд бүртгэсэн. Тийм учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Гурав. Гуравдагч этгээдийн тайлбар:

Гуравдагч этгээд ХУ**** ХХК -ийн захирал Д.Г**** **** шүүхэд бичгээр ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Манай компани Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 312*** дугаар захирамжаар Г.Т***** гөөс зээлийн төлбөр 97,391,949 төгрөг, 91 мөнгө, улсын тэмдэгтийн хураамж 644,910 төгрөгийг тус тус гаргуулан авахаар болсон.

Мөн шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 72** дугаар албадан гүйцэтгэх захирамж, 538 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай зардлын гэрээ байгуулж, 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа хэдий ч төлбөр төлөгч Г.Т***** өнөөдрийг хүртэлх хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй манай компанийг хохироосоор байна.

Гэтэл Г.Т***** гийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдөр шинжээчийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 9137 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түдгэлзүүлж, мөн шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2632 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2195 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний 2021 хэргийн шүүх хуралдааны оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 991 дугаар тогтоолоор Г.Т***** гийн гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Үнэлгээний талаар шүүх дээр маргаантай байх хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажил 3 жил гаран хугацаанд зогсож, энэ хугацаанд Г.Т***** нэг ч төгрөг төлөхгүй цаг хожсон.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хэрэг маргаан эцэслэн шийдвэрлэсний дараа барьцаа хөрөнгийн үнэлгээний 70 хувиар бодож 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаанд оруулахад байр 79 сая төгрөгөөр худалдан борлогдсон байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа Б.Днь төлбөр төлөгч Г.Г**** хураагдсан хөрөнгөнд үнэлгээ тогтоолгох өргөдлийг хүлээн аваад Шинжээч томилсон тогтоол, Дуудлага худалдааны тогтоолыг тус тус эрх мэдэл, албан тушаалаараа далайлган хүчингүй болгож, Г.Т***** гийн гаргасан үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хүчин төгөлдөр Монгол Улсын дээд шүүхийн тогтоолыг үгүйсгэж хууль зөрчсөн:

Дээрх үйлдлээрээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны албадан дуудлага худалдаанд ороод 79 сая төгрөгөөр худалдан борлогдсон барьцаа хөрөнгө бидний хохирлыг барагдуулах нөхцөл арай гэж бүрдээд байхад захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан нь гомдолтой байна.

...Нэхэмжлэгч 2017 оны 6 сарын 08-ны өдөр манайхаас зээл авахаар хүсэлт өөрийн биеэр ирж тавьсан. Хүсэлтийн дагуу хэд хэдэн удаа манайх буцаасан байдаг. Ингээд танил талаараа нөлөөлж гуравдагч этгээд болох н.Б****** нөлөөлж танилаараа зээл олгоно уу гээд зээл авч байсан. Тухайн үед хууль ёсны зүйл хийнэ гэдэг үүднээс барьцааны гэрээ байгуулж улсын бүртгэлийн газар бүртгүүлж байж зээлийг олгосон. Олгосны дараа илт зээлийг төлөхгүй байх санаатайгаар авсан гэдгийг би сүүлд нь ойлгосон. Манайд өнөөдрийг хүртэл өөрийн биеэр нэг ч төгрөг төлөөгүй явж байгаа. Эвлэрлийн гэрээгээр хүлээн зөвшөөрөөд зээлээ төлнө гэж хугацаа олгосон боловч хугацаандаа төлөөгүй, дуудлага худалдаа болоод үнийн санал зөрүүтэй явагдсан талаар мөн адил хэлэлцсэн. 79,000,000 сая төгрөгөөр дуудлага худалдаад явагдаад манайд 79,000,000 сая төгрөг хасагдаад одоогоор 18,715,491 төгрөгийн зээлтэй одоогоор бүртгэлтэй байна. Яагаад зээлийг авсан байж буцаагаад төлөхгүйгээр шүүхдээд хугацаа хожоод өөртөө давуу байдал үүсгээд манай компанид хохирол учруулаад төлөхгүй яваад байна.

Тухайн үед гэрээ байгуулаагүй бол ямар ч шаардах үндэслэл байхгүй. Манайх 2017 оны 6 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ мөнгөн дүн гээд бүх зүйлийг нэхэмжлэлдээ бичсэн байдаг. Энэ дүнгийн бүгдийн манайх авсан. Барьцаа хөрөнгөөр барьцаалсан. Улсын бүртгэлд бүртгүүлээд ингээд хүлээн зөвшөөрөөд эвлэрлийн гэрээ байгуулаад 2019 оны 5 сарын 24-ны өдөр 4 хувааж төлнө гээд хоёр тал тохиролцсон байдаг. Тухайн үед барьцааны гэрээ биш, зээлийн гэрээнд гарын үсэг зурахдаа болохгүй байсан гэж байсан бол эвлэрлийн гэрээ хийх шаардлага байхгүй. Манай талаас хоёр тал хоорондоо тохиролцоод хүү хугацаа гээд бүх зүйлийг тохироод зээлийн гэрээ байгуулж барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Зээлийн хугацаандаа хувиарын дагуу төлсөн бол энэ асуудал үүсэх шаардлага байхгүй байсан. Зээл төлөхгүй байх хугацаа авах заль зохиож байгаад харамсалтай байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Т***** гээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ХУ**** ХХК болон Г.Т***** нарын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ***** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлээ ХУ**** ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд бөгөөд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байхад хариуцагч захиргааны байгууллага нь уг барьцааны гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль бус гэж тайлбарлан маргасан.

3. Г.Т***** нь 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ***** тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ-г тус тус ХУ**** ХХК -тай байгуулж, мөн сарын 09-ний өдрийн 11-95**** тоот Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг гаргасан байна.

4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 312 дугаартай Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар Нэхэмжлэгч ХУ**** ХХК -ийн нэхэмжилсэн 97,391,949.00 төгрөгийг хариуцагч Г.Т***** нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 538 тоот гүйцэтгэх хуудас олгосон байна.

4. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11** дугаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол-ын дагуу зохион байгуулагдсан дуудлага худалгаагаар Баянгол дүүрэг, *****хаягт байрлах 29 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэгдсэн орон сууцыг Д.Г**** худалдан авах эрхтэй болсон байх боловч уг орон сууцны өмлөх эрхийг шилжүүлээгүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болоогүй байна.

5. Нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар шаардаж буй бүртгэл нь 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөргөдөж байсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохицуулалтад хамаарна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлд заасныг хэрэгжүүлээгүй гэх тайлбар үндэслэлгүй.

6. Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлэх-ээр, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох барилга байгууламж, хөлөг онгоц зэрэг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182.1-д заасныг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэх-ээр 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар тус тус зохицуулжээ.

7. Нэхэмжлэгч Г.Т***** нь ХУ**** ХХК -тай 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ***** тоот Зээлийн гэрээ-г Иргэний хуулийн 281-285 дэх хэсэгт заасныг, мөн тоот Барьцааны гэрээ-г мөн Иргэний хуулийн 153-160 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн байгуулжээ.

8. Мөн Г.Т***** нь дээрх зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэгтэй болохоо хүлээн зөвшөөрсөн болохыг шүүгчийн захирамжаар баталжээ.

9. Энэ тохиолдолд хариуцагч захиргааны байгууллага нь хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд маргаан бүхий бүртгэлийг хөтөлсөнийг хууль бус гэж үзэх боломжгүй байна. Тодруулбал,

9.1. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан ***** тоот барьцааны гэрээ нь Иргэний хуульд заасан барьцааны нийтлэг зохицуулалтыг удирдлага болгосон байх тул уг гэрээг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлгийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д зааснаас бусад эрхийг бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг гэж үзэхгүй, мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах үндэслэлгүй гэж үзнэ.

9.2. Хэдийгээр ХУ**** ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд байх боловч ***** тоот барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 286 дугаар зүйлд үндэслээгүй, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг барьцаалан зээлдүүлэх журмаар олгон зээлийн гэрээ болохыг мөн Иргэний хуулийн 28 дугаар зүйлд заасан журмын дагуу байгуулагдсан гэрээний барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан нь хууль бус болохыг тогтоосон эрх бүхий этгээдийн аливаа шийдвэр гараагүй гэж үзэхээр, нэхэмжлэгч талаас энэ тухай нотлох баримтын эх сурвалж зааж маргаагүй тул нэхэмжлэгч талын Барьцаалан зээлдүүлэх журмаар олгосон зээл-ийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан байхад уг гэрээг бүртгэсэн хууль бус гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

9.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт зөрчилтэй байхад мэдүүлгийг хүлээж авахаас татгалзаагүй гэж тайлбарлан маргах боловч ***** тоот барьцааны гэрээ байгуулсныг нотариатч баталсны зэрэгцээ уг гэрээг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч өөрөө гаргасан байх тул мэдүүлэгт хавсаргасан баримтууд нь зөрчилтэй гэж үзэхээргүй байна.

10. Дээрхээс үзвэл, маргаан бүхий бүртгэл нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Энэ хуулийн 3.1-д зааснаас гадна үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой, эд хөрөнгийн дараахь эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэнэ, 3.2.1-т барьцаа, 28 дугаар зүйлийн 28.1-д хөдлөх эд хөрөнгийн барьцаа /цаашид "ипотек" гэх/-г бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч гаргах ба улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд хийгдсэн бүртгэл байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2, 3.2.1, 28 дугаар зүйлийн 28.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Т***** гээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан ХУ**** ХХК болон Г.Т***** нарын хооронд байгуулсан 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн ***** дугаар барьцааны гэрээг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ