Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 140

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга А.Батдорж,

Хохирогч Б.Мөнх-Очир,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар А.Цэлмэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201605000210 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай, ВН81032818 тоот регистрийн дугаартай, Жаагийнхан овогт Авирмэдийн Цэлмэг,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Цэлмэг нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Б.Мөнх-Очирын гэрт нь унтуулах үедээ түүнийг архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсний улмаас давсганд их хэмжээний шээс хуримтлагдсан байж болох, түүний давсганд гадны үйлчлэл үзүүлснээр хагарч гэмтэх боломжтойг мэдэх ёстой, мэдэх боломжтой байхад хайхрамжгүйгээр хандаж түүнийг унт гэж хэлж давсган тус газарт нь зөөлөн алгадсаны улмаас хохирогч Б.Мөнх-Очирын давсаг хагарч давсагны урагдал гэмтэл учирсан, А.Цэлмэг нь бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд :

Хохирогч Б.Мөнх-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн … Би 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр аймгийн төв орчихоод буцаад хөдөө гэртээ буюу Жинст сумын 4 дүгээр багийн нутаг Цагаан ус гэх газарт байх гэртээ очсон. Аймгийн төвөөс гарахдаа архи уучихаад гарсан, өөрийнхөө мотоциклиор ганцаараа явсан. Орой гэртээ нар жаргаж байхад буюу 22 цагийн үед очсон. Би гэртээ оччихоод аймгийн төвийн дэлгүүрээс авсан 2.5 летртэй шар айргаа аваад саахалт айл Цэлмэгийнх рүү мотоциклиороо явж очсон. Цэлмэгийнд эхнэр, хүүхдүүд нь байсан. Өөр гаднаас хүмүүс байхгүй байсан. Цэлмэгийнд авчирсан шар айргыг Цэлмэгт өгч, тэр задалсан, шар айргаас би хоёр удаа жижиг аягаар уусан. Цэлмэг шар айраг уугаагүй. Цэлмэгийнд шар айрагнаас аягаар хоёр удаа уучихаад гэрлүүгээ ганцаараа явж очсон. Цэлмэг араас саадаг ямаагаа туугаад манайд очсон. ... Би өнгөрсөн хавар нэг ямаа солиод өгчихөөч гэж Цэлмэгээс гуйж байсан, тэгтэл согтуу дээрээ ямаа сольж өгөөгүй гэж агсам тавьсан гэсэн. Цэлмэг намайг цохиж, зодсон эсэхийг би өөрөө мэдэхгүй байгаа. Манай эхнэр Оюунчимэг маргааш нь надад ярихдаа Цэлмэг чамайг унт гээд гэдэс рүү чинь зөөлөн алгадчихаад явсан гэж ярьсан. Түүнээс би хэрэг явдлын талаар өөрөө мэдэхгүй байна. Цэлмэгийг би мөргөсөн гэсэн. Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Намайг аймгийн төвөөс гэрлүүгээ явахад миний биед ямар нэгэн өвчин зовиур байгаагүй. Хэвлий, давсаг руу өвдөж байсан зүйл байхгүй юм. Миний хувьд мотоцикльтой онхолдож унасан зүйл байхгүй ... Би аймгаас гарах үедээ Хөх толгойд байдаг Дуламсүрэн гэдэг хүнтэй 0.5 летрийн хэмжээтэй архийг хувааж уучихаад гэрлүүгээ явсан, тэр үедээ бол би нэлээд их согтуу байсан юм. Би аймгаас 2.5 летрийн хэмжээгэй пиво авч очсон тэр пивоноос би хоёр аяганд хийж уусан, Цэлмэг уугаагүй тэгээд гэрт нь үлдээчихсэн юм. Би гэртээ ирээд Цэлмэг намайг унт гэсэн юм шиг байгаа юм, тэгээд Цэдмэг миний давсаргруу унт гээд л давсган дээр гараараа дарчихсан гэсэн, би өөрөө сайн мэдэхгүй байгаа юм. Тэгээд би шөнөжингөө бөөлжөөд хоносон ба өглөө боссон чинь шээж чадахгүй байсан ба тэгсэн чинь давсаг хагарчихсан байсан. Би Цэлмэгийн гадаа очих, тэднийхээс гэртээ ирэх, аймгаас гэртээ ирэх замдаа мотоцикльтойгоо би ерөөсөө унаж ойчоогүй. Худгийн сайр дотор ч бас унаж ойчоогүй, зүгээр яваад гэртээ очсон. Би гэрийнхээ гадаа ч гэсэн бүдэрч унасан зүйл байхгүй, зүгээр байсан. Г.Одончимэг, Цэлмэг нар буруу харсан байх би бол тэр үед, согтуу байсан ч гэсэн унаж ойчоогүй санагдаж байна. Би тухайн үедээ бол шээгээгүй байсан тэгээд шээгээгүй байсаар байгаад унтах үедээ Цэлмэгийнд тэгж унт гээд гараараа алгадах үед хагарчихсан юм. Аймгаас гэртээ очоод унтах үедээ шээгээгүй яваад байсан юм. Аймаг ирээд зөндөө шээсэн тэр үед бол зүгээр шээж байсан ... Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна. Цэлмэг надад одоогоор ямар нэгэн хохирол төлбөр барагдуулаагүй байгаа, харин одоо надад 300.000 төгрөгийг төлнө гэсэн. Надад одоо Цэлмэгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй байна ... Цэлмэг тухайн үед унт миний найз гээд давсган дээр дарчихсан, тэгсэн чинь л миний давсган дээр өвдөөд байсан. Тэгээд шөнө бүүр өвдөөд байсан. Би тэр үед мотоцикльтойгоо ерөөсөө ойчоогүй, би хэрэв мотоцикльтойгоо унаж гэмтсэн бол хөл шалбаралгүй яахав, мөн мотоцикльтойгоо унасан бол хүний хоёр хөлний дунд байдаг давсаг юу гэж ганцаараа гэмтэхэв гэж бодож байна. Тэгээд ч би тухайн үед дээл өмссөн байсан, тэгэхээр чинь юу гэж давсаг гэмтэхэв. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28, 29-30, 31-32/

Гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн … Манай нөхөр Мөнх-Очир нь 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн үед аймгийн төв рүү бензин авахаар өөрийнхөө мотоцикльтой ганцаараа явсан. Мөнх-Очир орой аймгийн төвөөс буцаж ирсэн. Ирэхдээ согтуу, нилээн согтуудуу байсан. Гэртээ ирчихээд жаахан байж байгаад гэрээсээ 2.5 летртэй шар айраг аваад Цэлмэгийнд очлоо гээд мотоцикльтой явсан. Тэгж яваад нилээн удсан, Цэлмэгийнх манайхтай саахалтын зайнаас арай холдуу, яг хэдэн км зайтайг нь мэдэхгүй. Мөнх-Очир нар жаргаагаад гэртээ ирсэн. Ирэхдээ аймгийн төвөөс ямархуу байдалтай ирсэн, тэр байдалтайгаа ирсэн. Мөнх-Очирын араас Цэлмэг удаагүй саадаг ямаагаа туугаад, тууж ирчихээд морио манай гэрийн ойролцоо чөдөрлөж тавьчихаад эмээлээ гэрийн гадаа авчирч тавьсан. Тэгчихээд манай гэрт орж ирсэн. Цэлмэгт цай, тавагтай идээ өгчихөөд 500 гр хуванцар савтай шимийн архийг өгсөн. Цэлмэг хийж өгсөн архинаас угаагүй, Мөнх-Очир мөн адил уугаагүй. Цэлмэг манайд ирэхдээ эрүүл, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Манай гэрт зодоон, цохион болсон зүйлгүй. Мөнх-Очир Цэлмэгээс хэрүүл гуйгаад байсан. Мөнх-Очир архи уучихаараа хүнээс янз бүрийн зүйл яриад хэрүүл гуйгаад байдаг юм. Манай нөхөр гэртээ сууж байгаад бие засчихаад ирье гэж хэлээд дээгүүр өмсөөтэй байсан фудволкоо тайлж шидчихээд сууж байснаа Цэлмэгийг баруун талын багананы хажууд сууж байхад нь нүүр рүү нь нэг удаа мөргөсөн. Тэгтэл Цэлмэг яаж байгаа юм мөргөөд гээд Мөнх-Очирыг унт гээд зүүн талын мөрлүү нь түлхээд арагш нь унагасан. Цэлмэг Мөнх-Очирын зүүн мөрөн дээр нь зүүн гараараа дарчихсан сууж байсан. ... Ямаа хавар солиод өгөөч гэж Мөнх-Очир Цэлмэгт хэлж байсан юм билээ, тэр асуудлыг Мөнх-Очир согтуу дээрээ яриад хэрүүл гуйсан маягтай ярьсан. Цэлмэг тэр үед ямаа туранхай байсан юм чинь би яалаа гэж сольж өгдөг юм гэж хариу хэлж байсан ... Манай нөхөр тэр үедээ аймгаас ирэх үедээ нэлээд их согтуу байсан. Гэртээ ирэх үедээ бол түүний жолоодож явсан мотоцикль нь эвдэрч гэмтээгүй зүгээр байсан. Өмнө нь бол манай мотоциклийн хянах самбарын хар толгой хагарсан байсан мөн банк нь жаахан хонхорхой байсан, өөр эвдрэл гэмтэл байгаагүй. Аймгаас гэртээ ирэх үедээ бол намайг харахад л лав унаж ойчоогүй, гэрээсээ Цэлмэгийн гэрт очих үедээ бол мөн ойчоогүй. Гэрийнхээ гадаа бол бүдэрч ойчсон унасан зүйл байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35, 36-37/,

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Оюунчимэг, хохирогч Б.Мөнх-Очир нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл:

-хохирогч Б.Мөнх-Очирын өгсөн ... манай эхнэр Оюунчимэг надад ярихдаа Цэлмэг чамайг унт гээд арагш нь дараад гэдэс рүү чинь 1 удаа алгадсан. Би тэр үед Цэлмэг рүү хөлөөрөө өшигчөөд байсан юм билээ. Цэлмэг миний хөдөлгөөнийг хориод дараад унт гээд л гараараа нэг удаа алгадсан байна. Цэлмэг бид хоёрын хувьд хоорондоо зодоон цохион үүсгэсэн асуудал байхгүй. Цэлмэг эрүүл байсан. Миний ярьсан зүйлүүд үнэн, өөр нэмж ярих зүйлгүй ... гэсэн мэдүүлэг,

-гэрч Д.Оюунчимэгийн өгсөн ... Би нөхөр Мөнх-Очирт Цэлмэг чамайг унт гээд гэдэс рүү чинь нэг удаа алгадсан гэж хэлсэн нь үнэн. Цэлмэг тухайн үед эрүүл, манай нөхөр Мөнх-Очир согтуу, нилээн согтуу байсан. Юмны учир холбогдлыг сайн ойлгохгүй байсан. Цэлмэгийг унт гээд тэгэхэд нь урдаас нь хөл нүцгэн хөлөөрөө жийж өшиглөөд байсан, тэр явцад Цэлмэг унт гээд л Мөнх-Очирын гэдэс орчимд гараараа зөөлөн хүрч алгадсан. Цэлмэг манайд архи уугаагүй. Тэр эрүүл байсан. Би гараараа алгадсан гэдгийг цохих гэж үгийн алдаа гаргаж хэлжээ. Миний харсан үйл явц бол унт гээд л арагш нь хэвтүүлээд гэдэс рүү нь уурласан янзаар биш нөхөрсөгөөр хэлээд зөөлөн алгадсан. Хүмүүс хэн нэгэндээ нөхөрсөгөөр согтуу байхад нь унт гээд л зөөлөн алгаддаг, түүн шиг л үйл явдал болсон юм. Миний ярьсан зүйлүүд үнэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46/,

Шүүгдэгч А.Цэлмэгийн мөрөн байцаалтанд өгсөн ... Миний хувьд Мөнх-Очирыг цохиж зодсон зүйл байхгүй. 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн орой Мөнх-Очир аймгаас ирлээ гэж яриад манай гэрт орж ирсэн. Орж ирэхдээ Мөнх-Очир гурван баавгайтай 2.5 летрын савтай шар айрагтай ирсэн. Шар айргаас нь Мөнх-Очирт шаазан аягаар 2 удаа өгсөн. Би ямар нэгэн байдлаар шар айргыг уугаагүй. Мөнх-Очир ах манай гэрт байж байгаад мотоциклио унаад гэр рүүгээ явсан. Мөнх-Очир гуай манайд ирэхдээ согтуу байсан. Мөнх-Очирын манай хоёрынх саадаг ямаагаа зөрүүлж тавьдаг юм. Тухайн өдрийн орой ямаагаа туугаад Мөнх-Очирын малд нийлүүлсэн, тэгж явахдаа би морьтой явсан. Унаж явсан морио Мөнх-Очирын гадаа тэдний морьтой чөдөрлөж тавьсан. Тэгээд мориныхоо эмээлийг гэрийнх нь гадаа тавьчихаад орсон. Тэдний гэрт Мөнх-Очир болон түүний эхнэр нь байсан, өөр хүн байгаагүй. юм. ... Мөнх-Очир тэр үед эхнэрээсээ болон надаас хэрүүл гуйгаад байсан. Мөнх-Очир надад хандан баян хүн сайхан, морьтой хүн сайхан юм л гээд байсан. Тэгээд байж байтап Мөнх-Очир миний урд ирээд нэг өвдгөө нугалаад нөгөө өвдөг дээрээ сөхрөөд суусан. Удалгүй тэр миний нүүрэн тус газар нэг удаа мөргөсөн. Мөнх-Очирыг би чи яаж байна гэж хэлээд барьж аваад газарт баруун rap тийш нь мушгиад унагаад дарсан. Мөнх-Очирын үйлдэл, үг яриа нь намжаад ирэхээр нь ах бос гэж хэлээд баруун тапын бөөрөн тус газар нь зөөлөн алгадсан ... Би тухайн үед Мөнх-Очирын баруун бөөрөн тус газар нь зөөлөн апгадсан юм. Энэ мэдүүлэг нь үнэн юм. ... Би тухайн үед Мөнх-Очирын мөрөн дээрээс нь бариад газар хажуугаар нь унагасан, мөн би тухайн үед түүний бөөрөн тус газар нь зөлөөн алгадсан юм. Би түрүүнд нь ингэж л мэдүүлэг өгсөн ш дээ. Би одоогоор хохирогчид хохирол төлбөр барагдуулаагүй байгаа, одоо 300.000 төгрөг өгөхөөр хохирогчтой тохиролцсон байгаа, хохирогч надад ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн ... Мөнх-Очир өөрийнхөө эхнэр бид хоёроос хэрүүл нэхээд байсан. Тэгж байгаад миний нүүрлүү толгойгоороо мөргөсөн, тэгээд дахиад надруу ухасхийхээр би мөрөн дээрээс нь барьж аваад хажуу тийш нь унагасан. Тэгээд цээжин дээр нь дараад гэдэргий нь харуулаад дарсан. Тэгээд намайг дарсан байхад тонгочиж байгаад гайгүй болохоор нь би за одоо унт гээд баруун бөөрөн тус газар нь зөөлөн алгадсан. ... Би шинжээчийн 347, 1037 дугаартай дүгнэлтүүдийг уншиж танилцлаа, ямар нэгэн санап хүсэлт байхгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 91-92, 93-94, 97-98/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 347 тоот шинжээчийн ... Б.Мөнх-Очирын биед давсаганд урагдал гэмтэл үүссэн байна. Үүссэн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тухайн гэмтэл нь учирсан үедээ яаралтай тусламж үзүүлээгүй бол амь насанд нөлөөлөх боломжтой байна. Б.Мөнх-Очирын биед үүссэн дээрх гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 49/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1037 тоот шинжээчийн ... Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 347 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Б.Мөнх-Очирын биед давсагны урагдап, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,12-т зааснаар, учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй ... гэсэн дүгнэлт /хх-ийн 83/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 21-22/,

Мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 23-25/,

Эмчийн тодорхойлолт, өвчний түүх эмчилгээ хийлгэсэн баримтууд /хх-ийн 50-76/,

Шүүгдэгч А.Цэлмэгийн иргэний үнэмлэхний хуулбар, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, багийн засаг даргын тодорхойлолт болон хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-ийн 99-104/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч А.Цэлмэг нь 2016 оны 06 сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Жинст сумын 4 дүгээр багийн нутагт оршин суух иргэн Б.Мөнх-Очирын гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Б.Мөнх-Очирын агсан тавих гэсэн үйлдэлийг таслан зогсоох явцад түүний биемахбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Мөнх-Очир, гэрч Д.Оюунчимэг, шүүгдэгч А.Цэлмэг нарын мөрдөн байцаалтан өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 сарын 04-ний өдрийн 347 тоот шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1037 тоот шинжээчийн дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг нь болсон үйл явдлыг харилцан нотолсон, хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шүүгдэгчид анхнаасаа бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулах гэмт санаа, зорилго байгаагүй буюу шүүгдэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн Б.Мөнх-Очирын агсан тавих гэсэн үйлдэлийг таслан зогсоох явцдаа хайхрамжгүй хандаж хохирогчид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан байх ба гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй тул хэргийн зүйлчлэл зөв Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Цэлмэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Уг гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус харьцаа, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг байдал тус тус нөлөөлсөн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч А.Цэлмэгт бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзнэ.

Хохирогч Б.Мөнх-Очир нь шүүгдэгчээс эмчилгээний болон бусад зардалд 300.000 төгрөг хүлээн авсан цаашид гаргах гомдол саналгүй тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч А.Цэлмэгийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирлын мөнгийг сайн дураар төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж дүгнэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Цэлмэгийн эзэмшлийн 10 тооны эр ямааг түүнд буцаан олгож 2016 оны 08 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2., 294.3., 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Жаагийнхан овогт Авирмэдийн Цэлмэгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цэлмэгийг 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй .

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цэлмэгт оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй .

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цэлмэгт оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Цэлмэгийн засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн А.Цэлмэгийн эзэмшлийн 10 тооны эр ямааг түүнд буцаан олгож 2016 оны 08 сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шүүгдэгч А.Цэлмэг нь хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Цэлмэгт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ