Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0127

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Д.*******ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр: Сонгуулийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.3, 159 дүгээр зүйлийн 159.2, 160 дугаар зүйлийн 160.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хуулийг буруу хэрэглэсэн талаар.

1.       Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: "Баянзүрх дүүргийн иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Д.******* нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж иргэдэд мөнгө тараан, маналыг худалдаж авсан гэх асуудал нь хууль зүйн үндэслэлгүй байна. Р.******* нь сонгуулийн тухай сурталчилгаа хийх эрх бүхий этгээд болох нь тогтоогдохгүй гэж дүгнэсэн байхад нэр дэвшигч Д.*******ын нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах нөхцөл бүрдсэн гэж үзэн дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь буруу болжээ" гэсэн нь Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1, 70.5, 160 дугаар зүйлийн 160.3, 163.2 дахь хэсэгт заасныг тус тус анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй алдааг гаргалаа.

Д.******* нь сонгогчдын саналыг татах зорилгоор иргэн Р.*******гээр дамжуулан сонгогчдод мөнгө тараасан болохыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар "3ахиргааны шийтгэл ногдуулах тухай" захирамжаар тогтоож Р.*******г хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний төгрөгөөр буюу 192.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Иймээс Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй юм.

2.  Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт "Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно" мөн зүйлийн 70.5 дахь хэсэгт "Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад дараах үйлдэл гаргах, үйл ажиллагаа явуулахыг хориглоно" гээд зөрчлийн хэлбэрүүдийг тодорхойлжээ. "...эрх бүхий этгээд..." гэдэгт мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан сонгуулийн штабын бүрэлдэхүүнд нэр дэвшигч, түүний менежер, шадар туслагч, ухуулагч нар бүгд хамаарагдахаар байна.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлд заасан "...аливаа этгээд... " гэдэгт иргэн Р.******* хамаарч байгаа бөгөөд тэрээр хуулиар хориглосон үйлдэл, үйл ажиллагаа явуулсан бол нэр дэвшигчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, дахин сонгууль явуулах эрх зүйн үр дагавартай юм. Иймд шүүх холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 38 дугаар шийдвэр, нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нийслэлийн Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.******* нь Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчаас “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 68 дугаар захирамжаар Д.*******ыг ялуулахын тулд иргэн Р.******* Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан мөнгө, эд зүйл тараах зөрчил гаргасан болох нь тогтоогдсон бөгөөд сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд, аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах үйл ажиллагаа явуулсан бол нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасахаар Сонгуулийн тухай хуульд заасан” гэж маргажээ.

Анхан шатны шүүх Сонгуулийн тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Тодруулбал, маргаан бүхий актын үндэслэл болох Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 68 дугаар захирамжаар иргэн Р.*******г Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.1-д заасан мөнгө, эд зүйл тараах зөрчил гаргасан болохыг тогтоож, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.15-д заасны дагуу нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Харин дээрх шүүгчийн захирамжийн Үндэслэх хэсэгт “...нэр дэвшигч Д.******* нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж иргэдэд мөнгө тараан, саналыг худалдаж авсан гэх асуудал нь Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж шүүхэд ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” гэснээс үзэхэд нэхэмжлэгч Д.******* нь Сонгуулийн тухай хуулийг зөрчиж, иргэдэд мөнгө, эд зүйл тараасан зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй байна. Гэтэл нэхэмжлэгч Д.******* өөрөө болон түүний сурталчилгааг хийх эрх бүхий этгээд нь нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах Сонгуулийн тухай хуульд заасан зөрчлийг гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад иргэн Р.*******гийн гаргасан зөрчилд үндэслэж хариуцагчаас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 14 дүгээр тойрогт дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь хууль бус болжээ. 

Мөн Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа тухайн нэр дэвшигчийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах энэ хуульд заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс уг нэр дэвшигчид холбогдох хэсгийг хүчингүй болгоно...” гэж, 160 дугаар зүйлийн 160.3-д “Сонгуулийн дүн гарсны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан бол дахин сонгууль явагдана” гэж тус тус заасан байхад хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нэхэмжлэгч Д.*******ыг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс түүнд холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргаагүй атлаа дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн нь Сонгуулийн тухай хуульд нийцээгүй байна.

Түүнчлэн хариуцагч Баянзүрх дүүргийн Сонгуулийн хороо нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг зөрчсөн байх ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                        ШҮҮГЧ                                                          Э.ХАЛИУНБАЯР

                        ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

                        ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН