Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 411

 

Ж.О нарын нэр бүхий 14 иргэний

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Г.Банзрагч, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г, Б.М, гуравдагч этгээдийн төлөөлөгч С.Ч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0419 дүгээр магадлалтай, Ж.О нарын нэр бүхий 14 иргэний нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.О, С.П, А.А нараас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр Ч.П-д олгосон 2007 оны 501 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/154 дүгээр тушаал, “М у” ХХК-ийн 2012/33 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 35 дугаар зүйлийн 35.1, 37 дугаар зүйлийн 37.1, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б, Б.Х, Л.Б, С.О, Т.Н, Б.Х, Б.О, Б.С, Р.С, Г.Д, С.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-ын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр Ч.П-д олгосон 2007 оны 501 дүгээр газар ашиглах эрхийн гэрчилгээ болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/154 дүгээр тушаал, “М у” ХХК-ийн 2012/33 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0419 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Гуравдагч этгээд “М У” ХХК-ийн захирал С.Ч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нар “М у” ХХК-д аялал жуулчлалын зориулалтаар олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарт газар ашиглах эрх олгохыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл болон шүүхэд гаргасан тайлбартаа одоогийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн Дүнжингарав аманд төрж өссөн, он удаан жил амьдарсан, уугуул иргэд газар эзэмших ашиглах эрх хуулиар олгогдоогүй олон жил болсон, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар захирамж гарснаар кадастрын зураг хийлгүүлж газар ашиглах хүсэлтээ Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд гаргасан гэж тайлбарладаг.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хамгаалалтын бүсэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар ашиглах, эзэмших эрх олгохыг хуульчлаагүй байхад магадлалд дурдсан нэхэмжлэгч нарын бодитоор эзэмшиж байгаа газар, хашаа, байшинтай мөн бохирын цооног гуравдагч этгээдийн газартай давхцалтай байгааг тодруулаагүй гэж дүгнэн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т зааснаар “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж ашиглаж байгаа газартай давхцалгүй байна”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж заасан байх тул эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй буюу бусдын гэрээгээр ашиглаж байгаа газрыг хууль бусаар ашиглаж байгаа иргэдэд газар ашиглуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэж байна. Хууль бусаар газар ашиглаж байгаа иргэдээс болж манай компани өнөөдрийг хүртэл газраа гэрээний дагуу ашиглаж чадахгүй хохирсоор байгаа тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчдийн хашаалсан, барилга барьсан газар нь гуравдагч этгээдийн ашиглах эрх бүхий газартай давхцалтай байхад хариуцагчаас “нэр бүхий иргэдийн оршин суугаа газарт Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын шийдвэрээр бусад аж ахуйн нэгжүүдэд давхцуулан шинээр газар ашиглах зөвшөөрөл олгосон зүйл байхгүй болно...” гэсэн бодит байдлаас зөрүүтэй тайлбар өгснийг тодруулах, газрын давхцлын талаар дүгнэлт өгөх /давхцал нь гуравдагч этгээдийн газар ашиглах эрх үүсэхээс өмнө нь, эсхүл хойно үүссэн эсэх/, маргаан бүхий газар дээр байрлах барилга байгууламж, гэр, хашаа зэрэг нь нэхэмжлэгч нарын хэнийх нь болох, хэзээ барьсан, түүнчлэн нэхэмжлэгч нарын зарим нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тодруулах, мөн шүүх нотлох үүргээ бүрэн гүйцэд хэрэгжүүлэх шаардлагатай” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байна.

Түүнээс гадна, хэрэгт авагдсан нотлох баримт болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2016 оны 2/609 дүгээр албан бичгийн 1 дүгээр хавсралт болох 2005 оны агаарын зургаас /хэргийн 2 дахь хавтас, 45 дахь тал/ үзвэл гуравдагч этгээдийн ашиглах эрхтэй газрын дунд хэсэгт нь барилга байгууламж харагдах тул энэ нь нэхэмжлэгч нарт /хэн нэгэнд нь/ хамааралтай эсэхийг тодруулах, мөн гуравдагч этгээдэд газар ашиглах эрх олгох үед нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газар дээр амьдарч байсан эсэхийг тодруулахын тулд 2007 оны сансрын зургийг нотлох баримтаар зайлшгүй авах шаардлагатай.

Анхан шатны шүүх ийнхүү шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулж, үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг нэхэмжлэгч тус бүрээр нь дүгнэх нь зүйтэй.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А/235 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар гаргасан тэмдэглэлийн дагуу Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулж, хуулийн дагуу газар ашиглах эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газартай, инженерийн шугам, сүлжээ бүхий дэд бүтэцтэй давхцалгүй, бусад газар ашиглагчийн болон нийтийн эзэмшлийн орц, гарц хаагаагүй, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан зориулалтын дагуу газар ашиглах хүсэлт гаргасан иргэдэд газар ашиглах эрх олгох ажлыг зохион байгуулсан байна.

Захиргааны байгууллага нь иргэдэд шударга, тэгш хандах /Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны зарчим/ үүрэгтэй, иймээс нэхэмжлэгч нар нь дээрх сайдын тушаалын хүрээнд хамрагдах боломжтой эсэхийг дахин нягталсны үндсэн дээр хэргийг хянан шийдвэрлэх шаардлагатай тул гуравдагч этгээдээс “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар хамгаалалтын бүсэд гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар ашиглах, эзэмших эрх олгохыг хуульчлаагүй байхад магадлалд дурдсан нэхэмжлэгч нарын бодитоор эзэмшиж байгаа газар, хашаа, байшинтай мөн бохирын цооног гуравдагч этгээдийн газартай давхцалтай байгааг тодруулаагүй гэж дүгнэн анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй” гэсэн гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0419 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                   Г.БАНЗРАГЧ