| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдрэгзэний Алдар |
| Хэргийн индекс | 105/2024/0227/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/263 |
| Огноо | 2024-03-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сүхчулуун |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/263
2024 03 13 2024/ШЦТ/263
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алдар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуунзул,
улсын яллагч М.Сүхчулуун,
шүүгдэгч Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Т холбогдох эрүүгийн 2406000000119 дугаар хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 09-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ............тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Л.Т регистрийн ЦЗ8........... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Л.Т нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа эгнээ байр эзэлх, гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийх явцад хохирогч А.Атай маргаан үүсгэж, улмаар Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Санан дурсахуй” барны хажуу талын зам дээр хохирогч А.Аы эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж гар болон хөлөөр нүүр тус газарт нь цохих, газарт унасан байхад нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодон, хохирогчийн зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, уруул, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Нэг. Нотлох баримтын талаар:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.А өгсөн: “....Би 2023 оны 12 дугаар сарын 20-ний өдөр 22 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдвартын автобусны буудал дээр хөдлөхдөө нэг машины урдуур дохиогоо өгөөд ортол миний ард явж байсан машин миний хажууд ахин нэмэлт эгнээ үүсгээд ороод ирсэн. Тэгээд миний хажууд явж байгаад эгнээ шахагдаад миний ард үлдсэн. Миний ард явж байхдаа гэрлээ анивчуулаад дохиогоороо дохиод яваад байсан. Явж байгаад “Санан дурсахуй” барааны хажууд ирээд зогстол миний ард ирж зогсоод машинаас бууж ирээд чи яаж яваад байгаа юм гээд шууд миний уруул руу 3-4 удаа өшиглөсөн. Би толгой лугаа цохиулахгүй гээд гараараа толгойгоо хаатал миний элэг, цээж, ташаа руу олон удаагийн давтамжтай өшиглөөд миний дээрээс дэвсээд байсан. Тэгээд түүний хажууд сууж явсан залуу намайг зодож байсан залууг болиулаад би цагдаад дуудлага өгсөн. Миний уруул сэтэрч, завж гэмтсэн, баруун тохой хөндүүртэй байна. толгой их өвдөж байна . дотор муухай оргиж, цээж хүнд оргиж, миний дух 2 газраа халцарсан байна. түүний машинд явж байсан хүн бүгдийг нь харсан би гомдолтой байна, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна. ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,
Гэрч Л.Мэндсайхан, 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр/ 18 дугаар хуудас..... 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би төрсөн ах Ттай 120- сос Жуковт байрлах гэрлүүгээ харих зорилгоор ахын цагаан өнгийн "Алпард" маркийн тээврийн хэрэгсэлтэй "Сандэй" худалдааны төвийн ойролцоо явж байтал автобусны буудлаас хар өнгийн "Мерседес Бэнз” маркийн тээврийн хэрэгсэл урдуур дайраад ороод ирсэн тэгэхээр нь ах дайрч орж ирлээ гээд гэрлээрээ дохиод хурдан яв гээд сигналдсан чинь албаар явахгүй урд огцом тоормоз гишгээд байсан тэгээд халдварт өнгөрөөд нөгөө машин замын баруун тал руу шахаад зогсохоор нь ах бас дагаад ард нь зогсоод тэр хоёр хоёулаа машинаасаа буугаад тэр 2 хэрэлдэж байгаад нөгөө залуу духаа ах руу ойртуулаад байсан тэгэхээр нь ах тэр залууг зүүн гараараа нэг удаа цохих шиг болсон тэгсэн нөгөө залуу газар унахаар нь би машинаас бууж очоод нөгөө залууг босгоход уруул хэсгээс нь цус гарсан байсан.
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын
27-ны өдрийн 679 дугаартай дүгнэлт /23 дугаар хуудас/.... Хэсэг газрын үзлэг: Духны баруун хэсэгт ташуу байрлалтай 11х1см, эрүүний баруун буланд 6х4см, амны баруун буланд 1х1см, доод уруулд 1х1см, уруулын салстад 3х2см улаан хүрэн өнгийн цус хуралттай, уруулын салстад 2х1 см язарсан шархтай, дух, эрүү, уруул хавдсан, зүүн бөөр орчим тэмтрэхэд эмзэглэлтэй.
"Мед траума" эмнэлгийн толгойн КТГ: 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр..... тархины эдэд голомтот өөрчлөлтгүй. Гавлын ясанд хугаралгүй. Зүүн ухархайн дотор хана элхэгийн хөндий руу шинэ цөмөрсөн хугаралтай, элхэг хөндийд шингэнтэй. Хамар ясны зүүн хана дотогш бага зэрэг шахагдсан зөрүүгүй хугаралтай, таславч зүүн тийш мурийлттай, хамар нүдний хэсгийн арьсан доорх зөөлөн эдэд бага зэргийн хавантай гэжээ.
ДҮГНЭЛТ 1. А.Агийн биед зүүн ухархайн дотор хана, хамар ясны
хугарал, таславчийн мурийлт, уруулын салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал дух, эрүү, амны баруун хэсэг, уруул, салстад цус хуралт, гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлүүд нь тус тусдаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..... зэрэг баримтыг шинжлэн судалсан болно.
1.2 Талуудын санал, дүгнэлт
Шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар улсын яллагч: Шүүгдэгч Л.Т нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа эгнээ байр эзэлх, гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийх явцад хохирогч А.Атай маргаан үүсгэж, улмаар Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Санан дурсахуй” барны хажуу талын зам дээр хохирогч А.Аы эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж гар болон хөлөөр нүүр тус газарт нь цохих, газарт унасан байхад нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодон, хохирогчийн зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, уруул, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлтийг,
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй буруугаа ойлгож байна гэх...
1.3 Хэргийн үйл баримтын талаарх дүгнэлт
“Шүүгдэгч Л.Т нь 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 22 цагийн орчимд тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцож байхдаа эгнээ байр эзэлх, гүйцэж түрүүлэх хөдөлгөөн хийх явцад хохирогч А.Атай маргаан үүсгэж, улмаар Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Санан дурсахуй” барны хажуу талын зам дээр хохирогч А.Аы эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж гар болон хөлөөр нүүр тус газарт нь цохих, газарт унасан байхад нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодон, хохирогчийн зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, уруул, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын тэгш эрхийн мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд тогтоолоо.
Шүүгдэгч Л.Т нь хохирогч А.Аы биед эрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж гар болон хөлөөр нүүр тус газарт нь цохих, газарт унасан байхад нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодон, хохирогчийн зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, уруул, салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу эрүүл мэндийн эсрэг халдсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Өөрөөр хэлбэл хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг цаг хугацаа, үйл явдлын дарааллын хувьд хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн биед учирсан гэмтлийг бодитой тогтоосон дүгнэлт байх тул эдгээр баримтуудыг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болгов.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм. Мөн шүүхээс хэргийн үйл баримтыг тогтооход үнэлсэн дээрх нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд тэдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, хэрэгт хамааралтай, бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Л.Т гэмт үйлдлийн улмаас хохирогч А.Аы эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл болон хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой юм.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Иймд шүүгдэгч Л.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
1.4 Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц оролцогч нарын хуулиар баталгаажсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүгдэгч Л.Т нь дээд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
1.5 Хууль, эрх зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тусган хуульчилж, мөн зүйлийн 1 дэх хэсэгт уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааснаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулжээ.
Хохирогч А.Аы биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон “: Духны баруун хэсэгт ташуу байрлалтай 11х1см, эрүүний баруун буланд 6х4см, амны баруун буланд 1х1см, доод уруулд 1х1см, уруулын салстад 3х2см улаан хүрэн өнгийн цус хуралттай, уруулын салстад 2х1 см язарсан шархтай, дух, эрүү, уруул хавдсан, зүүн бөөр орчим тэмтрэхэд эмзэглэлтэй” гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Л.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид хохирол, хор уршиг учирсан байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Тыг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Л.Тыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.6 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Л.Т нь энэ гэмт хэргийг үйлдэж хохирогч А.Аы эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан боловч хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирол хор уршигтай холбоотой нэхэмжлэх зүйл баримтаар гаргаж өгөөгүй ба, Харин Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267, тушаалын 6 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь заалтад заасан гэмт хэрэг нь хоёр дугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурсан /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ байна.
Сэтгэцэд учирсан гэм хорын тавдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүүхээс хохирогч А.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгээс ... Миний уруул сэтэрч, завж гэмтсэн, баруун тохой хөндүүртэй байна. толгой их өвдөж байна . дотор муухай оргиж, цээж хүнд оргиж, миний дух 2 газраа халцарсан байна. түүний машинд явж байсан хүн бүгдийг нь харсан би гомдолтой байна, эмчилгээний зардлаа төлүүлмээр байна.. гэх мэдүүлгээс үзэхэд энэ гэмт хэргийн улмаас түүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Харин хохирогч А.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Таас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1 Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч М.Сүхчулуун: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар1000 нэгж буюу 1000000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна.” гэжээ.
Шүүгдэгч Л.Т нь би гэм буруугаа машсайн ойлгож байна мөрдөн байцаалтын шатанд бол би нэг цохисон гэж маргасан одоо бол гэм буруу дээр маргахгүй байна... гэжээ.
2.2 Эрүүгийн хариуцлага
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.
Л.Т нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүгдэгч Л.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Ты үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, хохирогчийн санал гомдол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Т-д мэдэгдэх нь зүйтэй.
Гурав. Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Л.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Л.Т-д оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Тыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Тыг нь урьд цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 , 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Таас 3,300,000 төгрөгийг гаруулж хохирогч А.А-д олгохоор шийдвэрлэсүгэй.
7. Хохирогч А.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Л.Таас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Л.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэг Л.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.АЛДАР