Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2022/0036/з |
Дугаар | 119/ШШ2022/0030 |
Огноо | 2022-09-02 |
Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 119/ШШ2022/0030
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Р” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.Э
Хариуцагч: “Э” ТӨҮГазар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.О, Ч.А нарын хоорондын ““Э ТӨҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ДБ-112-12/2797 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагч “Э” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, Ч.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Р” ХХК “Э” ТӨҮГ-т холбогдуулан ““Э” ТӨҮГ-аас 2022 оны 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ДБ-112-12/2797 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг /захиргааны акт/ хүчингүй болгуулахаар маргасан.
2. “Р” ХХК нь “Э ТӨҮГ-ын хэрэгцээнд “Цахим бүртгэлийн төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2021011... тоот нээлттэй тендерт оролцож, “Э” ТӨҮГ-аас 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдсэн ба 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ДБ-112-12/2797 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр гэрээ байгуулах боломжгүй болсныг мэдэгджээ.
3. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч “Р” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
1. ...Цахим бүртгэлийн төхөөрөмжийн тендертэй холбоотой Захиалагчийн удаа дараагийн ойлгомжгүй үйлдлийг хуулийн хэрэгжилтийг санаатайгаар удаа дараа хэрэгжүүлэхгүй, саатуулах, албан тушаалын ашиг сонирхол харах, төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төсвийн зохицуулалтын бодлогын үр ашигтай байдлыг алдагдуулж байна гэсэн хардах үндэслэл байна гэж тодорхойлжээ.
5. Нэхэмжлэгч “Р” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““Э”-аас зарлагдаж байгаа цахим хяналтын системд манай байгууллагаас хоёр дахь удаагаа оролцож байгаа. 2021 оны 06 сараас эхэлж төлөвлөгдөөд манай компани оролцоод ялсан. Тухайн үед манай хуулийн этгээдийн нэр маань “Хиймэл оюун ухаан автоматжуулалт хэрэглээний үндэсний төв” гэдэг байсан. Тендерийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл нь 2021 оны 09 сарын 20-ны өдөр ирсэн. Тухайн мэдэгдлийг хүлээн авснаас ажлын 6 хоногийн дотор хариу хүргүүлэх ёстой байсан. Дараа нь буюу 2022 оны 1 дүгээр сард зарлагдсан тендер байгаа. 2022 оны 02 сарын 21-ний өдөр хаалтаа хийгээд. Тендер шийдвэрлэх хугацаа нь хуулийн дагуу тендер хааснаас хойш 15 хоног гэж байтал захиалагч талаас оролцсон бүх тендерээс татгалзлаа гэсэн хариуг 03 дугаар сарын 31-нд цахимаар ирүүлсэн бичиг баримт байдаг. Тухайн тендерээс татгалзсан үндэслэл нь ямар ч эрх зүйн орчин бүрдүүлээгүй үндэслэлээр тендерээс татгалзсан байдаг. Үүнд Сангийн яаманд “Р” ХХК-ийн нэрээр гомдол гаргасан. Тендер шалгаруулсан ажиллагаа нь буруу явсан байна. Тиймээс хянан шийдвэрлэж өгнө үү гэсний дагуу Сангийн яам 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр тухайн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байсан гэсэн дүгнэлт гаргасан. Дүгнэлтээс хойш “Э” ТӨҮГ-аас 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гэрээ байгуулах эрх олгогдлоо гэсэн мэдэгдэл ирсэн. Энэ нь бидэнд мэдэгдээд 6 хоногийн дараа гэрээ байгуулах эрх үүснэ гэсэн байсан. Энэ 6 хоног нь ороод тендерийн хүчинтэй хугацаа нь өнгөрсөн байсан. Тухайн тендерийг зохион байгуулах нэгж нь Сангийн яамнаас 2022 оны 04 сарын 12-ны өдрөөс 5 хоногоор сунгах гэсэн бичиг авчихаад тухайн хугацаандаа нөхцөл байдалдаа тохируулж үйл ажиллагаагаа зохион байгуулаагүй гэсэн зүйл харагдаж байна. Зохион байгуулалтын үйл ажиллагаа нь 6 хоногийн хугацаа алдсанаас болоод гэрээ байгуулах хугацаа алдсан. Өмнө нь ийм асуудал гаргасан. Дахин ийм асуудал гаргаж байна. Тиймээс арга хэмжээ авч өгнө үү. “Э” ТӨҮГ-аас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ДБ-112-12/2797 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Э” ТӨҮГ-ын албан хэрэгцээнд цахим бүртгэлийн төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер үнэлгээний хороо байгуулагдаад 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тендер нээснийг хэлсэн. Уг тендерт 10 компани цахим бүртгэлийн төхөөрөмж нийлүүлэхээр материалаа ирүүлсэн бөгөөд тендер хүчинтэй байх хугацаанд буюу 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримтад заасан шалгуур үзүүлэлтээр үндэслэж “Р” ХХК-ийг шалгаруулсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний хорооны дүгнэлтийг захиалагчид танилцуулахад холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд эрх, үүргийн дагуу захиалагч Үнэлгээний хороогоор дахин хуульд нийцүүлэн үнэлгээ хийлгүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү захиалагчийн шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо нь 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хуралдан дахин үнэлгээ хийж бүх тендерээс татгалзсан. Энэхүү татгалзсан мэдэгдлээ тендер оролцогчдод хүргүүлсэн. Энэхүү мэдэгдлийг “Р” ХХК нь хүлээн аваад Сангийн яаманд гомдол гаргасан. Гомдлын хариуг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03/2317 албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийнэ үү гэж “Э” ТӨҮГ мэдэгдсэн. Энэхүү хугацаа нь “Э” ТӨҮГ-ийн зүгээс цахим бүртгэлийн төхөөрөмж нийлүүлэх тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногийн хугацаанд хүчинтэй байх хугацааг сунгах зөвшөөрлийг Сангийн яаманд хүргүүлж, тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгуулсан. Мэдэгдлийг хүлээн авсны дараа Үнэлгээний хороо Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд тендерийн материалыг дахин үнэлээд “Р” ХХК-ийг шалгаруулан тендерийнхээ үнэлгээний дүгнэлтийг захиалагчид хүргүүлээд 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 179 тоот гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг “Р” ХХК-д хүргүүлсэн. Мэдэгдэл хүргүүлсэн энэ хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь заалтад заасан тендерийг нээсэн өдрөөс хойш 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгана. Уг хугацаанд тендер хүчинтэй байна гэсэн 30 хоногийн хугацаа дууссан тул захиалагчийн зүгээс энэхүү хуулийн хугацааг мөрдөж гэрээ байгуулаагүй. Үнэлгээний хорооны зүгээс хуульд заасан чиг үүргийн дагуу тендерийг зохион байгуулж, “Р” ХХК-ийг шалгаруулсан. Гэтэл шалгаруулж байх процесс явагдаж байх хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан тендер хүчинтэй байх хугацаа дууссан тул захиалагчийн зүгээс гэрээ байгуулах боломжгүй болсон. Бусад зүйл бол хуульд заасан процессын дагуу явагдсан. Захиалагчийн зүгээс Сангийн яаманд хүсэлт гаргаад тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгуулсан. Энэ хугацаа ингээд дууссан.
Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хариуцагчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т "нэхэмжлэл" гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ гэж заасан байдаг. Мөн 52 дугаар зүйлийн 52.5-д захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь эрх нь зөрчигдсөн гэж зааснаар нэхэмжлэгч зөвхөн өөрийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн, зөрчсөн гэж үзэж байгаа захиргааны байгууллагын шийдвэр үйл ажиллагааны талаар шүүхэд маргах боломжтой бөгөөд захиргааны байгууллагын ямар шийдвэрийг нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн болох нь нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой байх ёстой гэтэл өнөөдрийн байдлаар “Э” ТӨҮГ нь цахим бүртгэлийн төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулаагүй. Энэ тендерээ дахин зарлаагүй, хоёр тендер хүчингүй болсны улмаас дахин зарлах нөхцөл байдал үүссэн.
Иймээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй байгаа. Тендер дахин зарлахаар дахин оролцоод нийлүүлэх боломжтой байгаа. Хариуцагчийн зүгээс хуульд заасан тендер хүчинтэй байх хугацаа дууссан учраас гэрээ байгуулаагүй. Түүнээс биш нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан зүйл байхгүй. Үүнд бид нэг талдаа хуулиа баримталж ажиллаж байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “Э” ТӨҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хариу хүргүүлэх тухай 2797 дугаартай албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчит хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь заалтад заасан тендерийн хүчинтэй хугацаа дууссан талаар мэдэгдсэн агуулга бүхий баримт бичиг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.” гэж зааснаар захиргааны байгууллагаас гаргасан эрх зүйн үр дагавартай шийдвэрийг захиргааны акт гэж заасан. Гэтэл нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахыг шаардсан ДБ-112-12/2797 дугаартай албан бичиг нь хуульд заасан тендерийг хүчинтэй байх хугацаа дууссан талаарх хариу албан бичиг, түүнээс биш “Э” ТӨҮГ-аас бие даан гаргасан шийдвэр гэж үзэх боломжгүй тул дээрх албан бичиг нь эрх зүйн үр дагаваргүй шинжээрээ захиргааны акт биш гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Р” ХХК “Э” ТӨҮГазарт холбогдуулан ““Э” ТӨҮГ-аас 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ДБ-112-12/2797 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.
2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь захиалагчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ДБ-112-12/2797 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг “ ...тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан талаарх хариу албан бичиг болохоос захиалагч “Э” ТӨҮГазрын бие даан гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй, эрх зүйн үр дагаваргүй шинжээрээ захиргааны акт биш юм.” гэж маргасан ба захиалагч “Э” ТӨҮГ тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан, гэрээ байгуулах боломжгүй болсныг нэхэмжлэгч компанид дээрх албан бичгээр мэдэгдэж, хариу хүргүүлсэн байна.
3. Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан болон үйл ажиллагааг ойлгоно.” заасан ба маргаан бүхий “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийн тухайд “Э” ТӨҮГазраас гэрээ байгуулах боломжгүй болсныг мэдэгдсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулагдах харилцаа бөгөөд энэхүү албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхолд нөлөөлсөн байх тул эрх зүйн үр дагавар үүсгээгүй гэж үзэх боломжгүй.
Иймээс ДБ-112-12/2797 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг нь үр дагавар үүсгэж буй шинжээрээ захиргааны актад хамаарна гэж шүүх үзлээ.
4. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбаруудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
5. Нэхэмжлэгч “Р” ХХК “Э” ТӨҮГ-ын хэрэгцээнд “Цахим бүртгэлийн төхөөрөмж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2021011.... тоот нээлттэй тендерт оролцсон ба Тендерийн үнэлгээний хороо 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хуралдаж, “Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Цахим бүртгэлийн төхөөрөмж” худалдан авах ЭҮТӨҮГ/2021011.... тоот нээлттэй тендерт шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзаж шийдвэрлэжээ.
6. Тендерийн үнэлгээний хорооны дээрх шийдвэрт “Р” ХХК гомдол гаргасан ба Монгол Улсын Сангийн яам 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03/2317 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн байна.
7. Сангийн яамны мэдэгдлийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Тендерийн үнэлгээний хороо тендерийн материалыг дахин үнэлэн ”Э” ТӨҮГ-ын хэрэгцээт “Цахим бүртгэлийн төхөөрөмж” худалдан авах ЭҮТӨҮГ/2021011... тоот нээлттэй тендерт шаардлагад нийцсэн хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Р” ХХК-ийн DDP-“Э” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 116.132.500 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер” гэж шийдвэрлэжээ.
8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч нь энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд ...бичгээр мэдэгдэнэ.” заасны дагуу захиалагч нь нэхэмжлэгч “Р” ХХК-д 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ДҮ-112-12/1749 дугаар албан бичгээр тендерт шалгарсныг мэдэгдэж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрээ хүргүүлсэн ба 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” БД-112-12/2797 дугаар албан бичгээр “...тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дууссан учраас гэрээ байгуулах боломжгүй ...” гэсэн хариуг өгчээ.
9. Нэхэмжлэгч компани захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр болох 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ДҮ-112-12/1749 дугаар албан бичигт дурдсан хугацаанд буюу 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр гэрээ байгуулах хүсэлтээ, гэрээний төслийг баталгаажуулан хүргүүлсэн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа, тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж, 42 дугаар зүйлийн 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” бол хүчин төгөлдөр бус гэрээ болно.” гэж, “...хуульд заасны дагуу тендерийн хүчинтэй хугацаа дууссан ч бид гэрээ байгуулах тухай албан бичиг хүргүүлэх ёстой ...” гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
11. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.3-д “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 29 дүгээр зүйлийн 29.3-д “Хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулахаас татгалзсан эсхүл энэ хуулийн 20.7.2-т заасан /”хамгийн сайн үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогч гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэлд заасан хугацаанд гүйцэтгэлийн баталгааг ирүүлээгүй, эсхүл гэрээ байгуулахаас татгалзсан” /нөхцөл үүссэн бол түүнд олгосон гэрээ байгуулах эрхийг захиалагч хүчингүй болгож, удаах “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчтой энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд ийм оролцогч байхгүй бол 30.4-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.” гэж заажээ.
12. Гэтэл хариуцагч “Э” ТӨҮГ нь дээрх хуулийн заалтуудыг хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл “Р” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан атлаа уг шийдвэрээ хүчингүй болгоогүй, хуулийн 30.4-т заасан шийдвэрийг гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.
13. Тендерийн хүчинтэй байх хугацаа 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дууссан байхад захиалагч байгууллага 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ДҮ-112-12/1749 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосны дагуу гэрээ байгуулах хүсэлтээ, гэрээний төслийг баталгаажуулан хүргүүлсэн нэхэмжлэгч байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
14. Иймээс Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа ...” гэснийг нэхэмжлэгч “Р” ХХК зөрчөөгүй, нэхэмжлэгчийн маргаж буй захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байх тул “Э” ТӨҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” БД-112-12/2797 дугаар албан бичиг /захиргааны акт/-ыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтыг баримтлан “Э” ТӨҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн БД-112-12/2797 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичиг /захиргааны акт/-ыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, “Э” ТӨҮГазраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Р” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА