Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 139

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул,

Нарийн бичгийн дарга А.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Д.Болдбаатарт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн 201605000253 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, 1978 оны 05 сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, малчин, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, ВП78053013 тоот регистрийн дугаартай, Ранайхан овогт Дашбалжирын Болдбаатар,

Холбогдсон хэргийн талаар :

Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар баг Эмээлийн тохой гэх газар Д.Болдбаатар нь 2016.08.18-ны өдөр Д.Дамдинсүрэнг зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Д.Болдбаатар нь 2016 оны 08 сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар баг Эмээлийн тохой гэх газар архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Дамдинсүрэнгийн эрх чөлөөнд халдаж бие махбодид нь санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...

-хохирогч Д.Дамдинсүрэнгийн өгсөн ... Би 2016.08.18-ны шөнө Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар багийн нутаг “Эмээлийн тохой” гэх газар гэртээ унтаж байхад 01 цаг 30 минутийн орчимд манай өргөмөл дүү Д.Болдбаатар архи уусан байдалтай согтуу орж ирээд Дашбалжирын бандийг ална, зээлсэн 80.000 төгрөгөө надаас нэхэхгүй эхнэрээс нэхсэн байна банкинд мөнгөтөй хүн байж надаас 80.000 төгрөг нэхээд горойгоод байгаа юмуу, ах Дашбалжирыг чи дээрэлхээд байна, өөрийнхөө амийг чиний амиар солино чамайг боорлож амьдарна гэж хэлээд Д.Болдбаатар намайг заамдаж аваад нүүрэн тус газар гараараа 5 удаа цохисон. Миний хамар болон духнаас цус гоожсон, гараараа хоолой шахаад, баруун гуян тус газар 2-3 удаа өшиглөсөн, ар нурууруу 2 удаа өшиглөсөн. Тэгээд намайг гэрээс чирч гадаа гаргаад гэрийн гадна мотоциклруугаа чирээд манайд очъё гэсэн. Тэгэхэд Болдбаатарын эхнэр нь дүү Жоохноогийн хамтаар мотоциклоор ирээд Болдбаатараас намайг салгасан тэгээд би Өлзийт сумын эмнэлэгрүү алхсан. Болдбаатарыг эхнэр болон эхнэрийн дүү нь хориод хоцорсон би эмнэлэгт очиж цусаа тогтоолгоод эм уугаад тариа хийлгээд дараа нь цагдаад мэдэгдсэн. Болдбаатарт зодуулсанаас болж миний нармай цөмөрсөн, хоёр нуд хөхөрч хавдсан, гуя болон бүсэлхий хөхөрч хавдсан, тархи хөдөлсөн зэрэг гэмтэл учирсан байсан, биеийн байдал гайгүй байгаа шинжээч эмчийн № 438 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Болдбаатартай өс хонзон байхгүй хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж улмаар намайг зодсон. Болдбаатараас эдвэлсэн эд зүйлийн үнийг төлүүлж авсан. Цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй хоорондоо эвлэрсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10, 47/,

-гэрч Д.Мөнхгэрэлийн ... 2016.08.18-ны шөнө Болдбаатар гаднаас архи уусан байдалтай орж ирээд аав Дамдинсүрэнг чамайг алаад явдаг газраа явна гэж хэлсэн аав юу болоод байгаа юм хоёулаа учираа олъё гэхэд Болдбаатар ах чи манай эхнэрээс 80.000 төгрөг нэхсэн байна гээд аавыг заамдаж аваад нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон. Тэгээд чирээд гэрээс авч гараад мотоциклийнхоо араар суу гээд байсан тэгэж байхад Болдбаатар ахын эхнэр Энхтүшвшин ирээд Болдбаатар ахыг салгаж авсан аав Өлзийт сумын эмнэлэг явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/,

-гэрч Л.Энхтүвшингийн ... 2016.08.18-ны шөнө гэрээсээ гараад Дамдинсүрэн ахынд очиход манай нөхөр Болдбаатар Дамдинсүрэн ахтай маргалдаад гэрийнх нь гадна зогсож байсан. Тэгээд би нөхрөө гэрлүүгээ авч явсан манай нөхөр байнга архи уугаад байдаггүй төлөв томоотой, үг дуу цөөтөй миний хувьд юу болсон талаар мэдэх зүйл байхгүй тул хуульд заасан эрхийнхээ дагуу цааш нь мэдүүлэг өгөхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 14/,

-шүүгдэгч Д.Болдбаатарын ... 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгаас Өлзийт сумруу мотоциклоор явах замдаа Баянговь сумын харъяат Батболд гэх залуутай таараад хоёулаа 1 шил архи хувааж уугаад нэлээд их согтсон архиа ууж дуусаад 2016.08.18-ны шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ очиж байж байгаад гэрээсээ гарч 01 цагийн орчимд мотоциклоо унаад Дамдинсүрэн ахынд очоод Дамдинсүрэн ахад та намайг бордмол гэж хэлсэн байна мөн надад зээлсэн 80.000 төгрөгөө эхнэрээс нэхсэн байна гэж хэлээд хувийн таарамжгүй байдлын улмаас Дамдинсүрэн ахтай маргалдаж байгаад нүүрэн тус газар нь гараараа 2-3 удаа цохисоноо санаж байна их согтсон байсан учраас цааш нь юу болсон талаар сайн санахгүй байгаа нэг мэдэхэд манай эхнэр Энхтүвшин хүрээд ирсэн намайг боль гээд хорьж байсан. Тэгээд би эхнэртэйгээ гэрлүүгээ явж амарсан Дамдинсүрэн ахыг зодсоноо болон нарны толь, мотоциклийн кундактор, банкны таг зэргийг эвдэлж, хагалсанаа хүлээн зөвшөөрч байна. Дамдинсүрэн ах бид хоёр төрсөн ах дүү хоёрын хүүхдүүд хоорондоо эвлэрч учир зүйгээ олсон цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна хэргийг ердийн журмаар шийдвэрлэж өгнө үү ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31/,

-Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 сарын 19-ний өдрийн 438 тоот шинжээчийн “Д.Дамдинсүрэнгийн биед тархины доргилт, хамарт хугарал, баруун, зүүн зовхины цус хуралт, дух, хүзүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдсон байна.Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсэн байна. Үүсэн гэмтлүүд нь 2014.12.05-ны өдрийн ХЗСайд, ЭМсайдын хамтарсан а/216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 18/, эд мөрийн баримтаар хураан авсан тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-8/, Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн яаралтай тусламжийн тасгийн тодорхойлолт /хх-ийн 19/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Болдбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Болдбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч Д.Болдбаатар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хохирогчийн бие бүрэн эдгэрсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ хэргийн 50 дугаар хуудсанд авагдсан эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.Болдбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Болдбаатарын эзэмшлийн 15 тооны бог малыг түүнд буцаан олгож 2016 оны 09 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг толгойн рентген зургийг хохирогч Д.Дамдинсүрэнд олгож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ранайхан овогт Дашбалжирын Болдбаатарыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Болдбаатарыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дэхь хэсэгт зааснаар түүнд холбогдох 201605000253 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Болдбаатарын эзэмшлийн 15 тооны бог малыг түүнд буцаан олгож 2016 оны 09 сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дэхь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг толгойн рентген зургийг хохирогч Д.Дамдинсүрэнд буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Д.Болдбаатар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                        

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Болдбаатарт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ