Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1667

 

МАГАДЛАЛ

 

 

 

 

 

 

 

2018.07.20                                                     Дугаар 1667                            Улаанбаатар хот

Ж.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,  

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01646 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.Ц-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Т нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэгч Ж.Б 2015 оны 11 сард С.Ц-д 4 000 000 төгрөг өгч, С.Ц-ын өмчлөлийн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 3 дугаар байрны 31 тоот 1 өрөө орон сууцыг банкны барьцаанаас чөлөөлүүлсэн. Хариуцагч С.Ц чөлөөлүүлсэн орон сууцаа өөр банкны барьцаанд тавьж зээл авч, нэхэмжлэгчээс зээлсэн 4 000 000 төгрөг төлнө гэж харилцсан тохирсон боловч төлөөгүй. Тухайн үед энэ байдлыг мэдэх гэрч Л.С , н.Х нар хамт байсан. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх тул зээлийн төлбөр 4 000 000 төгрөгийг хариуцагч С.Ц-аас гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Ж.Б намайг 2015 оны 11 сард 4 000 000 төгрөг авсан гэж бичиж өгөөч, өртэй болохоор Шүүхийн шийдвэрээс хайгаад байна. Хэрвээ намайг хүнээс авлагатай гэвэл хайх нь гайгүй болох байх гэж Ж.Б хэлсэн. Би Ж.Б-ыг танихгүй, тухайн үед Л.С , Ж.Б-тай хамт ирсэн. Л.С  ч гэсэн намайг Ж.Б-д тодорхойлолт бичээд өгөөч, би ч гэсэн түүнд бичиж өгсөн гэж хэлсэн. Би Ж.Б-ыг 1 л удаа харсан, бид 2 нэг нэгэндээ мөнгө өгөх хэмжээний бие биенээ танихгүй. Надаас гуйгаад байхаар нь 4 000 000 төгрөг харилцан тохиролцсоны үндсэн дээр төлнө гэж бичсэн. Би 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр тодорхойлолт бичиж өгөөд Ж.Б-аас ямар ч мөнгө аваагүй. 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Л.С  надтай зээлийн гэрээ байгуулж, 5 000 000 төгрөг зээлсэн. Л.С  надаас мөнгө зээлэхдээ Ж.Б гэх найз минь будааны компанитай. Урдаас вагоноор будаа оруулж ирэх гээд гаалийн татвар төлөх шаардлагатай байна гэж хэлсэн. Л.С , Ж.Б 2 надаас зээлсэн 5 000 000 төгрөгөө төлөхгүй явсаар 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Л.С  надад 3 877 000 төгрөг өгч, би Э Б ХХК-ийн зээлээ хаасан. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчийн хариуцагчид мөнгө зээлсэн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч С.Ц-аас 4 000 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Б-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Ц-аас улсын тэмдэгтийн хураамжид 78 950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг буюу Иргэний хэрэг шүүхэд хяиан шийдвэрлэх тухай хуулийн сөрөг нэхэмжлэл гаргах эрх, гэрч дуудан шүүх хуралдаанд оролцуулах эрх зэргийг ноцтой зөрчсөн. Мөн Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д "тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр", мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн "зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх" гэсэн заалтыг буруу хэрэглэсэн. Учир нь гэрч Л.С г шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг хангасан атлаа оршин суугаа хаягтаа алга байна гэсэн үндэслэлээр оролцуулаагүй. Гэвч гэрч буюу хариуцагч С.Ц-д 3 877 000 төгрөгийг өгсөн Л.С  нь шүүх хуралдааны дараа ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дүгээр ангид ял эдэлж байгаа нь тодорхой болсон. Гэрч Л.С г шүүх хуралдаанд оролцуулж түүний өгсөн, А Б-нд зээл хааж төлсөн 3 877 000 төгрөг Ж.Б-ын мөнгө байсан юм уу, гэж асууж мэдүүлэг авахуулах хэрэгтэй байна. Мөн анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлттэй холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нэхэмжлэгч Ж.Б-ын тухайн үед өр төлбөртэй байсан эсэх талаар лавлагаа авахуулах, мөн түүнийг эрэн сурвалжилж явсан шийдвэр гүйцэтгэгч дэд хурандаа н.Ж-аас мэдүүлэг авахуулах шаардлагатай байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч С.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 11 дүгээр сард С.Ц-д 4 000 000 төгрөг зээлдүүлснийг гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...нэхэмжлэгчийг танихгүй, түүнээс мөнгө зээлээгүй, Л.С гийн гуйлтаар 4 000 000 төгрөгийг харилцан тохиролцож төлнө гэж бичиж өгсөн...” гэж тайлбарласан байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хариуцагч    С.Ц нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Л.С гээс гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШЗ2018/05656 дугаар захирамжаар шийдвэрлэж, хариуцагчийн хүсэлтийг хангасан боловч тухайн захирамжид 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШЗ2018/08192 тоот захирамжаар өөрчлөлт оруулан, “...хаяг тодорхойгүй хүнийг шүүхэд гэрчээр дуудах боломжгүй байхад хүсэлтийг хүлээн авсан шүүгчийн захирамж илтэд алдаатай” гэсэн үндэслэл зааж, гэрчээс мэдүүлэг авахуулах талаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгожээ.

Хариуцагч С.Ц нь гэрч гэх Л.С гийн гэрийн хаягийг хүсэлтдээ бичсэн, шүүх гэрчийг дуудан ирүүлэх ажиллагаа хийсэн баримт хэрэгт авагдаагүй байхад захирамжийн холбогдох заалтыг өөрчилсөн нь буруу байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч, хариуцагч болон гэрч гэх Л.С  нарын хооронд мөнгөний өглөг, авлага байгаа талаарх тайлбар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.

Дээрх байдлаас дүгнэвэл гэрчээс мэдүүлэг авахуулах талаар гаргасан хариуцагчийн хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосноор хэргийн оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлэх эрхийг шүүх хангаагүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т, 168 дугаар зүйлийн 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 102/ШШ2018/01646 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                           ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

                                                           М.НАРАНЦЭЦЭГ