| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0095/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/101 |
| Огноо | 2024-05-06 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/101
2024/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Б.Нямжав
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр
Шүүгдэгч: Т.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ё овогтой Тийн Мт холбогдох 2312000000050 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Ө сумын А багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Ё овогт Тийн М /РД: ../
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Ө сумын А багийн .. гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-наас 19-ний өдөр зөвшөөрөлгүйгээр хууль бусаар 1.6 метрийн урттай 52 ширхэг 2.4 метр куб шинэс төрлийн хуурай модыг бэлтгэж ойн санд 263.424 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтын шатанд 2312000000050 дугаартай эрүүгийн хэргээс:
Гэрч Т.Бын мэдүүлсэн “...Би тухайн өдөр Ихтамир сумаас гэрийнхээ гаднаас өвс ачаад Өндөр-Улаан сумын М гэх найзындаа мал хэцүү, өвс муутай байна гэхээр нь худалдаж авсан байсан өвснөөсөө аваачиж өгөх гээд 08 цагийн үед гараад 10 цаг өнгөрөөгөөд очсон юм. Тэгээд өвсөө буулгаж өгчихөөд явах гэж байтал М манай гадна байгаа модыг ачаад Өндөр-Улаан сумын төв дээр айлд буулгаад өгчих гэхээр нь ачаад сумын төв рүү орж яваад цагдаатай таараад шалгуулахад мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй байна гэхээр нь би сандарсандаа гэртээ мод татах гээд Ихтамир сумаас авсан мод бэлтгэх эрхийн бичгээ үзүүлчихсэн юм. Тэгтэл Ихтамир сумын мод бэлтгэх эрхийн бичгээр Өндөр-Улаан сумаас бэлтгэж болохгүй гэж саатуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 хуу/
Гэрч С.Тын мэдүүлсэн “...Би энэ талаар нь мэдэхгүй. Өнөөдөр л мэдэж байна. Тухайн мод бэлтгэх эрхийн бичиг нь тухайн нутагтаа хүчинтэй байдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 хуу/
Гэрч Т.Мын мэдүүлсэн “...Т.Б гэх хүн тухайн өдөр манай гадна байсан галын түлээг ачсан. Тухайн өдөр би Өндөр-Улаан сумын төвөөс өвс авчихаад унаа хайж байтал манай нутгийн залуу М унаа байна гээд Бтой цуг ирсэн. Тэгээд өвсөө ачаад гэртээ аваачиж буулгачихаад Өндөр-Улаан сумын Азарга багийн Их нүүр гэх газраас гэрийнхээ гадна байсан модыг Т.Бод ачиж өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53 хуу/
Гэрч Б.Бгийн мэдүүлсэн “...Би тухайн өдөр гэртээ байж байтал манай нөхөр Б гэх хүнтэй хамт өвс ачаад сумын төвөөс ирсэн. Тэгээд өвсөө буулгачихаад манай гадна байсан модыг Б гэх хүн, манай нөхөр М 3 ачаад Б гэх хүн сумын төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-58 хуу/
Байгаль орчин аялал жуулчлалын яам Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай албан бичиг /хх-ийн 28 хуу/
Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-41 хуу/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 22-25 хуу/
Мод болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-15 хуу/
Мод бэлтгэх эрхийн бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 хуу/
Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 47 хуу/
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2022 оны тооллого /хх-ийн 48 хуу/
Өмгөөлөгчийн хүсэлтүүд /хх-ийн 106, 144 хуу/
Архангай аймгийн Цэнхэр сумын дахь ойн ангийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай албан бичиг /хх-ийн 156 хуу/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзсэн тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж дүгнэв.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Мыг “А аймгийн Ө сумын А багийн ... гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-наас 19-ний өдөр хууль бусаар 1.6 метрийн урттай 52 ширхэг 2.4 метр куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэж ойн санд 263.424 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжээр тодорхойлон яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Прокуророос шүүгдэгч Т.Мт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “А аймгийн Ө сумын А багийн .. гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 18-наас 19-ний өдөр хууль бусаар 1.6 метрийн урттай 52 ширхэг 2.4 метр куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэж ойн санд 263.424 төгрөгийн хохирол учруулсан” гэх шинжээр тодорхойлсон нь үндэслэлгүй гэж үзлээ.
Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материалыг бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан...” гэж гэмт хэргийн шинжийг хуульчилсан.
Прокуророос гэмт хэргийн шинж болох зөвшөөрөлгүйгээр, гарал үүслийн гэрчилгээгүйгээр гэх үндсэн шинжийг тодорхойлоогүй, мөн бэлтгэсэн модны товарлаг байдал, бүтээгдэхүүний буюу бэлтгэсэн модны чанарлаг шинжийг анхаарч үзээгүйгээс нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол, хор уршгийг нотолж чадаагүй байна.
Шүүгдэгч Т.М нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан гэрч Т.Бын мэдүүлсэн “...М манай гадна байгаа модыг ачаад Өндөр-Улаан сумын төв дээр айлд буулгаад өгчих гэхээр нь ачаад сумын төв рүү орж яваад цагдаатай таараад шалгуулахад мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй байна гэхээр нь би сандарсандаа гэртээ мод татах гээд Ихтамир сумаас авсан мод бэлтгэх эрхийн бичгээ үзүүлчихсэн юм. Тэгтэл Ихтамир сумын мод бэлтгэх эрхийн бичгээр Өндөр-Улаан сумаас бэлтгэж болохгүй гэж саатуулсан....” гэх мэдүүлэг, гэрч С.Тын мэдүүлсэн “...Би энэ талаар нь мэдэхгүй. Өнөөдөр л мэдэж байна. Тухайн мод бэлтгэх эрхийн бичиг нь тухайн нутагтаа хүчинтэй байдаг юм...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн мэдүүлсэн “...модыг Б гэх хүн, манай нөхөр М 3 ачаад Б гэх хүн сумын төв рүү явсан. 2023 оны 01 дүгээр сарын 20-ны үед шиг санагдаж байна, манай нөхөр М нь хаваржааныхаа урд талын Их нүүр гэх ойгоос мод бэлтгэж үхэр тэргээр гэрийнхээ гадна цагаалж буулгасан...” гэх мэдүүлэг, мод болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, Байгаль орчин аялал жуулчлалын яам Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай албан бичиг зэрэг баримтуудаар зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн нь тогтоогдож байх боловч шүүгдэгч Т.Мын үйлдлийн улмаас байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц, баялгийг хомсдуулсан, экологийн тэнцлийг алдагдуулсан гэх нийгмийн аюулын хэр хэмжээ тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт заасан мод бэлтгэх ажиллагаа нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан огтлолтоор мод бэлтгэх ажиллагаа нь “Ойн төлөв байдалд сөргөөр нөлөөлж байгаа мод, бутыг огтлох замаар ой ургах тааламжтай орчныг бий болгоход чиглэсэн арчилгааны”, “Түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдэж хатсан, цаашид ургах чадваргүй болсон ойн модыг огтлох замаар ойг цэвэрлэх, ойг эрүүлжүүлэхэд чиглэгдсэн цэвэрлэгээний”, “Нас гүйцсэн модыг огтлох замаар модон түүхий эдийг бэлтгэхэд чиглэсэн үйлдвэрлэлийн ашиглалтын” гэсэн гурван төрөлтэй байхаар хуульчилжээ.
Мөн Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлд хуульд заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, эрхийн бичигт иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана гэж тус тус хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авч мод бэлтгэж, тээвэрлэхээр байна.
Харин ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэх байдлаар түлээ бэлтгэх нь мод бэлтгэлд хамаарахгүй, улмаар хэрэглээний мод, түлээ гэсэн ойлголтыг Ойн тухай хуульд тусад нь авч үзсэнээс үзвэл зөвшөөрөлгүй мод бэлтгэх гэсэн ойлголтыг тайлбарлахдаа модны шинж чанар, модыг бэлтгэсэн арга, мод бэлтгэж, тээвэрлэхэд шаардагдах зөвшөөрлөөс хамааруулан ялгамжтай авч үзэх шаардлагатай байхаар хууль хэрэглээний жишиг мөрдөгддөг.
Мөн ургаа мод огтолж, түүний үндсэн хэсгээс бэлтгэсэн хэрэглээний мод болон ойгоос хожуул, унанги, үзүүр, мөчир, гишүүг цэвэрлэж бэлтгэсэн түлээ нь бэлтгэх, боловсруулах арга, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөрөө ялгаатай ойн бүтээгдэхүүнүүд болохыг тэмдэглэхийн зэрэгцээ бэлтгэх зөвшөөрлийн түвшин, ойн нөөц ашигласны төлбөрийн хэмжээгээр ч эрс ялгаатай болохыг харгалзаж зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, тээвэрлэсэн тохиолдолд нийгэмд учруулах хор аюулыг харгалзан тооцож гэмт хэрэг эсвэл зөрчлийн алинд хамааруулах талаар шүүхийн жишиг тогтсон.
Шүүгдэгч Т.Мын мод түлээний зориулалтаар бэлтгэсэн шинж, бэлтгэсэн модны үнэлгээ зэрэг нь байгаль орчинд хортой нөлөөлсөн, экологийн тэнцлийг алдагдуулсан, ойн хэвийн өсөлт, модны товарлаг байдал буюу бүтээгдэхүүний чанарлаг шинжийг тодорхойлох нь гэмт хэрэг эсхүл зөрчлийн шинжтэй эсэхийг хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар тогтоох боломжтой гэж үзэв.
Үүнд: Хэрэгт авагдсан мод болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл “...Өндөр-Улаан сумын төвөөс 18 км орчим зайтай. Шинэс төрлийн босоо мод ихтэй уулын орой хэсгээрээ хожуул ихтэй уулын ар хэсэг байв. ... Эхний унанги модны өргөн нь 14 см, 2 дахь унанги модны өргөн нь 19 см, 3 дахь унанги модны өргөн нь 23 см, 4 дэх унанги модны өргөн 20 см, 5 дахь унанги модны өргөн 16 см өргөн, 6 дахь унанги модны өргөн 11 см бусад модоо энд тэндээс түүж машин дээр уртдаад байсан моднуудыг үзүүрийг тайрч ачсан...”, хэргийн газрын үзлэгт хавсаргасан гэрэл зургууд, экологи эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт, гэрч Т.Бын мэдүүлсэн “...М манай гадна байгаа модыг ачаад Өндөр-Улаан сумын төв дээр айлд буулгаад өгчих гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Бгийн “...модыг Б гэх хүн манай нөхөр М 3 ачаад Б гэх хүн сумын төв рүү явсан. 2023 оны 01 сарын 20-ны үед санагдаж байна, манай нөхөр М нь хаваржааныхаа урд талын Их нүүр гэх ойгоос мод бэлтгэж үхэр тэргээр гэрийнхээ гадна цагаалж буулгасан...” гэх мэдүүлэг, гэрч С.Тын мэдүүлсэн “...Тухайн мод бэлтгэх эрхийн бичиг нь тухайн нутагтаа хүчинтэй байдаг юм...” гэх мэдүүлэг болон Т.Мын яллагдагчаар өгсөн “...Би өмнө нь болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг өгсөн. Одоо нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэх, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Өндөр-Улаан сумын төвд байдаг гэртээ түлэхээр бэлтгэсэн унанги модоо ачуулсан” гэх яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийн бэлтгэсэн модны чанарлаг байдлаар нь унанги модыг түлээний зориулалтаар бэлтгэсэн гэж үзэх баримтууд хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн ойлголт, шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангид нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор тус тус заасан.
Хэдийгээр шүүгдэгч Т.Мын зөвшөөрөлгүйгээр хууль бусаар унанги мод бэлтгэж зөвшөөрлийн хэм хэмжээг зөрчсөн нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдсон боловч энэхүү үйлдлийн улмаас байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан гэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдсонгүй.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангид Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй гэж хуульчилсан.
Шүүхээс шүүгдэгч Т.Мт холбогдох эрүүгийн хэргийг Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгдэгчийн унанги модыг түлээний зориулалтаар бэлтгэсэн, экологи эдийн засгийн үнэлгээ 263.424 төгрөгөөр тогтоогдсон зэрэг нөхцөл байдлууд нь нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршгийн шинж чанар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Мыг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Харин Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Т.М нь зөвшөөрлийн хэм хэмжээг зөрчсөн буюу “Ойн тухай” хууль зөрчсөн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд Прокуророос шүүгдэгч Т.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон Т.Мыг цагаатгаж, 2312000000050 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
Прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд шүүгдэгч Т.Мын гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтын эх сурвалж болгон үнэлснийг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй болно.
Хэрэгт А аймгийн Ө сумын Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүй хариуцсан мэргэжилтэн М.Дг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон бөгөөд иргэний нэхэмжлэгч нь модны экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 263.424 төгрөгийг нэхэмжилжээ.
Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 263.424 төгрөгийн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, мөн хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор эрүүгийн 2312000000050 дугаартай хэрэгт Т.Мын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хүрэн халзан зүсмийн нас нийлж байгаа хайнагийн шар үхэр, 1.6 метрийн урттай, 52 ширхэг 2.4 метр куб шинэс төрлийн хуурай мод зэргийг битүүмжилсэн, мөн Прокурорын газрын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 18 дугаартай “Эд мөрийн баримтыг хураан авах тухай” тогтоолоор 1 ширхэг цахилгаан хөрөөг эд мөрийн баримтаар хураан авсан шийдвэрүүд хэрэгт авагджээ.
Шүүгдэгч Т.Мт холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр түүнийг цагаатгаж, хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн тул прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож хэрэгт битүүмжлэгдсэн хүрэн халзан зүсмийн хайнагийн шар үхрийг шүүгдэгч Т.Мт буцаан олгож, 1.6 метрийн урттай, 52 ширхэг 2.4 метр куб шинэс төрлийн хуурай мод болон эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөө зэргийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЗ/270 дугаартай захирамжаар Т.Мт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
шүүгдэгч Т.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг,
шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг,
цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг,
гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. .
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 36.3 дугаар зүйл, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ё овогт Тийн Мт холбогдох эрүүгийн 2312000000050 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.Мыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2312000000050 дугаартай эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
3. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар иргэний нэхэмжлэгч М.Дгийн нэхэмжилсэн 263.424 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.М нь хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаартай тогтоолыг хүчингүй болгож хайнагийн шар үхрийг шүүгдэгч Т.Мт буцаан олгосугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн 52 ширхэг, 2.4 метр куб мод, эд мөрийн баримтаар хураагдсан цахилгаан хөрөө 1 ширхэг зэргийг хэргийн хамт хүргүүлсүгэй.
8. Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар цагаатгах тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд цагаатгах тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР