Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/125

 

                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа

Улсын яллагч Э.Ундармаа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн ******* ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000240102 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                   

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 06 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, ******* ******* ******* ******* нэгдсэн эмнэлэгт сувилагч ажилтай, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн 2024 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 00 цаг 10 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг “ ” зочид буудлын урд талын авто зогсоолд Toyota Corolla Rumion маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн ******* ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 00 цаг 10 минутын орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг “ ” зочид буудлын урд талын авто зогсоолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар Toyota Corolla Rumion маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө 00 цагийн орчимд ... зочид буудлын гадаа очиж найз , түүний найз залуу, мөн өөр нэг үл таних залуутай уулзсан. Би машинаасаа буугаад аатай уулзах үед лаазтай жижиг Cass гэх нэртэй пиво өгөхөөр нь машин дотор уугаагүй, гадаа уусан юм. Ингээд аатай хэсэг юм ярилцаж байгаад зочид буудал руу орохоор болсон бөгөөд би машинаа байрлуулах гээд машиндаа суугаад баруунаас зүүн тийш жолоогоо эргүүлж 5 метр хүрэхтэй үгүйтэй урагшлах үйлдэл хийгээд машинаа байрлуулах үед цагдаагийн машин ирсэн. Тухайн машинаас цагдаагийн алба хаагч бууж ирээд намайг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгадаг багажаар үлээлгэж шалгахад миний согтолтын зэргийг 1,10 хувьтай гарч байгааг надад харуулсан. ...2023 оны 08 дугаар сарын дунд үеэр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах Дорнод Бүсийн Эрчим хүчний систем ТӨХК-ийн урд талын авто замаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон явах үедээ цагдаагийн алба хаагчтай таарч ...миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан...” гэх мэдүүлэг, гэрч “...Би 2024 оны 01 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө эргүүлийн үүргийг олон нийтийн цагдаа хамт гүйцэтгэн *******ы тээврийн хэрэгсэлтэй Хэрлэн сумын 7 дугаар баг хуучин аймгийн захиргааны зүүн талын замаар хойноос урагш чиглэлтэй явж байхад замын баруун талд зочид буудлын зогсоол дээр нэг машин хойноос урагш чиглэлтэй хөдлөөд зүүн тал руугаа дараад буцаад баруун тийш ухраад зогссон. Тэгэхэд нь би очоод шалгахад жолоон дээр нэг эмэгтэй байсан. Би согтуурал тандагч багажаар шалгахад ...1,10 хувьтай гарсан тул тээврийн хэрэгслийг саатуулаад уг иргэнийг маргааш замын цагдаа дээр ирж асуудлаа шийдвэрлүүлээрэй гэж хэлээд явуулсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.ы “...Ингээд би найз уулзах гээд түүнийг хүлээх зуураа гийн машин дотор байсан пивоноос ууж байсан. ирэхээр нь уулзаад, бид 2 шууд зочид буудал руу орох байсан. Гэтэл цагдаа нар ирээд ...г шалгаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд машин барьсан байна гэж бодсон юм уу надад хэлэлгүйгээр аваад явсан...” гэх мэдүүлэг, гэрч Б. “...Эргүүлийн үүргээ аваад Хэрлэн сумын 9 дүгээр баг зочид буудлын хажуу хэсгээр өнгөрч байхад зочид буудлын урд талын зогсоол дээр баруун тийшээ харсан суудлын жижиг хүрэн өнгийн машин хөдөлж байгаа харагдсан. Ингээд ахлах ахлагч тухайн машин руу очиж жолоочийг нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь шалгах багажаар ...шалгаж үзэхэд 1,10 хувь гэж зааж байсан...” гэх мэдүүлэг, Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч авто ашиглалтын инженер Б.Түмэнжаргалын 06 тоот дүгнэлт, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол, дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай эрх бүхий ******* тушаалтны тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь /хх-ийн 63/ Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаагаар тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ******* ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч *******гийн согтуурлын зэрэг 1,10 хувьтай гарсан болох нь 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ******* ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ******* ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь дээд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн ******* ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

          2. Эрүүгийн хуулийн ******* ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын ар та нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

          5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

                                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА