Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 143/ШШ2021/00189

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х.П

Хариуцагч: Х.Э

35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.П*******, хариуцагч Х.Э*******, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Х.П******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х*******гийн П******* миний бие 2020 оны 12 дугаар сарын 18-ний өдөр Х.Э******* гэх хүнээс 35 000 000 төгрөгөөр ковш худалдан авахаар тохиролцож 2020 оны 12 дугаар сарын 19-ний өдөр өөрийн Toyoto voltz маркийн автомашинаа 4 500 000 төгрөгөөр тооцож өгөөд нэмж 30 500 000 төгрөг өгсөн юм. Ингээд би тус ковшоороо Цагаан хад гэх газар очиж ажил хийх гэхэд ковшны шанага нь гацаад, файлц гагнаатай, хуваарилагч нь ажиллахгүй, сумаа дээшээ доошоо өргөхгүй ажил хийх ямар ч боломжгүй эвдрэлтэй ковш байсан тул Х.Э******* гэх хүнрүүгээ утасдаж энэ тухай хэлж, наймаагаа буцаая гээд ковшийг нь буцааж өгсөн. Ингээд дараа нь 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Х.Э*******тэй утсаар ярьж мөнгөө авъя гэхэд 2 сарын дараа мөнгийг чинь өгье гэсэн боловч өнөөдрийг хүртэл мөнгийг маань өгөхгүй, утсаа ч авахгүй байх тул Х.Э*******өөс 35 000 000 төгрөгийг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү. Би өөрөө давхар өр зээлтэй, тэр хүмүүс нь надаас мөнгөө нэхээд хэцүү байгаа учраас Х.Э*******өөс аль болох хурдан мөнгөө авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгч Х.П******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уул нь эвлэрэх хүсэлтэй байсан ч утсаа авахгүй байсан тул шүүхэд хандахаас өөр аргагүй болсон. Би 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр энэ хүнтэй тохирч наймаа хийж энэ хүнээс ковш аваад Цагаанхад гэх газар очиж ажил хийх гэсэн боловч машин ажиллагаа нилээн муутай байсан. 23-ны өдөр утас руу нь залгаад, сүүлдээ утсаа авахаа байгаад бүүр сүүлд нь наймаа буцахгүй гэсэн. Тэгээд машиныг нь буцаагаад аваачиж өгөхөд болноо гээд 2 сарын дараа мөнгийг чинь өгье гэсэн. Одоо миний утсыг авахгүй өнөөдрийг хүрсэн. Би мөнгөө яаралтай олж авахгүй бол ардаа асуудалтай байгаа гэв.

Хариуцагч Х.Э******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х*******гийн П******* нь 2020 оны 12 дугаар сарын 12-с нүүр ном хуудсанд миний оруулсан зарын дагуу таны ковшыг сонирхож байна. Авна гэж messenger буюу чатаар холбогдон мөн утсаар харилцаж эхэлсэн. Наймаа тохироод үзэж хараад авбал ав гэж ярсан. Намайг эзгүй аймаг явсан хойгуур 2020.12.17-ний шөнө Цогтцэций дээр ирчихлээ гээд ковшийг чинэ асааж үзье гэхээр нь айлын хүнийг асаагаад өг гэсэн айлын залуу асаагаад өгсөн. Гудамжны хог түрээд түлшийг нь бараад аккумуляторыг нь суулгаад гудманд унтраачхаад та шөнө ирж асааж өг хонох өнжих газар байхгүй шууд ковшоо аваад Цагаан хад явна гээд байсан. Би шөнө очих боломжгүй өглөө очъё манай гэрт унтаж байсан. Би очиж ковшиндоо түлш хийгээд 2 шинэ аккумулятор авч тавиад ковшоо асаагаад хашаанд ирээд бас бус гэрэл дохио янзалж тавьж өгөөд хойд хашааны ухсан нүхийг шороогоор бул хэвийн ажиллагаатай байгааг шалгаж үзүүлсэн. Үүнийг хойд хашааны хүн сайн мэдэж байгаа. Ковшоо аваад явах гээд маш их ярьж байсан. Ковшийн үнэнд оролцуулж өгсөн VOLTZ машиныг нь унаж шалгаж үзэх цаг надад гараагүй. Ковшийн үнээ авах болоход банк ажиллахгүй хагас сайн өдөр байсан. Карт аваад үлд мөнгө чинь энд байгаа гээд манай эхнэрт картын үлдэгдлээ шалгуулаад visa картаа орхиод явсан. Амралтын өдөр байсны улмаас бичиг баримтаа шилжүүлэх боломжгүй байсан. Дараа ярьж байгаад шилжүүлцгээе гэж тохироод яриан авсан. Түүний дараа АТМ орж мөнгөө авсан. Тийнхүү 3 хоногийн дараа эргэн холбогдож ковшийг чинь би ажиллуулж чадахгүй байна. Наймаа буцна гээд үл зайгүй залгаж эхэлсэн. Би мөнгөө аваад өр ширэнд тараагаад дууссан буцаах боломжгүй би шалгаж өгөөд явуулсан хэвийн ажиллагаатай байсан. Чи хаана ямар ажил хийж юуг нь сольсныг би мэдэхгүй. Наймаа буцах боломжгүй гэж хариу өгсөн. Хэд хоногийн дараа Цогтцэций ороход сайн дураараа хашаанд орхисон болно. Би 2 сарын дараа мөнгийг чинь өгье гэж огтхон хэлээгүй. Мөн энэ хүн намайг залилан хийсэн гэж Цогтцэций сумын цагдаагийн хэлтэст гомдол гаргаж намайг шалгуулсан. Шалгалтаар залилан хийсэн гэх үндэслэл байхгүй болох нь тогтоогдсон гэжээ.

Хариуцагч Х.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэн хэлэлцье гэж шүүх хуралдаанаас өмнө ярилцсан байсан. Би тухайн үед зав чөлөөгүй байсан. Нэхэмжлэгч над руу утасдаад гарын үсэг зурах үлдсэн гэсэн. Ганц энэ хүний шийдвэрээр гарын үсэг зураад шийднэ гэж байхгүй, би бас санаа оноогоо хэлж, ярилцаж тохиролцох хэрэгтэй байсан. Одоо нэгэнт шүүхээр явсан учраас би шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэв.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Х.Пүрэвдавгын Хаан банк ХХК-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хариуцагчийн хариу тайлбар, А4 хэмжээтэй мессеж бичсэн нотлох баримт, 2 CD бичлэг зэргийг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Х.П******* нь хариуцагч Х.Э*******д холбогдуулж 35 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны үед талууд Toyota waltz маркийн суудлын автомашиныг хариуцагч Х.Э******* нь нэхэмжлэгч Х.П*******д буцаан өгөхөөр тохиролцож нэхэмжлэгч нь 30.500.000 төгрөгийг хариуцагчаас шаарджээ.

Х.П******* нь 2020 оны 12 дугаар сард Х.Э*******өөс ковш нэртэй автомашиныг 35.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, улмаар Х.П******* нь 4.500.000 төгрөгөнд тооцож Toyota waltz маркийн суудлын автомашиныг хариуцагч Х.Э*******д хүлээлгэн өгч үлдэгдэл 30.500.000 төгрөгийг Х.Э******* нь хүлээн авсан болох нь талуудын тайлбараар нотлогдож зохигчид энэ талаар маргаагүй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Х.Пдрэвдавга нь худалдан авсан ковш нэртэй автомашин нь эвдрэлтэй тул цаашид ашиглах боломжгүй гэж үзэн Х.Э*******д эргүүлэн өгсөн ба худалдан авахаар шилжүүлсэн автомашин болон төлбөрийг буцаан шаарджээ.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.6 дахь хэсэгт Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж заажээ.

Х.П******* нь худалдан авсан эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй байх тул худалдан авсан эд хөрөнгийн үнэ 30.500.000 төгрөгийг шаардах эрхтэй байна гэж шүүх үзсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд хариуцагч Х.Э******* нь Toyota waltz маркийн суудлын автомашиныг нэхэмжлэгч Х.П*******д буцаан өгөхөөр тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 254.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Э*******өөс 30.500.000 /гучин сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.П*******д олгосугай.

2. Хариуцагч Х.Э******* нь Toyota waltz маркийн суудлын автомашиныг нэхэмжлэгч Х.П*******д буцаан хүлээлгэн өгөхөөр тохиролцсон болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Пүрэвдавгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332.950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Э*******өөс 310.450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.П*******д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР