Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1749

 

МАГАДЛАЛ

 

2018.07.25                                                  Дугаар 1749                                 Улаанбаатар хот

 

 

 

 

И Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01086 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч И Ш ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч БСШУСЯ, ХХААХҮЯ-д тус тус холбогдох,

 

Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 427 882 391 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.М, С.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.З нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаартай "Сурагчийн дүрэмт хувцасны үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай тогтоол"-оор ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцсыг 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэхээр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны дарга асан Х.З тендер будилаантуулан 7 компани шалгаруулсан байдаг. 2013 оны Боловсрол шинжлэх ухааны яамны 4/3991 дүгээр албан бичгээр Аймаг, Нийслэлийн боловсролын газрын дарга нарт аж ахуй нэгж, байгууллагуудтай гэрээ байгуулах чиглэл өгсөн бөгөөд 2012 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Засгийн газрын 120 дугаар тогтоолын 186.5-д заасны дагуу ерөнхий боловсролын дунд сургуулиудын сурагчийн дүрэмт хувцасны дүрмийг баталж, хэрэгжүүлэхийг Боловсрол,соёл, шинжлэх ухааны яаманд даалгасан байдаг. Уг тогтоолд нийцүүлэн гаргасан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны сайдын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/179 дүгээр тушаалаар энэхүү актын хэрэгжилтэд зөвхөн "хяналт тавьж, арга зүйн дэмжлэг үзүүлэх"-ийг Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Э-т даалгасан. Гэтэл Д.Э 4/3931 тоот акт гаргаж Засгийн газрын тогтоол болон Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын А/179 тоот тушаалыг зөрчиж хяналт дэмжлэг үзүүлэх үүргээс гадуур Үйлдвэр хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллахыг бие даан шийдвэрлэж улмаар Аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нарт зөвхөн Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдсэн 7 аж ахуй нэгж байгууллагуудтай ерөнхий боловсролын сургуулиудыг гэрээ байгуулахыг даалгаж илт хууль бус захиргааны акт гаргаж, үүний улмаас "Оёдлын нэгдсэн холбоо" ТББ-ын нэр бүхий 7 компаниас өндөр үнэтэй дүрэмт хувцасаар ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг формжуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга 2013 оны 01/2693 дугаар актаар ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр сурагчдын дүрэмт хувцасыг үйлдвэрлэх борлуулах хөнгөлөлттэй зээлд хамрагдах давуу байдлыг 7 компанид өгч Засгийн газраас 9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Мөн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудад зөвхөн тэдгээр компанитай гэрээ байгуулахыг тулган бусад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг зах зээлгүй болгож өрсөлдөөнийг хязгаарлан цөөн тооны компанид илт давуу байдал олгосноос И Ш ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулан, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг хааж ерөнхий боловсролын сургуулиудтай байгуулсан гэрээ цуцлагдахад хүрсэн. И Ш ХХК-иас энэ маргааныг шийдвэрлэх зорилгоор Боловсрол соёл шинжлэх ухаан, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамуудад мэдэгдэл мөн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан боловч амжилт олоогүй учир Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган анхан шатны шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 99 дүгээр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 204 дүгээр магадлал, хяналтын шатны шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тогтоолоор Боловсрол соёл шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 4/3931дүгээр албан бичиг, Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 01/2693 дугаар захиргааны актыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан гарсан эд хөрөнгийн хохирлыг арилгуулахаар иргэний хэргийн шүүхэд хандсан бөгөөд И Ш ХХК-ийн 2012-2013 оны хичээлийн жилд дүрэмт хувцсаар хангах хамтын ажиллагааны гэрээний дагуу үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас тус компанийн агуулахад хураалгаастай байна. Манай байгууллага үйл ажиллагаагаа явуулах зорилгоор 2007 оноос хойш банкнаас богино хугацааны зээл авч тухай бүрт нь төлж байгаад энэхүү хууль бус актын улмаас 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 236 тоот И Ш ХХК-ийн Төрийн банкнаас авсан 100 000 000 төгрөгийн зээл, гүйцэтгэх захирал И.Т түүний эхнэр Ж.Э э нар хамтран компанийн үйл ажиллагаанд зарцуулах зорилгоор 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 13/487 тоот одоогийн Төрийн банкнаас авсан 250 000 000 төгрөгийн зээл, охин Т.Б-ийн нэр дээр авсан цалингийн зээл түүний хүү, хүүгийн алдагдал, торгууль зэргийг 2013 оны 10 дугаар сарын 01-нээс хойш төлөх боломжгүй болж өр төлбөрт орсон. Иймд И.Т , охин Т.Б нарын авсан зээл И Ш ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулагдсан нь зээл авсан тухайдаа хувьцаа эзэмшигчийн дансанд шилжүүлсэн хуулгаар нотлогддог. Иймд 2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын дүрэмт хувцсаар хангах хамтын ажиллагааны гэрээний дагуу 2013 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдвэрлэсэн дүрэмт хувцас 7510 ширхэг хос, 1.561 ширхэг дан дүрэмт хувцасны хохирол нийт 332 595 000 төгрөг, И Ш ХХК хуучнаар Хадгаламж банк одоогийн Төрийн банкнаас 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх       100 000 000 төгрөгийн зээлийн болон нэмэгдүүлсэн хүү 5 904 472,11 төгрөг, охин Т.Б-ийн авсан зээлийн хүү 14 592 900 төгрөг, Ж.Э , И.Т нарын Төрийн банкнаас авсан 250 000 000 төгрөгийн зээл болон нэмэгдүүлсэн хүү 93 493 391.46 төгрөг, нийт 426 088 391.46 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХААХҮЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Чингис Бондын зээлд хамрагдах хүсэлтийг И Ш ХХК гаргасныг банкинд хүргүүлсэн боловч зээл олгоогүй. 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн A/76, А/36 тоот Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын хамтарсан тушаалаар батлагдсан Ажлын удирдамжийн дагуу Оёдлын үйлдвэрүүдийг аттестатчилж, үйл ажиллагаатай нь танилцаж, жижиг үйлдвэрүүдийг техник, хүн хүч, олон жилийн туршлагагаар нь ангилж жижиг үйлдвэрүүдийг кластраар хоршин ажиллах боломжтой талаар санал боловсруулан Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд танилцуулж үлдэгдэл хувцастай 5 компанийн үлдэгдэл хувцасны тоо хэмжээг танилцуулж, эдгээр хувцасыг борлуулахад дэмжлэг үзүүлэх, улмаар 2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Оёдол, сүлжмэлийн үйлдвэрүүдийг оролцуулсан хурал зохион байгуулж, үйлдвэрлэгчдийг цаашид кластраар хоршин үйлдвэрлэлд оролцуулах боломж олгосон. Энэ хуралд И Ш ХХК-ийн захирал И.Т оролцсон. Иймд Аж үйлдвэрийн яамны дарга асан Х.Золжаргал тендер будлиантуулан өөрийн шахааны 7 компанийг шалгаруулсан гэдэг нь үнэнд нийцэхгүй. Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас "Их шаглаа" ХХК-ийг үйлдвэрлэлд оролцох санал тавьсан, Боловсрол соёл шинжлэх ухааны яаманд дүрэмт хувцасыг борлуулах боломжийг ханган ажиллах талаар санал хүргүүлсэн зэрэг ажлуудыг тус яамнаас хийсээр байтал уг компани өөрсдөө оролцохыг хүсээгүй, эсэргүүцэн тэмцэж байсан нь бичлэгээр нотлогдоно. Оёдлын нэгдсэн холбооны үйлдвэрүүдтэй ч уулзаж хамтран ажиллах санал тавьсныг гэрчүүдийн мэдүүлэгт тодорхой байна. И Ш ХХК-ийн 2012 оны гэрээгээр нийлүүлэхээр тохирсон сурагчийн дүрэмт хувцасны үлдэгдэл 332 595 000 төгрөгийн нэхэмжлэл үндэслэлгүй. Үүнд: 1. И Ш ХХК-ийн борлогдоогүй хувцас 2013 оноос өмнөх хувцас болох нь 2012-2013 оны "Сурагчдыг дүрэмт хувцасаар хангах, хамтын ажиллагааны гэрээ"-гээр нотлогдож байгаа бөгөөд шинэ загварын дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн асуудал 2012-2013 оны хичээлийн жил дууссаны дараа буюу Засгийн газрын 2013 оны 250 дугаар тогтоолын 1 дүгээр заалтад заасан ба 2013 оны 7 дугаар сараас эхлэн үндэсний үйлдвэрүүд үйлдвэрлэж эхэлсэн. Тэгэхээр нэхэмжилж буй борлогдоогүй хувцас өмнөх оных болох нь гэрээгээр нотлогдож байна. Нэхэмжлэгч тал сургуулиудтай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар тайланг хэрэгт гаргасан байна. Үүнд: 2006-2007 онд 19 сургууль-11479 ш буюу 98,57%, 2007-2008 онд 30 сургууль-16798ш 107,83%, 2008-2009 онд 37 сургууль-12132ш 116,78%, 2009-2010 онд 35 сургууль-14042 ш 102,76%, 2011-2012 онд 39 сургууль-14895ш 117,9%, 2011-2012 онд 38 сургууль-13546ш 103,97%, 2012-2013 онд 32 сургууль-14282 ш, 108,13%-иар гэрээгээ биелүүлсэн талаарх тайлбарыг дэлгэрэнгүйгээр Ж.Э  гаргаж тамга тэмдэгээр баталгаажуулан өгсөн нь хэргийн 33, 98, 108, 120, 131, 142, 2 хавтасны 48 талуудад авагдсан нь үлдэгдэл бүтээгдэхүүнээ борлуулсан нь нотлогддог. Нэхэмжлэгчийн үлдэгдэл хувцас 2012 онд хамааралтай, нийлүүлэгч И Ш ХХК захиалагч буюу сургуультай байгуулсан гэрээ байна. Хэрэв Сурагчдыг дүрэмт хувцасаар хангах, хамтын ажиллагааны гэрээний 3 дугаар зүйлд зааснаар талууд гэрээний хариуцлагаа хүлээх бөгөөд үүнд яам хамааралгүй. Ажилчидтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, томилсон болон халагдсан тушаалгүй. 2013 оны жилийн эцсийн тайланд "2012-2013 оны гэрээний биелэлтийг жагсаалтаар гаргаж нийт 32 сургуультай 13208ш хувцасны гэрээ хийж 14282ш хувцасыг борлуулж 108,13% биелүүлсэн гэж тайлагнасан мөртлөө 2013 оны Санхүүгийн тайланд орлогоо тусгаагүй нь орлого нуусан үйлдэл гэж үзэж байна. 2013 оны балансад 4,7 сая төгрөг нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн, ажилчдын цалинд 18,6 сая төгрөг нийт 23,3 сая төгрөг 2014 оны баланс байхгүй. 2015 онд 15 200 000 төгрөг төлсөн, нийгмийн даатгалын шимтгэл 100 000 төгрөг 2013 оны Санхүүгийн тайлангийн тодруулгын Бараа материал хэсэгт Түүхий эд материалын эцсийн үлдэгдэл гэж 258 242 203 төгрөгийг хангамжийн материал гэж 236 350 төгрөг нийт 258 478 553,63 төгрөг гэж тайлагнасан. Ажилчдаа сул зогсолт олгосон нь тайланд тусгагдаагүй нь баримтаар нотлогдохгүй. 2012 оны үлдэгдэл хувцасаа борлуулсан нь нотлогдсон, нэхэмжилсэн дүн 9268 ш хувцасанд 385 769 650 төгрөг байхад, 2012 онд 14282 ш хувцас борлуулсныг тухайн компанийн бүтээгдэхүүний хамгийн доод үнэ 43 000 төгрөгөөр тооцоход 614.40 төгрөгтэй тэнцэнэ гэж үзвэл тус компани өрөнд орохгүй. 2013 оны 7 дугаар сараас эхлэн явагдсан төрийн бодлогын цаг хугацаатай тохирохгүй байгаа зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нэхэмжлэл үндэслэлгүй. 2011 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 21-нд 100 000 000 төгрөгийн зээл нь 3 жилийн хугацаатай иргэн И.Т , Ж.Э  нар хамтран авсан нь тус компанийн зээл биш болох нь нотлогдож байна. Тус компани сургуулиудтай байгуулсан гэрээгээ 100 хувиас дээш давуулан биелүүлж байснаа нотлох баримтаар ирүүлсэн ба И.Т , Ж.Э  нар зээл авснаас хойш 2013 оны 7 cap хүртэл хугацаанд гэрээгээр нийлүүлэх бүтээгдэхүүнээ борлуулж, 108,13% биелүүлсэн нь зээлээ төлөх бүрэн боломжтой нь дансны хуулгаар нотлогдож байна. 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төрийн банкнаас авсан 250 000 000 төгрөгийн зээлийн хүү 73 590 019,35 төгрөг мөн 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр "СБЛЦ" ББСБ-аас авсан 40 000 000 төгрөгийн зээлийн хүү 14 592 900 төгрөгийг И Ш ХХК-ийн үйл ажиллагаанд зарцуулсан зээлийн гэрээ байхгүй, хувь хүний асуудал тул төрд хамааралгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч БСШУСЯ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И Ш ХХК-иас хүсэлт болгосны дагуу Нийслэлийн Боловсролын газар тус компаний дүрэмт хувцсаа борлуулах үндсэн нөхцлийг хангах зохион байгуулалтыг 2013 онд төдийгүй 2014, 2015 онд нээж өгсөн. Гэхдээ 2013 онд И Ш ХХК-тай адил нөхцөлтэй, бэлэн дүрэмт хувцасны үлдэгдэлтэй байсан 5 аж ахуйн нэгжүүдээс И Ш ХХК-иас өөр аль ч аж ахуйн нэгж үлдэгдэл хувцас борлуулахтай холбоотой ямар нэг хүсэлт тус яаманд 2014 оноос хойш ирүүлээгүй. Тус яамнаас албан хэрэгцээний шаардлагаар эдгээр 5 аж ахуйн нэгжийн 3 нь болох Батзүү компани үлдэгдэл дүрэмт хувцсаа давуулан борлуулж 122.2 хувийн гүйцэтгэлтэй буюу 13083 дүрэмт хувцас, Энхзүр компани 97.2 хувийн гүйцэтгэлтэй 795 хувцас, И Ш компани 51,5 хувийн гүйцэтгэлтэй буюу 4772 дүрэмт хувцас борлуулсан байна. Дээрхээс үзэхэд И Ш ХХК-ийн нэхэмжлэлд дурдсан 2012-2013 оны хичээлийн жилд үйлдвэрлэсэн хос 7589, дан 2450 ширхэг сурагчийн дүрэмт хувцас компаний агуулахад хураалгаастай байгаа, орлогогүй, зах зээлгүй болсон гэсэн нь үнэнд нийцэхгүй бөгөөд шүүхэд худал мэдээлэл өгсөн хэрэг болж байна. Шүүхийн эцсийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрөх нь хууль зүйд нийцэх эсэхийг шүүх анхаарах нь зүйтэй. Д.Э-ийн гаргасан гэх албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн хууль бус захиргааны акт биш бөгөөд хууль, тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас эрхлэх үндсэн чиг үүргийн хүрээнд орон нутгийн боловсролын байгууллагуудад явуулсан тус яамны албан мэдээлэл болно. Боловсрол, шинжлэх ухааны яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2013 оны 4/3931 тоот бичигтэй холбоотой нэхэмжлэлийг 3 шатны шүүх хянан үзэж эцэслэн шийдвэрлэсэн Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн шийдвэрээр энэхүү албан бичгийг хүчингүй болгоогүй, харин албан бичгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн магадлалыг хүчингүй болгосон. Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолын хавсралтын 186.5 дугаар заалтад нэхэмжлэлд дурдсан "ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дүрэмт хувцасны дүрмийг баталж, хэрэгжүүлэхийг БСШУЯ-д даалгасан" утга, агуулгатай заалт байхгүй. Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгч талд ямар нэгэн гэм хор учирсныг тогтоогоогүй, хохирол төлөх талаар даалгасан, үүрэг болгосон шийдвэр гараагүй. Иймд И Ш ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан Боловсрол соёл, шинжлэх ухаан спортын яам болон Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас 427 882 391 төгрөг гаргуулах тухай И Ш ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И Ш ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 297 362 төгрөг гаргуулж төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад үндэслэн хууль бус захиргааны актын улмаас учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Захиргааны ерөнхий хуулийн 100, 101 дүтээр зүйл, 102 дугаар зүйлийн 102.2 дахь хэсэгт нийцэж байгааг анхан шатны шүүх бодитойгоор хянан үзэж чадаагүй гэж үзэж байна. Хоёр яам болон мэргэжлийн хяналтын газар, ТББ, үйлдвэрлэгч нарын оролцоотойгоор хийгдсэн тооллогоор 2013 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар нэхэмжлэгч компанид 9268 хос, 2,196 дан дүрэмт хувцасны үлдэгдэлтэй байсан ба нийт үлдэгдэл хувцасны үнийн дүнг 385 769 000 төгрөг гэж тогтоосон талаар зохигчид маргаагүй байна. Түүнчлэн энэхүү иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байх явцад шүүхээс 2017 оны 5 дугаар сарын 22-ны одор И Ш ХХК-ийн агуулахад үзлэг хийж, тус компанид хадгалагдаж байгаа дүрэмт хувцасны тоог зохигчдын оролцоотойгоор тоолоход 7510 ширхэг хос, 1,561 ширхэг дан дүрэмт хувцас хадгалагдаж байгаа нь тогтоогдсон байна. Үүнийг хариуцагчийн төлөөлөгч баталж "...үлдэгдэл дүрэмт хувцасыг нэг бүрчлэн тоолсон..."-ыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх биетээр байгаа, түүнийг шүүхээс албан ёсоор үзлэг хийж баталгаажуулсан, түүнчлэн шүүхэд маргаан нэхэмжлэл гаргахаас өмнө "Их шаглаа" ХХК-д үйлдвэрлэчихсэн байсан дүрэмт хувцас биетээр байсан талаарх олон баримт хэрэгт байсаар атал анхан шатны шүүх "дүрэмт хувцасны үлдэгдэл буюу бодит хохирлын хэмжээг нотлоогүй" гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй болсон. Эдгээр баримтуудаар хариуцагч нарын эрх бүхий албан тушаалтнуудын гаргасан хууль бус захиргааны акт нь нэхэмжлэгч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд мөнгө төлж хохироход хүргэсэн шууд шалтгаант холбоо байгаа тул нэхэмжлэгч банкинд төлсөн зээлийн хүү, нэмэдүүлсэн хүү, банк бус санхүүгийн байгууллагад төлсөн зээл, зээлийн хүү болох 93 493 391.46 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан үйл баримтыг анхан шүүх Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсгийн зохицуулалтын хүрээнд хууль зүйн үндэслэлтэй байдлаар зөв дүгнэж чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч И Ш ХХК нь хариуцагч БСШУСЯ, ХХААХҮЯ-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 427 882 391 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас 2013 оны 01/2693 дугаар актаар 7 компанид давуу байдал олгосноос И Ш ХХК-ийн 2012-2013 онд үйлдвэрлэсэн хувцас худалдан борлогдоогүй тул 7510 ширхэг хос, 1.561 ширхэг дан дүрэмт хувцасны үнэ 332 595 000 төгрөг, сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэх зорилгоор Төрийн банкнаас зээлсэн зээл, хүү болон нэмэгдүүлсэн хүү           93 493 391.46 төгрөг, нийт 426 088 391.46 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах…” гэж тайлбарласан.

Хариуцагч Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...сурагчийн дүрэмт хувцсыг 2013 оны 7 дугаар сараас эхлэн үйлдвэрлэж эхэлсэн, нэхэмжлэгч нь сургуулиудтай байгуулсан гэрээгээ 100 хувиас дээш давуулан биелүүлж байсан тайлан гаргасан, зээлээ төлөх боломжтой   байсан нь дансны хуулга баримтаар нотлогддог тул нэхэмжлэл үндэслэлгүй…” гэжээ.

Хариуцагч Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбартаа “...И Ш ХХК-д 2013-2015 онд тус компанийн үйлдвэрлэсэн дүрэмт хувцсыг борлуулах боломжийг хангаж өгсөн, 2012-2013 оны хичээлийн жилд үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас компанийн агуулахад хадгалагдаж байгаа гэсэн болон орлогогүй, зах зээлгүй болсон гэсэн нь үндэслэлгүй...” гэжээ.

Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтад үндэслэгдсэн гэж үзнэ. Учир нь нэхэмжлэгч И Ш ХХК-ийн үйлдвэрлэсэн сурагчийн дүрэмт хувцас хариуцагч нарын буруугаас худалдан борлогдохгүй болсон гэх байдал хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй.

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2013-2014, 2014-2015, 2015-2016, 2016-2017 оны хичээлийн жилд өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг тодорхой хэмжээгээр худалдан борлуулсан талаарх баримт хэрэгт авагдсан ба тухайн баримт нь нэхэмжлэгч компанийн санхүүгийн тэмдгээр баталгаажсан, нэхэмжлэгч компанийн тухайн жилийн татварын тайлан, сурагчийн дүрэмт хувцас худалдан борлуулсан тайлан, зохигчдын тайлбараар хариуцагч нарын гэм буруугаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан гэх байдал нотлогдохгүй байна.

Тухайлбал, 2013 оны 05 дугаар сарын 01-нээс өмнө үйлдвэрлэгдсэн сурагчийн дүрэмт хувцасны үлдэгдлийг нэхэмжлэгч нь 7589 хос гэж тодорхойлсон /хэргийн 1 дэх ботийн 124-128 дахь тал/, 2014 оны 9 дүгээр сарын 11-ний байдлаар үлдэгдэл хувцасны тоо 9268 хос гэж тоологдсон /хэргийн 1 дэх ботийн 166/, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №2016/21 тоот албан бичигт 2013 оны 05 дугаар сарын 01-ний байдлаар сурагчийн дүрэмт хувцас 7505 хос, 1561 ширхэгээр зарагдах үлдэгдэл байгаа /хэргийн 3 дахь ботийн 186 дахь тал/ гэжээ.

Дээрх баримтуудаас дүгнэвэл 2013 оны 5 дугаар сарын 1-нээс өмнө үйлдвэрлэгдсэн байсан гэх сурагчийн дүрэмт хувцасны тоо буюу нэхэмжлэгчид учирсан бодит хохирол тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэйгээс гадна хариуцагч байгууллагуудын тайлбарт заасан нотлох баримтыг нэхэмжлэгч нь баримтаар няцааж чадаагүй гэж үзнэ.

Түүнчлэн 2013 оны 4,5 дугаар сард нэхэмжлэгч компанийн 100 хувийн хөрөнгө оруулагч И.Т , иргэн Т.Б нарын эргэлтийн хөрөнгийн болон бизнесийн зориулалтаар авсан зээлийг зөвхөн сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэхэд зарцуулсан гэж дүгнэх үндэслэлгүй болно.

Гэм хорын хохирлыг хариуцах үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус, санаатай, болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс нөгөө талд хохирол, зардал гарсан гэх байдал хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг бөгөөд нэхэмжлэгчийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн худалдан борлогдоогүй, үйлдвэрлэл явуулахын тулд банкнаас зээл авч, хүү, нэмэгдүүлсэн хүү төлсөн явдалд хариуцагч байгууллагуудын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх нөхцөл байдал эргэлзээгүй баримтаар тогтоогдохгүй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага тус бүрт дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудын мэтгэлцэх эрхийг хангаснаар хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд хангуулахаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2018/01086 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 2 297 363 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

      

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

    ШҮҮГЧИД                                      Ч.ЦЭНД

 

                                                                 М.НАРАНЦЭЦЭГ