| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогийн Оч |
| Хэргийн индекс | 108/2020/0064/Э |
| Дугаар | 859 |
| Огноо | 2020-07-02 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 859
Х.Бд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Цэрэндалай,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг,
шүүгдэгч Х.Бы өмгөөлөгч Э.Намжилцэрэн,
нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,
Налайх дүүргиийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж, шүүгч Д.Чинзориг, П.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Х.Бд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овгийн Хгийн Б, 1972 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,
Баянзүрх дүүргийн шүүхийн 1998 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 481 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 275 дугаар зүйлд зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, хянан харгалзаж байсан;
Х.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагийн орчимд ... тоотод Б.Бтэй маргалдан улмаар зүүн далны дээд хэсэгт болон ар нурууны дунд хэсэгт нь хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Х.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Х овогт Хгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Бд оногдуулсан 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Бы 2020 оны 1 дүгээр сарын 24-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 96 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь хугарсан хуванцар шар өнгийн 14 см урт, 3 см өргөн хутганы иш 1 ширхэг, мөнгөлөг өнгийн 2.5х2.2 см хэмжээтэй BASS гэсэн бичиглэлтэй хутганы ажлын хэсэг 1 ширхэг, 6х2.2 см хэмжээтэй урагш нарийссан хутганы ажлын хэсэг 1 ширхэг, амь хохирогч Б.Бгийн өмсөж явсан хар цоохор ханцуйтай дугуй захтай цамц 1 ширхэг, шар өнгийн футболк 1 ширхэг, хар ногоон өнгийн өмд 1 ширхэг, хар хөх өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, бор өнгийн хос оймс, хөх өнгийн дотоож 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, энэ хэрэгт шүүгдэгчийн эд хөрөнгө битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой зардалгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Баас 9.939.786 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхцэцэгт олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3.858.461 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний нөхөр Б.Бгийн амь насыг аврах боломж байсаар байтал хурдан шуурхай түргэн тусламж дуудаагүй, цаг хугацаа алдаж, гэртээ удаан байлгаж, дөрвөөс таван хүн хамт нийлж архи уусан атлаа хэн ч түргэн тусламж цагдаа дуудаагүй, хугацаа алдсан. Баясгалан гэх эмэгтэйд маш их гомдож байна. Энэ эмэгтэй ванны өрөөндөө угаалга хийсэн гэж худлаа ярьж талийгаачийн бие дээрх цусыг нь угааж арчиж цэвэрлэсэн цустай алчуур, түмпэн нь ванны өрөөнд нь байсан. Баясгалан гэх эмэгтэй надад 1 дүгээр сарын 23-ны орой 19 цаг 18 минутад хэлэхдээ “танай нөхөр манайд унтаж байна, толгойноос нь цус гараад байна” гэснээ түргэн тусламж дуудаагүй хичнээн ч цагаар тэднийд унтаж, цаг хугацаа алдсаныг мэдэхгүй. Цус алдсаар байгаад манай нөхөр нас барсан тул маш их гомдолтой байна. Тэднийд байсан хүмүүст бүгдэд нь гомдолтой байна. Гэрч Бат-Өлзий, Баясгалан нарын мэдүүлснээр миний хань тэр айлд газраар, гудсан дээр унтаж байсан гэсэн. Яг хажууд нь бас нэг гудсан дээр Ган-Очир гэх залуу унтаж байсан гэсэн. Хамт нийлж уусан Ган-Очироос гэрчийн мэдүүлэг аваагүй. Бүгдээрээ л нийлж архи уусан гэсэн. Би бодохдоо Баясгалан гэх эмэгтэй ч архи нийлж уусан байх гэж таамаглаж байна. Бүгд нийлж архи уучихаад нэг нь цус алдаад гудсан дээр хэвтэж байхад хэн ч түргэн тусламж дуудаагүй. Энэ хүмүүст маш их гомдолтой байна. Ган-Очир гэдэг залуу нь манай ажил дээр ирсэн зогсож байсан. Чи яах гэж ирсэн юм гэхэд юу ч дугарахгүй байсан. Би гутлууд янзалж тавиад эргээд хартал Ган-Очир явсан байсан. Ямар учиртайг бүү мэд. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Х.Б нь амь хохирогчийг 3 удаа хутгалж амь насыг нь хохироосон асуудал нь онц харгис, хэрцгий аргаар бусдын амийг хохироосон гэж үзэж байгаа тул хэргийн зүйлчлэл тохироогүй, талийгаач согтолтын хүнд зэрэгтэй гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд энэ нь хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан 3 удаагийн хутганы үйлдлээр амь насыг нь хохироосон байдал нь зүйлчлэлийг хүндрүүлэх нөхцөл юм. Иймд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Х.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд талийгаачийн толгойд учруулсан гэмтлээ хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд шүүх эмнэлгийн дүгнэлтээр нэг цаг хугацаанд үүссэн гэмтэл болохыг тогтоосон бөгөөд талийгаач амьд байхдаа “Та нар миний толгойг яачихсан юм бэ? Нэг мөсөн алчих” гээд байсныг гэрч нар мэдүүлдэг. Энэ байдлаас харахад үйлдсэн хэргээ заримыг нь хүлээн мэдүүлдэггүй. Хохирогчид хохирол барагдуулаагүй байтал 11 жил 6 сарын ял оногдуулсныг хохирогч талын зүгээс ял хөнгөдсөн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Х.Бы өмгөөлөгч Э.Намжилцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн нөхцөл байдалд тохирсон гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан баримтаар хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Прокурор С.Цэрэндалай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Хуулийг буруу хэрэглэсэн, хууль зөрчсөн асуудал байгаагүй. Хохирогчийн өмгөөлөгчийн толгойн ар хэсэгт хутгаар зүссэн үйлдлээ хүлээгээгүй гэх тайлбарын тухайд, Бат-Өлзийгийн “Б орж ирэхдээ толгойдоо шархны наалт наасан байсан, наалтаа хуулахад цус гарч байсан” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бг 11 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Х.Б нь 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 19.00 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ... тоотод амь хохирогч Б.Бтэй “Ингэж хутгалахад өвдөж байна уу” гэх мэтээр маргалдан улмаар түүний зүүн далны дээд хэсэгт болон ар нурууны дунд хэсэгт нь хутгалсны улмаас амь хохирогч нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, хутгалуулснаас дотуур цус алдаж амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхцэцэгийн “...Баяраа хутгалчихлаа гэхээр нь сандраад “Хурдан түргэн дуудаач сэхээнд аваачаад өгөөч, цус алдаад үхнэ шүү дээ наад хүн чинь” гэсэн чинь “Нээх цус алдсан зүйл алга, гэхдээ хутга нь жоохон эвгүй газар орчихсон. Одоо эмнэлэг дуудлаа” гэснээ утсаа тасалсан. Ингээд бид дахиж холбоо барилгүй шууд Налайх дүүрэгт ирээд эмнэлэг дээр очсон байх гэж бодоод шууд эмнэлэг дээр яваад очтол хүлээн авах тасгийн өрөөнд талийгаач нас барсан байдалтай байсан...” /1хх 19-20, 22/,
гэрч Х.Баясгалангийн “...Тухайн үед талийгаач элдэв бусын юм ярьж байсан. Тэгээд би талийгаачийн эхнэр рүү залгахад “Би хуралтай байна эргээд залгая” гэсэн. Угаалгын өрөөнд байхад ийм зүйл болсон. ...” /1хх 25-26/,
гэрч А.Бат-Өлзийн “...Ингээд архиа ууж дуусгаад ... хажуу талын өрөөнд түс хийгээд дуугарахаар нь яваад ортол Б газар доошоо хараад хэвтсэн, Б хажууд нь босоод зогсож байсан ба Бгийн нуруунаас цус гоожиж байхаар нь би Быг зодчихлоо гэж бодоод “Чи мэдрэл муутай юм уу” гээд хэлээд зогсож байтал Баясгалан эгч гаднаас орж ирээд шууд цагдаа болон эмнэлэг дуудсан. ...” /1хх 32/,
гэрч П.Нямцогтын “...Үзлэг хийхэд дагзны хойно, зүүн далны доод хэсэгт зүсэгдсэн шархтай, нурууны гол хэсэгт хутга нэвт орж хугарсан, хугархай нь гараагүй байхаар нь яаралтай хүлээн авах тасаг руу авч явах шаардлагатай байсан тул дамнуурга яаралтай авч ирээд шууд эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт аваачаад орон дээр хэвтүүлээд амин үзүүлэлт шалгаж байхад амьсгал, зүрх судас зогссон. ...” /1хх 44/,
шүүгдэгч Х.Бы “...Миний буруутай үйлдлээс хүний амь нас хохирсонд харамсаж байна. Ар гэрээс нь уучлалт хүсэж байна. ...” /1хх 119-122/ гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн “...Талийгаач Б.Бгийн биед зүүн далны хэсэгт хатгагдаж зүүн уушги руу нэвтэрсэн шарх, дагзны хэсэгт зүсэгдсэн шарх, хэвлийн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй хүчин зүйлийн гурван удаагийн, хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амьддаа үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаач нь дээрх цээжний хөндийн нэвтэрсэн шархны улмаас дотуур цус алдаж амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч эмгэг тогтоогдсонгүй. Талийгаач нь АВ буюу 4 дүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ шинжилгээгээр цусанд 4.2 промилли, ходоодны шингэнд 5.8 промилли, шээсэнд 5.5 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Хүнд зэргийн согтолттой байсан байна. Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламжаар амь нас аврагдах боломж муутай байна. ...” гэх 010 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 46-47/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн “...Х.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Х.Б нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.Б нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Х.Бд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ...” гэх 203 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлт /1хх 91-92/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 2-7/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 8-14/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч нарыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэж, шүүгдэгч Х.Быг хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь зөв бөгөөд түүнд тухайн зүйлд зааснаар 11 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба уг эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршиг, хувийн байдал, гэм бурууд тохирчээ.
Үйл баримтын талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Х.Бы үйлдсэн гэмт хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон, тухайн нөхцөл байдалд амь хохирогч Б.Б нь хэдийгээр архи уусан, өндөр зэргийн согтолттой байсан хэдий ч биеэ авч явах чадвартай, бусадтай маргаан үүсгэж, шал болон ширээ цохих зэргээр хувийн таарамжгүй харьцаа үүсгэж байсан нь нотлогдсон бөгөөд түүнийг биеэ хамгаалах чадваргүй гэж үзэх үндэслэлгүй, мөн гэрчүүдийн болон шүүгдэгч Х.Бы мэдүүлгээс үзэхэд амь хохирогчийг хутгалсан үйлдэл хоромхон хугацаанд явагдсан нь тогтоогдож байх тул түүнийг “онц харгис хэрцгийгээр тарчлаан зовоосон” шинж тогтоогдохгүй байна.
Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтууд нь хэргийн бодит байдлыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ бүхий байдлыг үүсгээгүй, анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон, мөн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхцэцэгийн өмгөөлөгч Б.Наранцэцэгийн гаргасан “...оногдуулсан ял, зүйлчлэл тохироогүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэлээ.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Энхцэцэг, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Харин шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлөөгүй боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн дараахь зөрчлүүдийг гаргасан байгааг энэхүү магадлалд дурдаж, цаашид ийм алдаа гаргахгүй ажиллахыг анхааруулан тэмдэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. Үүнд:
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг үзэхэд, тус хуралдаанд гэрч Х.Баясгалан, П.Нямцогт, шинжээч Ө.Шаарийнямбуу нар оролцсон байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.3 дугаар зүйлд заасан гэрчийг шүүх хуралдааны танхимаас тусгаарлан гаргах, мөн хуулийн 35.11 дүгээр зүйлд заасан гэрчид Үндсэн хууль болон бусад хууль сануулах, мөн хуулийн 35.21 дүгээр зүйлд заасан шинжээчээр дүгнэлтийг нь тайлбарлуулах, мэдүүлэг авах зэрэг ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулсан эсэх нь тодорхойгүй, шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан шаардлагын дагуу бичээгүй;
мөн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч Х.Быг “...Амь хохирогчийг 3 удаа хутгалж амь насыг нь санаатай хөнөөсөн...” гэж прокурорын ялласнаас өөр байдлаар дүгнэлт хийсэн;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлүүдэд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлын талаар, мөн шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзахыг зөвшөөрсөн төдийгүй хуульд заагаагүй нөхцөл байдлаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглосон байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...хутга хэрэглэсэн байдлыг, ...хохирлоо нөхөн төлөөгүй... зэргийг харгалзан үзсэн” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байгааг тус тус дурдаж байна.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Ц.ОЧ