Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 137

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н. Баасанбат даргалж,

Улсын яллагч Д.Эрдэнэсоёл,

Нарийн бичгийн дарга А.Батдорж,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Цэндсүрэн, Т.Цэнджаргал нарт холбогдох 201605000206 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг эх дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВТ94040539 тоот регистрийн дугаартай, Боржигон овогт Төрсайханы Цэнджаргал,

2. Монгол улсын иргэн, Баянхонгор аймгийн Баянхонгор суманд 1994 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 7, эх, дүү нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багт оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагнал ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ВТ94042814 регистрийн дугаартай, Шаргалжуут овогт Чимэгмаагийн Цэндсүрэн,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Цэнджаргал нь согтуурлын байдалтай байхдаа, яллагдагч Ч.Цэндсүрэнтэй бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цагын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багын нутаг дэвсгэрт байрлах Шаргалжуут рашаан сувилалын ажилчдын байрнаас иргэн Д.Мөнх-Оргилын пүүз, нүдний шил, жинсэн өмд, жинсэн цээж, асаагуур, гар утас, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 558.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ч.Цэндсүрэн нь согтуурлын байдалтай байхдаа, яллагдагч Ч.Цэндсүрэнтэй бүлэглэн шунахайн сэдэлтээр, ашиг олох зорилгоор 2016 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнийн 02 цагын орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багын нутаг дэвсгэрт байрлах Шаргалжуут рашаан сувилалын ажилчдын байрнаас иргэн Д.Мөнх-Оргилын пүүз, нүдний шил, жинсэн өмд, жинсэн цээж, асаагуур, гар утас, цүнх зэрэг эд зүйлийг хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 558.000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Д. Мөнх-Оргилын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

... 2016 оны 08 дугаар сарын 01-ны өдөр Шаргалжуут 8 дугаар багын Их шаргалжуут амралтын газар очсон. Тэндээсээ 2016 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 01 цагийн орчимд их Шаргалжуутад ирээд ажилчдын Т-9 номерын миний байрлаж байсан өрөөнд хамт ажилладаг Өлзийдэлгэр, нярав Энхцацрал, инженер Эрдэнэцогт, Ариунбат, Жавзандулам нарын хамтаар пиво уугаад байж байхад гаднаас 2 танихгүй залуу согтуу орж ирээд надтай хамт байсан зарим хүмүүсийг таньдаг бололтой суугаад пиво ууцгаасан. Пиво ууж дуусаад 02 цагийн орчим Өлзийдэлгэр, Эрдэнэцогт нар гарч явсан, удалгүй Жавзандулам дээрх гаднаас орж ирсэн хоёр танихгүй залуугын хамтаар гарч явсан. Би Энхцацралын хамтаар өрөөнөөс гарч 50 орт буудалд орж унтсан. Өглөө 8 цагт би өрөөндөө хувцасаа солихоор ороход Ариунболд унтаж байсан, цүнхэнд байсан хувцас алга болсон байсан ... Би өөрийн байрлаж байсан байрнаасаа цүнхэнд байсан хувцаснаас миний өмсөж байсан хувцаснууд алдагдсан байсныг Цэнджаргал, Цэндсүрэн нар нь хулгайлсан байна. Би анхнаас нь эд нарыг авлаа гэж мэдээд маргааш нь уулзаад хэлсэн чинь бид хоёр яахаараа авдаг юм гээд гүрийгээд намайг зодчих гээд байсан. Мөн чиний хувцасыг бид хоёр авахгүй, бид хоёр сардаа сая төгрөгний цалинтай ажилтай хүмүүс гээд хэлэх хэлэхгүй үгээр дайрч давшилаад байсан. Одоо болохоор авсан нь тогтоогдсон байна. Би энэ хүмүүсийг хээр 4 ширхэг нүдний шилнээс 2 ширхэг шилийг орхисон байсныг хүүхдүүд олж өгсөн. Тэгээд үлдсэн пүүз, жинсэн өмд, жинсэн як зэрэг нь өмсөөгүй байгаа гэхээр нь ирж үзлээ. Өмсөөд пүүзийг шивэртүүлээд, өмд якыг өмсөөд үнэр танар оруулсан байна. Иймд би хүний өмсчихсөн эдгээр хувцаснуудыг авахгүй. Үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжилнэ. Үнэлгээнд цүнх гэж орсон байсан. Цүнх алдаагүй юм, цүнхэнд байсан доторх хувцас, орны доогуур байсан пүүз зэрэг алдагдсан байсан. Үнэлгээтэй танилцлаа. Үнэлгээний талаар гаргаад байх санал хүсэлт байхгүй. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Үнэлгээний дагуу хохирлоо нэхэмжилж байна. Надад ямар нэгэн хохирол барагдуулсан зүйл байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл санал байхгүй. Буруутай хүмүүсээс хохирлоо нэхэмжилнэ ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30, 31-32/

Гэрч А. Жавзандуламын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

Би 2016 оны 08 дугаар сарын 01-ний шөнө Шаргалжуут 8 дугаар багийн их
Шаргалжуутын рашааны ажилчидтай хамтаар бага Шаргалжуут амралтын газар очсон. Тэндээсээ 2016 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 23 цагын орчим их Шаргалжуутад ирээд хамт ажилладаг Өлзийдэлгэр, нярав Энхцацрал, инженер Эрдэнэцогт, Ариунбат, Мөнх-Оргил нарын хамтаар ажилчдын Т-9 номерын байранд пиво ууцгаагаад сууж байхад гаднаас Цэнджаргал, Цэндсүрэн нар архи уусан байдалтай согтуу орж ирээд бид нартай хамт пиво уусан. Дараа нь би Цэнджаргал, Цэндсүрэн нараар мотоциклоор нь гэртээ хүргүүлсэн. Цэнджаргал Цэндсүрэн нар нь намайг хүргэж өгөөд гараад явцгаасан, хаашаа явсан талаар мэдээгүй. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өглөө амралтын газар ирэхэд Мөнх-Оргил урд шөнө миний цүнхтэй хувцас алдагдсан байна гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34/

Гэрч Б.Ариунбатын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр би Мөнх-Оргил, Энхцацрал, Жавзандулам, Өлзийдэлгэр, Эрдэнэцогт бид нар бага Шаргалжуут амралтын газар явж ирээд Их Шаргалжуут амралтын газар 2016 оны 06 дугаар сарын 01-ний орой 23 цаг өнгөрч байхад ирцгээсэн, би замдаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн тул нилээд согтсон байсан. Би дээрх хүмүүсийн хамтаар Мөнх-Оргил бид хоёрын байрлаж байсан Т-9 номерын өрөөнд орж пиво ууцгаасан, бид нарыг сууж байхад шөнө Цэнджаргал, Цэндсүрэн нар гаднаас орж ирсэн. Цэнджаргал Эрдэнэцогттой танайх ажилтан авах уу гээд ярьж байгаа дуулдсан. Цэнджаргал Цэндсүрэн нар бид нартай пиво уулцсан. Эрдэнэцогт, Өлзийдэлгэр нар гарч явцгаасан би согтоод унтсан цаашаа юу болсон талаар мэдээгүй. Өглөө унтаж байхад Мөнх-Оргил дуудсан, босч ирэхэд цүнхтэй хувцас алга болсон байна гэсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36/,

Насанд хүрээгүй гэрч М.Мягмар-Очирын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

2016 оны 06 дугаар сарын 02-ны өглөө гэрээсээ гараад айлын Алтангэрэл, дүү Надиа, Жамъяан нарын хамтаар Мухар эрэг гэх газарт байх өвөөгийндөө очихоор явж байхад Шаргалжуутын голоос нэлээн зайтай Мухар эрэгний амны элсний хажууд ногоон өнгийн Мустанг мотоцикль байсан. Хажууд нь нэг хүн цэнхэр өнгийн гэмээр тэрлэг нөмөрсөн унтаж байсан. Уг хүний мотоциклийн хажууд нь шинэвтэр гэмээр шар ултай пүүзэн гутал харагдаж байсан. Бид нар нэлээд зайтай хажуугаар нь гарч явцгаасан. Өвөөгийндөө очсон тэндээсээ 12 цагийн орчимд Уртнасан гэх өвөөгийн хонь ямааг тууж бэлчээрт гаргахаар явсан. Тэгэхэд дээрх мотоцикльтой хүн унаж байсан ухсан элстэй газарт Нокиа маркийн саарал өнгийн гар утас, 2 ширхэг нүдний шил, пивоны сав зэрэг зүйл байсныг гар утас, нүдний шилийг нь авч яваад орой үхэрт явж байхдаа Мөнх-Оргил ахтай таарахад нүдний шилээ үзүүлээч гэсэн, үзүүлэхэд Мөнх-Оргил ах миний зүүж алдсан нүдний шил байна гэсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38/,

Гэрч Т.Өлзийдэлгэрийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

Би 2016 оны 06 дугаар сарын 01-ний орой Шаргалжуут рашаан сувилалын ажилчдын, Мөнх-Оргилын байрлах Т-9 номерын байранд 23 цаг өнгөрч байхад Мөнх-Оргил, Жавзандулам, Энхцацрал, Ариунбат, Эрдэнэцогт бид нар ороод ганц нэг пиво ууцгаагаад сууж байхад 2016 оны 06 дугаар сарын 02-ны шөнө 01 цаг өнгөрч байхад гаднаас танихгүй 2 залуу орж ирээд Эрдэнэцогтыг таньдаг болтой мэндлээд чамайг хайж ирлээ гэж Эрдэнэцогтод хэлж байсан. Рашаан дээр ажилд ормоор байна гэж байсан. Дээрх хоёр залуугийн нэг нь Ариунбаттай хувийн таарамжгүй /харьцаа үүсгэн/ маргалдаж байгаад сүүлдээ больсон. Тэгээд дээрх хоёр залуу бид нарын ууж байсан пивоноос уулцсан, дараа нь бид нар явах болоход би түрүүлээд Эрдэнэцогтоор өрөөрүүгээ хүргүүлсэн. Маргааш нь Мөнх-Оргил өрөөнд орж ирээд өрөөнд байсан цүнхтэй хувцас алга болсон байна шөнө орж ирсэн хоёр залуу хулгай хийгээд явсан байх гэж хэлсэн. Шөнө өрөөнд Ариунбат унтаад үлдсэн өөр хүн хоноогүй гэж хэлж байсан. Өдөр нь би Эрдэнэцогттой рашаан доодруу айлд очихоор явж байхад 15 орчим насны танихгүй эрэгтэй хүүхэд Эрдэнэцогт бид хоёрыг харангуутаа буруу хараад зогссон. Эрдэнэцогт очоод ярьж байгаа харагдсан, Эрдэнэцогт буцаж ирээд энэ хүүхэд нүдний шил зүүсэн байна хаанаас авсан гэхэд элсэн дээрээс олсон гэж хэллээ. Элсэн дээр хэн байсан гэхэд ногоон мотоцикльтой хүн унтаж байгаад явсан гэж хэллээ гэсэн. Тэгээд Эрдэнэцогт Мөнх-Оргилд энэ талаар хэл гэсэн. 2016 оны 06 дугаар сарын 02-ны шөнө Мөнх-Оргилын өрөөнд хамт байсан рашааны ажилчид дотроос хулгайлах хүн байхгүй, шөнө гаднаас орж ирсэн Цэнджаргал, Цэндсүрэн гэх залуучууд хулгайлсан байж болзошгүй гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42/,

Шүүгдэгч Ч.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Т.Цэнджаргал бид хоёр авсан зүйлүүдээсээ2 ширхэг нүдний шил, гар утас зэргийг буцаан өгсөн. Мөн авсан байсан жинсэн өмд, цээж, пүүз зэргийг биетээр нь хохирогчид хүлээлгэн өгөх гэсэн боловч хохирогч авахгүй, хохирлыг үнэлгээний дагуу нэхэмжилж авна гэсэн. Хохирлыг бэлэн мөнгөөр төлж барагдуулна. Эдгээр зүйлс нь Шаргалжуутын рашаан дээр ажилчдын Т байрны 1 тоот өрөөнд байхад нь Цэнджаргал бид хоёр хамт ороод би жинсэн өмд, жинсэн цээжийг нь нүдний шилүүдтэй нь хамт авсан. Цэнджаргал болохоор пүүз, цамц, гар утас, 2 нүдний шил зэргийг нь авсан. Бид хоёрыг орох үед Батаа ганцаараа унтаж байхаар нь өрөөнөөс нь эдгээр зүйлсийг нь аваад гараад явчихсан юм. Өрөөний хаалга онгорхой байсан юм. Бид хоёр хоёулаа очъё гээд очсон чинь хаалга нь онгорхой унтаж байхаар нь эдгээр зүйлсийг авчихсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/,

Шүүгдэгч Т.Цэнджаргалын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг:

... Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ тодорхой ярьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Энэ хэрэг болдог өдөр Цэндсүрэн бид хоёр аймгаас гараад ахындаа очих гээд Шаргалжуут яваад оччихоод эргээд рашаан сувилал ороод архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж найзуудтайгаа ууж байгаад согтуудаа ийм зүйл хийсэн байсан. Авсан зүйлүүдээс 2 ширхэг нүдний шил, гар утас зэргийг буцаан өгсөн. Мөн авсан байсан жинсэн өмд, цээж, пүүз зэргийг биетээр нь хохирогчид хүлээлгэн өгөх гэсэн боловч хохирогч хохирлын үнэлгээний дагуу нэхэмжлэж авна гэсэн. Хохирлыг нь бэлэн мөнгөөр төлж барагдуулна. Эдгээр зүйлс нь Шаргалжуутын рашаан дээр ажилчдын Т байрны 1 тоот өрөөнд байхад нь Цэндсүрэн бид хоёр хамт ороод би пүүзийг нь өрөөний орон дээр байхаар авсан. Мөн 2 ширхэг нүдний шилний хамтаар аваад явж байгаад хаячихсан байсан. Бид хоёрыг орох үед Батаа гэх залуу согтуу унтаж байсан. Бид хоёр энэ өрөөнд урд нь орж пиво ууж байгаад гараад гадуур явж байгаад шөнө 02 цагийн орчим эргэж ирсэн чинь Батаа ганцаараа унтаж байхаар нь өрөөнөөс эдгээр зүйлсийг нь аваад гараад явчихсан юм. Энэ өрөөнд орой нь Цэндсүрэнгийн хамтаар Цогоо гэх найзтайгаа уулзах гээд орсон чинь Цогоо, Жавзандулам, Бат наана нь танихгүй хүмүүстэй пиво ууж байхаар нь ороод түүнээс ууж байгаад Жавзандулам нь гэрээдээ хүүхдүүдтэй хүргүүлье гэхээр нь Цэндсүрэн бид 2 хоёр мотоциклиороо хүргэж өгөөд явж байгаад эргээд ирсэн чинь энэ өрөөнд Батаа ганцаараа унтаж байсан юм. Тэгээд өрөөнд байсан хувцасыг нь аваад гараад явчихсан юм. Бид 2 хоёулаа очъё гээд очсон чинь хаалга онгорхой унтаж байхаар нь эдгээр зүйлсийг нь аваад явчихсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 77-78/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 18-19, 26-27/,

Хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 20-21/,

Эд зүйлд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23/,   

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 25/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 26-27/,

Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52/

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын VIII багийн Засаг Даргын тодорхойлолт /хх-ийн 79-82/,

Иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримт /хх-ийн 83-90 /,

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Ч.Цэндсүрэн, Т.Цэнджаргал нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2016 оны 06 сарын 02-03-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Шаргалжуут 8 дугаар багын нутаг дэвсгэрт байрлах Шаргалжуут рашаан сувилалын ажилчдын байрнаас иргэн Д.Мөнх-Оргилын пүүз, нүдний шил, жинсэн өмд, жинсэн цээж, асаагуур, гар утас зэрэг эд зүйлүүдийг хулгайлж бусдад 558.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Цэндсүрэн, Т.Цэнджаргал нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.Цэндсүрэн, Т.Цэнджаргал нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

Хохирогч Д.Мөнх-Оргил нь шүүгдэгч нараас 558.000 төгрөгийг хүлээн авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгч Ч.Цэндсүрэн, Т.Цэнджаргал нарын эд хөрөнгийг хураахгүйгээр ял оногдуулсан тул хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Цэнджаргалын 4 хантай монгол гэр, шүүгдэгч Ч.Цэндсүрэнгийн 4 хантай монгол гэр зэргийг буцаан олгож 2016 оны 07 сарын 25, 2016 оны 08 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хос пүүз, жинсэн цээж, жинсэн өмд зэргийг устгаж, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Боржигон овогт Төрсайханы Цэнджаргал, Шаргалжуут овогт Чимэгмаагийн Цэндсүрэн нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цэндсүрэн, Т.Цэнджаргал нарт тус бүр 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй .

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цэндсүрэн, Т.Цэнджаргал нарт тус бүр оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй .

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Цэндсүрэн, Т.Цэнджаргал нарт тус бүр оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Цэндсүрэн, Т.Цэнджаргал нарын засрал, хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Т.Цэнджаргалын 4 хантай монгол гэр, шүүгдэгч Ч.Цэндсүрэнгийн 4 хантай монгол гэр зэргийг буцаан олгож 2016 оны 07 сарын 25, 2016 оны 08 сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтанд хураагдсан хос пүүз, жинсэн цээж, жинсэн өмд зэргийг устгасугай.

8. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.               

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Цэндсүрэн, Т.Цэнджаргал нарт авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ