Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/140

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг

Улсын яллагч М.Мэндбаяр

Шүүгдэгч Б.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаангууд овогт Батболдын Баяржаргалд холбогдох эрүүгийн 2421000000170 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Чойбалсангийн 6-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Цагаангууд овогт Батболдын Баяржаргал. /РД: ЖЮ96061218/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Баяржаргал нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг станцын цэнхэрийн уулзварын замд 14-91 ДОУ улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч Б.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож байна” гэв.

Шүүгдэгч Б.Баяржаргал нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг станцын цэнхэрийн уулзварын замд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар Toyota Crown маркийн 14-91 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Баяржаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 12-ны орой найз Батдэлгэртэй Шүр захын урд таарч 23 цагийн орчимд Beat баар руу ороод  тус бүр 2 шил пиво ууж байгаад баар хаах үед буюу 00 цагийн орчимд өөрийн төрсөн дүү Б.Тэмүүжин рүү залгаж хашаанаас машин аваад ир гэж хэлсэн. Удалгүй Тэмүүжин найз Долгионы хамт миний 14-91 ДОУ улсын дугаартай Toyota Crown маркийн автомашиныг унаж баарны гадаа ирсэн. Тэгээд би найз Батдэлгэртэй машиндаа сууж пиво уусан. Тэндээ хэсэг байж байгаад би өөрөө машинаа бариад Хэрлэн номин худалдааны төвийн зүүн талаар ордог Мотив баарны гадна очиж орох гэхэд баар хаасан байсан тул тэндээс хөдөлж Уурхайн замаар урагшаа станцын цэнхэрийн хойд талын уулзвараар төв зам руу орох гэхэд цагдаа зогсоогоод шалгасан. Тэгээд намайг архи уусан байна гэж авч яваад журмын хашаан дээр очиж согтуурлыг хэмжих багажаар үлээлгэхэд 1,98 хувийн согтолтын зэрэг гарсан. ...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдаж 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг, гэрч Э.Долгионы “...2024 оны 04 дүгээр сарын 12-ны орой 23 цаг өнгөрч байхад Тэмүүжингийн гэрт түүнтэй цуг байхад ах Баяржаргал нь Тэмүүжин рүү утасдаад машин аваад ир гэж ярьсан. Тэгээд Тэмүүжин бид 2 машиныг нь аваад Beat баарны гадаа очиход Баяржаргал баарнаас нэг найзтайгаа гарч ирээд машинд суугаад пиво уусан. Тэнд хэсэг байж байгаад найзыгаа хүргэж өгнө гээд Баяржаргал өөрөө машинаа бариад явж байгаад станцын цэнхэрийн уулзвар дээр цагдаа зогсоогоод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна гээд машиныг нь журамласан. ...Баяржаргал нь баарнаас гарч ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гарч ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Тэмүүжингийн “...Тухайн үед ах Баяржаргал нэг найзтайгаа гарч ирээд машинд суусан бөгөөд машин дотор баарнаас авч гарч ирсэн 3 лааз пиво уусан. Тэгээд тэнд хэсэг юм ярьж сууж байгаад ах машинаа бариад хажууд нь найз нь суугаад, Долгион бид 2 ард нь суугаад зүүн тийш яваад станцын цэнхэрийн уулзвар дээр явж байхад цагдаа зогсоогоод шалгасан. Тэгээд ах Баяржаргалыг согтуурал хэмжих багажаар үлээлгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд машиныг нь журмын хашаанд хийсэн..” гэх мэдүүлэг, гэрч Б.Хишигжаргалын “...2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хуваарийн дагуу шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Toyota Crown маркийн 14-91 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын уулзвар дээр зүүнээс баруун чиглэн явж байхыг зогсоож жолоочийг тандагч багажаар шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. ...тус машин дотор жолоочтойгоо нийлээд 3 хүн явж байх шиг байсан. ...драгер багажаар үлээлгэхэд жолооч 1,98 хувийн согтолттой гарсан бөгөөд тухайн жолоочийн мэдээллийг шалгахад өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.Баяржаргал нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь /хх-ийн 34/ Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаагаар тогтоогдож байх тул энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Баяржаргалын согтуурлын зэрэг 1,98 хувьтай гарсан болох нь 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх ба жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж зааснаар шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Б.Баяржаргал нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Цагаангууд овогт Батболдын Баяржаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч Б.Баяржаргал нь бүрэн дунд боловсролтой бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Цагаангууд овогт Батболдын Баяржаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

             2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Батболдын Баяржаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяржаргал нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баяржаргалын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

             5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Г.НАМУУНТУЯА