Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

                                       2024/ШЦТ/110

 

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.Цээрүүгүндүү

Хохирогч: Б.Х

Шүүгдэгч: С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Сын От холбогдох 2212001600092 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, эгч, дүү нарын хамт А аймгийн Э сумын .. дүгээр багийн .. тоотод оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Мовогт Сын О /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч С.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр Онгоцны буудлын урдаас хохирогч Б.Хийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Шүүх хуралдаанд хохирогч Б.Хийн мэдүүлсэн: ...Булган суманд ахындаа байж байтал Ш над руу залгаад Сангийн толгойн гүүрний тэнд байна гэсэн бөгөөд би яваад очтол найзуудтайгаа хэдэн пиво уугаад байж байсан. Би тэнд байж байгаад удаагүй явсан. Замаараа эзэнгүй хашаанд мотоциклио тавиад унтсан. Удаагүй сэртэл мотоцикль байхгүй байсан...гэв.

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212001600092 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Хийн мэдүүлсэн: “...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай найз Ш гэх залуу намайг Сангийн толгойн гүүрний цаахан талд бургасан дунд байна, хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би очтол Ш 5 найзуудтайгаа пиво уугаад сууж байсан. Тэгээд тэндээс 19:00 цагийн үед хөдлөөд 20:00 цагийн үед Бортолгойд Шгийн найзынд очсон. Тэнд очоод би архи уугаад нилээн муудаад оройны 23:00 цагийн орчимд мотоциклио асааж гараад Онгоцны буудлын цаахан талд байх эзэнгүй хоосон хашаанд ороод буланд нь мотоциклио тавиад өөрөө хажууд нь унтсан юм. Тэгээд шөнө 01:00 цагийн үед сэрэхэд мотоцикль алга болсон байсан. Би унтаад удаа ч үгүй сэрсэн бөгөөд тэгэхэд алга болсон байсан. Тэгээд босоод тэр хавиараа хайж үзсэн боловч байгаагүй. Мустанг-5 маркийн цэнхэр өнгийн, улаан бүтээлэгтэй, улсын дугааргүй, мотор, арлын дугаар байгаа. Надтай хамт архи уусан залуусыг сэжиглэж байна. Тэр дундаас би ганцхан Ш гэх залууг л танина, бусдыг нь танихгүй. Шгийн найзынх нь байсан. Би мотоциклио асаагаад ганцаараа гарсан. Араас хүн дагаагүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Хийн дахин мэдүүлсэн: “...2022 оны 10 дугаар сарын орчимд Булган уулаас Цогт-Уул руу урууддаг асфалтан зам дагуу Оминий алдсан гэж бүртгүүлсэн мотоциклийг унаад явж байсан бөгөөд ард нь Хсуусан байсан. Би хараад шууд таньсан бөгөөд араас нь дуудаад сонсоогүй яваад өгсөн. Хөөгөөд гүйцээгүй юм. Би хараад шууд таньсан. Өнгө, суудлын бүрээс нь мөн содон тул хараад шууд танина. О нь хар савхирхуу хувцастай. Хмөн адил хар хувцас өмссөн явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Агийн мэдүүлсэн: “...Манай хүү Х нь 2022 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө найз нартайгаа уулзаж байгаад согтуу яваад айлын эзэнгүй хашаанд мотоциклио тавиад унтсан гэсэн. Тэгээд сэрэхэд нь алга болсон байсан гэж надад ярьж байсан. Мустанг-5 маркийн цэнхэр өнгийн мотоцикль байгаа. Дуудаж уулзсан найзуудыг нь сэжиглэж байна. Манай хүүг дуудаж уулзаж архи уулгасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бийн мэдүүлсэн: “...Хбуюу Энь манай ээжийн ахын хүүхэд байгаа юм. Манай гэрт байдаг юм. С.О нь манай урд хөрш бөгөөд тэр утгаараа найз, нөхдийн холбоотой байдаг юм. Тухайн өдөр дээрх нэр бүхий хүмүүсийн хамт Чингисийн хүрээ бааз дээр нэг том пиво хувааж уучихаад хөдлөөд төв рүү орж манай хадмынд очиж дахиад нэг том пиво уусан. Тэгээд би унтаад өгсөн юм. Тэгээд орой 21:00 цагийн үед сэрэхэд О, Х хоёр явсан байсан. Гэрт Х, манай эхнэр, бид нар байсан юм. Би унтсан байсан болохоор сайн мэдэхгүй байна. Ямартай ч сэрэхэд Хгэртээ байсан. Өөрийнхөө цэнхэр Мустанг-5 маркийн мотоцикльтой ирсэн. Намайг унтахад байсан. Тэгээд сэрсэн чинь явсан байсан. Би яг хэдэн цагийн үед, хэн, хэнтэй гарсныг мэдэхгүй байна. О нь цэнхэр өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль унаж харагдаагүй. Манай дүү Хбуюу Энь Улаанбаатар хот руу барилгын ажил хийх гээд явсан хотод байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч С.Оийн мэдүүлсэн: “...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэл /хх-ийн 02 хуу/

2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27 хуу/

Бэлэн мөнгөнд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35-36 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...ямар гэмт хэрэг хэзээ...”, 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “...цаг хугацаа...” тусгахаар тус тус хуульчилсан бөгөөд С.От холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2212001600092 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол”-ын тогтоох хэсэгт, 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 86 дугаартай “яллах дүгнэлт”-ын тэмдэглэх хэсэгт энэ талаар тусгаагүй нь гэмт хэрэг хэзээ үйлдэгдсэн болохыг тогтоогдоогүй гэж үзэх үндэслэл болно.

 

Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдлыг шүүх хуралдааны явцад нотлох боломжтой гэж дүгнэлээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр Онгоцны буудлын урдаас хохирогч Б.Хийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоцикль хулгайд алдагдаж, түүнд 1.800.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд, хохирогчийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч С.О нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр .. урдаас хохирогч Б.Хийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Хэд 1.800.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

хохирогч Б.Хийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Булган суманд ахындаа байж байтал Ш над руу залгаад Сангийн толгойн гүүрний тэнд байна гэсэн бөгөөд би яваад очтол найзуудтайгаа хэдэн пиво уугаад байж байсан. Би тэнд байж байгаад удаагүй явсан. Замаараа эзэнгүй хашаанд мотоциклио тавиад унтсан. Удаагүй сэртэл мотоцикль байхгүй байсан” гэх мэдүүлэг,

 

мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Хийн мэдүүлсэн “...2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай найз Ш гэх залуу намайг Сангийн толгойн гүүрний цаахан талд бургасан дунд байна, хүрээд ир гэж дуудсан. Тэгээд би очтол Ш 5 найзуудтайгаа пиво уугаад сууж байсан. Тэгээд тэндээс 19:00 цагийн үед хөдлөөд 20:00 цагийн үед Бортолгойд Шгийн найзынд очсон. Тэнд очоод би архи уугаад нилээн муудаад оройны 23:00 цагийн орчимд мотоциклио асааж гараад Онгоцны буудлын цаахан талд байх эзэнгүй хоосон хашаанд ороод буланд нь мотоциклио тавиад өөрөө хажууд нь унтсан юм. Тэгээд шөнө 01:00 цагийн үед сэрэхэд мотоцикль алга болсон байсан. Би унтаад удаа ч үгүй сэрсэн бөгөөд тэгэхэд алга болсон байсан. Тэгээд босоод тэр хавиараа хайж үзсэн боловч байгаагүй...”, “...2022 оны 10 дугаар сарын орчимд Булган уулаас Цогт-Уул руу урууддаг асфалтан зам дагуу О миний алдсан гэж бүртгүүлсэн мотоциклийг унаад явж байсан бөгөөд ард нь Хсуусан байсан. Би хараад шууд таньсан бөгөөд араас нь дуудаад сонсоогүй яваад өгсөн. Хөөгөөд гүйцээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08, 34/,

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Агийн мэдүүлсэн “...Манай хүү Х нь 2022 оны 07 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө найз нартайгаа уулзаж байгаад согтуу яваад айлын эзэнгүй хашаанд мотоциклио тавиад унтсан гэсэн. Тэгээд сэрэхэд нь алга болсон байсан гэж надад ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,  

мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Бийн мэдүүлсэн “...Тухайн өдөр дээрх нэр бүхий хүмүүсийн хамт Чингисийн хүрээ бааз дээр нэг том пиво хувааж уучихаад хөдлөөд төв рүү орж манай хадмынд очиж дахиад нэг том пиво уусан. Тэгээд би унтаад өгсөн юм. Тэгээд орой 21:00 цагийн үед сэрэхэд О, Х хоёр явсан байсан. Гэрт Х, манай эхнэр, бид нар байсан юм. Би унтсан байсан болохоор сайн мэдэхгүй байна. Ямартай ч сэрэхэд Хгэртээ байсан. Өөрийнхөө цэнхэр Мустанг-5 маркийн мотоцикльтой ирсэн. Намайг унтахад байсан. Тэгээд сэрсэн чинь явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,  

өөрийн гэм бурууг хүлээж мөрдөн байцаалтын шатанд С.Оийн яллагдагчаар мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байнагэх мэдүүлэг /хх-ийн 44-45/,

 

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэл /хх-ийн 02/, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/, бэлэн мөнгөнд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 35-36/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэх боломжтой, дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй, хэрэгт хийгдвэл зохих мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзсэн тул хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж дүгнэв.

Шүүгдэгч С.О нь гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч С.Оийг 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 05 дугаар багийн нутаг дэвсгэр Онгоцны буудлын урдаас хохирогч Б.Хийн эзэмшлийн “Мустанг-5” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Хэд 1.800.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Хэд 1.800.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.О нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан байх бөгөөд үлдсэн 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулаагүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Оээс 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч А аймгийн Э сумын .. багийн .. тоотод оршин суух Б овогт Бын Х /РД: ../-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.О нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд шүүх хуралдаанаас хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгчээс шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.О нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар,түүний хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч С.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахг үйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч С.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч С.О нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах болохыг тайлбарлаж, тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч С.От хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч С.О нь энэ хэрэгт 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/364 дугаартай шүүгчийн захирамжаар 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 7 /долоо/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 ,2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Мовогт Сын Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.От хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарласугай.

4. Шүүгдэгч С.Оийн тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Оээс 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч А аймгийн Э сумын .. багийн .. тоотод оршин суух Б овогт Бын Х /РД:../-д олгосугай.

6. Шүүгдэгч С.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүх хуралдааны танхимаас суллаж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүгдэгч С.О нь энэ хэрэгт 7 /долоо/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.От авсан дээрх хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР