| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбо-Очирын Намуунтуяа |
| Хэргийн индекс | 168/2024/0144/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/141 |
| Огноо | 2024-05-17 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Оюунцэцэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Б.Оюунцэцэг
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000161 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* ******* ХХК-д туузан дамжуулагчийн оператор ажилтай, ам бүл 6, ах, эгч нарын хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг Сэвсүүл жараахай гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн орчимд Honda Fit маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс Дорнод аймгийн Хэрлэн сум руу явах замд тус аймгийн сумын 4 дүгээр баг “Хорийн толгой” гэх газарт замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, улмаар тээврийн хэрэгсэл дотор явсан насанд хүрээгүй хохирогч биед баруун, зүүн эгэм ясны хугарал, дух, баруун хацар, зүүн ташааны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ослын улмаас миний охины эгэм нь хугарсан. Эмч хагалгаа хийлгэх хэрэгтэй гэсэн. Гэхдээ эмчтэйгээ ярилцаад хагалгаа хийлгэхгүйгээр эдгээхээр болсон. Би шүүгдэгчээс сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжлэхгүй. Харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт тусгуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн орчимд Honda Fit маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс Дорнод аймгийн Хэрлэн сум руу явах замд тус аймгийн сумын 4 дүгээр баг “Хорийн толгой” гэх газарт замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4а “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож, улмаар тээврийн хэрэгсэл дотор явсан насанд хүрээгүй хохирогч биед баруун, зүүн эгэм ясны хугарал, дух, баруун хацар, зүүн ташааны зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн орчимд өөрийн эзэмшлийн Honda Fit маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй өөрөөсөө гадна нэг эгч, 2 хүүхдийн хамт ******* сумаас хөдөлсөн. ...Ингээд аймаг руу ирж байгаад аймгаас 20 гаруй км байх “Хорийн толгой”-н ард явж байхад жолооч талын дугуй хагараад би хариулах гээд дийлэлгүй замын баруун тал руу нэг удаа өнхрөөд машины 4 дугуй дээшээ хараад зогссон. Тэгэхээр нь би машины цонхоороо гарахад араас зорчигч нар өөрсдөө бүгд гараад ирсэн. Тэгээд харахад тухайн эгчийн толгой хэсгээс цус гарч байсан бөгөөд охиных нь гар эвгүй байна гэсэн. Харин эрэгтэй хүүхэд нь толгой эргээд байна гэж хэлсэн. Ингээд хажуугаар машинтай хүмүүс явж байхаар нь би тэр хүмүүсийн хамт машинаа өргөж босгоод замын унаанд хүмүүсээ суулгаж аймгийн төв орсон. Би осол болох үед 60 км цагийн хурдтай явж байсан. Урд талын зорчигч хамгаалах бүс зүүсэн байсан. Харин арын 2 хүүхэд хамгаалах бүсгүй байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч “...11 цагийн орчимд аймаг явах унаанд суугаад хөдөлсөн бөгөөд замаасаа нэг эрэгтэй хүүхэд авсан. Ээж жолоочийн хажууд урд сууж явсан. Харин би нөгөө хүүхдийн хамт арын суудалд суусан. Тэгээд аймаг дөхөж байсан байх яг хаана явж байсныг мэдээгүй би унтаад явж байсан бөгөөд гэнэт машин дайвалзахад нь сэрэхэд машин эргэлдээд замын баруун тал руу өнхөрсөн. ...ослын улмаас миний 2 эгэм хугарсан...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн “... Дорнод аймаг руу дөхөж байсан байх Хорийн толгой гэх газарт явж байхад машин гэнэт мурилзаад замын баруун тал руу шидэгдээд 1-2 удаа өнхрөөд 4 дугуй нь дээшээ хараад зогссон. ...охин 2 эгэм хугарсан. ...охин биеийн байдал хэвийн болсон. Нийт 890,000 төгрөг өгч хохирол барагдуулсан. Сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй...” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч “...2024 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө 11 цагийн орчимд сумаас машин ирээд би тус машинд суугаад аймаг руу явсан. Тухайн машинд 2 том хүн 2 хүүхэд байсан бөгөөд би арын суудалд суусан. Ингээд би зүүрмэглээд явж байхад машинд сууж явсан урд талын хоёр орилсон. Тэгэхээр нь сэрэхэд машин өнхрөөд зогссон бөгөөд би цонхоор гарахад хажууд сууж байсан охин гадаа дээшээ харсан байдалтай уйлж байсан. Тэгэхэд жолооч нь хүмүүс маань зүгээр үү гэж байсан бөгөөд машинтай хүмүүс ирээд манай машиныг босгож өгсөн...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмчийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 208 тоот “... биед баруун зүүн эгэм ясны хугарал, дух, баруун хацар, зүүн ташааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар тогтоогдсон баруун зүүн эгэм ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 132 тоот “, 38 эр 2024.04.14 гэж хаягласан цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын схем зураглал, зам тээврийн осол дээр тогтоосон акт, Honda Fit маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, хохирол төлсөн баримт, Хөдөлгөөний соёл ТББ-ын шинжээч Б.Түмэнжаргалын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 07 тоот дүгнэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан ба шүүгдэгч ******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгч оролцуулах зайлшгүй шаардлагатай биш байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүл мэндийн даатгалын санд 323,190 төгрөг төлсөн, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь насанд хүрээгүй хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээд *******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүл мэндийн даатгалын санд 323,190 төгрөг төлсөн, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА