| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2024/0044/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/46 |
| Огноо | 2024-04-25 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/46
2024 04 25 ...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Ц даргалж
Нарийн бичгийн дарга М.Х
Улсын яллагч О.А
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А
Шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С-ийн А-д холбогдох эрүүгийн .... тоот хэргийг 2024 оны 04 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, яс үндэс ..., ..., ... боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт амьдардаг, Дорноговь аймгийн ... сумын ... баг, .... тоотод оршин суух, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн №... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил, 1 сарын хорих ялаар, Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 93 дугаар зүйлийн 93.1-т зааснаар 4 жилийн хорих ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт С-ийн А, /РД:..../,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С-ийн А нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ... компанийн дэд захирал О.А-ын байгууллагын .... тоот данснаас ажилчдын цалинг шилжүүлж байхдаа тоо андуурч С.А-ын эзэмшлийн.... банкны .... тоот данс руу 10,000,000 сая төгрөг илүү шилжүүлснийг бусдын өмч гэдгийг мэдсээр байж өөртөө захиран зарцуулж, алдаатай гүйлгээг завшиж ... компанид 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр “...” ХХК-ийн эцсийн цалин орж байх үед амралтын байрандаа хөзөр тоглоод сууж байсан. Тэгтэл менежер О ирээд таны дансанд илүү мөнгө хийчихлээ, цуг яваад постноос гаргуулаад авъя гэхээр нь би хөзөр тоглоод завгүй байсан учраас картаа өгч явуулсан. Тэгээд байж байхад тэгж байгаад таны цалин чинь орно гэж хэлсэн. Тухайн үед манай ажлынхан нэг нэгээрээ архи авч уугаад байсан. Би 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өглөө компанийн хашааг давж .... суманд ирсэн. 12 цагийн үед цалин орох байсан. Тэгээд нэг шил архи авч уусан. Архи уучхаад дансаа шалгасан чинь цалин орсон байсан. Тэгтэл 1 сая гаруй төгрөг байсан. Эхлээд буруу харсан болохоор менежер рүүгээ залгаад цалин яагаад дутуу орсон бэ? гэхэд цалин чинь бүтэн орсон гэж хэлсэн. Тэгээд дахиад харсан 11 сая гаруй төгрөг байсан. Тэгэнгүүт нь итгэхгүй гайхаад 2,000,000 төгрөгөөр 2 удаа, дараа нь 1,000,000 төгрөг гаргаад нийт 5,000,000 төгрөгийг гаргаж авсан. Тэгээд 6,000,000 төгрөг үлдсэн байсан. Тэгээд ээж рүүгээ залгаад цалин буусан гээд ээжид 2,000,000 төгрөгийг өгсөн. Ер нь цалин гэж 2,400,000 төгрөг ордог байдаг. Тэгээд ээжид үлдсэн 400,000 төгрөгөөрөө бусад зүйлсээ зохицуулаад явъя гэж хэлээд ээжээс салсан. Тэгээд ээжээс салаад тааралдсан, танилцсан хүнтэй буудал хэсэж уусан. Ингэж уухдаа 2024 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл үлдсэн мөнгөөр ууж дуусгасан. Тэгээд Улаанбаатар хот руу 01 дүгээр сарын 17-ны өдөр яваад 01 дүгээр сарын 25-ны өглөө ээжээсээ замын зардал аваад 01 дүгээр сарын 26-ны өглөө .... цагдаагийн газарт ирсэн. Бусдын эд хөрөнгийг дураараа ашигласандаа харамсаж байна” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “Манайх сар болгоны 25-ны өдөр урьдчилгаа цалингаа олгодог. Тухайн үед А урьдчилгаа 900,000 төгрөг авсан. Тэгээд сар бүрийн 05-ны өдөр сүүл цалин ордог. Сүүлийн цалинг шилжүүлэх гэж байснаас 10,000,000 төгрөг илүү шилжүүлсэн. Сүүлд өөртэй нь 04, 05, 06 дугаар сарын 01-ний өдөр 8,200,000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр гэрээ байгуулсан. Хохирлоо барагдуулаад авчих юм бол манайд ямар нэгэн гомдол санал байхгүй” гэжээ.
Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Би .... ХХК-д хүний нөөцийн мэргэжилтнээр 2023 оны 08 дугаар сараас одоог хүртэл ажиллаж байна. Тухайн өдөр алдаатай гүйлгээ хийгдсэн байна тэр хүнээс яаралтай мөнгийг нь шилжүүлэх шаардлагатай байна гэж А дарга утсаар ярьсан. Манай байгууллагын малчин болох А-ын өрөө рүү орж картыг нь асуугаад та картаа надад өгөх боломжтой юу? гэхэд тэг тэг гэж хэлсэн. Дансанд нь мөнгө байгаа юу? гэхэд 20,000 төгрөг байгаа гэсэн. Таны дансыг шалгачхаад буцаагаад өгье гэж хэлэн .... сумын .... банкны АТМ-рүү авч яван үлдэгдлийг шалгаж нийт үнийн дүнгээс 20,000 төгрөг хасан .... ХХК-ны данс руу эхний удаа гүйлгээ хийхэд гүйлгээний хугацаа дууссан гээд дахин гүйлгээ хийнэ үү гэсэн бичиг гарч ирсний дагуу дахин гүйлгээ хийгээд гүйлгээ зөв эсэхийг нягтлах хэсэг гарч ирсний дараа зургийг нь даран гүйлгээ зөв гэсэн бичиг гарч ирэн нээх удалгүй тухайн үйлдлээс гарсан. Гайхаж нягтлан Х-оос тодруулан асуухад дахиад шалгасан нь дээр гэхээр нь буцан АТМ-рүү эрж хуулга авах гэтэл болохгүй байсан. Гүйлгээ амжилттай гэсэн бичиг гарч ирсэн юм чинь шилжсэн байх гэж бодон буцаж очоод А-д картыг буцаан өгсөн. Маргааш өглөө нягтлангаасаа гүйлгээ хийсэн мөнгө орсон уу гэж асуухад мөнгө нь орж ирээгүй гэсэн. Өдөр нь буюу 2024 оны 01 сарын 06-ны өдөр А-ыг хайхад байгаагүй. Хэнээс чөлөө авсан талаар асуухад мэдэх хүн байгаагүй. Хэзээ авсан талаар мэдэх хүн байгаагүй. Орой А-ын өрөөний хүн болох Э, П нар чөлөө авъя гэхэд нь А ахыг олоод ирээрэй гээд явуулсан. Маргааш өглөө авчирсан байсан. Тухайн үед согтуу байсан болохоор дарга нарт мэдэгдээд дарга нарыг ирэхийг хүлээж байтал ирсэн хойно нь өрөөнд нь очтол байхгүй байсан. Ар гэрийн хүн болох ээжтэй нь холбогдож асуухад гэртээ хариагүй байна, уулзаагүй байна гэж хэлсэн. Мөн А руу залгахад утсаа авахгүй байсан. Би А-ыг сайн танихгүй. Манай байгууллагад ажилд ороод нээх удаагүй. ...Манай байгууллагын нягтлан эсэх талаар би сайн мэдэхгүй. Ажилчдын цалинг тараадаг болохоор нь би Х-ыг нягтлан гэж боддог. Х нь ӨМӨЗО-ны иргэн. Монголд АТМ ашиглаж мэдэхгүй байсан тул би А-ын виза картыг авч яван АТМ дээр очиж гүйлгээг хийсэн. Мөнгөн дүнг сайн мэдэхгүй байна. А-оос картыг авахдаа үлдэгдлийг асууж тэр үлдэгдэл мөнгийг нь картанд нь үлдээж бусад орлогыг нь Байгууллагын данс руу шилжүүлсэн гэж бодсон. АТМ дээр гүйлгээ амжилттай гэж гарч ирсэн. Юунаас болоод тухайн гүйлгээ хийгдээгүй талаар би сайн мэдэхгүй байна. Би урьд өмнө .... банкны АТМ-ээр гүйлгээ хийж байгаагүй. Тухайн үед баримт авах гэж буцаж ороход Голомт банкны 2 АТМ дээр дансны хуулга авах гэхэд энэ үйлчилгээг хийх боломжгүй гэсэн утгатай бичиглэл гарч ирсэн болохоор баримт авч чадалгүй гүйлгээ амжилттай гэсэн болохоор гүйлгээ хийгдсэн гэж бодон АТМ-ээс гараад явсан. ” гэжээ /хх-ийн 24-26/
Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “Манай хүү 2024 оны 01 дүгээр сарын 12-ны орой намайг гэртээ орж ирэхэд согтуу унтаж байсан. Өглөө босоод ажлаа хийж байгаа юм уу? Хаагуур яваад байгаа юм гэхэд? Юу ч дугарахгүй байсан. Би ажлаа хийгээд завгүй байдаг. Надтай зөрөөд орж гараад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байсан. Би яг хэдэнд гэдгийг санахгүй байна 01 сарын 14,15-ны орой Сайншандад ганцаараа явж байна гээд согтуу ярьж байсан. Тэгээд маргааш нь .... ирсэн байсан. Тэгээд 01 сарын 17-нд хот руу вагоноор төрсөн ах болох Б.Ч-ийн биеийг Улаанбаатар хотод үзүүлэхээр хамт явуулсан. 01 сарын 18-ны өглөө манай ахыг Улаанбаатар хотод Хавдар судлалын эмнэлэгт хүлээлгэж өгөөд явсан байсан. 4, 5 хоног хэл чимээгүй алга болсон. Хотод байдаг манай дүү над руу утсаар ярьж А манайд нүд ам нь хөхөрсөн байдалтай орж ирсэн гэж ярьсан. Тухайн айлдаа 4, 5 хоноод Замын-Үүдэд гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд хувцастайгаа бүхлээрээ унтаад өгдөг. Гэрийн энэ тэндээс шилтэй архи гарч ирээд гайхдаг байсан. ...С.А нь ... онд .... хотод төрсөн. Бага наснаасаа цэцэрлэгт хүмүүжиж , ... төгсөж, .... төгссөн. ... сумын .... ажиллаж байсан. 3 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Хувийн байдлын зан байдлын хувьд даруухан, хүнтэй хэрэлдэж, муудалцаад байдаггүй хүн байгаа юм. Хүнд их тусархуу зантай. Гэр бүл зохиож байгаагүй. , одоо надтай, .... хамт ... суманд ажилладаг. Манай хүү А нь .... ХХК-д ажиллаж байх хугацаанд нь байгууллагаас нь цалинг нь илүү олгочихсон юм байна лээ, тэр асуудлаас болоод одоо ажилгүй болсон байгаа. Би энэ талаар цагдаагийн байгууллагад шалгуулж эхэлснээс нь хойш мэдсэн. Би өөрөө ... эмнэлэгт сувилагч хийдэг мөн хүү А-ын хамт хуучирч муудсан буйдан, сандал засварладаг юм. Мөн А-ыг өдрийн 100.000 төгрөгийн цалинтайгаар шарсан тахианы кафед ажилд оруулах гэж байгаа ингээд энэ цалин болон өөрийн цалин, ажлын бус цагаар хийдэг засварын ажлын орлогоосоо.... ХХК-г хохиролгүй болгоно. .... ХХК-тай төлбөр төлөх хугацаатай гэрээг нотариатаар батлуулан гэрээ хийж төлөх санал тавих гэж байгаа, хэрэв энэ бүтчихвэл заасан хугацаандаа төлбөрийг төлж барагдуулна. Бага мөнгө биш болохоор хэд хоногт төлөх боломж жоохон тааруухан байгаа тул 1-2 сарын хугацаатай төлж дуусгахаар хичээж байна” гэжээ /хх-ийн 29-30, 32/
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-ын цагдаагийн хэлтэст гаргасан хүсэлт /хх-ийн 05/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 09/
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52, 56-77/
Шүүгдэгч С.А нь урьд эрүүгийн хариуцлагад холбогдсон эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/
.... ХХК-ийн ажилчны анкет /хх-ийн 85-86/
Шүүгдэгч С.А-ын голомт банк дахь .... тоот дансны хуулга /хх-ийн 87, 98-100, 113-117/
Шүүгдэгч С.А нь 1,800,000 төгрөгийн цалин авсан талаарх баримт /хх-ийн 88/
2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр С.А-ын ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 118-121/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 1,800,000 төгрөг шилжүүлсэн талаарх хаан банкны дансны хуулга /хх-ийн 123/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А, шүүгдэгч С.А нарын хооронд байгуулагдсан 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай “Төлбөр барагдуулах баталгааны гэрээ” /хх-ийн 133-134/
Дорноговь аймгийн ... сумын .... багийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаартай оршин суух хаягийн тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /хх-ийн 91-93/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С-ийн А нь төлбөр тооцооны алдаатай гүйлгээний улмаас .... компанийн дэд захирал О.А-ын байгууллагын .... тоот данснаас ажилчдын цалинг шилжүүлж байхдаа тоо андуурч С.А-ын эзэмшлийн голомт банкны .... тоот данс руу 10,000,000 төгрөг илүү шилжүүлснийг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч С-ийн А-ын энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч С-ийн А нь 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр .... компанийн дэд захирал О.А-ын байгууллагын .... тоот данснаас ажилчдын цалинг шилжүүлж байхдаа тоо андуурч С.А-ын эзэмшлийн голомт банкны .... тоот данс руу 10,000,000 сая төгрөг илүү шилжүүлснийг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг мэдсээр байж өөртөө захиран зарцуулж, завшсаны улмаас .... компанид 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч хууль ёсны төлөөлөгч О.А-ын шүүх хуралдаанд өгсөн “Манайх сар болгоны 25-ны өдөр урьдчилгаа цалингаа олгодог. Тухайн үед А урьдчилгаа 900,000 төгрөг авсан. Тэгээд сар бүрийн 05-ны өдөр сүүл цалин ордог. Сүүлийн цалинг шилжүүлэх гэж байснаас 10,000,000 төгрөг илүү шилжүүлсэн. Сүүлд өөртэй нь 04, 05, 06 дугаар сарын 01-ний өдөр 8,200,000 төгрөгийг 3 хувааж төлөхөөр гэрээ байгуулсан. Хохирлоо барагдуулаад авчих юм бол манайд ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... ХХК-д хүний нөөцийн мэргэжилтнээр 2023 оны 08 дугаар сараас одоог хүртэл ажиллаж байна. Тухайн өдөр алдаатай гүйлгээ хийгдсэн байна тэр хүнээс яаралтай мөнгийг нь шилжүүлэх шаардлагатай байна гэж А дарга утсаар ярьсан. Манай байгууллагын малчин болох А-ын өрөө рүү орж картыг нь асуугаад та картаа надад өгөх боломжтой юу? гэхэд тэг тэг гэж хэлсэн. Дансанд нь мөнгө байгаа юу? гэхэд 20,000 төгрөг байгаа гэсэн. Таны дансыг шалгачхаад буцаагаад өгье гэж хэлэн ... сумын ... банкны АТМ-рүү авч яван үлдэгдлийг шалгаж нийт үнийн дүнгээс 20,000 төгрөг хасан ... ХХК-ны данс руу эхний удаа гүйлгээ хийхэд гүйлгээний хугацаа дууссан гээд дахин гүйлгээ хийнэ үү гэсэн бичиг гарч ирсний дагуу дахин гүйлгээ хийгээд гүйлгээ зөв эсэхийг нягтлах хэсэг гарч ирсний дараа зургийг нь даран гүйлгээ зөв гэсэн бичиг гарч ирэн нээх удалгүй тухайн үйлдлээс гарсан. Гайхаж нягтлан Х-с тодруулан асуухад дахиад шалгасан нь дээр гэхээр нь буцан АТМ-рүү эрж хуулга авах гэтэл болохгүй байсан. Гүйлгээ амжилттай гэсэн бичиг гарч ирсэн юм чинь шилжсэн байх гэж бодон буцаж очоод А-д картыг буцаан өгсөн. Маргааш өглөө нягтлангаасаа гүйлгээ хийсэн мөнгө орсон уу гэж асуухад мөнгө нь орж ирээгүй гэсэн. Өдөр нь буюу 2024 оны 01 сарын 06-ны өдөр А-ыг хайхад байгаагүй. Хэнээс чөлөө авсан талаар асуухад мэдэх хүн байгаагүй. Хэзээ авсан талаар мэдэх хүн байгаагүй. Орой А-ын өрөөний хүн болох Э, П нар чөлөө авъя гэхэд нь А ахыг олоод ирээрэй гээд явуулсан. Маргааш өглөө авчирсан байсан. Тухайн үед согтуу байсан болохоор дарга нарт мэдэгдээд дарга нарыг ирэхийг хүлээж байтал ирсэн хойно нь өрөөнд нь очтол байхгүй байсан. Ар гэрийн хүн болох ээжтэй нь холбогдож асуухад гэртээ хариагүй байна, уулзаагүй байна гэж хэлсэн. Мөн А руу алгахад утсаа авахгүй байсан. Би А-ыг сайн танихгүй. Манай байгууллагад ажилд ороод нээх удаагүй. ...Манай байгууллагын нягтлан эсэх талаар би сайн мэдэхгүй. Ажилчдын цалинг тараадаг болохоор нь би Х-ыг нягтлан гэж боддог. Х нь ӨМӨЗО-ны иргэн. Монголд АТМ ашиглаж мэдэхгүй байсан тул би А-ын виза картыг авч яван АТМ дээр очиж гүйлгээг хийсэн. Мөнгөн дүнг сайн мэдэхгүй байна. А-с картыг авахдаа үлдэгдлийг асууж тэр үлдэгдэл мөнгийг нь картанд нь үлдээж бусад орлогыг нь Байгууллагын данс руу шилжүүлсэн гэж бодсон. АТМ дээр гүйлгээ амжилттай гэж гарч ирсэн. Юунаас болоод тухайн гүйлгээ хийгдээгүй талаар би сайн мэдэхгүй байна. Би урьд өмнө ... банкны АТМ-ээр гүйлгээ хийж байгаагүй. Тухайн үед баримт авах гэж буцаж ороход ... банкны 2 АТМ дээр дансны хуулга авах гэхэд энэ үйлчилгээг хийх боломжгүй гэсэн утгатай бичиглэл гарч ирсэн болохоор баримт авч чадалгүй гүйлгээ амжилттай гэсэн болохоор гүйлгээ хийгдсэн гэж бодон АТМ-ээс гараа явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 09/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 52, 56-77/, шүүгдэгч С.А-ын голомт банк дахь ... тоот дансны хуулга /хх-ийн 87, 98-100, 113-117/, шүүгдэгч С.А нь 1,800,000 төгрөгийн цалин авсан талаарх баримт /хх-ийн 88/, 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр С.А-ын ... тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 118-121/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.А нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэж, бусдад 10,000,000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч С.А нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.А-т хохирол 10,000,000 төгрөгнөөс 1,800,000 төгрөгийг төлж барагдуулсан /хх-ийн 123/ үлдэх 8,200,000 төгрөгийг 3 хувааж төлж барагдуулахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй байгуулсан 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай “Төлбөр барагдуулах баталгааны гэрээ” /хх-ийн 133-134/-гээр шүүгдэгч нь бусдад төлөх 8,200,000 төгрөгийн хохирол төлбөртэй болох нь тогтоогдож байх тул шүүгдэгчээс 8,200,000 төгрөг гаргуулж хохирогч ... ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СИДИ дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч С.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгчийг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх санал гаргасан.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл болсон байдал болон шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй, хохирогчид 8,200,000 төгрөгийн хохирол төлбөртэй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй гэж үзэв.
Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул түүнд өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт С-ийн А /РД:..../-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын эзэмшил, өмчлөлд байгаа гэдгийг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт С-ийн А-ыг 450 /дөрвөн зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СИДИ дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.А-с гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролд 8,200,000 /найман сая, хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч .... ... дүүрэг, ... хороо, ...., ... тоотод байрлах .... ХХК-д олгосугай.
6. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.Ц