Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 1669

 

МАГАДЛАЛ

 

2018.07.20                                                     Дугаар 1669                              Улаанбаатар хот

 

 

 

 

С П ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/01426 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч О.Б, Д.Д нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Т нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Манай байгууллага нь Хот суурин усан хангаж, ариутгах, ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5, 12.6, 12,7, 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.8 дахь хэсгүүдэд зааснаар тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ ажиллагааныхаа хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 47 дугаар байрны узелийн шугам сүлжээний ашиглалтыг хариуцаж байсан. Хажуу талд Д.Д-ийн нэр дээрх газар дээр О.Б 20 айлын орон сууцны барилга барьсан, дулаанаа танайхаас авъя гэсэн асуудал ярьсан. Манай хувьд 2х50 мм голчтой дулааны шугамыг 2х76 мм голчтой болгож шугамыг өргөтгөхгүй бол дулааныг өгөх боломжгүй гэдгээ хэлсэн. Ингээд О.Б-тай 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ хийж Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Н.Х-ын барилгын салаа, н.Д-ын  барилга руу явсан 2х50 мм дулааны шугамыг 2х76 мм голчтой болгож шугамыг өргөтгөх ажлыг гүйцэтгэх, гэрээний 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт заасны дагуу С П ХХК-ийн ашиглалт хариуцсан 47 дугаар байрны узельд шаардлагатай DUNFOSS фирмийн Ф25-ын ТСV хаалт, ELS удирдлагын үнэ болох 3 800 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын     10-ны өдөр манайд төлөхөөр тохирсон. Гэвч өнөөдрийг хүртэл өгөөгүй. Манай байгууллага Д.Д , О.Б нарын барьсан барилгад дулаан өгөөгүй бол өнөөдрийг хүртэл дулаанаа авч чадахгүй байсан. Бид хариуцагчаар гэрээ байгуулсан иргэн О.Б-г тодорхойлж байна. Д.Д  нь уг газрыг н.Б гэж хүнд зарсан, н.Б нь О.Б-д шилжүүлсэн байдаг. Нэгэнт техникийн нөхцөл нь газар эзэмших эрх үүссэн Д.Д  гэж хүний нэр дээр гарсан учраас хариуцагчаар татсан боловч О.Б-аас 3 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Д.Д-ийн өмчлөлийн газарт хөрөнгө оруулж, 2016 онд 20 айлын орон сууцны барилгыг бариулсан. Энэ барилгын дулаанаар хангах техникийн нөхцөлийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас авсан. Техникийн нөхцлийг иргэн н.Д, Н.Х нарын эзэмшлийн шугамаас авах боломжтой гэсний дагуу тэднээс зөвшөөрөл аваад холбуулах гэтэл Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК нь С П ХХК-тай гэрээ байгуулаад ир гэсэн шаардлага тавьсан. С П ХХК дээр гэрээ байгуулах нөхцөлийг зөвшөөрч, гэрээ байгуулж, тэр өдөртөө холбогдсон. Ажил гүйцэтгэх гэрээг талууд хэлбэрийн төдий байгуулсан, ямар ч шугам өргөтгөх ажил хийгдээгүй. Иргэн Н.Х-ын шугамын өргөтгөх ажил огт хийгдээгүй, дулааны хаалт, удирдлага зэрэг шинээр авч тавиагүй. Ажил гүйцэтгэх гэрээ биелэгдээгүй, гэрээний гол зорилго нь Иргэний хуульд зааснаар ажлын үр дүн, мөн захиалагчийн өмчлөлд шилжүүлж өгөхөөр заасан байдаг. О.Б-ийн ашиглалтанд оруулсан барилгыг улсын комисс хүлээж авсан, дулааны шугам хэвийн, ямар ч доголдолгүй, ямар ч гомдол санал гараагүй байгаа. Шугамаа өргөтгөсний дараа DUNFOSS ФИРМИЙН Ф25-ын ТСV хаалт, ELS удирдлагын хамт тавигдах ёстой. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг, эрүүл мэндийн төвийн баруун хойд талд эмнэлэг, үйлчилгээний зориулалттай 180 м.кв талбайтай газар эзэмших эрхтэй байгаад хөрөнгө, санхүүгийн боломж гарахгүй байснаас барилга барьж чадаагүй учир уг газраа 2014 оны 4 дүгээр сарын сүүл орчимд н.Б-д Баянзүрх дүүргийн Сансар хорооллын зүүн талын замын зүүн талд орон сууцны байранд байрлаж байсан нотариатаар баталгаажуулан шилжүүлсэн билээ. Энэ үед Б  техникийн нөхцлүүдийг шилжүүлэхээр хүндрэлтэй байдаг тул уг техникийн нөхцлүүд таны нэр дээр байж байвал зүгээр байх гэснээр тухайн үед олгогдсон бүх техникийн нөхцлүүд миний нэр дээр үлдсэн байдаг юм. Газар эзэмших эрхээ бүрнээр нь бараг 5 жилийн өмнө шилжүүлсэн тул тухайн талбай дээр ямар барилга зориулалтын барилга хэрхэн баригдсан, хэнтэй ямар гэрээ хэлцэл хэрхэн хийж цахилгаан, дулааны хангамжаа шийдвэрлэсэн талаар мэдээлэл надад алга байна. Тиймээс нэхэмжлэгч тал гэрээ хийж, гарын үсэг зурж баталгаажуулсан тэр хүмүүс буюу барилга, газрыг эзэмшиж буй эздээс нь асуудлыг асууж шийдвэрлүүлбэл зохилтой. Түүнээс гадна, миний хувьд барилгын эзэн хэмээх О.Б-г танихгүй. Иймд нэхэмжлэлийг хариуцах үндэслэлгүй гэж үзэж байгаагаа үүгээр илэрхийлье гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэг, 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан О.Б, Д.Д нараас 3 800 000 төгрөг гаргуулахыг хүссэн С П ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 750 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.5-т заасан заалт нь үндсэн гэрээний зорилготой холбоотойгоор байгуулагдсан гэж шүүх дүгнэж буйн үндэслэлгүй. Учир нь      35 000 000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэх эсэхээс үл хамаараад Сонгинохайрхан дүүргийн 19 хороо 47 дугаар байрны узельд шаардлагатай зүйлсийн үнэ 3 800 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор манай байгууллагад төлөхөөр тохиролцсон. Тодруулбал 35 000 000 төгрөгийн үнэ бүхий шугам өргөтгөх ажлыг биднээр хийлгэхгүй байсан ч гэсэн энэхүү гэрээгээр тохирсон 3 800 000 төгрөгийг бидэнд өгөх үүргийг хариуцагч нь хүлээсэн. Бидний өмчлөлийн шугамнаас иргэн хуулийн этгээд холболт хийж дулаан авах тохиолдолд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК биш шугамын өмчлөгч байгууллагын зөвшөөрлийг авсан байх шаардлагатай байдаг тул эрчим хүчний хуулиар бид өөрсдийн өмчлөлийн шугамнаас бусдад холболт хийж дулаан дамжуулах үүргийг хүлээдэггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж,    шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч С П ХХК нь хариуцагч О.Б, Д.Д нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 3 800 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан гэрээний 3.5-д зааснаар хариуцагч О.Б нь С П ХХК-ийн ашиглалт хариуцсан 47 дугаар байрны узельд шаардлагатай DUNFOSS фирмийн Ф25-ын ТСV хаалт, ELS удирдлагын үнэ болох 3 800 000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын10-ны өдөр төлөхөөр тохирсон, тухайн байрны цэвэр, бохир усны хангамж, дулаан дамжуулах үйлчилгээг нэхэмжлэгч компани хариуцдаг, хариуцагч Д.Д-ийн өмчлөлийн газар дээр О.Б-ийн барьсан 20 айлын орон сууцны барилга нь нэхэмжлэгчийн өмчлөлийн дулааны шугамаас дулаан авдаг зэрэг үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хариуцагчийн барьсан барилгыг дулаанаар хангахаар шугамын өргөтгөл хийхтэй холбоотой ба хариуцагч нь гэрээний дагуу дулааны шугамын өргөтгөлөөс өөрийн барьсан барилгад дулааны хангамж авч байх тул гэрээний үүргийн гүйцэтгэлийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Хариуцагч нь гэрээ байгуулах нөхцлийг зөвшөөрч гэрээ байгуулж, тэр өдөртөө дулаанд холбогдсон гэх тайлбар гаргасан байх тул гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг үүссэн байна.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэх гэрээний эрх чөлөөний зарчмын хүрээнд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардсан байхад шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэлд хамааралгүй буюу “...нөгөө талаас саналаа зөвшөөрүүлсэн, тэгш бус нөхцөл тулгасан...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь шүүх “талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.” гэж дүгнэсэн атлаа тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй болжээ. Талуудын хоорондын дээрх гэрээний 3-5 дахь заалт нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ биш байх бөгөөд хуулиар хүлээлгээгүй эрх, үүргийг талууд харилцан чөлөөтэй тогтоосныг шүүхээс үгүйсгэн няцаах нь Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, эрх үүргийг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2018/01426 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Б-аас 3 800 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С П ХХК-д олгож, Д.Д д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “хариуцагчаас 75 750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.” гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-иас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 75 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

      ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                            М.НАРАНЦЭЦЭГ