Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 860

 

Б.А, Б.Д, Э.М нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Г.Сүхээ,

шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Ц.Алтанзаяа,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргиийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/806 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Алтанцэцэгийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай прокурорын эсэргүүцэлд үндэслэн Б.А, Б.Д, Э.М нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Ш овгийн Бийн А, 1989 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, эгч нарын хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... тоотод түр оршин суух, /РД:.../,

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 390 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан,  

2. Т овгийн Бгийн Д, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../,

3. Б овгийн Эын М, 1995 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Авто механик мэргэжилтэй, “...” ХХК-д борлуулагч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 237 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 747 дугаартай шийтгэх тогтоол, Улсын Дээд Шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 380 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар 18 хоногийн хорих ялыг өршөөн хасч суллагдсан; 

Шүүгдэгч Б.А, Б.Д, Э.М нар нь бүлэглэн Э.Мийн эзэмшлийн ...УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн хашаанд байрлуулсан П.Мын эзэмшлийн ...УБМ улсын дугаартай “Хово” загварын ачааны автомашины 2 ширхэг аккумуляторыг хулгайлж 532.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.А, Б.Д, Э.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Тухайлбал, хохирогч П.Мын эзэмшлийн ...УБМ улсын дугаартай “Хово” загварын ачааны автомашины 2 ширхэг аккумуляторыг тайлж авахдаа эд мөрийн баримтаар ирүүлсэн бахь, 10-ын түлхүүр, хайч зэргийг хэрэглэсэн эсэхийг шалгаагүй орхигдуулсан байна. Өөрөөр хэлбэл, “Хово” загварын автомашины аккумуляторыг түлхүүр болон багаж хэрэгсэл хэрэглэхгүйгээр хүний гараар салгаж авах боломжтой эсэхийг туршилтын ажиллагаагаар шалгаж тогтоох нь зүйтэй байна. Улсын яллагчаас шүүгдэгч нарыг гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М, Б.Д нараас мөрдөн шалгах ажиллагаанд мөрдөгч нар мэдүүлэг авахдаа зодож, эрүү шүүлт тулгасан талаарх гомдлыг прокурор нэг мөр шалгах нь зүйтэй гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

Прокурор Б.Алтанцэцэг бичсэн эсэргүүцэлдээ болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх
хэсэгт заасан зохицуулалт нь “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг
шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор гаргах шийдвэр”-ийн талаар заасан ерөнхий зохицуулалт бөгөөд “хэргийг прокурорт буцаах” үндэслэлийг мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан. Өөрөөр хэлбэл, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12 дахь заалтад зааснаас бусад үндэслэлээр шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах хуулийн зохицуулалт байхгүй. Гэтэл анхан шатны шүүх Б.А нарт холбогдох ... дугаартай хэрэгт 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр яллагдагчийн өмгөөлөгчийн “хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх” хүсэлтээр хэрэгт урьдчилсан хэлэлцүүлэг явуулж, өмгөөлөгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн мөртлөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.А, Э.М, Б.Д нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ эд мөрийн баримтаар хураагдсан бахь, 10-ын түлхүүр, хайч зэргийг учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэж, хэрэглээгүй болох нь хавтас хэрэгт цугларсан хохирогч П.Мын эзэмшлийн ...УБМ улсын дугаартай “Хово” загварын ачааны автомашины жолоочоор ажиллаж байсан гэрч Б.Мөнхтүвшингийн “...УБМ улсын дугаартай автомашины аккумлятор нь даруулга төмөргүй байсан бөгөөд багаж хэрэглэхгүй тайлж авах боломжтой байсан. Учир нь, би аккумлятор цэнэггүй болоод өөрөө гараараа хөдөлгөж байгаад тайлж байсан. Тэгээд өөр машины аккумлятор тавьж асааж байсан. Ер нь бол аккумляторын толгой нь муудсан байсан” гэсэн мэдүүлэг, яллагдагч Б.Аптансоёмбын “...нисэх рүү Б.Д машин барьж яваад нисэхийн байрны дунд очоод зогсохоор нь Э.М бид хоёр дэлгүүр орох гээд онгорхой дэлгүүр байхгүй байсан. Тэгсэн хашаан дотор том машинууд байхаар нь Э.М “том машины аккумлятор авах уу” гэхээр нь би “тэгье” гээд хашаа руу ороод том “Хово” машины хоёр ширхэг аккумляторыг гараараа хөдөлгөж байгаад аваад нэгийг нь тэврээд хашаанаас гаргаад Э.Мд өгсөн. Буцаж очоод үлдсэн нэгийг нь аваад машин дээрээ бид хоёр ирэхэд Д унтаж байсан” гэсэн мэдүүлгээр нотлогддог. Тиймээс ч улсын яллагчаас эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг өөрийн дотоод итгэлээр үнэлж, шүүх хуралдааны явцад нотлох баримтаар үнэлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаагүй болно. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл, эсхүл эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг хүчингүй болгох, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт гомдол гаргах, давж заалдах хугацаа дуустал хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг тусгай байранд хадгалж, энэ тухай баримтыг хавтас хэрэгт хавсаргана” гэсэн заалтын дагуу хэргийн хамт шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн. Иймд шүүгчийн захирамжид дурдсан “хохирогч П.Мын эзэмшлийн ...УБМ улсын дугаартай “Хово” загварын ачааны автомашины 2 ширхэг аккумляторыг тайлж авахдаа эд мөрийн баримтаар ирүүлсэн бахь, 10-ын түлхүүр, хайч зэргийг хэрэглэсэн эсэхийг шалгаагүй орхигдуулсан” гэсэн заалт нь хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.М, Б.Д нар нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Хишигдоржид зодуулж, эрүүдэн шүүлгэсэн талаар мэдүүлсэн боловч шүүгдэгч Э.Мэс дээрх нэр заагдсан мөрдөгч ямар нэг байдлаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг авч байгаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас тодруулж асуухад эрүүгийн хэрэг дээр биш зөрчлийн хэрэгт мэдүүлэг авахдаа мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Хишигдорж эрүүдэн шүүсэн талаар мэдүүлсэн. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад мөрдөгч нарт эрүүдэн шүүлгэсэн асуудал байгаа эсэхийг шалган тогтоолгох тухай албан бичгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлэн шалгуулж байгаа тул эрүүдэн шүүхтэй холбоотой асуудлыг энэ хэрэгтэй холбогдуулан шалгах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Аын өмгөөлөгч Г.Сүхээ тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

Шүүгдэгч Б.Дын өмгөөлөгч Ц.Алтанзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Хоёр шүүгдэгчийг хамт суулгаж байгаад байцаалт авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй. Харин дараа нь тэнд явж байсан өмгөөлөгчийг дуудаж гарын үсэг нөхөн зуруулсан гэдгийг шүүгдэгч нар хэлдэг. Эрүүдэн шүүсэн гэх нөхцөл байдал харагдсан, Гэхдээ өмгөөлөгчгүй байсан учир нотолж чадаагүй. Шүүгдэгч Э.М, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд эрүүдэн шүүсэн талаар нотлох баримтыг гаргаж өгөх гэж байсан боловч эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдаанд оролцож чадсангүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан туршилтын ажиллагааг хийх зайлшгүй шаардлагатай. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар “...шүүгдэгч нарыг гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, ...шүүгдэгч нараас мөрдөн шалгаж ажиллагаанд мөрдөгч нар мэдүүлэг авахдаа зодож, эрүү шүүлт тулгасан талаарх гомдлыг нэг мөр шалгах” гэсэн үндэслэлүүдийг зааж Б.А, Б.Д, Э.М нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих дараах нөхцөл байдлуудыг нэг мөр шалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж хуульчилжээ.

Хавтаст хэргийн 31-38  дахь талд авагдсан шүүгдэгч Б.А, Б.Д, Э.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэрчээр өгсөн гэх мэдүүлгүүд нь хэргийн 54-56, 60-61, 67-69 дэх талуудад авагдсан тэдний 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр өгсөн гэх мэдүүлгүүд үг, үсгийн зөрүүгүй, хуулбарласан шинжтэй байгаа нь эдгээр нотлох баримтууд нь үнэн зөв эсэхэд эргэлзээ төрөхүйц, хууль бусаар цуглуулж бэхжүүлсэн гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.

Гэтэл прокуророос шүүгдэгч Б.А, Б.Д, Э.М нарын 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 86 дугаар байрны гадна байсан “Land-80” машины Лэд гэрэл хулгайлсан, мөн 07 дугаар байрны гадна байсан 41-84УНС улсын дугаартай автомашины аккумулятор хулгайлсан үйлдлүүдийг зөрчлийн хэрэг гэж дүгнэн шүүгдэгч нарт захиргааны шийтгэл ногдуулахаар шүүхэд шилжүүлэн арга хэмжээ авахуулсан атлаа зөвхөн тухайн өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн хашаанд байрлуулсан П.Мын эзэмшлийн  ...УБМ улсын дугаартай “Хово” загварын ачааны автомашины 2 ширхэг аккумуляторыг хулгайлсан үйлдлийг гэмт хэрэг гэж дүгнэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн хэрэгт хохирогч П.Мын “...АОKLW гэсэн бичигтэй БНХАУ-д үйлдвэрлэсэн аккумлятор байсан” гэж мэдүүлсэн байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нараас “SOLITE” гэсэн бичигтэй аккумляторыг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн нь ойлгомжгүй байхад таньж олуулах ажиллагаа хийгээгүй, уг хулгайлагдсан гэх аккумляторын чанар, үнэлгээний байдалд эд зүйлсийн үнэлгээг зохих журмын дагуу хийгээгүй байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бодитой тогтоосон гэж үзэх боломжгүй байна.

Иймд хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож чадаагүй үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/806 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЗ/806 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Алтанцэцэгийн бичсэн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 29 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

ШҮҮГЧ                                                                    М.ПҮРЭВСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Ц. ОЧ