Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2021/00002

 

 

 

 

 

 

 

 

 

2020 12 24 183/ШШ2021/00002

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: П.А-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч.Г -т холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмандал оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.А би Ч.Г-тэй 2002 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болж, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 0000000 дугаарт Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар бүртгүүлж, гэрлэсний гэрчилгээ авсан.

Бидний хамтран амьдрах хугацаанд охин н.С 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, охин н.С 2012 оны 3 дугаар сарын 14-ны өдөр, хүү н.А-О 2017 оны 5 дугаар сарын 31-ны өдөр төрсөн. Эрүүл өсөн бойжиж байгаа ба цэцэрлэг, сургуулиудад амжилттай суралцаж, хүмүүжиж байна.

Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай хариуг аван шүүхэд хандаж байна.

П.А болон Ч.Г бид зан харьцаа, амьдрах хэв маягийн таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй, хамтран амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.

Хүүхдүүдээ эхийн асрамжинд үлдээх ба хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй. Мөн бидний хооронд аливаа эд хөрөнгийн ямар ч маргаан байхгүй. Хүүхдүүдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэг хуульд заасан үүргээ бүрэн биелүүлэх болно гэжээ.

Нэхэмжлэгч П.А 2020.12.23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч яаралтай шийдвэрлүүлэх тухай хүсэлтэй байгаа тухай тайлбараа гаргаж шүүхэд хүргүүлсэн байдаг. 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног Нийслэл хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буцаан шилжүүлсэнтэй холбогдуулан хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцож чадахгүй байх тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж, гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Бид 2002 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэр бүл болсон ба охин н.С 2004 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр, охин н.С 2012 оны 3 дугаар сарын 14-ний өдөр, хүү н.А-О 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн. Хүүхдүүд эрүүл өсч бойжиж байгаа цэцэрлэг, сургуулиудад амжилттай суралцаж, хүмүүжиж байна. Бидний зан харьцаа, амьдрах хэв маягийн таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй, хамтран амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байгааг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг, эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй тул хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж, гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Г шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ...Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрч яаралтай шийдвэрлүүлэх тухай хүсэлтэй байгаа тухай тайлбараа гаргаж шүүхэд хүргүүлсэн байдаг. 2020 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цагаас 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 06.00 цаг хүртэл 14 хоног Нийслэл хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буцаан шилжүүлсэнтэй холбогдуулан хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцож чадахгүй байх тул миний эзгүйд хэргийг шийдвэрлэж, гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.А гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Г-т холбогдуулан гаргажээ.

 

Хэргийн баримтаас үзэхэд П.А, Ч.Г нар нь 2002.06.01-ний өдөр гэр бүл болсныг 2016.08.12-ны өдөр 0000000 дугаарт бүртгэсэнээр хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 2004.01.26-ны өдөр охин А.н.С, 2012.03.14-ний өдөр охин А.н.С, 2017.05.31-ний өдөр хүү А.н.А-О нар төрж, хүүхдүүд эцгийн нэрийг авсан болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 00000, 0000, 0000 дугаар төрсний гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2020.12.15-ны өдрийн 322 дугаар Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай тэмдэглэлээс үзэхэд уригдсан тал Ч.Г миний бие тухайн асуудлыг бүрэн хүлээн зөвшөөрдөг бөгөөд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх боломжгүй эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгах хүсэлт гаргасан гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болгосон байна.

Талууд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй, гэрлэгчид хоорондын таарамжгүй харьцааны улмаас тусдаа амьдарч байгаа, энэ хугацаанд охин А.н.С, охин А.н.С, хүү А.н.А-О нар нь эхийн асрамжид байсан, одоо тус тусын амьдралтай болж цаашид хамтран амьдрах боломжгүй гэж гэрлэгчид үзсэн тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцалж, охин А.н.С, охин А.н.С, хүү А.н.А-О нарыг эхийн асрамжид үлдээж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүүхдийн тэтгэлэгийг тогтоож, эцгээр нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 

Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд гэрлэгчид хамтран хүлээхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр 131.4-т хүндэтгэн үзэх шалтгаанаар өөрийгөө байхгүйд хэрэг хянан шийдвэрлэхийг хүсч энэ тухай бичгээр мэдэгдсэн бол нэхэмжлэгчийг оролцуулалгүй шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хянан шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Мөн хариуцагч өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлэхийг хүссэн байх тул шүүх зохигчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар тэдгээрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар П.А, Ч.Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2004.01.26-ны өдөр төрсөн охин А.н.С , 2012.03.14-ний өдөр төрсөн охин А.н.С /, 2017.05.13-ны өдөр төрсөн хүү А.н.А-О  нарыг эх Ч.Г-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар 2012.03.14-ний өдөр төрсөн охин А.н.С, 2017.05.13-ны өдөр төрсөн хүү А.н.А-О нарыг 11 нас хүртэл тус тус амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004.01.26-ны өдөр төрсөн охин А.н.С, 2012.03.14-ний өдөр төрсөн охин А.н.С, 2017.05.13-ны өдөр төрсөн хүү А.н.А-О  нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр П.Ааас гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Ааас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ